2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 192/ШШ2025/02194

 

 

 

 

 

 

 

    2025             03            21                                                     192/ШШ2025/02194

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, шүүгч *******, шүүгч ******* нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** тоот хаягт оршин байх “*******” ХХК/РД:5153093/,

 

Нэхэмжлэгч: ***** нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 19 дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байр хаягт оршин байх ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох

 

Харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд “*******” ХХК 30,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ***** нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*******” ХХК,  ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаалт, прокурор шүүхийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол арилгуулах, 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6159 захирамжтай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ******* тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж хүчинтэй байхад хариуцагч 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гарган тус компанийн 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар дуустал хугацааны даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар ажилтан ажил олгогч нараас тооцсон шимтгэл 39,292,605 төгрөгийг төлүүлэх шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 тоот шийдвэр, шүүгчийн тоот захирамжаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах заалт зөрчсөн. Уг шийдвэр захирамжийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 533 тоот албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг үндэслэж банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба эрх үүргийн дагуу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тогтоолоор нэхэмжлэгч нарын бүх дансыг битүүмжилсэн. Бүтэн 6 жил данс битүүмжилсэн нь иргэн, аж ахуйн нэгжийн ******* дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231 тогтоолд дурдсан хохирол арилгуулах ажлын хугацааг алдуулж, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдрал, эдийн засагт хохирол учруулсан. Хариуцагчийн данс битүүмжилсэн үйлдэл нэхэмжлэгч нарын гадаад, дотоод зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулсан. Үйлдэл холбогдлыг шүүх 2019 онд цагаатгаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тогтоол “...*******ыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар, тухайн үед мөрдөж байсан хууль журамд заасан дүнгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, ******* дүүргийн шүүх/хуучнаар/-ийн 2024 оны тогтоол, захирамж 2014 оны 4799 шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол бүх дансны гүйлгээг сэргээсэн. Шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 шийдвэрийг хүчингүй болгож, шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн захирамж хариуцагчийн 2014 онд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол нэхэмжлэгч нарын бүх дансны гүйлгээг буцааж сэргээсэн. Харилцах дансууд битүүмжилсэн хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч нар учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг үндэслэн “*******” ХХК-ийн “Хөдөө аж ахуйн банк” дах , төгрөгийн, “Голомт банк” дах төгрөгийн, юаны, Иргэн *******ын “Хөдөө аж ахуйн банк” дах хадгаламжийн , картын дансууд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл, нийт 68 сар битүүмжилсэн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох гомдол гаргаж байна гэжээ. 2013 болон 2014 оны шүүгчийн захирамж хэрэгт авагдсан байгаа. Энэ захирамж хүчинтэй байгаа. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг зөрчиж, 2014 оны 10 сарын 17 өдөр дугаартай шийдвэр гарч, албадан гүйцэтгүүлэх хуудас бичүүлж, 2018 онд хүсэлтээ гаргасан ч нэхэмжлэгч нарын бүх дансыг битүүмжлүүлсэн. “*******”  ХХК нь ******* дүүргийн шүүх буюу хуучнаар 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231 дугаартай тогтоолд дурдсан 2,043,896,500 төгрөгийн хохирлыг арилгуулах болон гадаадад зорчих, мөн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлуулж, иргэн аж ахуйн нэгжийн нэр төр, ажил амьдралд, эдийн засагт ноцтой хохирол учруулсан гэж үзэж байгаа. 2011 онд тухайн үед намайг шалгасан 21132899 дугаартай тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэргийн шүүх 2019 онд гэмт хэргийн шинжгүй гэж цагаатгаж үүнийг үндэслээд 2014 оны тухайн данс битүүмжлүүлсэн шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгосон. Шүүх үүнээс үндэслээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хохирлыг мөн мөнгөн төлбөрөөр төлнө гэж заасны дагуу ******* болон “*******” ХХК-ийн банкны данснуудыг 67 сарын хугацаанд битүүмжлүүлсэн. Мөн гадуурх зорчих эрх хязгаарлаж, нэр төр, цаг хугацаа, ажил амьдрал, эд эдийн засагт учирсан гэм хорын хохирол болох “*******” ХХК нь 30,000,000 төгрөг, Г.Ганболд нь 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны тогтоол, мөн 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолуудаар данснуудыг битүүмжилсэн. 2024 оны 04 дүгээр сард ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол захирамжуудаар хэрэгсэхгүй болж нэхэмжлэл, шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлүүдийг хүчингүй болгосон. 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн банкны төлбөр барагдуулах газрын тогтоолоор тухайн дээр дурдсан бүх “Хаан банк” болон “Голомт банк”-ны харилцах данснуудын мөнгөн гүйлгээг сэргээсэн. Энэ 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэ захирамж дээр нэхэмжлэгч ******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь ******* дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр үүссэн иргэний хэргийг шийдвэрлэж дууссаны дараагаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй гэж үзээд бидний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж хүчинтэй байхад энэ захирамжид жишээ нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаах прокурор шүүхийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлын үйл ажиллагааг эцэслэн шийдвэрлэсний дараа энэ нэхэмжлэлээ шийдвэрлүүл гээд гаргасан шүүгчийн захирамж анх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын хоёрдугаар шүүхийн шүүгчийн захирамж гарсан нь хүчинтэй болоод одоо дахин нэхэмжлэл гаргаж аж ахуйн нэгж болоод иргэний хадгаламж, харилцах картын данснуудыг битүүмжилсэн. Аж ахуйн нэгж үйл ажиллагаа болон бусад захирамжтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлүүлэх мөн гадаадад зорчих, үйл ажиллагаа явуулах эрх, харилцах данснууд битүүмжилж эхэлснээс үйл ажиллагаагаа явуулах ямар ч нөхцөл боломжгүй болж гэм хор учирсан гэж үзэж Иргэний хэргийн зохих зүйл заалтуудыг үндэслээд гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Буруутай нь буруугаа хүлээгээд л явах хэрэгтэй байна л даа. Монгол улс чинь хууль дүрмийг мөрддөг хэрнээ хоёр гурван талаас нь тайлбарлачихдаг. Нэхэмжлэгчийн үйл ажиллагааг дэмжиж байгаа ч юм шиг гэм буруу учирсан уу учирсан нь тодорхой. Хариуцагчийн гэм буруугийн асуудал байгаа юу байгаа эсэхийг нь шүүх хууль дүрэмдээ нийцүүлж үнэн зөв хэргийг шийдвэрлэж өгөх байх аа гэж хүсэж байна гэв.

 

2.Хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ундрал, Л.Түвшин нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь 2011 оны 11 дүгээр сард ажил олгогч буюу хуучнаар ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгүүлж байсан. Тухайн үеэс эхлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн/хуучнаар/ 4 дүгээр зүйлийн 4.2, 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-д заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг үүсгэсэн. Иймд тус газраас дээрх асуудлаар удаа дараа нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлөхийг шаардаж ирсэн ба иргэдийн эрх ашгийг хохироох үйлдэл гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр 2014 онд дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандсан бөгөөд тус нэхэмжлэлийн дагуу 39,292,605 төгрөгийг гаргуулахаар 2011 оноос хойш 2014 оныг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ төлүүлэх үүрэг үүсгэсний улмаас ******* дүүргийн тухайн үед ******* дүүргийн дүүргийн хэргийн анхан шатын хоёрдугаар шүүхэд хандан нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 тоот шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу “*******” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө барагдуулахгүй байсан учраас 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* дүүргийн Иргэний иргэний хэргийн анхан шатын шүүхэд хандаад тухайн шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1878 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Тухайн шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч ямар нэгэн үүрэг өгөөгүй. 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 533 тоот албан бичиг тухайн үед банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд хүсэлт гаргасан. Бидэнд өгч байгаа тухайн энэ банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заасны дагуу тус албанаас хүсэлтийг хүлээн авч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр данс битүүмжлүүлэх хасалт хийх арга хэмжээг авсан. Энэ нь манайхаас гаргасан хүсэлт шийдвэрүүд нь болохоор тухайн үед хүчин төгөлдөр, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрүүд дээр байгаа авагдсан арга хэмжээнүүд учраас “*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэрэгт гэм хорын хохирол учруулаагүй учраас дээрх арга хэмжээг нэгдүгээрт бүрэн няцааж байна. Тухайн үед манайх төрийн бодлогын даргаас энэ хүнийг өөр ямар нэгэн хуулийн байгууллага шалгагдаж байгаа эсэхийг манай зүгээс үнэлэх боломжгүй. Манайх зөвхөн хуулийн хүрээндээ нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах арга хэмжээгээр тухайн үед хууль ёсных нь дагуу авч хэрэгжүүлсэн. Тухайн яриад байгаа хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ажиллагаанд юу болсон бэ гэхээр 4799 дугаар бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Ганболд гуайн хэлж байсан энэ 2104069501 тоот хэргийн тухай Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын Нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай 1956 дугаартай захирамжид дурдсанаар компанитай болон нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлтэй холбоотой асуудлаар шалгагдаагүй болох нь тогтоогдож байна гээд яг энэ үндэслэлээр тухайн үед шүүхийн шийдвэрийг гаргаж байсан болов уу гэж бодож байна. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу манайх авах ёстой арга хэмжээнүүдээ аваад хүсэлт гаргах ёстой газраа гаргаад энэ арга хэмжээнүүдийг авсан. 40,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тухайд яг энэ ямар учраас энэ 40,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь ямар үндэслэлийн дагуу нэхэмжилж байгаа нь хэрэгт нотлох баримтаар хангагдаагүй. Тийм учраас энэ хоёрын хооронд ямар нэгэн шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогч байгууллага маань нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалынхаа шимтгэлийн мөнгийг нэхэмжилсэн нь хуулийн дагуу шат дараатай арга хэмжээнүүд авснаараа өнөөдөр энэ нийгэмд байгууллагын нэр төрд халдсан гэдэг нь нотлогдоогүй гэж хараад байна. Нийгмийн даатгалын хуулиар хүлээсэн үүрэг буюу нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс болсон асуудал нь ерөөсөө хамаагүй гэж үзэж байна гэв.

 

            3.Иргэдийн төлөөлөгч Л.Болормаа дүгнэлтдээ: Би нэхэмжлэгч талыг гэм буруутай гэж үзэж байна. Яагаад гэхээр шүүх өмнөх өмнөх хэргийг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд:

 

Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл/хх 1-3 тал/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага/хх 49 тал/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа/хх 4-5 тал/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа/1хх 60 тал/, ******* дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6159 дугаар захирамж/хх 7 тал/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1/229 дугаар албан бичиг/хх 8 тал/, ******* дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2298 дугаар албан бичиг/хх 9 тал/, ******* дүүргийн прокурорын газрын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 5/1538 дугаар албан бичиг/хх 10 тал/, ******* дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231 дугаар тогтоол/хх 11-12 тал/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/1897 дугаар албан бичиг/хх 13 тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 407/8138/С шүүгчийн захирамж/хх 14 тал/, ******* дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/345 дугаарт нэхэмжлэл/хх 15 тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 дугаар шийдвэр/хх 16-17 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоол/хх 18-19 тал/, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар шүүгчийн захирамж/хх 20-21 тал/, Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоол/хх 22 тал/, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлүүд/34-45 тал/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3/1867 дугаар албан бичиг/хх 46 тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1094 дугаар албан бичиг/хх 47-48 тал/, “Хаан банк”-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг/хх 66 тал/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18360292/10 дугаар тогтоол/хх 67 тал/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 533 дугаар албан бичиг/хх 68 тал/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1094 дугаар албан бичиг/117-118 тал/,  Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18360292 дугаар мэдэгдэх хуудас/хх 119 тал/ зэргийг,

 

Хариуцагч талаас: Итгэмжлэл/хх 27, 56 тал/, хариу тайлбар/хх 32, 57-58 тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 дугаар шийдвэр/хх 59-61 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамж/хх 62 тал/, *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1878 дугаар гүйцэтгэх хуудас/хх 63 тал/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 533 дугаар албан бичиг/хх 64 тал/ зэргийг,

           

Шүүхийн журмаар: Шүүхийн тусгай архиваас *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/хх 76 тал/, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04/249/-5 дугаар тогтоол/хх 92-94 тал/, ******* дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 231 дугаар шүүхийн тогтоол/хх 95-97 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

 

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

6.Нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нар нь хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анх гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд “*******” ХХК 30,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн тодруулсан.

Нэхэмжлэгч нар ******* дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6159 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжтай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 407/8138/С дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай иргэний хэргийн шийдвэрүүд хүчинтэй байхад хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газар нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэгч компанийн 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар дуустал хугацааны даатгуулагчийн 01 код буюу 21 хувиар ажилтан ажил олгогч нараас тооцсон шимтгэл 39,292,605 төгрөгийг төлүүлэхээр тус шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 тоот шийдвэр гарч, төлбөр авагчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 533 дугаар хүсэлтээр дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэж банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тогтоолоор нэхэмжлэгч нарын бүх дансыг битүүмжилсэн. 2011 оноос *******ыг шалгасан эрүүгийн 21132899 дугаартай тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан үйлдэл холбогдлыг эрүүгийн хэргийн шүүх 2019 онд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тогтоолоор “...*******ын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан хугацаанаас 2015 оны 08 дугаар сарыг дуустал хугацааны цалинд оногдуулсан шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогчийн төлбөл зохих хувиар, тухайн үед мөрдөж байсан хууль журамд заасан дүнгээр тооцон тайланг залруулж бүртгэхийг дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн, ******* дүүргийн шүүх/хуучнаар/-ийн 2024 оны тогтоол, захирамж, 2014 оны 4799 шийдвэр болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон зэрэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор бүх дансны гүйлгээг буцаан сэргээсэн, бүтэн 6 жил данс битүүмжилсэн хугацаанд нэхэмжлэгч иргэн, аж ахуйн нэгжид ажлын хугацааг алдагдуулж, ажил хэргийн нэр хүнд, ажил амьдрал, эдийн засагт болон гадаад, дотоодод зорчих эрхээ хязгаарлуулж, хөрөнгө босгох үйл ажиллагаанд ноцтой хор хохирол учруулсан тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, гэм хорын хохиролд нэхэмжлэгч “*******” ХХК 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Ганболд 10,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.

 

7.Хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар татгалзалдаа нэхэмжлэгч “*******” ХХК нь 2011 оны 11 дүгээр сараас ажил олгогчоор нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн боловч 2012 оноос хойш 2014 оныг хүртэл Нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх үүргээ үл биелүүлсний улмаас ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гарган 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 дугаар шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тухайн шүүхийн албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 1878 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн, тухайн шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн боловч банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэж заасны дагуу тус албанаас 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр данс битүүмжлүүлэх хасалт хийх арга хэмжээг авсан, энэ нь манайхаас гаргасан хүсэлт шийдвэрүүд нь тухайн үед хүчин төгөлдөр, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрүүдийн үндсэн дээр авагдсан арга хэмжээнүүд учраас “*******” ХХК-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэрэгт гэм хорын хохирол учруулаагүй, эрүүгийн журмаар шалгагдсан гэх үндэслэл нэхэмжлэлд буюу нийгмийн даатгалын байгууллагад төлөх шимтгэлтэй холбоотой асуудлаар шалгагдаагүй тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 

8.Хэрэгт авагдсан нотлох баримт талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь 2011 оноос ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт харъяалагдан нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар бүртгүүлсэн болох нь тогтоогддог. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

Гэвч ажил олгогч “*******” ХХК нь 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сар дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлд 39,292,605 төгрөгийн өр үүсгэсэн үндэслэлээр нөхөн төлүүлэхээр ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс түүнд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гарган Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэн.

Тус шийдвэртэй хэргийн нэхэмжлэгч тал буюу төлбөр авагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хүсэлтээр 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1878 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн.

Тус шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжид үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн гэх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18360292/10 дугаар тогтоолоор төлбөр төлөгч “*******” ХХК, захирал ******* нарын бүх арилжааны банк дах харилцах болон хадгаламжийн дансны  зарлагын гүйлгээг шүүхийн шийдвэрт заасан 39,647,018 төгрөгийг хэмжээгээр битүүмжилж, хасалт хийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төрийн банкны 100900198707 тоот дансанд битүүмжлэхээр “төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоол гарч байсан, мөн төлбөр төлөгч төлбөр төлөөгүй тохиолдолд түүний гадаадад зорчих эрх түдгэлзүүлэхээр мэдэгдэл хүргүүлж байсан гэх үйл баримт тогтоогддог./хх67, 119 тал/

Тус төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4799 дугаартай шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн төлөөлөгч  *******ын хүсэлтээр хэргийг дахин хянаад ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг хүчингүй болгон ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэжээ./хх18-19 тал/

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг дахин хянаад 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэл заан нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-ид холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн 2012 оны 04 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сарыг дуустал хугацааны өр, алдангид 58,938,908 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх 21 тал/  

Үүнтэй холбогдуулан банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн дугаар төлбөр төлөгчийн банк дах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэлээс чөлөөлөх тухай тогтоол гарч төлбөр төлөгч “*******” ХХК, ******* нарын харилцах болон хадгаламжийн дансыг 2018 оны , 2020 оны 18360292/10 дугаар тогтоолоор битүүмжилсэн дансны мөнгөн хөрөнгийн зарлагын гүйлгээг сэргээсэн./хх 22 тал/

Түүнээс гадна нэхэмжлэгч ******* нь 2013 онд ******* дүүргийн шүүхэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах болон прокурор, шүүхийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 2,043,896,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянан хэлэлцээд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар эрүүгийн 21132899 дугаар хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байжээ./хх 96-97 тал/

Нэхэмжлэгч тал уг данс битүүмжилсэн хугацааг 6 жил буюу 67 сараар тооцдог боловч хавтаст хэрэгт тус шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2018 оны тогтоол авагдаагүй, мөн эрүүгийн журмаар шийдвэрлэсэн гэх шүүхийн шийдвэр, захиргааны хэргийн шүүхэд маргасан гэх шүүхийн шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдаагүй байдаг.

Гэвч уг үйл баримтыг хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, шүүгчийн захирамжуудын хүрээнд дүгнэн, түүнд дурдсан үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон, нийтэд илэрхий үйл баримт гэж үзэн дахин үнэлэх шаардлагагүй юм.

 

8.Дээрх үйл баримтуудад үндэслэн нэхэмжлэгч нар банкны төлбөр барагдуулах газрын харилцах дансыг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 18360292/10 дугаар тогтоол болон 2024 оны 06 дугаар сарын 04-ний дугаар тогтоолоор сэргээх хүртэлх хугацааны данс битүүмжилсэн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд “*******” ХХК 30,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөгийг тус тус ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч татгалзсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заажээ.

Өөрөөр хэлбэл ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж нэхэмжлэгч нарын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл, шалтгаант холбоо тогтоогдоогүй төдийгүй, хариуцагч  ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын гэм буруутай болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, Монгол улсын Их хурлаас батлан гаргасан Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нэхэмжлэл гаргасан нь өөрийг нь буруутгах үндэслэл болохгүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийн тулд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд данс битүүмжилсэн үйлдэлд хариуцагч буруугүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

Иймээс зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага, албан тушаалтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэх гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагчийн алдаатай шийдвэр, үйл ажиллагаа/үйлдэл, эс үйлдэхүй/-г тогтоосон шүүхийн шийдвэр, тогтоол, эрх бүхий этгээдийн хүчин төгөлдөр шийдвэр тогтоогдоогүй тул хохирол, цаашлаад хариуцлага тооцох үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд “*******” ХХК 30,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

9.Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэх дүгнэлт үндэслэлтэй тул харгалзан үзсэн болохыг дурдав. 

 

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирол тооцох хууль бус үйлдэл/эс үйлдэхүй/ тогтоогдоогүй тул түүнээс үүсэх хор хохирол болон шалтгаант холбоо яригдах боломжгүй, хохирлын тооцоолол үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдох харилцах данснууд битүүмжилсэн нь хууль бус болохыг тогтоолгож, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон ажил амьдралд учруулсан гэм хорын хохиролд “*******” ХХК 30,000,000 төгрөг, ******* 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, дээрх хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               *****