| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2016/0154/э |
| Дугаар | 156 |
| Огноо | 2018-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 156
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох 1708023310434 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Олон Улсын Улаанбаатар Их сургуулийн Санхүү банкны 1 дүгээр дамжаанд суралцдаг ам бүл-5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн р хорооны нутаг дэвсгэрт “дүү бөмбөгөө цохилоо” гэх шалтгааны улмаас 8 настай эрэгтэй Г.Чингүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.О нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “дүү бөмбөгөө цохилоо” гэх шалтгааны улмаас 8 настай эрэгтэй Г.Чингүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- насанд хүрээгүй хохирогч Г.Ч мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байрны гадаа сагсанбөмбөг тоглож байгаад санамсаргүй нэг хүүхдийг бөмбөгөөр цохичихсон. Тэр хүүхэд над руу чулуу шидээд хөөгөөд байрны орцны гадаа нэг эгч таараад тэр эгч барьж аваад миний зүүн талын хацар луу 3 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-8/
- гэрч О.С мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад манай ач хүү Чингүн “намайг хүн алгадаж, зодлоо” гээд орж ирэхээр нь асуусан чинь “том эмэгтэй барьж аваад хацар луу 3-4 удаа цохисон” гээд тэгээд би дагуулаад гараад тэр зодсон гэх хүний гэр лүү орсон. Намайг ороход тэр цохисон эмэгтэй ба өөр бас нэг эмэгтэй байсан. Тэгсэн намайг “зөнөг өвгөн, чамд хамаагүй, гар зайл” гээд шүүр бариад зодох гээд дайрсан...гэх мэдүүлэг /хх-12/
- гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18:00 цагийн үед гэртээ байсан. Гаднаас дүү Одсүрэн орж ирсэн. Удалгүй араас нь настай ах, 8-9 орчим насны хүүхэдтэй орж ирсэн. Тэр ах Одсүрэн рүү “яагаад манай хүүхдийг алгадаж байгаа юм” гээд дайрсан. Би болсон асуудлын талаар тодруулах гэхэд над руу давшлаад, хэл амаар доромжлоод байсан...гэх мэдүүлэг /хх-13/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 13309 дугаартай шинжээчийн:..Г.Чи биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн шанаа, зүүн чихний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-22/
- шүүгдэгч Б.Омөрдөн байцаалтад өгсөн:..2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны 73 дугаар байрны 17 тоотод байх ахынхаасаа 19 цагийн үед дэлгүүр орох гээд явж байтал байрны гадна Тэлмэн гэх хүүхэд машины зогсоол руу чулуу шидээд байсан. Тэгтэл Тэлмэн нь Чингүн над руу хараалын үг хэлж бөмбөг шидэж, би төмөр хашааг толгойгоороо мөргөсөн. Дэлгүүр ороод буцаад гарч ирэхэд Чингүн гэх хүүхэд над руу муухай хараад байхаар нь би зүүн шанаа руу нь 3 удаа алгадсан. Тэр хүүхэд уйлаад явсан...гэх мэдүүлэг /хх-43-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мнь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ооногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад нотлох баримт бүхий төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР