Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 114/ШШ2025/0015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* овогт ******* ******* /*******/

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох

“...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой индексийн 114/2025/0015/З дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Ө.*******, хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч Ө.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан “...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.
  1. Хэргийн үйл баримтын тухайд:
    1. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 5 дугаар тойрогт Ардчилсан намаас Ө.******* нэр дэвшсэн бөгөөд түүний нээлгэсэн зардлын дансанд хандивлагч нараас нийт ******* төгрөгийн мөнгөн хандив цугларсан байна.
    2.  Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 6 нэр дэвшигч хуулиар зөвшөөрөөгүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй талаарх баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 456 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Дархан-Уул аймгийн Татварын газарт хүргүүлж, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
    3. Улмаар Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******-20 дугаартай шийтгэлийн хуудсаар Ө.*******т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.
  2. Ө.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “...Миний бие Ардчилсан намын гишүүн, залуу хүний хувьд өөрийн хувь нэмрээ орон нутагтаа оруулахын тулд 4 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардаж авснаас хойш 14 хоногийн хугацаанд сурталчилгаа хийгдсэн. Өөрийн цахим хуудсанд хандивын данс, орлогын эх үүсвэрээ бичих зэрэг мэдээлэл агуулсан постерийг байршуулсан. Дээрх хугацаанд 36 иргэнээс нийт *******0 төгрөгийн хандив цугларсан. Сонгуулийн үйл ажиллагаа дуусаад Пик зом аудитын газраас 19 иргэнээс орж ирсэн хандив орлогын эх үүсвэр нь тодорхойгүй байгаа талаар хэлэхэд би анх мэдсэн.
    1. Тэгээд тухайн 19 иргэнтэй холбогдож мэдээллүүдийг нь гаргаж өгсөн. Сонгуулийн сурталчилгаа 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн. Орж ирсэн гүйлгээнүүдээ орой гэртээ ирээд хардаг байсан боловч би гүйлгээний утгыг сайн тогтож шалгадаггүй байсан тул буцаан шилжүүлээгүй. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д зааснаар хандивлагч хандив шилжүүлэхдээ нэр, иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэрийг өөрөө бичих үүрэгтэй болох  нь хуулийн үзэл баримтлалаас харагдаж байна. Хандивлагч үүрэг хүлээх ёстой байтал яагаад хандив хүлээн авагчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байна.
    2. Миний хувьд сонгуулийн сурталчилгааны хугацаанд үнэхээр завгүй байсан. Би алдаа гаргасан болохоо хүлээн зөвшөөрч байна. Гэвч аудитын газарт хандив өгсөн иргэдийн мэдээллийг өгөхөд шалгаж үзээгүй. Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт юу хамаарахыг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”,-ын  11.1-д заасан ч тухайн журмыг батлах эрх Аудитын газарт байх ч хууль тайлбарлах эрх нь аудитын газарт олгогдоогүй. Улсын Дээд шүүх л хууль тайлбарлах эрхтэй, журмаар хуулийг тайлбарлах нь үндэслэлгүй. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу би хэнд ямар хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Би бүх хандивыг сонгуулийн зардалдаа зарцуулсан тул гомдлыг хангаж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
  3. Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэр дэвшигч Ө.******* нь сонгуулийн зардлын Хаан банкны дугаар дансыг нээлгэн зохих журмын дагуу бүртгүүлсэн. Сонгуулийн хугацаанд нийт 36 иргэн хандив өгснөөс 19 иргэн нь хандив шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт нэр, иргэний бүртгэлийн дугаар болон орлогын эх үүсвэрийг бичээгүй шилжүүлсэн байсан. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ын 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөөгүй хандивт тооцно”, 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно”, 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно”, 12.1.1-д “Энэ журмын 11.1.1-д заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 121.1.2-т “Энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандивыг улсын орлого болгох” гэж тус тус журамласан.
    1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д зааснаар гомдол гаргагч Ө.******* тайлан гаргахаас өмнө шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй. Энэ хугацаа дууссанаас хойш улсын орлого болгоогүй нь зөрчил гэж үзэхээр байна. Сонгуульд нэр дэвшигч хуульд заасны дагуу сонгуулийн үйл ажиллагааг явуулах ёстой. Хуулиар хандивын данс нээж, бэлэн бусаар хандив авах, хууль бус санхүүжилтаас сэргийлэх зорилготой. 19 иргэнээс хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгаагүй, шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив авсан нь зөрчлийн хэрэгт цугларсан холбогдогч болон хандив өгөгч нарын дансны хуулга, Пийк ом аудитын дүгнэлт, холбогдогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байх тул гомдол гаргагч Ө.*******т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Ө.*******ийн Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
  2. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” нийцлийн аудит хийгдлээ. Тус аудитаар 6  нэр дэвшигч хуулиар зохицуулаагүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т тус тус заасны дагуу хүргүүллээ” гэх 456 дугаар албан бичгийг тус аймгийн Татварын газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын жагсаалтын 3-д “4 дүгээр тойргоос Ардчилсан намаас нэр дэвшигч Ө.*******  3 269 999 төгрөг” гэж тусгагдсан байна.
  3. Улмаар Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэр дэвшигч Ө.******* шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга, аудитын дүгнэлтээр нотлогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар түүнд 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
  4. Ө.******* шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ “...мөнгөн хандивууд бүгд сурталчилгааны ажилд зарцуулагдаад холбогдох тайланг гаргаж өгсөн. Тайлангийн хүснэгтэд хандивлагч нарын мэдээлэл болон утасны дугаарууд бүгд байсан. Хандивыг авч байх хугацаанд эх үүсвэр тодорхойгүй гүйлгээнүүдийг үнэхээр мэдэх ямар ч боломжгүй байсан” гэж, хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан орлогын эх үүсвэр бичигдээгүй орлогыг буцаан шилжүүлээгүй, энэ талаар аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт хамаарч байх тул торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
  5. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24-д заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар татварын улсын байцаагч сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаарх хуульд заасан журмыг зөрчсөн бол торгох шийтгэлийг оногдуулах эрхтэй байна.
  6. Орон нутгийн сонгуулийн харилцааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар зохицуулсан байх бөгөөд уг хуулийн найм дугаар бүлэгт сонгуулийн зардлын талаар зохицуулж, сонгуулийн зардлын нэг болох хандив нь мөнгөн болон мөнгөн бус хэлбэртэй байхаар хуульчилжээ.
  7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.4-д зааснаар иргэн нь хоёр сая төгрөг хүртэлх хандивыг өгөхдөө нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй байна.

          Тодруулбал, иргэн нь хуулиар зөвшөөрсөн хэмжээнд мөнгөн хандив хандивлахдаа банкны гүйлгээний баримтад өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллийг тусгах үүрэгтэй бол уг мэдээллүүдийг тусгаагүй хандивыг нөгөө талд хандив хүлээн авагч буцаан шилжүүлэх үүрэгтэй гэж ойлгохоор байх боловч дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “...дараахь онцлог бүхий нэмэлт зохицуулалтуудыг тусгана. Үүнд: ...Хуулийн төслийн наймдугаар бүлэгт сонгуулийн зардал, зардлын дээд хэмжээг тогтоох, сонгуулийн зардлын зарцуулалт, түүнд тавигдах хяналт, тайлан гаргахтай холбоотой харилцааг зохицуулна. ...Хандивлагч нь хуульд заасан шаардлага хангаж буй эсэхээ өөрөө нотлох үүргийг хуульчлах” гэж зааснаар уг зохицуулалт нь хандив авагчаас илүү хандив өгөгчид хамааралтай гэж үзлээ.

          Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4-д “Хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээд нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээллээ банкны гүйлгээний баримтад тусгах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй хандивыг хандив хүлээн авагч буцаан шилжүүлнэ” гэж заасныг үг зүйн утгаар нь тайлбарлавал уг хуулийн заалтад “болон, бөгөөд” гэх холбоос үгнүүдийг ашигласан байна.

          Монгол хэлний тайлбараар “болон” гэдэг холбоос нь хоёр өгөгдөл зэрэг биелэх эсхүл аль нэг нь биелэсэн байхад хангалттай байдаг бол “бөгөөд” гэх холбоос нь үндсэн нөхцөлийн араас нэмэлт, дагалдах байдлаар орж, үндсэн нөхцөл биелэгдээгүй бол дагалдах нөхцөлийг биелүүлэхийг шаардах боломжгүй юм.

          Дээрх хуулийн зохицуулалтаар нэр, иргэний бүртгэлийн дугаарыг заавал банкны гүйлгээний баримтад тусгах ёстой бөгөөд хандивын эх үүсвэрийг заавал тусгасан байхыг шаардаагүй төдийгүй хандив өгөгч нэр, иргэний бүртгэлийн дугаараа бичсэн байхад хандив хүлээн авагчийн хувьд заавал тухайн хандивыг шаардлага хангаагүй гэх үндэслэлээр буцаах үүргийг хүлээхээргүй байна.

          Харин хандив өгөгч хэн болох нь тодорхойгүй буюу нэр, иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгаагүй бол уг этгээд нь хэн болох нь тодорхойгүй буюу эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн гэж үзэн уг хандивыг буцаах үүргийг хандив хүлээн авах эрх бүхий этгээдэд үүрэгжүүлсэн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хандив өгөх, хүлээн авахыг хориглох зохицуулалтаар хуульчлагдсан ба хандив өгөгч өөрийн орлогын эх үүсвэрийг нотлох үүрэгтэй.

  1. Гомдол гаргагч Ө.******* өөрийг нь буруутгаж байгаа гүйлгээ 19, уг гүйлгээг буцаан шилжүүлээгүй, улсын орлого болгоогүйгээ хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох  баримтуудаар 19 гүйлгээнээс 3 гүйлгээний хандивлагч иргэний нэр, регистрийн дугаар буюу иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгасан бол үлдэх 16 гүйлгээний хувьд “...-с ахдаа амжилт, ангийн найздаа амжилт хүсье , ангижав хандив данс, сонгуульд нь амжилт, хандив эгч дүү нараас нь, дүүдээ амжилт, ... гэх мэтчилэн” бичигдсэн байна.
  2. Хандивлагч өөрийн нэр, регситрийн дугаараа бичсэн тохиолдолд орлогын эх үүсвэрээ нотлох нь түүний өөрийнх нь үүрэг, уг асуудлаар хандив хүлээн авагчийг буруутгах боломжгүй болох нь Үндэслэх хэсгийн 7-д зааснаар тайлбарлагдах боловч үлдэх 16 гүйлгээний хувьд нэр, иргэний бүртгэлийн дугаарыг бүхэлд нь бичээгүй энэ нөхцөл хариуцагчийн шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
  3. Өөрөөр хэлбэл, нэр, иргэний бүртгэлийн дугаарыг банкны гүйлгээний баримтад тусгаагүй бол уг этгээд нь хэн болох нь тодорхойгүй буюу эрх зүйн байдал нь тодорхойгүй этгээд сонгуулийн хандив өгсөн гэж үзэн түүнийг буцаан шилжүүлэх үүргийг хандив хүлээн авах эрх бүхий этгээдэд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хуульчилж өгсөн байна.
  4. Хэдийгээр гомдол гаргагч “тухайн гүйлгээгээр орж ирсэн хандивыг сонгуулийн үйл ажиллагаандаа зарцуулж, эрх бүхий байгууллагад тайлангаа хүргүүлэхдээ залруулгыг хийсэн” гэх үндэслэлээр маргах боловч Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж зааснаар  материаллаг хууль тогтоомжоор тогтоосон тодорхой үүргээ биелүүлэх боломжтой байсан ч биелүүлээгүй буюу биелүүлэх талаар арга хэмжээг хэрэгжүүлээгүй, тусгай ангид заасан бие даасан үйлдэл (эс үйлдэхүй)-ийн шинжийг хангасан бол зөрчил гэж үзэж, хариуцлага тооцох нь мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан “... шударга ёсыг тогтоох ...” зарчимтай нийцэх бөгөөд нэгэнт хууль тогтоогч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “...зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах” гэсэн үйлдэл (эс үйлдэхүй)-г бие даасан зөрчил болохыг тодорхойлсон энэ тохиолдолд зөрчилд тооцохгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
  5. Мөн нэр дэвшигч нь тайланг хүргүүлэхээс өмнө  шаардлага хангаагүй хандивыг хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, 53.5, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хандивлагч болон төрийн санд шилжүүлэх боломжтой байсан ч буцаан шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэр дэвшигчийн залруулга гэж бичиж өгсөн баримтаар түүнийг хуулиар зөвшөөрөгдсөн хандивыг хүлээн авч, сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэхгүй тул татварын улсын байцаагч нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсаар Ө.*******т Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж заасантай нийцжээ.
  6. Харин хариуцагчийн “... Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийж, 2024 оны 456 дугаар албан бичгийг мөн аймгийн Татварын газарт ирүүлсний дагуу гомдол гаргагчид шийтгэлийн хуудас оногдуулсан, эх үүсвэр тодорхойгүй гэдгийг сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмын 11.1.1-д тодорхой заасан” гэх тайлбарын хувьд Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаал, түүний хавсралтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журмыг баталж, Ө.*******оос сонгуулийн зардлын тайлангаа уг журмын дагуу тухайн аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлсэн.

          Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдогч зөрчил гаргасан эсэхийг шалган тогтоохоос Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар аудит хийж, 2024 оны 456 дугаар албан бичгийг мөн аймгийн Татварын газарт хүргүүлсэн нь шууд хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй, төдийгүй дээрх журам нь нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах харилцаанд үйлдлэх тул энэ уг тайлбарыг шүүх хүлээн аваагүй болно.

  1. Нэгэнт гомдол гаргагч нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул түүний гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  
  2. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй *******-20 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тухайн шийтгэлийн хуудсаар оногдуулсан 10 000 000 төгрөгийг гомдол гаргагч Ө.******* нь төрийн сангийн 100190100952 тоот дансанд тушаана.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4, 55 дугаар зүйлийн 55.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан Ө.*******ийн гомдолтой Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох “2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг Үндэслэх хэсгийн 15-д заасан аргачлалаар биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор анхан шатны шүүхээрээ дамжуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

         

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.МӨНХ-ЭРДЭНЭ