Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ДШМ/1131

 

 

 

 

 

      2023             11            28                                        2023/ДШМ/1131

 

Ч.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Мөнхнавч,

шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/600 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн эрүүгийн 2302000000258 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.О, ...-ны өдөр ... төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү, банкны мэргэжилтэй, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “...” орон нутгийн ...  ажилладаг, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  /РД:..../,

Ч.О-днь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг метафетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 1,073 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр ... тоотод Н.У-аас 2022 оны 6 дугаар сарын 04-ний 03 цагийн орчим хууль бусаар олж авч, улмаар тухайн өдрийн 08 цаг хүртэл ... толгой орчмын нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Ч.Огийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.О-г “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

шүүгдэгч Ч.Огийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа 11-17 насны 3 хүүхэдтэй, гэрлэлтээ цуцлуулсан эсэх тухай шийдвэр байхгүй гэж өмгөөлөгчийн санал дүгнэлтийг хүлээн аваагүй болно. Гэвч 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 288 дугаартай Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ц.М, Ч.О нарын гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг эх Ч.О-гийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ. Иймд Ч.О-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ялаар солих эсхүл тэнсэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ч.О-д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг ямар үндэслэлээр үргэлжилсэн үйлдлээр гэмт үйлдэл хийсэн гэж тогтоогоод байгааг ойлгохгүй байна. Би өөрийн гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж, гэмшиж байна. Би зөвхөн 3 хүүхдийнхээ төлөө хичээж амьдарч ирсэн. Албан ёсоор гэрлэлт дуусгавар болж 3 хүүхэдтэй өрх толгойлсон эхийн амьдралаар өдий хүртэл амьдран ирсэн. Эцэг нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгоогүй үүрэг хариуцлагаас үүрэх ачаанаас хагасалж байсангүй. Гэвч өөрийн нэг удаагийн санаандгүй, санамсаргүй, саваагүй, хариуцлагагүй үйлдлээс болж гэмт хэрэгтэн болсондоо маш их харамсаж байна. Анхан шатын шүүх надад 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Би 2 сар гаруй хугацаанд хоригдож байна. Энэ хугацаанд маш их зүйлийг ойлгож, ухаарч байна. Би ерөнхий боловсролын сургуульд явдаг 3 хүүхэдтэй юм. Би цаашид эх байх үүрэг хариуцлагаа илүү ухамсарлаж амьдрахаа амлаж байна. Эрх зүйн байдлыг минь дээрдүүлж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж гуйж байна.” гэв.

Прокурор Ө.Мөнхнавч тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.О-дболон түүний өмгөөлөгч Б.Балжидмаагаас гаргасан 11-17 насны 3 хүүхэдтэй, гэрлэлтээ цуцлуулсан талаарх баримтуудыг өгч, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрх хязгаарлах ял эсхүл тэнсэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Ч.Огийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ их, түүний хадгалсан бодисын хэмжээ, хэрэгт авагдсан нөхцөл байдлуудыг дүгнэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс түүний 3 хүүхдийн асрамж хамгааллын асуудлыг шийтгэх тогтоолдоо дүгнэсэн. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг Ц.М нь салж, гэр бүлээ цуцлуулсан боловч тухайн хүний хувьд эцэг байх үүргийг хассан шийдвэр гаргаагүй байдаг. Иймд тухайн 3 хүүхдийн асрамж хамгааллын асуудал эцэгт нь шилжинэ гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

          Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Ч.О-днь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг метафетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 1,073 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр ... тоотод Н.У-аас2022 оны 6 дугаар сарын 04-ний 03 цагийн орчим хууль бусаар олж авч, улмаар тухайн өдрийн 08 цаг хүртэл ... толгой орчмын нутаг дэвсгэрт худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан болох нь:

          Яллагдагчаар Ч.Огийн “ ...Н.У ууттай цагаан өнгийн зүйл гаргаж ирээд хэрэглэж үзье гэж хэлээд сорж үзсэн тэгэхэд сайн болохгүй байсан учраас дахиж тэр зүйлээс хэрэглээгүй. Ингээд өглөөний 07 цагт Ундармаагийн хамт гэрээс нь гарсан У нэг найзтайгаа Хан-Уул дүүрэгт уулзана намайг тэндээсээ явчих гэж хэлээд гэрээс нь хамт гарсан. Ингээд явж байгаад Хан-Уул дүүргийн зайсан орчмоос цагдаад баригдсан. У гэрээс гарахдаа өөрөө цүнхгүй байсан учраас энэ зүйлийг цүнхэндээ түр хийчих очоод авъя гэж хэлээд миний цүнхэнд жижиг ууттай цагаан өнгийн зүйл хийлгэсэн байсан ба уг зүйлийг цүнхэндээ хийж авч явж байгаад цагдаад баригдсан юм...” /2-р хх-ийн 17-18/,

          Яллагдагчаар Н.У “ ...2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ... тоот өөрийн гэртээ Ч.Отой хамж байж байгаад гэрээс гарахдаа түүнд үүнийг цүнхэндээ хийчих гэж хэлээд жижиг ууттай мөс өгч цүнхэнд хийсэн байсан юм. Ингээд О-ой хамтдаа Д-ын гэрт нь очих гэж яваад Хан-Уул дүүргийн Д-ын гэрийнх нь гаднаас цагдаад баригдсан юм. Онон бид хоёр манай гэрт хамт байхдаа ууттай мөснөөс хэрэглэж үзсэн байсан юм...” /1-р хх-ийн 220-221/,

          Ч.Огийн биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 4-5/,

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 3088 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн мөс мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ. №1 гэсэн дугаартай Ч.Огийн биеэс хураан авсан гэх зиплок түгжээ бүхий ууттай 1,073 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн мөс мэт, №1 гэж дугаарласан Н.У-ийн биеэс хураан авсан гэх зиплок түгжээ бүхий ууттай 0,646 грамм цэвэр жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлсэд тус тус Метамфетамин /Methamphetamine/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг.” /2 хх-ийн 39-40/,

 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 616 дугаартай дүгнэлт “...Ч.О-днь урьд өмнө сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Ч.О-днь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ч.О-днь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ч.О-днь сэтгэц идэвхит бодисоос хамааралтай гэх шинж, баримт үгүй байна. Ч.О-днь одоогоор сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна.” /2 хх-ийн 33/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нараас “...Намайг ямар үндэслэлээр үргэлжилсэн үйлдлээр гэмт үйлдэл хийсэн гэж тогтоогоод байгааг ойлгохгүй байна. Иргэний шүүхийн шүүгчийн захирамжаар гэрлэлтийг цуцалж, 11-17 насны 3 хүүхдийг асрамжийг эх болох Ч.Огийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн байх тул Ч.О-доногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдэл юм. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцох учиртай.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын жагсаалт, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” конвенцын жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдлийг ойлгодог.

          Мөн “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенц, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгодог ба энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үздэг.

          Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж ойлгоно.

          Хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.О-днь 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг метафетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт 1,073 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, мөн хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Эрүүгийн эрх зүйд гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд болон шууд бус санаатай гэж ангилдаг ба шууд санаатай нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсэн атлаа хүсэж үйлдсэнийг хэлдэг бол шууд бус санаатай нь гэмт этгээд нь өөрийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог.

Тодруулбал, Ч.О-д яллагдагчаар мэдүүлэхдээ “...Ундармаа гэрээс гарахдаа өөрөө цүнхгүй байсан учраас энэ зүйлийг цүнхэндээ түр хийчих очоод авъя гэж хэлээд миний цүнхэнд жижиг ууттай цагаан өнгийн зүйл хийлгэсэн...” гэх хэдий ч Н.Ундармаагийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр “...Онон бид хоёр манай гэрт хамт байхдаа ууттай мөснөөс хэрэглэж үзсэн байсан юм...” гэх мэдүүлэг, түүний биеэс мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтдаг метафетамин (methamphetamine) агууламжтай мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гарсан нь Ч.О, Н.У-аас авсан бодисоо сэтгэц нөлөөт бодис гэдгийг ухамсарлан мэдсээр атлаа түүнээс олж авч, хадгалж буй үйлдэл нь нэг цаг хугацаанд, нэг гэмт хэргийн хоёр шинжийг хангаж буй тул түүний “намайг ямар үндэслэлээр үргэлжилсэн үйлдлээр гэмт үйлдэл хийсэн гэж тогтоогоод байгааг ойлгохгүй байна” гэх гомдол нь үндэслэлгүй байна.

 

          Мөн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр Ч.О, Ц.М нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох М.М, М.Н, М.Т нарыг эх Ч.О-гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг эх дараах үүргийг хүлээнэ: 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг болох Ц.М нь хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээсээ чөлөөлөгдөхгүй юм.

          Ч.О-д нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа “Ц.М-н хувьд эцэг хүнийхээ үүргийг сайн гүйцэтгэдэг учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Ц.М-ын хувьд өөрийн ухамсраараа яг хэрэгтэй үед минь нэхээгүй байхад ч өгдөг. Жилд баяр ёслол болоод 2-3 удаа бол өгдөг. Иймээс би зөвхөн гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан” хэмээн тайлбарласан байх тул түүний “...Албан ёсоор гэрлэлт дуусгавар болж 3 хүүхэдтэй өрх толгойлсон эхийн амьдралаар өдийг хүртэл амьдарч ирсэн. Эцэг нь тэтгэвэр тэтгэмж тогтоолгоогүй, үүрэг хариуцлага, үүрэх ачаанаас хагасалж байсангүй...” гэж давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         

          Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.О-д1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.

         

          Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

          Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.О-д болон түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ч.О-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-гийн 2023 оны 9 дүгээр сарын 13-наас 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл тус бүр 76 /далан зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН