2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/00728

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 28

191/ШШ2025/00728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б байранд байрлах, ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт байрлах, ******* констракшн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,926,130 төгрөг, алданги 1,963,065 төгрөг, нийт 5,889,195 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Конкрит ******* нь хариуцагч ******* констракшн *******-д холбогдуулан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,926,130 төгрөг, алданги 1,963,065 төгрөг, нийт 5,889,195 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* ******* ******* нь бетон зуурмагийн үйлдвэрийн компани юм. ******* констракшн *******-тай 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БГ-22/19 дугаартай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр ******* ******* ******* нь ******* констракшн *******-д М350 маркийн бетон зуурмагийг 1 м.кубыг 250,000 төгрөгөөр, нийт 441 м.куб бетон зуурмаг нийлүүлэхээр тохирсон. Дээрх гэрээний дагуу манай компани 2022.05.30-ны өдрөөс 2022.07.06-ны өдөр хүртэл нийт 114,167,130 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн. Захиалагч тал болох ******* констракшн ******* нь 110,241,000 төгрөгийн үнэлгээ бүхий байрыг манай талд шилжүүлж, үлдэгдэл 3,926,130 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Гэрээний 5.1-т заасны дагуу алданги 1,963,065 төгрөгийг шаардаж байгаа. Нийт 5,889,195 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд гэрээ байгуулагдсан. Хууль болон гэрээнд заасны дагуу алдангийг нэхэмжилж байна. Иргэний хуульд заасны дагуу алдангийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги 1,963,065 төгрөгийг нэхэмжилж байна. Талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн. Алданги төлөх үүрэггүй гэдгийг ойлгохгүй байна гэв.

 

2. Хариуцагч ******* констракшн *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2022 оны 5 сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 сарын 3-ны өдрийн хооронд ******* констракшн ******* нийт 111,736,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авсан. Үүний төлбөрт 110,241,000 төгрөгийн бартерт 2 өрөө байр хүлээлгэн өгсөн. Барааны үлдэгдэл төлбөр бол 1,495,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 226,310 төгрөгийн нэмэгдэл зардал, бартерт шилжүүлсэн эд хөрөнгийн борлуулсны татвар 2,204,820 төгрөгийг оруулаад нийт 3,926,130 төгрөгийн өр төлбөртэй болохыг талууд хоорондоо тооцоо хийж баталгаажуулсан өр төлбөрийн хэмжээнд ******* констракшн ******* алданги торгуул төлөх үүрэг хүлээгээгүй. Иймд ******* констракшн ******* нь ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,926,130 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа бөгөөд маргаан байхгүй. Энэ үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх алдангийг хүлээгээгүй гэж маргаж байгаа. Нэхэмжлэгч талын хэрэгт гаргаж өгсөн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байдаг. Бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар баримтыг нэхэмжлэгч тал гаргаж өгөх үүрэгтэй. Бетон зуурмагийг хүлээн авах тээврийн зардлыг нийлүүлэгч тал хариуцдаг. Одоо яригдаж буй тээврийн зардал нь нэмэлт төлбөр гэж шинээр гаргаж ирсэн зардал юм. Гэрээгээр зохицуулагдаагүй байгаа. Тийм учраас манай талаас болсон үйл явдлыг болсон гэдгийг үндэслээд эвлэрлийн журмаар шийдвэрлүүлэхээр хариу тайлбар гаргасан. Алданги, торгууль төлөх гэрээний харилцаа биш тул үндсэн төлбөрийн хэмжээнд буюу 3,926,130 төгрөгийг төлөх сонирхолтой байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/

3.2. Итгэмжлэл /хх 5, 47/

3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 16/

4.2. Итгэмжлэл /хх 17, 35/

4.3. Хариу тайлбар /хх 36/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* Конкрит *******-ийн захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 3,926,130 төгрөг, алданги 1,963,065 төгрөг, нийт 5,889,195 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Г-22/19 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээнд зааснаар төлбөр төлөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөр 3,926,130 төгрөг, алданги 1,963,065 төгрөг, нийт 5,889,195 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Зохигчид Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж, нэхэмжлэгч ******* Конкрит ******* нь нэг м.куб бетон зуурмагийг 250,000 төгрөгөөр тооцож, 2022.05.30-ны өдрөөс 2022.07.06-ны өдөр хүртэл хариуцагч ******* констракшн *******-д бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрт 110,241,000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг нийлүүлэгч тал болох нэхэмжлэгчид шилжүүлсэн өгсөн талаар тайлбарлаж, энэхүү үйл баримтад маргаагүй.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.

 

5. Талууд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрийн хэмжээ болон алданги шаардах эрхтэй эсэх дээр маргаж байна.

 

Тодруулбал нэхэмжлэгч нь нийт 114,167,130 төгрөгийн зуурмаг нийлүүлсэн, төлбөрийн үлдэгдэл 3,926,130 төгрөг гэж тайлбарласан бол,

хариуцагч нь нийт 111,736,000 төгрөгийн бетон зуурмаг хүлээн авсан, үлдэгдэл төлбөр 1,495,000 төгрөг, тээврийн нэмэгдэл зардал 226,310 төгрөг, нэмэгдэл зардал, бартерт шилжүүлсэн эд хөрөнгийн борлуулсны татвар 2,204,820 төгрөгийг оруулаад нийт 3,926,130 төгрөгийн өр төлбөртэй талаар тооцоо нийлсэн, хариуцагч алданги торгуул төлөх үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.5-д Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Гэвч нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу хариуцагчид 114,167,130 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.3 Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.

Хэрэгт цугларсан баримтаар талуудын хооронд бичгэн хэлбэрээр гэрээ байгуулагдсан байдал тогтоогдоогүй.

 

Хэдийгээр нэхэмжлэгчээс 2022.05.30-ны өдрийн №Г-22/119 дугаар Захиалгаар бетон зуурмаг нийлүүлэх гэрээ гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасныг хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлэхгүй.

 

Иймд нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 1,963,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Түүнчлэн хариуцагч нь хариу тайлбар өөрөө нотлох, нотлох баримтыг гаргах үүргээ хэрэгжүүлээгүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас 3,926,130 төгрөгийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан тул шүүх нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж, хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 77,768 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх заалтад заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* констракшн *******-иас 3,926,130 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* Конкрит *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,963,065 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* констракшн *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 77,768 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Конкрит *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА