| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06722/И |
| Дугаар | 191/ШШ2025/01014 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/01014
| 2025 02 04 | 191/ШШ2025/01014 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б тоот хаягт байрлах, ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 11,800,000 төгрөг гаргуулах, орон сууц чөлөөлж, хүлээлгэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч ******* *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* нь ******* ******* холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 11,800,000 төгрөг гаргуулж, орон сууц чөлөөлж, хүлээлгэн өгөхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгчийн Б хаягт байрлах 6292,18 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын холбооны улс бөгөөд улсын бүртгэлийн дугаар гэрчилгээ 1999 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгогдсон. Нэхэмжлэгч ******* ******* нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын Холбооны төрийн өмчит нэгдлийн газрыг төлөөлж байгаа 2015.11.12-ны өдрийн №84 дугаар бүхий итгэмжлэлийн үндсэн дээр ажиллаж байгаа №43/15-47 тоот дугаар Түрээсийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ийнхүү хариуцагч Т.******* 14 дүгээр байрны 54 тоотыг 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдөр нэг сарын төлбөр 680,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 1.6 жилийн хугацаатайгаар түрээсэлсэн. Гэтэл хариуцагч нь гэрээний 5.2 дах хэсэгт Байрны хөлсийг сарын эхний 5-ны дотор төлнө гэж зааснаар төлбөрийг төлөхгүй байсан тул удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч үүргээ биелүүлээгүй. Үүний улмаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээсийн гэрээг 3 сарын хугацаатай байхаар шинэчилсэн. Гэсэн хэдий ч гэрээний үүргээ зөрчиж 2023 оны 07 дугаар сараас 2024 оны 08 дугаар сар буюу нийт 12 сарын төлбөр болох 8,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Түүнчлэн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан Хөлслүүлэгч дор дурдсан тохиолдолд хөлслөн суугчидтай хийсэн гэрээ автоматаар шууд хүчингүй болох бөгөөд хөлслүүлэгч дангаар гэрээг цуцлан ямар нэгэн хуулийн байгууллагын оролцоогүйгээр хөлслөгчийг байрнаас гаргах эрхтэйгээр гэрээг байгуулав. Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байрны хөлсийг төлөх ёстой хугацаанаас 1 сар төлөөгүй гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй байна.
1.2. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2024 оны 08 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сар хүртэлх 5 сарын төлбөр болох нийт 3,400,000 төгрөгийг нэмж гаргуулахаар ихэсгэсэн. Нийт 17 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. Хариуцагч нь одоог хүртэл байрыг чөлөөлж өгөөгүй амьдарч байгаа учраас түрээсийн төлбөрийг шаардаж байгаа.
Иймд хариуцагчаас Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний төлбөрт 11,800,000 төгрөгийг гаргуулж, Б тоотыг чөлөөлж, нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
2.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр хамт Б тоотод амьдардаг бөгөөд уг байранд түрээсээр 2008 оноос эхлэн суусаар ирсэн юм. Энэ хугацаанд түрээсийн төлбөрийг алдаа мадаггүй өгсөөр ирсэн ч зарим үед цалин буух хугацааг харж хугацаа хэтэрч байсан ч төлбөрөө нөхөн өгч байсан. Харин сүүлийн 2 жилийн хугацааны төлбөрийг өгөх боломжгүй байсан. Учир нь хүнээс 10 сая төгрөг авах ёстой байсан боловч хүлээлтийн байдалд байсаар өдийг хүрсэн. 2023 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарын төлбөрт нийт 5,000,000 төгрөгийг 2024.06 дугаар сард бөөнд нь төлсөн. 2023 оны 08 дугаар сараас хойш төлбөрийг төлөх шаардлагатай байгаа. Нийт 11,800,000 төгрөг гэдэгт маргахгүй, би өөрөө тооцож үзсэн, зөвшөөрч байгаа. Энэ төлбөрөө 2025 оны 4 дүгээр сард өгье. Байрыг чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Надад нүүж очих газар байхгүй, гэр хороололд нүүж очлоо гэхэд биеийн байдлаасаа болоод амьдрах боломжгүй гэв.
3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-4, 58/,
3.2. Итгэмжлэл /хх 5/
3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/,
3.4. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 2014.11.28-ны өдрийн №43/15-47 тоот Түрээсийн гэрээг шинэчлэх тухай 1-р хэлэлцээр /хх 6-7/
3.5. Үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх 2014.11.28-ны өдрийн №43/15-47 тоот Түрээсийн гэрээг шинэчлэх тухай 2-р хэлэлцээр /хх 8-9/
3.6. Монгол Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 10/
3.7. Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015.01.21-ний өдрийн №11-361252 дугаар тодорхойлолт /хх 11/
3.8. Орон сууц хөлслөн суугчтай байгуулсан гэрээ /хх 12-13/
3.9. Мэдэгдэх хуудас /хх 14-29/
4. Хариуцагч нараас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Хариу тайлбар /хх 40-42, 66/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******-ийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрт 11,800,000 төгрөг гаргуулж, орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Т.******* ******* дүгээр байрны тоот орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс нэг сарын төлбөр 680,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 1.6 жилийн хугацаатайгаар түрээсэлсэн. Хариуцагч нь 2023.07 дугаар сараас 2025 оны 01 дүгээр сарыг дуустал 17 сарын түрээсийн төлбөрөө төлөөгүй тул 11,800,000 төгрөгийг шаардах эрхтэй. Мөн хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул түрээсийн гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар өрөн сууцыг чөлөөлөх үүрэгтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн төлбөр 11,800,000 төгрөгийг төлнө, маргаан байхгүй. Нүүж очих газаргүй байхгүй тул орон сууцыг чөлөөлөх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Зохигчдын хооронд 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөн суугчтай байгуулсан гэрээ байгуулагдаж, тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтаар түрээсийн сарын төлбөр 680,000 төгрөг байхаар, 5.2 дахь хэсэгт байрны хөлсийг сарын эхний 5-ны дотор төлөхөөр тус тус тохирчээ. /хх-ийн 12/
Шүүх талуудын тайлбар, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний үндсэн шинж зэргээс дүгнэн үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан байна гэж үзэв.
Уг орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд мөн хуулийн 288, 289 дүгээр зүйлүүдэд хөлслөгч, хөлслүүлэгчийн эдлэх эрх, хүлээх үүргийг зохицуулжээ.
Хариуцагч ******* овогт ******* ******* нь орон сууц хөлслүүлэх гэрээний дагуу хүлээсэн үүрэг буюу гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дэх заалтаар түрээсийн сарын төлбөр 680,000 төгрөгийг тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй байх тул шүүх хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг буюу 11,800,000 төгрөг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.
4.2. Харин нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц чөлөөлүүлж, хүлээлгэн өгөхийг даалгуулах хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно, мөн зүйлийн 294.4 дэх хэсэгт хэрэв эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь тавилга бүхий сууцны зориулалттай байр бол хөлслүүлэгч гэрээг цуцлахдаа энэ хуулийн 294.3-т заасан хугацааг баримтлах үүрэгтэй, 294.6 дахь хэсэгт орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана гэж заасан.
Нэхэмжлэгчээс хариуцагч нь 2023.06.01-ний өдрийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир 2024.01.01-ний өдөр Орон сууц хөлслөн суугчтай байгуулсан гэрээг 2024.03.31-ний өдрийг хүртэл хугацаатай дахин байгуулсан. Гэвч хариуцагч нь түрээсийн төлбөрөө төлөөгүй, одоог хүртэл тус байранд оршин сууж байгаа учир анх байгуулсан гэрээний дагуу 2024.12.31-ний өдрөөр гэрээний хугацаа дуусна, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалсан гэж тайлбарласан.
Нэхэмжлэгчээс хариуцагч ******* овогт ******* ******* гэрээний төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд орон сууцыг суллан авах талаарх мэдэгдлийг удаа дараа өгч байсан байна. /хх-н 14-29/
Хамгийн сүүлд 2024.08.01-ний өдөр хариуцагчид байрны хөлс төлөх тухай мэдэгдлийг өгсөн ба төлбөр төлөх хугацааг 2024.08.05-ны өдрөөр тогтоож, заасан хугацаанд төлөөлөөгүй тохиолдолд албадан гаргах тухай дурдсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна гэж заасныг хангаагүй байх тул орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг шүүх хангах боломжгүй, урьдач нөхцөл бүрдээгүй байна.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* овогт ******* *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 203,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1щ2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 294 дүгээр зүйлийн 294.3, 294.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* *******гаас 11,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцыг албадан чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид 288,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* овогт ******* *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 203,705 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА