| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02567/И |
| Дугаар | 191/ШШ2025/01155 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01155
2025 02 07 191/ШШ2025/01155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоотод байрлах, ******* /РД:*******/,
Хариуцагч: Б тоотод оршин суух, ******* /РД:/,
Хариуцагч: Б тоотод оршин суух /РД:/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,407,904.19 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,
Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Ү.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******, Ж., Ү. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,407,904.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Аж ахуйн нэгж ******* нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50,000,000 төгрөгийн зээл авахаар өргөдөл гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Банк зээл хүсэгч *******-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 39,000,000 төгрөгийн зээл олгох, ингэхдээ иргэн Ж.ыг зээлийн батлан даагчаар оруулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж., Ү. нарын өмчлөлийн Б тоот хаягт байрлалтай, гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 156 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 507 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, *******-н эзэмшлийн 2004 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай, арлын дугаартай, HUINDAI Mighty маркийн цистерн машин, *******-н эзэмшлийн эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалахаар шийдвэр гаргасан. ******* нь Хас Банктай 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1840006069 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 39,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1840006069-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулан 2009 онд ашиглалтад орсон, Б тоот хаягт байрлалтай гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 507 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, тус хаягт байрлалтай, 2009 онд ашиглалтад орсон, гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 156 м.кв хувийн сууцыг барьцаалсан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1840006069-03 дугаартай Батлан даалтын гэрээгээр Ж. Зээлийн гэрээний төлбөрийг төлөх үүргийг зээлдэгчтэй хамтарч хариуцахаар батлан даагчаар орсон. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1840006069-04 дугаартай Барьцааны гэрээгээр ******* 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий бараа бэлэн бүтээгдэхүүн барьцаалсан. Банк нь 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлдэгч *******-н ******* дахь тоот дансанд 39,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ******* нь үйл ажиллагаагаа өргөтгөн техник тоног төхөөрөмжөө шинэчилж, 16 тонны багтаамжтай, цистерн машин худалдаж авах шаардлагатай болсон тул зээлийн барьцаанд байгаа арлын дугаартай, HUINDAI Mighty маркийн машиныг барьцаанаас чөлөөлж өгнө үү. Дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсний дараа сарын дотор шинээр худалдаж авсан машиныг барьцаанд тавих болно гэсэн хүсэлт бичгээр гаргасан. Хүсэлтийн дагуу 2020 оны 4 сарын 27-ны өдөр дээрх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх, худалдан авсан шинэ машиныг сольж барьцаалахаар шийдвэр гаргасан ч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл шинээр авсан машинаа барьцаалаагүй байна. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 25.543.023.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,846,191.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,210.96 төгрөг нийт 36,432,426 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1840006069 дугаарт зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс огт төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 537 хоног хэтэрсэн байна. Зээлдэгчтэй утсаар холбогдож зээлийн төлбөрийг ******* нь төлөхийг амаар шаардаж, бичгээр мэдэгдэж байсан боловч зээлдэгч үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.
1.2. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1840006069 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн төлбөр болох 13,456,976.92 төгрөг, 2024 оны 04 сарын 9-ний өдрийн байдлаарх хүү 6,078,225.69 6, төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,701.58 төгрөг, нийт 20,407,904.19 төгрөгийг зээлдэгч *******-иас гаргуулж өгнө үү. Хариуцагч сайн дураар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Ж., Ү. нарын өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү.
1.3. Хариуцагчийн тайлбарыг хүлээж аваад тооцоолол хийж үзэхэд 2023 оны 10 сарын 17-ны өдөр үндсэн хүүд 308,327.99 төгрөг төлөгдсөн. 2023 оны 11 сарын 13-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 46,910.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,056 төгрөг төлсөн. Хүүд төлөгдсөн төлөлтийг үндсэн зээл рүү төлүүлье гэсэн хүсэлтийн дагуу тооцоод үзвэл 357,851,090 төгрөг төлсөн. Хүүд төлсөн хүүг хасвал тооцооллын дагуу анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 48,192.64 төгрөгөөр буурна. Үндсэн зээл буурч байгаа ч гэсэн төлөх ёстой хүү хасагдахгүй байгаа тул бага хэмжээний мөнгө буурч байна. Хариуцагч Ж.аас татгалзаж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гарах үед манайд талийгаач Ж.ын нас барсны гэрчилгээ ирээгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Шүүхийн ажиллагааны явцад Ж. нас барсан талаар мэдээлэл ирсэн гэв.
2. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ зээлийн гэрээний үүрэгт 20,407,904.19 төгрөгийг *******-с гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг бусад хариуцагчийн хөрөнгөөр хангуулах талаар нэхэмжлэлийн шаардлага тодруулсан байна. Зээлийн гэрээний үүрэгт 20,407,904.19 төгрөгийг шаардсан тухайд *******-н зүгээс зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлөлттэй холбоотойгоор маргадаггүй. Харин зээлийн гэрээний үүргээ нэхэмжлэгч компанийн хувьд хожуу шаардсан буюу үндэслэлгүйгээр зээлийн хүүг явуулсан, зээлийн гэрээг цуцалж шүүхэд өгөх талаар санал хүсэлтээ гаргасан байхад хуулийн хүрээн дэх давуу байдлаа ашигласантай холбоотойгоор маргаж байна. Учир нь зээлийн гэрээг талууд 2021 оны 02 сарын 08-ны өдөр зээлийн гэрээний хугацааг нийт 30 сарын хугацаанд буюу 2 жил 6 сарын хугацаатай байгуулж зээлийн гэрээний хугацаа 2023 оны 08 сарын 21-нд дуусгавар болгохоор тохирсон. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний үүргээ 2022 оны 10 сарын 20-ны өдрөөс эхлэн хэтрүүлж эхэлсэн буюу үүргийн зөрчил гаргаж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгч банкны хувьд уг цаг хугацаанаас гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлэлгүй, 2024 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцагч *******-г хохироож байна.
2.2. Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 3 удаа гүйлгээ хийсэн байх бөгөөд 2023 оны 10 сарын 17-ны өдөр 999,000 төгрөгийг, 2023 оны 11 сарын 13-ны өдөр 400,000 төгрөг, 2023 оны 12 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг буюу 1,899,000 төгрөгийг төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7-д зээлдэгч нь зээл, түүний хүү, болон нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.2-т заасан хугацаа дууссан эсэхээс үл хамааран Банк, эрх бүхий мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т заасны дагуу төлнө гэж тохирсон. Уг хууль нь одоогоор хүчингүй болж шинэчилсэн найруулга мөрдөгдөж байгаа хэдий ч хуучин хуулиар уг зохицуулалт нь Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэх зохицуулалт байх бөгөөд зээлийн гэрээ дууссанаас хойш орж ирсэн төлбөрийг хэрхэн төлүүлэх талаар талууд тохиролцоогүй. Энэ нь Хавтаст хэргийн 37 хуудаст авагдсан *******-н гаргаж өгсөн баримтаас харагдана. Тодруулбал 2023 оны 10 сарын 17-ны өдрийн 999,000 төгрөгөөс хүүд суутгал хийж нэмэгдүүлсэн хүүгээс хасалт хийгээгүй, 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 400,000 төгрөгөөс хүүг суутгаж, нэмэгдүүлсэн хүүг ч суутгасан, харин 2023 оны 12 сарын 28-ны өдөр 500,000 төгрөг орсон бүхэлд нь үндсэн зээлээс суутгасан буюу хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хасалт хийгээгүй. Энэхүү байдал нь нэхэмжлэгч банк өөрөө зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш хэрэглэгчээс орсон төлбөрийг ямар дарааллаар суутгаж авч байгаа нь тодорхойгүй байгааг нотолно. Нэгэнт талууд гэрээгээр тохиролцоогүй учраас Иргэний хуулийн үүрэг гүйцэтгэх дараалал буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасны дагуу үндсэн үүрэг араас нь хүүг төлүүлэх дарааллыг баримтлах шаардлагатай болно. Иймд манай компанийн зүгээс гэрээ дуусгавар болсноос хойш төлсөн төлбөр болох 1,899,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах хүсэлттэй байна. Тодруулбал 2023 оны 07 сарын 31-ний өдөр гэхэд манай үндсэн зээл 14,998,172 төгрөг байсан. Үүнээс дээрх мөнгийг хасуулж үндсэн зээлд 13,099,172 төгрөгийг төлөх хүсэлттэй байна. Харин зээлийн хүүг 2023 оны 07 сарын 31-ны өдрийн байдлаар буюу 4,078,518 төгрөгөөр, нэмэгдүүлсэн хүүг мөн тус өдрийн байдлаар буюу 47,625 төгрөг, нийт 17,225,315 төгрөгийг зөвшөөрч байгаа. Шүүхийн эрх мэдлийн хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасан үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагын тухайд энэхүү шаардлагын тухайд манай *******-д холбогдуулан гаргаагүй тулд холбогдох хариу тайлбар гаргахгүй гэв.
3. Хариуцагч Ү. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Хоёр компани хоорондоо тохирчихвол надад хэлэх зүйл алга байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхөр маань нас барсан. Би өөрөө ажил хийхгүй байгаа тул эдийн засгийн хувьд хүндрэлтэй байна. 2021 онд бид нар өөрсдөө цуг явж барьцааны гэрээ байгуулж байсан. Барьцааны гэрээ байгуулж байсан талаар маргаан гээд байх зүйлгүй. Өөрсдөө тус тусынхаа ажлыг хийгээд асуудлаа шийдчихвэл маргах зүйлгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/,
4.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/
4.3. Итгэмжлэл /хх 8-11, 87-88/,
4.4. Зээлийн өргөдөл, зээл олгох шийдвэр /хх 12-13/,
4.5. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1840006069 дугаар Жижиг, Бичил бизнесийн зээлийн гэрээний хуулбар /хх 14-18/,
4.6. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1840006069-01 дугаар Ипотекийн гэрээний хуулбар /хх 19-23/,
4.7. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн №1840006069-03 дугаар Батлан даалтын гэрээний хуулбар /хх 24/,
4.8. 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №1840006069-04 дугаар Барьцааны гэрээний хуулбар /хх 25-27/,
4.9. *******-ийн 2022.04.20-ны өдрийн 4/8 тоот албан бичиг /хх 28/,
4.10. Зээлийн нөхцөл өөрчлөх санал шийдвэр /хх 29/,
4.11. *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 30/,
4.12. иргэний үнэмлэхийн хуулбар /хх 31/,
4.13. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 32-34/,
4.14. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 34/,
4.15. *******-ийн Хас банкны дансны хуулга /хх 35-37/,
4.16. *******-ийн 2022.06.30-ны өдрийн мэдэгдэх хуудас /хх 38/,
4.17. *******-ийн 2023.03.23, 2023.05.30-ны өдрийн шаардах хуудас /хх 39-40/,
4.18. Зээл хүү тооцооллын хүснэгт /хх 46/
5. Хариуцагч *******-иас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
5.1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 59/
5.2. Итгэмжлэл /хх 60/,
5.3. Хариу тайлбар /хх 142-143/.
6. Хариуцагч Ү.ээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
6.1. Итгэмжлэл /хх 71/,
6.2. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 83-85/,
6.3. Нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 112/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн зээлийн гэрээний үүрэгт 20,407,904.19 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь 1840006069 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13,456,976.92 төгрөг, 2024 оны 04 сарын 9-ний өдрийн байдлаар хүү 6,078,225.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 872,701.58 төгрөг, нийт 20,407,904.19 төгрөгийг зээлдэгч *******, батлан даагч Ж. нараас гаргуулах, хариуцагч нар сайн дураар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Ж., Ү. нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болон газар, *******-ийн 5,000,000 төгрөг бүхий бараа бэлэн бүтээгдэхүүн бүхий барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн төлбөр 20,407,904.19 төгрөгийг *******-иас гаргуулж, зээлийн гэрээний үүргийг Ж., Ү. нарын өмчлөлийн Б тоот хаягт байрлалтай гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 507 м.кв гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхтэй газар, тус хаягт байрлалтай, 2009 онд ашиглалтад орсон, гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 156 м.кв хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулах гэж тодруулсан.
Мөн хариуцагч Ж.аас татгалзаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж, 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж тус тус зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Ж.аас татгалзсаныг баталж Ж.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ******* нь хариуцагч *******-тай 2021.02.08-ны өдөр 181006069 дугаар Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулж, 39,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн ба хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний хугацаа дууссан. Иймд 2024.04.09-ний өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү болон үндсэн үүргийг шаардаж байна. Мөн барьцааны гэрээний дагуу хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлүүлнэ гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зөрчил бий болсон байхад банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүйгээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлэн хүү шаардсан, гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрөөс хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгаж, хуульд заасан дараалал зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас 17,225,315 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад тайлбар гаргахгүй гэж тайлбарласан.
4. Хариуцагч Ү. нь ажилгүй, эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2021.02.08-ны өдөр 1840006069 дугаар жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 39,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зааж, 30 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаар зээлийн эргэн төлөлтийн хуваариар харилцан тохиролцсон байна. /хх 14-18/
5.2. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ү., Ж. нарын өмчлөлийн,
А. Нийслэлийн Б тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Б. Нийслэлийн Б тоот хаягт байршилтай, 507 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, худалдаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газраар хангуулахаар ******* болон Ш., Ж. нар тохирч 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1840006069-01 дугаар Ипотекийн гэрээг бичгээр хийж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлж, нотариатчаар гэрчлүүлсэн байна. /хх 19-23/
Мөн ******* болон Ж.ын нарын хооронд 2021.02.08-ны өдөр №1840006069-03 дугаар Батлан даалтын гэрээ, ******* болон ******* нарын хооронд 2021.02.09-ний өдөр №1840006069-04 дугаар Барьцааны гэрээ байгуулагдсан байх хэдий ч нэхэмжлэгч нь эдгээр гэрээний үүргийг шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
******* болон ******* нарын хооронд байгуулагдсан №1840006069 дугаар Жижиг бичил бизнесийн зээлийн гэрээ нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж заасантай нийцжээ.
Мөн 1840006069-01 дугаар ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлага хангасан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба хуульд заасан шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэв.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2-т зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралт 1-ээр тохиролцсон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байх ба ийнхүү зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргасан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзнэ.
Зээлийн гэрээний хавсралт 1-ээр зээлдэгч нар нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 21-нийг өдрийг хүртэл буюу 30 сарын хугацаанд, сард 1 удаа үндсэн зээлд 1,300,000 төгрөг дээр хүү нэмж төлөх байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан байна.
Ийнхүү ******* нь 2021.02.09-ний өдөр 39,000,000 төгрөгийг *******-д олгосон байх ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн зээлийг эргэн төлөх үүргийг 2022 оны 02 дугаар сараас зөрчиж, зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, зээл, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдон тогтоогдсон, талууд 2023.07.31-ний өдрийг дуустал хугацааны зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн эргэн төлөлт болон дээрх үйл баримтад маргаангүй байна.
Харин хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2023.10.17-ны өдөр 999,000 төгрөг, 2023.11.13-ны өдөр 400,000 төгрөг, 2023.12.28-ны өдөр 500,000 төгрөг тус тус төлснөөс хүү, нэмэгдүүлсэн хүүнд суутгасан нь хуульд заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллоос үзвэл банк нь хариуцагчийн 2023.10.17-ны өдөр төлсөн 999,000 төгрөгөөс 300,827.99 төгрөгийг хүүнд, 698,172.01 төгрөгийг үндсэн зээлд, 2023.11.13-ны өдөр төлсөн 400,000 төгрөгөөс 46,920.85 төгрөгийг хүүнд, 10,056.07 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд, 343,023.08 төгрөгийг үндсэн зээлд, 2023.12.28-ны өдөр төлсөн 500,000 төгрөгийг үндсэн зээлд суутгасан байна.
Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гүйцэтгэсэн үүрэгт Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэх дарааллыг баримтлах тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл 2023.10.17-ны өдөр төлсөн 999,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, энэ өдрөөс 2023.11.13-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 13,999,172.01 төгрөгөөс,
2023.11.13-ны өдөр төлсөн 400,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, энэ өдрөөс 2023.12.28-ны өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 13,599,172.01 төгрөгөөс,
2023.12.28-ны өдөр төлсөн 500,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, энэ өдрөөс 2024.04.09-ний өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн үлдэгдэл 13,099,172.01 төгрөгөөс тус тус тооцохоор байна.
Ийнхүү тооцвол хариуцагч ******* нь үндсэн зээлд 13,099,172.01 төгрөг, хүүнд 5,616,614.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 882,757 төгрөг, нийт 19,598,543.08 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан.
Энэхүү заалтын дагуу талууд зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор зээлийн гэрээний 2.4-т тохиролцсон байх тул хариуцагч нэмэгдүүлсэн хүү төлөх болон Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Хариуцагч ******* нь эргэн төлөлтийн үүрэг зөрчигдсөн байхад гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхээ эдлээгүй үүрэг гүйцэтгүүлэгчийн буруутай байдлаас хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдсэн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Мөн хариуцагч ******* нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагад тайлбар гаргаагүй буюу эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
7. Зохигчид ипотекийн гэрээний 1.1, 1.2-т барьцаа хөрөнгөөс зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад үүргийг хангуулахаар тохирсон байх ба энэ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.6 дахь хэсэгт заасантай нийцсэн. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч Ү.ийн ажилгүй, санхүүгийн хүндрэлтэй байдал нь барьцааны зүйлийг чөлөөлөх үндэслэл болохгүй.
Иймд шүүхээс дээр дурдсаныг үндэслэн хариуцагч *******-иас үндсэн зээлд 13,099,172.01 төгрөг, хүүнд 5,616,614.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 882,757 төгрөг, нийт 19,598,543.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 809,631.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 19,598,543.08 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 255,943 төгрөгийг хариуцагч *******-иас, 70,200 төгрөгийг хариуцагч Ү.ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 19,598,543.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 809,631.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Ж., Ү. нарын өмчлөлийн
А. Нийслэлийн Б тоот хаягт байршилтай, 156 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
Б. Нийслэлийн Б тоот хаягт байршилтай, 507 м.кв талбайтай, нэгж талбарын дугаартай, худалдаа, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй өмчлөх эрхтэй газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.5-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч Ж.аас татгалзсаныг баталж Ж.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,190 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 255,943 төгрөгийг, хариуцагч Ү.ээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА