Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 114/ШШ2025/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: ******* овогт ******* ******* / /

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох

“...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой 114/2025/0013/З индексийн дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч:             Д.*******,

өмгөөлөгч:                     ,

хариуцагч:                      *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гомдол гаргагч Д.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан “...2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргаж маргасан.
  2. Хэргийн үйл баримтын тухайд:

                      2.1. Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Орхон сумын 2 дугаар тойрогт Ардчилсан намаас Д.******* нэр дэвшсэн бөгөөд түүний нээлгэсэн зардлын ХААН банкны дугаар дансанд “Амжилт хүсье ” 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30 000 төгрөгийн мөнгөн хандив өгсөн байна.

         2.2. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 6 нэр дэвшигч хуулиар зөвшөөрөөгүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй талаарх баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 456 дугаар албан бичиг, түүний хавсралтаар Дархан-Уул аймгийн Татварын газарт хүргүүлж, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

        2.3. Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******-20 дугаартай шийтгэлийн хуудсаар Д.*******д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.

         3. Д.*******аас шүүхэд гаргасан гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Орон нутгийн сонгуульд багаасаа нэр дэвшсэн. Хандивын данс нээлгэж манай хажуу айлын гэдэг хөршөөс маань тэтгэврийн мөнгөнөөсөө 30.000 төгрөгийг хандивласан. Бензиний зардалд 10000 төгрөгийг, бусад мөнгийг дата нэгжинд хэрэглээд, аудитын газарт дансаа хаалгахаар баримтуудын хамт аваачиж өгсөн. Татварын улсын байцаагчаас шийтгэл оногдуулсанд гомдолтой байна гэв.

4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хандив өгсөн хандивыг шилжүүлэхдээ нэр, регистрийн дугаар, орлогын эх үүсвэрээ бичилгүй шилжүүлсэн байдаг. Гомдол гаргагчаас үүнийг хууль бус гэдгийг мэдээгүй байдаг. Татварын улсын байцаагчаас 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гомдол гаргагч нь ийн данс руу 30,000 төгрөгөө буцаан шилжүүлсэн байдаг. Гомдол гаргагчийн хувьд мал маллан амьдардаг. Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийнхээ хүрээнд нэр дэвшсэн. Дээрх зөрчлийн хамгаалалтын объект нь хууль бус, их хэмжээний хандив авахаас урьдчилан сэргийлэх зорилготой. Гэтэл 30,000 төгрөгийн хандив авснаас болж 10,000,000 төгрөгөөр торгуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.

4.1.Хариуцагчаас хувь хүнийхээ хувьд 30,000 төгрөгийг хэнээс орж ирсэн, ямар орлогын эх үүсвэрээс орж ирснийг зөрчил хянан шалгах ажиллагааны явцад тодруулан, зөрчлийн хэрэг нээхээс татгалзах боломжтой байсан гэж харж байна. Хуулийг амьдралд нийцүүлж хэрэглэх боломжтой байсан. Талууд эвлэрэн хэлэлцэж хэргийг шийдвэрлэх боломжтой атал хариуцагчаас ажил үүргийнхээ хувьд боломжгүй гэсэн хариуг өгөөд байна.

         4.2.Төрийн аудитын газраас татвар газар руу мэдээллийг л явуулсан. Энэ нь зөрчлийг аудитын байгууллага тогтоосон гэж үзэхгүй.

Харин эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч нь зөрчил мөн эсэхийг тогтоох ажиллагаа хийж, дугаар авч, прокурорын хяналтын доор зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Хандив өгөгчийг гэрчээр дуудаж орлогын эх үүсвэрийг шалгах ёстой байсан. Хариуцагчийн хувьд зөвхөн арга хэмжээ авах ёстой гэдэг агуулгаар хандсан байна. ээс өгсөн хандивыг хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандив гэж үзэх боломжгүй. Шийтгэл оногдуулсан хуулийн зохицуулалт нь сонгуулийн хандивын хяналтыг сайжруулах, хандивлагч өөрөө хандивын эх үүсвэрийг нотлох, их хэмжээний хууль бус хандивыг хязгаарлах зорилготой юм.

         Иймд Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... нэр дэвшигч Д.******* сонгуулийн зардлын Хаан банкны ******* тоот данс нээлгэсэн, зохих журмын дагуу бүртгүүлсэн боловч 30 000  төгрөгийн хандив хүлээж авсан нь нэр, иргэний бүртгэлийн дугаар болон орлогын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив байсан.

        5.1. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-н 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөөгүй хандивт тооцно”, 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно”, 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно”, 12.1.1-д “Энэ журмын 11.1.1-д заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 121.1.2-т “Энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандивыг улсын орлого болгох” гэж тус тус журамласан байна.

 

5.2. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд нэр дэвшигч Д.******* сонгуульд өрсөлдөхдөө 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Хаан банкны ******* тоот дансанд орж ирсэн 30 000 төгрөгийн хандив нь иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч сонгуулийн тухай хууль болон журмыг зөрчсөн нь нотлогдож байна.

5.3.Улсын байцаагчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй асуудал байхгүй. Сонгуульд нэр дэвшиж байгаагийн хувьд хууль судлах ёстой байсан. Хэдийгээр хуульд орлогын эх үүсвэрийг хандивлагч нотлох ёстой байх боловч эх үүсвэр нь тодорхойгүй хандивыг буцаан шилжүүлэхийг нэр дэвшигчид хуулиар үүрэг болгосон. Энэ үүргээ биелүүлээгүй бол шийтгэл оногдуулахаар хуульд заасан ба хуульд заасан зөрчлийн шинжийг хангаж байх тул хариуцлага зайлшгүй байх ёстой.

Иймд Д.*******д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар 10 000 000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Гомдол гаргагч Д.*******ын Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
  2. Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газар 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайланг хянаж, олон нийтэд мэдээлэх” нийцлийн аудит хийгдлээ. Тус аудитаар 6  нэр дэвшигч хуулиар зохицуулаагүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т тус тус заасны дагуу хүргүүллээ” гэх 456 дугаар албан бичгийг тус аймгийн Татварын газрын даргад хүргүүлсэн байх бөгөөд аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивын жагсаалтын 6-д “Ардчилсан намаас нэр дэвшигч Д.******* 30 000 төгрөг” гэж тусгагдсан байна.

 

  1. Улмаар Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэр дэвшигч Д.*******ыг шаардлага хангаагүй хандивыг буцаан шилжүүлээгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, дансны хуулга, аудитын дүгнэлтээр нотлогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар түүнд 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулжээ.
  2. Үүнийг эс зөвшөөрч Д.******* шүүхэд гомдол гаргаж, түүний үндэслэлээ “...сонгуулийн дансанд хөрш эгч маань 30,000 төгрөг амжилт гэж хийсэн буцааж хийлгүй дансаа хаалгасан сонгуулийн хууль мэдэхгүйгээс ийм байдалд хүрсэн” гэж, хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3-д заасан орлогын эх үүсвэр бичигдээгүй орлогыг буцаан шилжүүлээгүй, энэ талаар аудитын байгууллагаас ирүүлсэн албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив гэдэгт хамаарч байх тул торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргасан.
  3. Татварын газрын татварын улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага”-д заасан захиргааны байгууллагад харъяалагдаж, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч, Захиргааны ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон тухайн харилцааг зохицуулсан хуульд заасан зарчим, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулж, шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-т “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24-д заасан зөрчил”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, 22, 24 дэх хэсэгт заасан зөрчлийг шалган шийдвэрлэнэ гэж тус тус заасны дагуу холбогдох ажиллагааг хийж шийдвэр гаргах эрхтэй этгээд юм.

          5.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Д.*******аас “сонгуулийн үйл ажиллагаандаа би хувиасаа 100.000 төгрөгийн зардал гарсан, нэг л хүнээс манай хөрш айлын эгчээс 30000 төгрөгийн хандив ирсэн байсан  ба   хуулийн  заалтыг  мэдэхгүйн   улмаас  хандивыг   буцаагаагүй  дансаа

 

хаалгасан” гэж  мэдүүлсээр байхад хариуцагчаас энэ үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа хандив өгөгчийг гэрчээр дуудаж асуугаагүй /Амжилт  хүсье /, эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, орлогын эх үүсвэрийг тодруулаагүй, хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандив мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “зөрчил шалгах ажиллагаа нь ...баримт бичиг, мэдээлэл гаргуулах авах, мэдүүлэг авах ... ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

          5.2. Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нарийвчлан шинжлэн судалж, баримтаар тогтоох зарчмыг баримтлан  шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.

          5.3.Тодруулбал, маргаан бүхий 2025 оны 02 дүгээр сарын 06-ны өдрийн *******-20  тоот шийтгэлийн хуудсыг шүүхийн зүгээс зөвтгөх боломжгүй, зөвтгөх нь хариуцагчийн үүрэг бөгөөд хариуцагчаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр зөрчил үйлдсэн, хүн, хуулийн этгээдэд  тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй байна.

          5.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж зааснаар хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын газрын улсын байцаагч ******* 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20  тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

          5.5. Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20  тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

   6. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй *******-20 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн *******-20  дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болж, гомдол гаргагч Д.******* 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгийн торгууль төлөх үүрэггүй болно.

          7. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэлийн хуудас хүчингүй болсон тохиолдолд мэдээллийн санд оруулж, холбогдох байгууллагад энэ талаарх мэдээллийг хүргүүлнэ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ******* 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудсыг  1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0110201-20 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн  113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /таван/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                                                                                                                        

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.НАРАНТУЯА