Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1119

 

 

 

 

 

 

  2023             11             21                                       2023/ДШМ/1119

 

 

Н.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сайнхүү,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1236 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Н.Б-д холбогдох 2106 04424 3415 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 106-8 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:0000000000/,

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Д.Н-т Хөгжлийн банкнаас 2 тэрбумын зээл гаргаж өгнө гэж зохимол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчийг Хан-Уул болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 0000000000 тоот болон Голомт банкны 00000000 тоот данснуудаар 146.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Н.Б “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний холбогдсон хэргийн учиг зангилаа одоо болтол бүрэн тайлагдаагүй. Би бусдад залилуулсан мөнгөө олж авахаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гомдол гаргаж хохирогчоор тогтоогдсон. Гэхдээ өөрийн зүгээс бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дууссан. Гэм буруугаа хүлээж, маргахгүй байгаа. Миний хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ухаарсан, хохиролоо барагдуулсан гээд Эрүүгийн хуулийн хөнгөрүүлэх нөхцөлийг харгалзан ашиглах боломж олгож өгөөч гэж хүсэж байна. Мөн миний хувийн байдлыг онцгойлон анхаараасай гэж хүсэж байна. Миний хувьд 13 болон 19 насны хоёр хүүхэдтэй, өндөр настай ээжийгээ харж асардаг. 2019 оноос хойш хүүхдүүдийн ааваас өрх тусгаарлан амьдарч байгаа. Намайг цагдан хоригдсоноос хойш ээжийн бие муудаж, охин маань сэтгэл зүйн дарамтанд орж сошиал хуудсандаа гутруу зүйл нийтлэх болсныг сонсоод сэтгэл зовж байна. Амьдын хагацал гэдэг сэтгэл зүйн хувьд маш гүн хямрал өгч байгааг мэдэрч байна. Ийм байдалд хүрсэн нь миний буруу боловч нэг удаа боломж олгохыг хүсэж байна. Хоригдож байх хугацаанд миний зүрх, нойр булчирхай мөн сэдэрсэн байдалтай байгаа зэргийг харгалзан үзэж, нэг гэр бүлд боломж олгож хорих ялыг хөнгөрүүлж, сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. Хэрэг шийдвэрлэсэн байдал: Н.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хоёр: Хуулийн хэрэглээний үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” 6.1 дүгээр зүйлийн 2-д “..Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж тус тус хуульчлан заажээ.

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлсөн байдал гэм буруугаа хүлээж байгаа эсэх байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн гэж дүгнэсэн. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч цагаатгах байр суурьтайгаар мэтгэлзсэн бөгөөд эрүүгийн хариуцлагын дүгнэлтийн шатанд хохиролоо төлсөн асуудлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн оноох боломжгүй гэж тус тус дүгнэжээ. Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэм буруугүйн зарчим, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ойлголтууд нь өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй яллагдагч, шүүгдэгчийн хувьд өөрийн гэм буруугүйн талаар мэтгэлцсэн нь эрүүгийн хариуцлагын төрлийн хүндрүүлэн хэрэглэх үндэслэл болохгүй юм. Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” л бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлнэ, зөвшөөрөхгүй бол ял шийтгэлийг хүндрүүлэх үндэслэл болохгүй гэсэн хууль зүйн утгыг илэрхийлдэг.

Гурав: Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б нь хохирол төлөх асуудлаар завсарлага авсан хугацаанд хэрэгт болон шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд хохирогч Д.Н-т хохиролыг шүүхийн шатанд бүрэн төлж дууссан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн байна. Мөн түүнчлэн миний үйлчлүүлэгч Н.Б нь бага насны 2 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг ахуй амьдралын нөхцөл гэр бүлийн байдал зэргийг тогтоосон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.11 тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн зүйлийн 1.2-д “хохиролоо төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон хуульчилжээ. Миний үйчлүүлэгч Н.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнийг шүүхэд бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан эүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан. Миний үйлчлүүлэгч Н.Б давж заалдах гомдолдоо “Миний холбогдсон хэргийн учиг зангилаа одоо болтол бүрэн тайлагдаагүй.” гэж дурдсан нь гэм буруугийн асуудлаар маргаж байгаа зүйл биш юм. Уг хэрэгтээ холбогдуулан миний үйлчлүүлэгч Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл, гомдол гаргасан байгаа бөгөөд тус дүүргийн цагдаагийн байгууллагаас эцэслэн ямар нэгэн хариу өгөөгүй байна. Миний үйлчлүүлэгч Н.Б нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргадаггүй. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг. Мөн илтгэгч шүүгч шүүгдэгчийн 2 хүүхдийн талаар баримт хэрэгт авагдаагүй талаар тодруулж байна. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Учир нь, миний үйлчлүүлэгч Н.Б-ийг хоригдсоноос хойш түүний нөхөр, хүүхдүүд нь тусдаа байгаа бөгөөд өмгөөлөгчийн зүгээс хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг түүний гэр бүлийнхнээс шаардсан боловч нөхөр нь “хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарыг гаргаж өгөхгүй” гэдэг. Учир нь, шүүгдэгч Н.Б нь нөхөртэйгөө таарамжгүй харилцаатай учраас түүний хувийн байдалтай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б нь хохирол төлөх асуудлаар завсарлага авсан хугацаанд хэрэгт болон шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд хохирогч Д.Н-т хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж дууссан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн. Мөн түүнчлэн миний үйлчлүүлэгч Н.Б нь бага насны 2 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг ахуй амьдралын нөхцөл гэр бүлийн байдал зэргийг тогтоосон нотлох баримтууд хэрэгт авагдсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан миний үйлчлүүлэгч Н.Б-д торгох ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчид эцэг, эхээс нь өвлөгдөн ирсэн хөдлөх эд хөрөнгүүд байгаа. Уг хөрөнгүүдээ худалдаж торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой. ...” гэв.

Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, тухайн үйлдэлдээ хандаж байгаа сэтгэхүйн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-г гэм буруутайд тооцох хүртэлх хугацаанд тэрээр ямар нэгэн байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж илэрхийлээгүй. Харин тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэдэг. Өөрөөр хэлбэл, гэмт талаар хэргийг үйлдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг атлаа бусад байдлаар хүлээн зөвшөөрдөггүй. Энэхүү байдлаас дүгнэхэд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй байна. Гэм буруугаа ухаарах, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь 2 өөр агуулгатай ойлголтууд юм. Шүүгдэгч Н.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон цалин орлогогүй. Мөн өөрийн эзэмшилд байсан орон сууцыг хохирогч Д.Н-т гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрт өгсөн. Ямар нэгэн эд хөрөнгөгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна. Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Д.Н-т “Хөгжлийн банкнаас 2 тэрбумын зээл гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчийг Хан-Уул болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 00000000 тоот болон Голомт банкны 00000000тоот данснуудаар нийт 146.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Шүүгдэгч Н.Б-г шүүхээс гэм буруутайд тооцох хүртэл болон ажлын 5 хоногийн завсарлага авах хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б нь хохирогчид нэг ч төгрөг төлөөгүй. Харин шүүгдэгч Н.Б-ийн дансанд байсан 1.500.000 төгрөгийг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр албадан гаргуулж хохирогчид олгосон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дараах байдлаар дүгнэлт хийв. Үүнд:     

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 16.2 дугаар зүйл, 32.3 дугаар зүйлд зааснаар тухайн шүүгдэгчид холбогдох хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа болон тус хэрэгт цугларч, бэхжигдсэн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн эсхүл оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх  үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй.         

2. Анхан шатны шүүхээс хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны тал, оролцогч нарын эрхийг хангасан байхаас гадна шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтын эх сурвалж болон оролцогч, талуудын санал, дүгнэлтийг бүх талаас нь бодит байдлаар шалгаж, үнэлсэний үндсэн дээр шүүгдэгч Н.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хэргийн зүйлчлэлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хохирогч Д.Нт Хөгжлийн банкнаас 2 тэрбумын зээл гаргаж өгнө гэж зохимол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулж, хохирогчийг Хан-Уул болон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь өөрийн Хаан банкны 0000000000 болон Голомт банкны 000000000 тоот данснуудаар 146.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь :

- хохирогч Д.Н-ын:“...Анхны уулзалтаар Н.Б нь хэлэхдээ: “Хөгжлийн банкны зээлийн санхүүжилт нь маш нууцын зэрэглэлтэйгээр тоотой хэдхэн компанид олгогдож байгаа. Учир нь тухайн үед УИХ-н сонгууль болох дөхсөн, санхүүжилт босгох шаардлагатай байгаа тул жилийн 3-8 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай зээлийг хурдан шуурхай судалж гаргаж байгаа. Тэгээд манай компанийн мэдээллийг авч цааш нь хүнд утсаар хэлж шалгуулаад тэр дороо “танайд зээл олгож болно, 2 тэрбум төгрөг гарахаар юм байна 2 тэрбум төгрөгийн зээл гаргахад эхний ээлжид авах үнийн дүнгийн 1 хувь болох 20.000.000 төгрөгийг иргэн Н.Б-ийн Голомт банкны 000000000 тоот дансанд тухайн орой буюу 2020 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 21 цагийн үед БЗД-н 1-р хороо Голден хилл хотхоны 71-р байр 49 тоот өөрийн амьдарч байгаа гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн...Ер нь санхүүжилт дуусах гээд байна, авах компани их байна гэх мэтээр шалтаг шалтгаан тоочиж байгаад 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дахин 20.000.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 00000000 тоот дансанд шилжүүлж авсан. 2020 оны 10 дугаар сарын 30-нд холбогдоод 50.000.000 төгрөг өгвөл танайхыг шууд орууллаа үйлчилгээний хөлсийг 7% болгоё, нэг асуудал үүссэн зохицуулах хэрэгтэй байна гэж яриад бид ч хурдхан зээлээ авч үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүвэлд автсан байсан учир хүнээс мөнгө зээлээд тухайн өдрөө Н.Байгалийн Хаан банкны 00000000 тоот дансанд 50.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн...Мөн энэ хугацаанд Б нь танайх данс нээлгэлтийн хураамжийн мөнгөө төлөөгүй байгаа юм байна 1.000.000 төгрөгөө төлөөрэй гээд байхаар нь баримтаа авна шүү гээд 2021 оны 04 дүгээр сарын 23-нд Н.Байгалийн Хаан банкны 000000000 тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлээд баримтаа нэхэхэд одоо өгөхгүй зээл гарах үед өгье гэдэг байсан. ...Ингэж байгаад нэг эдийн засагчийн асуудлыг шийдчихвэл танайх яг орох гээд байна гэхээр нь түүний нэхсэн 5.000.000 төгрөгийг нь 2021 оны 07 дугаар сарын 06- ны өдөр Н.Б-ийн хаан банкны 000000000 тоот дансанд шилжүүлж өгсөн. ...2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Б-ийн Хаан банкны 000000000тоот данс руу 50 000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм. Ингээд Н.Б-д бэлнээр 146.000.000 төгрөг шилжүүлж өгсөн”... /1хх 27-3-33, 36, 188, 2хх-189-190/,

- гэрч Д.Б-ийн: “...Миний нөхөр Д.Н нь “Эн Ди Эй“ ХХК-ний нэр дээр 2020 оны 4 дүгээр сараас эхлэн барилгын барих ажил хийж гүйцэтгэхээр зээл хөөцөлдөж,  Хөгжлийн банкнаас зээл авах талаар судалж хүмүүстэй уулзаж эхэлсэн...Б гэх эмэгтэйгээр дамжуулж зээл хөөцөлдөж эхэлсэн...Би Б гэх эмэгтэйтэй сүүлд 50.000.000 төгрөгийг шилжүүлж өгөхдөө Д.Н-тай хамт очиж уулзсан. Тэр үед Б гэх эмэгтэй нь нэг орон сууцаа барьцаанаас чөлөөлж буцаагаад өндөр дүнгээр зээл тавиад танайхаас авсан авсан мөнгөнөөс буцаагаад өгнө гэж хэлсэн. Харин 96.000.000 төгрөгийг бол зээл хөөцөлдөж өгнө гэсний дагуу өгсөн. Би яаж мэдээд байна гэхээр би тухайн мөнгөнүүдийг яг өөрөө шилжүүлж өгсөн” гэх мэдүүлэг /1хх-190/,  

- гэрч Б.Нарангэрэлийн: “...Н.Б гэх хүнтэй 2019 онд Ө гэх хүнээр дамжуулж танилцаж байсан...Д.Н гэх хүнтэй утсаар ярьж байснаа бол санахгүй байна. Гэхдээ Н.Б нь надаас нэг хүнтэй яриад удахгүй зээл чинь бүтнэ гэж яриад өгөөч гээд гуйдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-170-171, 2хх 228, 233/,

- Н.Б-н Хаан банкны 000000000дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх- 220-222, 3хх-07-11/,

- хохирогчийн дансны хуулга /1хх-124-133/, “Эн Ди Эй” ХХК-ийн төслийн материал 22 хуудас баримт /3хх 54-75/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

Шүүгдэгч залилах гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй нотолгооны эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай байх шалгуурыг хангасан, түүнчлэн шүүгдэгч нь өөрт ашгийг хичээсэн гэмт сэдэлт, зорилгын хүрээнд төөрөгдүүлэх буюу бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар хохирогчоос нийт 146.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөрийн өмч мэт захиран зарцуулсан байх тул түүний үйлдсэн залилах гэмт хэргийн субьектив болон объектив шинж хангагдсан гэж үзнэ.    

Н.Б мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүхэд танилцуулж, тайлбарласан байх ба Н.Б гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг /1хх-38-39, 108-109, 1хх-184, 2хх-05-06, 3хх-04/ түүний залилах гэмт хэрэг үйлдсэнийг нотолж буй эх сурвалжтай харьцуулж шалгахад Н.Б нь хохирогчоос авсан мөнгийг өөрийн Хас банкны лизинг, бусад өр төлбөртөө зарцуулсан, хүүтэй зээлдүүлсэн зэрэг баримт сэлт, мэдээлэл нь давхар баталгаажсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын буюу учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, шалгууртай байдаг.

Тус эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах шалгуур, шаардлагыг нотолж буй баримт, талуудын санал, дүгнэлтийг харьцуулан шалгаж, үнэлэх замаар ялын төрөл, хэмжээг хэрхэн оногдуулах нь шүүхэд олгогдсон эрх хэмжээний асуудалд хамаардаг.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д хорих ял оногдуулахдаа харгалзах хууль зүйн үндэслэл, журмын талаар дүгнэсэн байх тул тус оногдуулсан ялын төрөл,  хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.  

Нөгөө талаас шүүгдэгч эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний хөрөнгө орлогод хамаарах хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, шинжлэн судлаагүй байх тул зөвхөн эцэг, эхээс нь өвлөгдсөн хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой” гэх тайлбарыг харгалзан шүүгдэгчийг хууль ёсны хуваарьт хөрөнгөтэй гэж үзэх боломжгүй болно.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан”...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг солих буюу торгох ял болгон өөрчлүүлэх тухай...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа бичгээр илэрхийлж, мэдүүлсэн, түүнчлэн түүний ар гэрийн байдлын талаарх шүүгдэгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг харгалзан шүүгдэгчийн гаргасан ”...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.    

Шүүгдэгч Н.Б 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцно.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь :

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/1236 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн :  

2 дахь заалтын : “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-г 2 жилийн...” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-ийн 1 жилийн...” гэж,

3 дахь заалтын ”...2 жилийн...” гэснийг 1 жилийн гэж тус тус өөрчилсүгэй.  

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан ”...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг солих буюу торгох ял болгон өөрчлүүлэх тухай...” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шүүгдэгчийн гаргасан ”...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай...” давж заалдах гомдлыг хангасан болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ийн цагдан хоригдсон 56 /тавин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.    

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар оролцогч гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.      

 

 

 

  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                            ШҮҮГЧ                                                            Г.ГАНБААТАР