Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/08523/и |
Дугаар | 001/ХТ2016/01300 |
Огноо | 2016-12-01 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2016/01300
“Арияа” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04504 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1530 дугаар магадлалтай,
“Арияа” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Дагшин Харгуй” ХХК-д холбогдох,
299.950.766 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмонгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.
Нэхэмжлэгч “Арияа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дагшин харгуй” ХХК нь тус компанитай 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Асфальт бетон хольц нийлүүлэх тухай гэрээг байгуулж 153.936.000 төгрөгийн үнэтэй 1152.44 тн өнгө асфальтыг, 63.825.580 төгрөгийн үнэ бүхий 35.69 тн суурь асфальтыг тус тус худалдан авсан, дээрх 2 төрлийн асфальт бетон хольцын нийт 217.761.580 төгрөг болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохирсон боловч үүргийг гүйцэтгээгүй тул үндсэн төлбөр 211.851 180 төгрөг, гэрээний 3.12-т зааснаар алдангийг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож 101.688.566 төгрөг, нийт 313.539.746 төгрөгийг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч 2016 оны 02 дугаар сард 10.000.000 төгрөг төлсөн тул төлбөрт 201.851.180 төгрөг, алданги 98.099.586 төгрөг нийт 299.950.766 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар 2 байгууллагын хооронд өглөг, авлага үүссэн бол тооцоо нийлдэг журамтай. Энэ журмын дагуу 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн. Энэ тооцоо нийлсэн актаар гэрээний үлдэгдэл төлбөр 231.851.180 төгрөг гэдгийг баталгаажуулсан. Гэрээгээр алданги төлөхөөр тохирсон тул хариуцагч алданги төлөхгүй гэх үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч “Дагшин Харгуй” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Талууд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2013, 2015 онуудын төлбөрийн үлдэгдэл нийт 231.851.180 төгрөг гэж тогтсон. Үүнээс хойш хариуцагч байгууллага 30.000.000 төгрөгийн төлөлт хийсэн бөгөөд одоогоор үндсэн төлбөрийн үлдэгдэл 201.851.180 төгрөг байгаа. Энэ төлбөрийг маргахгүй, төлөхийг зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэгчийн шаардсан 98.099.586 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь “Арияа” ХХК болон “Дагшин харгуй” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан гэрээ бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаа буюу тооцоо нийлэх гэрээгээр 231.851.180 төгрөгийн төлбөр төлөх үүргийг хариуцагч байгууллага хүлээсэн. Харин тооцоо нийлэх гэрээгээр ямар нэгэн алданги төлөх тухай тохиролцоогүй учир алданги төлөхийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7-д зааснаар анзыг бичгээр байгуулснаар шаардах эрх үүсдэг бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгааны гэрээнд алданги төлөхөөр тохироогүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04504 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас 299.950.766 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Арияа” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.725.648 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1.657.704 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1530 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04504 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Дагшин харгуй” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 648 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-ийн захирал Д.Цолмон хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.09.07-ны өдрийн 1530 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн хяналтын гомдлыг гаргаж байна.
“Арияа” ХХК болон “Дагшин харгуй” ХХК нар нь 2013-2015 оны хугацаанд 2 удаагийн гэрээний дагуу худалдан авсан барааны нийт төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, 2015.08.05-ны өдөр Төлбөрийн үлдэгдлийн баталгаа буюу Тооцоо нийлэх гэрээг байгуулсан. Талуудын хооронд 2015.08.05-ны өдөр байгуулсан төлбөрийн үлдэгдлийн баталгаанд алданги төлөх, төлүүлэх тухай ямар нэгэн зүйл, заалт байхгүй юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт алданги төлөхөөр гэрээнд заагаагүй бол алданги төлөх үүрэг хүлээхгүй, мөн алданги нэхэмжлэх эрхгүй тухай заасан. Талуудын хооронд байгуулсан 2015.08.05-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа нь агуулгын хувьд Иргэний хуулийн 466 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангасан Тооцоо нийлэх гэрээ гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс Талуудын хооронд байгуулсан 2015.08.05-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгааг тооцоо нийлэх гэрээ гэж үзэлгүйгээр, талуудын хооронд өмнө байгуулж, хугацаа нь дуусгавар болсон гэрээг үндэслэн “Дагшин харгуй” ХХК-иас нийт 98.099.586 төгрөгийн алданги гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн явдалд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг шийдвэрлэхдээ “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 232.7 дугаар зүйлийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байна.
Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч “Арияа” ХХК нь хариуцагч “Дагшин Харгуй” ХХК-д холбогдуулан 313.539.746 төгрөг гаргуулахаар шаардсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, төлбөрт 201.851.180 төгрөг, алданги 98.099.586 төгрөг нийт 299.950.766 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргасан байна.
Зохигчдын хооронд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан гэрээгээр “Арияа” ХХК нь асфальт нийлүүлэх, хариуцагч асфальтны үнийг 2015 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3 хувийн алданги төлөхөөр тохирчээ.
Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.
Хариуцагч асфальтны үнэ 201.851.180 төгрөг төлөөгүй, энэ талаар маргаагүй байна.
Зохигчид 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өгч авсан зүйлээ санхүүгийн баримтаар нийлж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэнийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-т заасан тооцоо нийлэх гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй, шүүх алдангид 98.099.586 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т нийцжээ.
Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2016/04504 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1530 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Цолмонгийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 648.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ