Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 417

 

Ө.О т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Ө.О , түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн, хохирогч Ө.М- , түүний өмгөөлөгч Г.Минжмаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 567 дугаар магадлалтай, Ө.О т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ц овогт Ө-ийн О нь Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч  Ө.О ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.О ийг 2,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Ө.О ээс 2,461,449 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.М- д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ө.О ээс 4,946,924 төгрөгийг гаргуулан хохирогч Ө.М- д олгосугай” гэж,

8 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2454 дугаар захирамжаар битүүмжилсэн шүүгдэгч Ө.О ийн өмчлөлийн ... УБС улсын дугаартай “Тоёота-Премио” загварын “zzt 2400135625” арлын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.О , түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэр гаргахдаа энэ хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн үндсэн үүргээ үл биелүүлсэн. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг”, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн.Мөн үндэслэлгүй, хууль бус нотлох баримт ашигласан. 

2. Прокурор, мөрдөгч нарын хууль бус үйлдлийг амаар болон бичгээр мэдүүлсээр байтал анхааралгүй орхигдуулсан. Иймд Ө.О-ийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэл болгосон.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Энэ талаар шүүхэд удаа дараа хэлсэн. Ийм учраас анхан шатны шүүх хуралд прокуророос татгалзаж, хэргээ татаж авахыг хүссэн. Мөн 4 сарын хугацаанд 2 удаа прокурор солигдсон байдаг. Энэ хэрэгт хамгийн маргаантай асуудал нь 27.10 дугаар зүйл гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл хэргээс харахад хаанаас орж ирсэн нь тодорхойгүй. Харин давж заалдах шатны шүүх энэ тал дээр магадлалдаа дурдсан. Хэргийн газрын үзлэгээр А цэгийг буруу зурсан. Ө.О  нөгөө талын зам руу орчихсон байхад хохирогч ирж мөргөсөн.

Мөн магадлагаа буруу гарсан. Мөрдөн байцаагч Содномдорж өөрөө магадлагаа гаргачихаад өмгөөлөгч шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч Батбаярт үзүүлээгүй. Тэгэхээр шинжээч болон мөрдөгч Содномдоржийг шүүх хуралдаанд оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Ө.О  мөргөсөн гэх үйлдэл байхгүй болчихоод байна. Хохирогч өөрөө ирээд мөргөсөн.

  Энэ хэрэг 2018 оны 06 дугаар сард гарсан байхад хохирогчийн гэмтэлтэй холбоотой баримтууд нь 2018 оны 4, 5 дугаар сарын баримтууд харагддаг. Давж заалдах шатны шүүхээс хохирлыг 4,000,000 төгрөг гэж нэмж гаргасан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож Ө.О ийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч Г.Минжмаа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Ө.О ийг өмгөөлөгчгүй мэдүүлэг өгсөн гэж хэлж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Батбаяр өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцааны гэрээ байгуулсан бөгөөд үүний дагуу хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд оролцох бүрэн эрхтэй байсан. Хэрэг шүүхэд шилжих хүртэлх хугацаанд Батбаяр өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй. Үүнээс шалтгаалж шүүгдэгчийн мэдүүлгийг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн гэрч А, шүүгдэгч О, хохирогч М нар нь хэргийн үйл баримтын талаар удаа дараа тогтвортой тодорхой мэдүүлсэн нь хэрэгт авагдсан байдаг.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хохиролтой холбоотой нотлох баримтыг манай зүгээс дутуу бүрдүүлж өгөөгүй. Хэрэг 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд 2018 оны 6, 7, 8, 9 сарын буюу цалингийн зөрүү, үүн дээр нийгмийн даатгалын болон холбогдох бусад зардлыг хасаад нийт 2,861,399 төгрөгийг нэхэмжилсэн.

Мөн “Вендо” үнэлгээний төвийн гаргасан хохирогчийн мотоциклийн үнэлгээ, эмнэлгийн бусад баримтаар 1,679,191 төгрөг, сувилалын төлбөр 350,000 /хх-4/, эм авсан 1,116,160 төгрөг /хх-132/ болсон. Мөн осол гарсан тул хохирогч 720,000 төгрөгийн зээл авсан. Давж заалдах шатны шүүхээс зээлийн хүүг хасаад 4,946,924 төгрөгийг хангаж өгсөн.

Тэгэхээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар цалин, эмчилгээний зардал болох 5,006,750 төгрөгийн хохирлыг гаргах үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн шүүгдэгчийн зүгээс хохирол барагдуулахаар хохирогчтой нэг ч удаа холбогдоогүй тул шүүх төлбөр гаргуулахаар шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн нь зөв, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Ө.О т холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж дурдсан байх боловч хуулийн ямар заалтыг зөрчсөн гэдэг талаар тайлбар хийсэнгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийг өмгөөлөгчөөр хангасан байдаг бөгөөд шүүгдэгч өөрөө өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөө зөвшөөрч мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ө.О ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, уг зүйлийн төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хэлэлцээд иргэний нэхэмжлэлийг нэмэгдүүлсэн бөгөөд мөн хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжилсэн эд хөрөнгийг хэвээр үлдээсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан.

Иймд шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн Ө.О т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Ө.О  нь 2018 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 18 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын хойд замд “Тоёота Премио” загварын  УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчилхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж Ө.М- гийн жолоодож явсан “Кауо-Т2” загварын 37-45 УБ дугаартай мотоциклийг мөргөснөөс Ө.М- гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Энэхүү үйл баримтыг хоёр шатны шүүх автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил гарсныг батлах, Ө.О ийн гэм буруутай эсэхэд эргэлзээ үүсгэх, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн нь “...Шүүгдэгчийн эрхийг зөрчиж өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан. Мөн Ө.О  мөргөөгүй, хохирогч өөрөө ирж мөргөсөн” гэсэн агуулга бүхий гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт, түүнийг тогтоосон нотлох баримтын үнэлгээний талаар гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээг хуулиар тогтоосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлыг өөрчилж, улмаар шүүгдэгчийг цагаатгуулахаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.О ээс хохирогч Ө.М- д төлбөл зохих хохирлын хэмжээг нэмэгдүүлж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохдоо ямар нэг алдаа гаргаагүй байх ба үүнийг няцаах, үгүйсгэх нотлох баримтгүй байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан шийдвэр, түүний дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Ө.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 464 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 567 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Ө.О т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                                 ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                 ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                                      Ч.ХОСБАЯР

                                                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН