Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0059

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр   

  Дугаар 221/МА2018/0059

Улаанбаатар хот

 

 

“Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                        захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч “Ө т” ХХК-ийн захирал Ч.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэртэй, “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэрээр: “...Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, 4.6, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг тус тус баримтлан “Ө т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Ө т” ХХК-ийн эзэмшиж байсан 008873Х, 008874Х дугаар хайгуулын тусгай зөвшөөрөл нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хориглосон талбайтай бүхэлдээ давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон харилцаа байсныг тогтоож, нэхэмжлэгчид нөхөн олговор олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасны дагуу шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар давж заалдах гомдолдоо: “...Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1600 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-008873, XV-008874 дүгээр тусгай зөвшөөрлүүдийг иргэн Б.Чадраад олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлүүдийг мөн даргын 2007 оны 61, 139 дүгээр шийдвэрүүдээр “Ө т” ХХК-ийн нэр дээр шилжүүлснийг Кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна.

Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2008 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 212 дугаар шийдвэрээр хайгуулын XV-008873, XV-008874 дүгээр тусгай зөвшөөрлүүдийн хугацааг 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаагаар, мөн даргын 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1199, 1200 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг дуустал сунгаж шийдвэрлэснийг Кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүрийн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлж бүртгүүлж, хайгуулын ажлын завсрын тайлан төлөвлөгөөг өгч хянуулсан бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч компанийн дээрх тусгай зөвшөөрлүүд нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудын дагуу бүхэлдээ хуулиар хориглосон хязгаарласан талбайтай буюу ойн сан бүхий хамгаалалтын бүстэй давхцал үүссэн байна.

Төрийн захиргааны байгууллагаас 2010 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 4/2056 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид дээр дурдсан хоёр тусгай зөвшөөрлийн талбай нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцал үүссэн улмаар цуцлагдах магадлалтай тул хууль болон журмын дагуу улсаас авах нөхөн олговрын тоо хэмжээг урьдчилсан байдлаар гаргаж ирүүлэхийг мэдэгдсэн. Дээр дурдсан албан мэдэгдлийн дагуу нэхэмжлэгч компаниас 2010 ны 03 дугаар сарын 26-ны өдрийн 60 дугаар албан бичгээр хоёр тусгай зөвшөөрлийн талбайд 1.550.0 сая төгрөг нэхэмжлэх тухай 6 хуудас материалыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн. 2014 онд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар хайгуулын ажлын тайлан төлөвлөгөөг хүлээн аваагүй учир Ашигт малтмалын тухай хуульд заасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах гол нөхцөл, шаардлага нь хайгуул  хийсэн тайлан, төлөвлөгөөг батлуулдаг хуулийн нөхцөл шаардлагыг ч биелүүлэх боломжгүй болсон тухай дурдсан хэдий ч Кадастрын мэдээллийн санд XV-008873, XV-008874 дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон бүртгэлийг залруулж бүртгэх боломжгүй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 90 дүгээр тогтоолоор тогтоосон Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар нутагтай бүхэлдээ давхцалтай тул цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1600 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-008873, XV-008874 дүгээр тусгай зөвшөөрлүүдийг иргэн Б.Чадраад олгосон бөгөөд улмаар уг тусгай зөвшөөрлүүдийг мөн даргын 2007 оны 61, 139 дүгээр шийдвэрүүдээр “Ө т” ХХК-д шилжүүлсэн байна.

“Ө т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-008873, XV-008874 дугаартай тусгай зөвшөөрлүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан Ойн сан бүхий газрын хилийн заагтай давхацсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06б/96 дугаар албан бичиг, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас /хариу тайлбартаа хавсаргасан/ ирүүлсэн зураг зэргээр тогтоогдож байгаа бөгөөд хариуцагчаас ашигт малтмалын хайгуулын дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан тул нөхөн олговор олгох боломжгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3-т зааснаар Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ойн сан бүхий газрын хилийн заагтай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь бүхэлдээ давхацсан тул хариуцагч Ашигт малтмалын газар “Ө т” ХХК-д 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 4-2056 дугаар албан бичгээр “...хуулийн дагуу улсаас авах нөхөн олговрын тоо хэмжээг урьдчилсан байдлаар гаргаж 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн дотор Ашигт малтмалын газрын Геологи, судалгааны хэлтэст ирүүлнэ үү” хэмээн нөхөн олговрын тоо, хэмжээг ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч холбогдох судалгааг хүргүүлжээ.

Гэтэл хариуцагчаас “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 4.5-д “нөхөн олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийг өргөдөл гаргах үед нөхөн төлбөр нь төсөвт суугаагүйгээс нөхөн төлбөр олгогдоогүй гэж тайлбарлаж байгаа ч нэхэмжлэгчийн хувьд 2010 онд нөхөн төлбөр авах талаарх хүсэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргасан ба хариуцагч уг асуудлыг шийдвэрлээгүй нь хууль бус байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” бол тусгай зөвшөөрлийг дуусгавар болохоор хуульчилсан бөгөөд “Ө т” ХХК-ийн хувьд хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь хүчинтэй байх хугацаанд уг тусгай зөвшөөрлүүд нь ойн сан бүхий газрын хилийн заагтай давхацсан ба хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах нөхцөлөөс болж тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон нь хариуцагч Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар нэхэмжлэгч компанид зохих журмын дагуу нөхөн олговор олгох үүргээс чөлөөлөгдөх учиргүй тул хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын “...тусгай зөвшөөрлүүдийн хугацаа 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон тул бүртгэлийг залруулах боломжгүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн” бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан ч хариуцагч байгууллага нэхэмжлэгчид нөхөн олговрыг төлөөгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч компанид олгох нөхөн олговрын асуудлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай эсхүл Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрлийг хариуцагч Монгол Улсын Засгийн газар олгож болох байтал энэхүү эрхээ  хэрэгжүүлээгүйгээс “Ө т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрчээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0838 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

          ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА