| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00330/И |
| Дугаар | 320/ШШ2025/00365 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 320/ШШ2025/00365
| 2025 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 320/ШШ2025/00365 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: В.М-н нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ж-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй, 320/2025/00330/и дугаар индекстэй иргэний хэрэгт нэхэмжлэгч В.М-аас 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.М*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие В овогтой М нь 2025 оны 01-р сарын 02-ны өдөр Ц.Ж***д холбогдуулан 11.500.000 төгрөгийг гаргуулах тухайн нэхэмжлэлт гаргасан. Шүүх иргэний хэрэг үүсгэж Ц.Ж***ыг нэхэмжлэлд дурдсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын *** дугаар багийн *** тоотод хаягаар мэдэгдэх хуудас явуулсан боловч багийн засаг даргаас нь уг хаягт бүртгэлтэй боловч энэ хаягтаа оршин суудаггүй талаар тодорхойлолт ирүүлсэн болохыг дурдаад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдьэрлэх тухай хуулийн 117.1 дэх хэсагт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Иймд *** регистртэй, Б*** овогт Ц***ийн Жу***ы оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В.М*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие В.М*** нь тус шүүхэд Ц.Ж***ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Учир нь Ц.Ж***ы хаягийг олж, хоорондоо ойлголцсон учир хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.М*** нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ж***ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч В.М***аас 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ...Ц.Ж***ы хаягийг олж, хоорондоо ойлголцсон учир тус шүүхэд Ц.Ж***ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. ... гэсэн хүсэлтийг ирүүлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд үндэслэгддэг бөгөөд ингэснээр цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй, нэхэмжлэгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлэх, өөрчлөх, дуусгавар болгох эрхтэй байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч В.М*** нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100 ( гучин таван мянга нэг зуу ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 ( гучин таван мянга нэг зуу ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар В.М***ын хүсэлттэй, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Ж***ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч В.М***ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийн тал хувь 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА