| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0014/З |
| Дугаар | 114/ШШ2025/0017 |
| Огноо | 2025-04-04 |
| Маргааны төрөл | Сонгууль, Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 114/ШШ2025/0017
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: ************** багт оршин суух овогт / /
Хариуцагч: ************** Татварын газрын татварын улсын байцаагчид холбогдох
“...2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдолтой 114/2025/0014/З индексийн дугаартай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагч: Ж.,
хариуцагч: *******,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.************** иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2 дугаар тойрогт Ардчилсан намаас Ж. нэр дэвшсэн бөгөөд түүний нээлгэсэн зардлын ХААН банкны дугаар дансанд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Gonchigoo” 20 000 төгрөгийн мөнгөн хандив өгсөн байна.
2.2.******* аймаг дахь Төрийн аудитын газар 6 нэр дэвшигч хуулиар зөвшөөрөөгүй 7,6 сая төгрөгийн хандивыг буцаан шилжүүлээгүй талаарх баримт бичгийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 456 дугаар албан бичиг, түүний хавсралтаар ************** Татварын газарт хүргүүлж, эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
2.3 ************** Татварын газрын татварын улсын байцаагч ******* 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******-20 дугаартай шийтгэлийн хуудсаар Ж.д Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 10 000 нэгж буюу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсныг тэрээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан.
3. Ж.гаас шүүхэд гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн. Дүү маань бичиг, үсэг мэддэггүй учир хүн гуйгаад группийн мөнгөнөөсөө 20,000 төгрөгийн хандивыг шилжүүлсэн байдаг. Миний төрсөн дүү хандив өгсөн түүнээс би хууль бусаар хандив аваагүй. Манай намаас намайг гэнэт дуудаад дансаа хаалгахгүй бол болохгүй юм байна гэж хэлэхэд нь би яарч ирээд дансаа хаалгасан. Хуулгаа хараад л 20,000 төгрөг орсныг мэдсэн. Тухайн үед аудитын газар намайг учир шалтгаанаа тайлбарлаад бичээд өгчих, гайгүй байх гэж хэлсэн учир өргөдөл бичиж өгсөн. Түүнээс мөнгийг буцаан шилжүүлэх талаар болон өөр зөвлөгөө аваагүй. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
4. Хариуцагч ************** Татварын газрын татварын улсын байцаагч *******аас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэр дэвшигч Ж. нь сонгуулийн зардлын тоот данс Хаан банканд нээлгэсэн, зохих журмын дагуу бүртгүүлсэн боловч 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20,000 төгрөгийн мөнгөн хандивыг хүлээн авсан байна. Уг хандив нь гэдэг хүнээс шилжүүлсэн боловч иргэний бүртгэлийн дугаар болон орлогын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив байсан. Уг хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн сонгуулийн тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг зөрчсөн нь нотлогдож байна.
Иймд ******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаартай албан бичгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл 6.12-т зааснаар харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлүүлэхээр ирүүлсэн мэдээлэлд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх заалтад “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл үндэслэлтэй байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдол гаргагчийн хувьд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасныг зөрчсөн учраас шийтгэл оногдуулсан. ******* аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2024 оны А/26 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-н 11.1-д “Дараах хандивыг хуулиар зөвшөөрөөгүй хандивт тооцно”, 11.1.1-д “банкны гүйлгээний баримтад хандивлагчийн нэр, хуулийн этгээдийн хувьд байгууллагын регистрийн дугаар, иргэний хувьд иргэний бүртгэлийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл бүрэн тусгагдаагүй мөнгөн хандив”, 11.2-т “Нам, эвсэл, нэр дэвшигчид хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг хүлээн авч, зарцуулах, ашиглахыг хориглоно”, 12.1-д “Нам, эвсэл, нэр дэвшигч хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг дараах журмаар буцаан шилжүүлэх буюу улсын орлого болгоно”, 12.1.1-д “Энэ журмын 11.1.1-д заасан мөнгөн хандивыг сонгуулийн зардлын тайлан гаргахаас өмнө хандивлагч этгээдэд буцаан шилжүүлэх”, 12.1.2-т “Энэ журмын 12.1.1-д заасан хугацаанд буцаан шилжүүлээгүй болон энэ журмын 11.1.2-т заасан буцах хаяг тодорхойгүй мөнгөн хандивыг улсын орлого болгох” гэж тус тус журамласан ба гомдол гаргагчийн хувьд дээрх журамд заасан үүгээ биелүүлээгүй байна.
Шударга ёсны зарчмын хувьд 20 000 төгрөгийн зөрчил гаргасан байхад 10 000 000 төгрөгийн торгууль оногдуулсан нь нийцэхгүй мэт боловч хууль ёсны зарчмын хүрээнд хуульд заасан санкцыг сонгох боломжтой байдлаар хэрэглэх нь зөв. Гэтэл гомдол гаргагчийн холбогдсон зөрчлийн хувьд сонгох санкцгүй 10 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна. Нэр дэвшигч нь сонгуульд нэр дэвшиж байгаа тохиолдолд нэр дэвшигчийн үүргийг уншиж судалж, зан үйлээ тохируулах ёстой. Хууль мэдэхгүй байсан нь хариуцлага ноогдуулахгүй байх үндэслэл болохгүй юм.
Иймд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр *******-20 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
5.1.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Ж.гаас “Манай дүү бичиг үсэг мэддэггүй учир хүн гуйгаад шилжүүлсэн байдаг. Эх үүсвэр нь тодорхой түүнийгээ өөрөө баталдаг. Төрсөн дүү маань хандив өгсөн түүнээс хууль бусаар хандив аваагүй” гэж мэдүүлсээр байхад хариуцагчаас энэ үйл ажиллагаатай холбоотой маргаан бүхий шийтгэлийн хуудсыг гаргахдаа хандив өгөгчийг гэрчээр дуудаж асуугаагүй /Gonchigoo/, эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, орлогын эх үүсвэрийг тодруулаагүй, хандив өгөхийг хориглосон этгээдээс өгсөн хандив мөн эсэхийг шалгаж тогтоогоогүй байх бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.5-д “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах”, 4.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “зөрчил шалгах ажиллагаа нь ...баримт бичиг, мэдээлэл гаргуулах авах, мэдүүлэг авах ... ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус заасантай нийцээгүй байна.
5.2. Хариуцагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээх субъект болохын хувьд дээрх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн бодит нөхцөл байдал, үндэслэлүүдийг нарийвчлан шинжлэн судалж, баримтаар тогтоох зарчмыг баримтлан шийтгэл оногдуулах нь зүйд нийцнэ.
5.3.Тодруулбал, маргаан бүхий 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн *******-20 тоот шийтгэлийн хуудсыг шүүхийн зүгээс зөвтгөх боломжгүй, зөвтгөх нь хариуцагчийн үүрэг бөгөөд хариуцагчаас өөрийн шийдвэрээ эргэн харж засаж залруулах боломжийг Захиргааны ерөнхий хуулиар олгосон учир гаргасан шийдвэрээ хэргийн оролцогч нарын эрх ашгийг хөндөхгүйгээр бодит нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр зөрчил үйлдсэн, хүн, хуулийн этгээдэд тохирсон шийдвэр гаргах нь зүйтэй байна.
5.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд дахин шийдвэрлэх боломжтой гэж үзэн ************** Татварын газрын татварын газрын улсын байцаагч *******ын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
5.5.Үүнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.
6.Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаж буй *******-20 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн *******-20 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болж, гомдол гаргагч Ж. 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгийн торгууль төлөх үүрэггүй болно.
7.Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул уг шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэлийн хуудас хүчингүй болсон тохиолдолд мэдээллийн санд оруулж, холбогдох байгууллагад энэ талаарх мэдээллийг хүргүүлнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл ************** Татварын газрын татварын улсын байцаагч *******ын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0110202-20 дугаар шийтгэлийн хуудсыг 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол ************** Татварын газрын татварын улсын байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0110202-20 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 /таван/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА