Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 09

 

“Ж.Д” ХХК-ийн

нэхэмжлэлтэй,  хариуцагч Э.Бд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Ж.Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Бд холбогдох,

“Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24.577.315.24 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Нямаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингис /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Д ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Ж.Д ХХК нь 2015 оны 03 дугаар сард үүсгэн байгуулагдаж, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хариуцагч Э.Бг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс Ж.Д ХХК-ийн орон нутгийн албаны Орхон аймаг дахь салбарын нярав албан тушаалд томилон ажиллуулж, ЭТ.17.10 тоот хөдөлмөрийн гэрээ, ЭТ.17.10 тоот эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ЭТ.17.10 тоот Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Э.Бг ажиллаж байх хугацаанд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн санхүүгийн албаны хуваарьт тооллогоор 23.990.100 /хорин гурван сая есөн зуун ерэн мянга нэг зуу /төгрөгийн бараа, материалын их хэмжээний дутагдалтай гарсан ба хариуцагч Э.Б нь уг дутагдлыг дахин шүүж, тодруулж өгөхийг хүссэнд нь санхүүгийн албанаас тодорхой хугацааг гаргаж, дахин шүүж үзсэн боловч ямар нэгэн өөрчлөлт гараагүй тул 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Э.Бгаас агуулах дахь бараа материалыг хүлээлцэх тооллого үйлдэхэд 1.409.545 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуун дөчин тав/ төгрөгийн бараа, материалын дутагдалтай гарч нийт 24.577.315.24 /хорин дөрвөн сая таван зуун далан долоон мянга гурван зуун арван таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгний их хэмжээний дутагдалтай гарсан тул “Ж.Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б20-223 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Иймд хариуцагч Э.Бгаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24 577 315.24 /хорин дөрвөн сая таван зуун далан долоон мянга гурван зуун арван таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Ж.Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Нэхэмжлэгч “Ж.Д" ХХК-д би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2З-ны өдрийг хүртэл Орхон аймаг дахь салбарын нярваар ажиллаж ирсэн. Улаанбаатар хотоос бараа ирэхдээ падаантай ирдэг бөгөөд би бараагаа падаанаараа хүлээж аваад 4 худалдааны төлөөлөгчид дэлгүүрүүдээр явж захиалга аваад энэ авсан захиалгуудаа над руу явуулдаг. Энэ захиалгын дагуу би бараагаа бэлдээд 2 борлуулагч нартаа падаанаар бараагаа гаргаж явуулан өөрөөсөө зарлага гаргадаг. Ингээд надад бараа хүлээж авсан падаан борлуулагчдаа бараа хүлээлгэж өгсөн падаан гээд орлого зарлагын 2 падаан үлддэг. Энэ хоёр падааны зөрүүгээр надтай тооцоо хийх учиртай байтал төв складнаас бараа дутлаа гээд хий хоосон дээр нэмж бичиж өрөнд оруулах нь хууль зүйн үндэслэл ******* юм.

2017 оноос хойш надаас ямар нэгэн дутагдал гарч байгаагүй бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тооллого хийхэд 6.715.000 төгрөгийн бараа илүүдлээ гээд ня-бо явсан. Тухайн үед ня-бо надад байгаа барааны тоонуудыг нэмж программд бичсэн байсан учраас зөрүү гарсан байсан.

Тухайлбал: Бэлэн гоймон "дотно сэтгэл" /88 гр/ үлдэгдэл 300 ширхэг байх учиртай байтал гар тооллогоор 250 ширхэг байсан. Гэтэл программд 2.500 ширхэг гэж буруу бичсэнээр 2.250 ширхэг бэлэн гоймон илүү гарч 1.171.000 төгрөгийн зөрүү гарсан байсан. Буруу шивсэн болохыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогоор мэдсэн. Учир нь "ДОТНО СЭТГЭЛ" нэртэй бэлэн гоймон 2400 ширхгийн дутагдал гарсан. Энэ мэтээр зөндөө олон барааны тоог нэмж бичсэн байсан учир надаас дутагдал гарсан. Тооллого хийхдээ би гараараа тоолсон бараагаа нэг бүрчлэн бичиж ня-бо мөн гараараа бичдэг юм.Тэгээд гар бичвэрүүдээ хоёр талаасаа тулгаж шалгахад ня-бо бид хоёрын бичсэн тохирч байсан юм.

Гэтэл 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооллого орж намайг 23.990.100 төгрөгийн дутагдал гаргасан гээд 1.409.545 төгрөгийн хугацаа дууссан барааны үнийг нэмээд нийт 24.577.313.24 төгрөгийн үнэ бүхий барааг дутаасан байна гээд ажлаас маань халлаа гээд ажлыг маань хийлгэхээ больсон учир ажлаас халсан тушаалаа өгнө гээд нэхээд өгөхгүй байсаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халагдсан гэсэн тушаалыг надад өгснөөр би ажилгүйдлийн тэтгэмжээ ч олж авч чадаагүй давхар хохирсон.

Нэхэмжлэгчийн зөвхөн энэ үйлдэл нь хүнийг огт бодохгүй зөвхөн амин хувиа бодож хууль, дүрэм, журмыг уландаа гишгэсэн болох нь харагдана. Миний барааг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ня-бо тоолохдоо гар бичвэр үйлдсэн бөгөөд түүний гар бичвэр миний гар бичвэртэй яг тохирч байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар өгсөн "ТООЛЛОГЫН БАТАЛГАА" гэх баримтын үлдэгдэл гэсэн хэсэг дэх үнэ, тоо хэмжээ дүн гэсэн эхний хэсэг тохирохгүй үргэлжлүүлээд тооллого гэсэн хэсэгт бичигдсэн тоо хэмжээ, дүн гэсэн хэсэгт бичигдсэн тоонууд яг тохирч байсан.

Харин үлдэгдэл гэсэн хэсэг дээр зөндөө олон нэр төрлийн бараануудыг нэмж бичээд /надад өгөөгүй бараануудаа/ нэмээд биччихсэн байсан. Би яагаад надад өгөөгүй бараануудаа надад өгсөн мэтээр нэмээд бичсэн болохыг нь асуухад агуулахаас зөндөө бараа дутдаг гэсэн хариулт л өгсөн. 2019 оны 10 дугаар сард "Ж.Д" ХХК "Smart sele" нэртэй программаа шинэчилсэн. Энэ программ нь нууцлал *******. Энэ программ руу захирлууд, ня-бонууд, салбарын эрхлэгч, нярав, программын мэргэжилтнүүд орох эрхтэй байдаг. Миний шивсэн бараан дээр хэн нэг нь ороод тоог нэмж хасах боломжтой юм. Энэ программаас үүдэлтэй намайг хий өрөнд орууллаа.

Энэ программ нь санхүү, борлуулалт гэсэн хоёр хэсэгтэй байдаг бөгөөд account нэртэй санхүүгийн программ руу орох эрхийг надад 2019 оны эхээр нээж өгөөд төд удалгүй орж өөрийн үлдэгдлээ хянах эрхийг хаачихсан учир би үлдэгдлээ харах боломжгүй болсон учир надад өгөөгүй бараагаа өгсөн мэтээр бичсэнийг би мэдэх боломжгүй болсон. Энэ тухай Гангэрэлээс хүссэн боловч эрхийг маань нээж өгөөгүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-нд агуулахад байгаа үлдэгдэл бараагаа тоолоод явуул гэж Гангэрэл ня-бо над руу ярихдаа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэхэд явуул гэсэн.

Би бараагаа тоолоод хугацаанд нь явуулсан боловч уг тооцоог программд байршуулсан /бүртгэгдсэн/ эсэхийг би мэдэхгүй байгаа юм. Би программ хариуцсан мэргэжилтэнд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогын дараа сая төгрөгийн дутагдал гарлаа шалгаад өгөөч гэсэн чинь программын мэргэжилтэн чиний 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр над руу явуулсан тооллогын материал чинь устаж үгүй болсон байна гэсэн. Хугацаа нь дуусаж байгаа бараануудаа төв рүүгээ мэдээлэлдэг байгаад орон нутаг ахалсан Ариунжаргал ня-бо Гангэрэл, орон нутаг хариуцсан ня-бо Түвшинжаргал нарт удаа дараа хэлсэн боловч ирээгүй бөгөөд 1.409.545 төгрөгийн бараа складанд үлдсэн байхад над дээр өр болгож намайг хохироолоо. Юуны учир намайг ингэж өрөнд оруулав гэж гайхаж байна.  Иймд Ж.ДХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Э.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Ж.Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо хэд хэдэн үндэслэлүүдээр тайлбарлаж байсан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн "Нотлох баримт хүргүүлэх тухай тоот мөн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ирүүлсэн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч "Ж.Д” ХХК-ийн Орхон салбарт хариуцагч Э.Б 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх Орхон салбарын нярваар ажиллаж ирсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод Э.Б гарын үсэг зураагүй, урьд өмнө нь огт харж байгаагүйн дээр албан тушаалын нэр гэсэн хэсэг дээр Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав гэжээ. “Ж.Д” ХХК-ийн тайланд тухайн жилийн санхүүгийн үзүүлэлтүүдийг ерөнхий, нийлбэр байдлаар тайлагнасан байдаг гээд салбар хоорондын өглөг авлага, дутагдал гэх мэт нарийвчилсан үзүүлэлтүүдийг тусгадаггүй тул манай гаргасан нэхэмжлэлтэй хамаарахгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136 Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн ня-бо бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэжээ. Хуулийн энэ заалтаас харахад тухайн хуулийн этгээдийн хөрөнгө гэдгийг ня-бо бүртгэл, санхүүгийн тайлангаар л нотолдог болох нь харагдаж байгаа юм. 2015 оны 06 дүгээр сарын 19-ний өдрийн Нягтлан бодох бүртгэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ 4-р зүйлд Нягтлан бодох бүртгэлийн стандарт гээд 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө" Мөн хуулийн 14-р зүйлийн 14.4-т Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлийг заавал тусгана гээд 14.4.1-д Аж ахуйн бүх ажил, гүйлгээ 14.4.3-т бүх өр төлбөр гэжээ. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.2.4-т заасны дагуу мөн нярвын ажлын байрны тодорхойлолтын дагуу тооллого хийсэн болно гэжээ. Хуулийн энэхүү заалт нь огт хамааралгүй заалт байхад ямар үндэслэлээр тайлбарлаж байгаа нь тодорхой бус байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12-р зүйлийн 12.1-д "Хөрөнгө, төлбөр тооцооны тооллого хийх зохион байгуулалтын асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, ерөнхий ня-бо нар хариуцна гэжээ. Мөн хоёр талын Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 6.1-д Хэрэв ажилтны буруугаар эд хөрөнгө, бараа материалын хохирол учирсан бол уг хохирлын хэмжээг тодорхойлох, түүнийг төлүүлэх ажиллагааг хууль тогтоомжийг баримтлан Гүйцэтгэх захирлын томилсон комисс гаргасан шийдвэрийн дагуу зохион байгуулна гэжээ. Хууль дүрэм журам мөрддөггүй хэн нэгнийг ажлаас халахын тулд хууль бусаар тооллого оруулж баахан өр төлбөрт унагаж бусдын эрхэнд халдаж хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж байгаагаа зөв гэж тайлбарлан холбогдох нотлох баримтуудаа гаргаж ирүүлэхгүй байгаад харамсаж байна. Иймд "Ж.Д"ХХК-ийн Э.Бгаас гаргуулахаар шаардсан 24.577.351.24 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 23.167.770.24 /хорин гурван сая нэг зуун жаран долоон мянга долоон зуун далан төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж.Д” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.409.545 /нэг сая дөрвөн зуун есөн мянга таван зуун дөчин таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 280.837 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Бгаас 273.789 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж.Д” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа давж заалдсан  гомдолдоо:  

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хариуцагч Э.Бг Тооллогын зөрүүгийн талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй гэжээ. Гэтэл хариуцагч хангалттай үндэслэл бүхий тайлбарыг гаргасны зэрэгцээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг болгоод байгаа “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-нд заасан заалтуудыг нотлуулахын тулд нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг гаргасан боловч хариуцагч гаргаж шүүхэд ирүүлээгүй байхад хариуцагчийг буруутган хэт нэг талыг барьсан дүгнэлтийг хийжээ.

Нэхэмжлэгчийг хариуцагч Э.Бтай байгуулсан Ажлын байрны тодорхойлолтын талаар дүгнэхдээ: Нэхэмжлэгч Ж.Д ХХК нь Албан тушаалын тодорхойлолтыг хариуцагч Э.Бд танилцуулаагүй бөгөөд түүнийг Дорнод аймаг дахь салбарын агуулахын нярав гэж тодорхойлсон байгаа нь ажилдаа илт хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй ба ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зураагүй нь Эд хөрөнгийн бүрэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэсэн болно” гэжээ.

 Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо Ажлын байрны тодорхойлолт гэж дүгнэсэн явдал нь зүйд нийцэхгүй бөгөөд хоёр талын Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээ үндэслээд  шаардлага гаргаж байгаад огт дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор нь харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн байхад хамгийн эргэлзээтэй байдлаар үнэлэн шийдвэр гаргалаа. Хэрэгт 2 талын ЭТ17.10 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6.8-д ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн дотоод журам, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэрэгтэй танилцаж чанд мөрдөн ажиллана гэжээ. Гэтэл шүүх хоёр талын хөдөлмөрийн гэрээг огт үнэлээгүй атлаа ажлын байрны тодорхойлолтыг үнэлээд байгаа нь зүйд нийцэхгүй юм. Ажлын байрны тодорхойлолт нь хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг. Хөдөлмөрийн гэрээ үнэлэгдэж байж ажлын байрны тодорхойлолт үнэлэгдэх юм. Хоёр талын хөдөлмөрийн гэрээний 7.1-д ажилтан хариуцлагын, сахилгын буюу эд хөрөнгийн зөрчил гаргахад дотоод журам, эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу тооцно гэжээ.

Шүүх хөдөлмөрийн гэрээг огт үнэлээгүй орхижээ. ЭТ-17-10 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.2-т Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайланд тусгагдсан өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно гэжээ. Нэхэмжлэгч бараа болон дутагдал өр авлагаа нягтлан бодох бүртгэлд тусгаагүй тусгадаггүй гэж тайлбарлаж байгаа юм. Тэгээд ч ямар акт биш дан ганц тооллогын бүртгэлээр төлбөр төлүүлэх нь хууль зүйн үндэслэл *******.Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэртэй хэргийг тал бүрээс нь хянан үзэж шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Нэхэмжлэгч “Ж.Д” ХХК нь хариуцагч Э.Бгаас дутагдуулсан барааны үнэ 24.577.315.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Э.Б “Ж.Д” ХХК-ны Орхон салбарт 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нярваар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан ба эд хөрөнгийн бүрэн хариуцлагын болон барьцааны гэрээ байгуулж, Орхон айман Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 4-16-71 тоотод байрлах Ц.Бямбасүрэнгийн өмчлөлийн байрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Э.Бг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр санхүүгийн хуваарьт тооллогоор 23.990.000 төгрөгийн бараа материал дутагдуулсан, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 1.409.545 төгрөгийн бараа материал дутагдуулж, нийт 24.577.315.24 төгрөгийн дутагдал гаргасан. Энэ нь тооллогын баталгаагаар нотлогдсон тул “Ж.Д” ХХК-ны гүйцэтгэх захирлын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б/20-223 тоот тушаалаар нярвын ажлаас чөлөөлөгдсөн гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хариуцагч Э.Б 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тооллогоор дутаасан бараа материалын үнэ 23.990.100 төгрөгийг төлөх үүрэгтэй, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн БТ120029 дугаартай тооллогын баталгаагаар нийт 1.409.545 төгрөгийн бараа материал дутаасан гэсэн атлаа хичнээн ширхэг бараа дутсан, мөн илүү тоологдсон бараа байсан эсэх талаарх баримт ******* тул энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2.-т заасныг баримтлан хариуцагч Э.Бгаас 23.167.770.24 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Ж.Д” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.409.545 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг  бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан тооллогын баримт /хх-21/ гэх нотлох баримтаар хариуцагч Э.Бг буруутгах боломжгүй бөгөөд тооллогын баримт нь өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна. Хэрэгт нягтлан бодох бүртгэлийн анхан шатны ямар ч баримт /нягтлан бодох бүртгэлд аж ахуйн нэгж байгууллагын аж ахуйн бүх ажил, гүйлгээ, хөрөнгө оруулалт, авлага, өр төлбөр, бүх орлого зардал зэргийг заавал бүртгэх ёстой/ авагдаагүй, нөгөө талаар тооллогын баталгаа гэх баримтанд тоолсон зарим нэр төрлийн барааны үнийн дүн зөрүүтэй тухайлбал хх-21 дэх талд авагдсан тооллогын баталгааны 19 дэх мөрөнд бичигдсэн барааны үлдэгдэл, дутсан үнийн дүн зөрүүтэй.

Мөн ЭТ-17-10 дугаартай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 5.2.-т “байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг нягтлан бодох бүртгэлийн тайланд тусгагдсан өртгөөс зохих нормоор бодит элэгдэл хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно” гэж эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлээ заасан боловч байгууллага энэ эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн БТ120029 дугаартай тооллогын баталгаагаар 1.409.545 төгрөгийн дутагдал гарсан гэх боловч хэд хичнээн төгрөгийн бараа материал дутсан, илүүдсэн эсэх нь тодорхойгүй баримт байх ба анхан шатны шүүхийн шийдвэр энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.   

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Э.Бд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож “Ж.Д” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 142/ШШ2020/01245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Жавхлант дистрибиюшн” ХХК-ийн хариуцагч Э.Бгаас  “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүрэгт 24.577.315.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Э.Бгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280.837 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол

гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.БАТТӨР