| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00382/И |
| Дугаар | 320/ШШ2025/00406 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 320/ШШ2025/00406
| 2025 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 320/ШШ2025/00406 | Хөвсгөл аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Ж.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Э-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Малын үнэ болох 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай, 320/2025/00382/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Д*** нь манай нөхрийн талын холын хамаатан дүү болох Д.Э***-д өөрийн эзэмшпийн 6 ямаа, 7 хонь, нийт 13 толгой малыг харуулахаар болж, 2021 онд малаа хүлээлгэж өгсөн юм. Д.Э***- нь 2022, 2023 онд малыг минь хариулж, надтай холбоотой байдаг байсан ч 2023 оны сүүлээр ямар ч холбоогүй болсон. Би 2024 оны 6 сард Алаг-Эрдэнэ сумын цагдаад өргөдөл гаргаж байж Э***-гээс 200,000 төгрөг авснаас хойш Д.Э***- нь ямар ч холбоогүй болсон. Миний бие одоо 73 настай, хөл муутай болохоор Д.Э***-гийн хойноос хөөцөлдөж явж чадахгүй байсаар өдийг хүрлээ. Одоо миний бие анх түүнд шилжүүлсэн эр ямаа 2x80,000=160,000 төгрөг, ишиггэй ямаа 2x100,000=200,000 төгрөг, борлон 2x70,000=140,000 төгрөг, хургатай хонь 2x115,000=230,000 төгрөг, эр хонь 1x90,000=90,000 төгрөг, төлөг 2x70,000=140,000 төгрөгөөр тус тус үнэлж нийт 1,000,000 төгрөг гаргуулмаар байна. Мал минь 2021 оноос 2023 оны хооронд өсөж үржсэн л байх ёстой, 2022 онд Д.Э***- нь танай мал 20 толгой болсон гээд нас, зүсээр нь бичүүлж байсан юм. Тийм учраас өмнө нь авсан 200,000 төгрөгөө 1,000,000 төгрөгөөсөө хасаж тооцохгүй. Би бие минь дийлэхтэйгээ байх үед өөрөө хэдэн малаа нааш, цааш болгож, малладаг байсан ч насны эрхээр малаа маллаж чадахгүй болж, хамаатан садан юм гэж итгээд Д.Э***-гийнд малаа тавьсан боловч одоо ганц шөлний хоньгүй болоод байна.
Иймд Д.Э***-гээс малын үнэ болох 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Нэхэмжлэгчийн Ж.Д*** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч Ж.Д*** би хариуцагч Д.Э***-д холбогдуулан малын үнэ 1,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Э***- 200,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 800,000 төгрөгийг төлөхийн зөвшөөрсөн талаар шүүхэд ирүүлсэнтэй хариу тайлбар танилцлаа.Иймд нэхэмжлэгч Ж.Д*** би нэхэмжлэлийн шаардлагаасаа 200,000 төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, хариуцагч Д.Э***-гийн 800,000 төгрөгийг төлнө гэснийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Э***- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Э***- миний бие Ж.Д***гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Иймд Д.Э***- би Ж.Д***гаас нэхэмжилсэн малын үнэ болох 1,000,000 ( нэг сая ) төгрөгнөөс 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг Ж.Д***гийн охин Г.Э***-ийн данс руу шилжүүлсэн. Одоо үлдсэн 800,000 (найман зуун мянга) төгрөг өгнө. Уг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д*** нь хариуцагч Д.Э***-д холбогдуулан малын үнэ 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э***- нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 (нэг сая) төгрөгөөс 200,000 төгрөгийг Ж.Д***гийн охин Г.Э***-ийн данс руу шилжүүлсэн тул үлдэгдэл 800,000 (найман зуун мянга) төгрөгийг өгнө гэснийг нэхэмжлэгч Ж.Д*** нь зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 200.000 (хоёр зуун мянга) төгрөг гаргуулах хэсгээсээ татгалзаж, зохигч 800,000 (найман зуун мянга) төгрөгийн хэмжээнд эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д***гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгнөөс 14,277 (арван дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 14,277 (арван дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Э***-гээс нэхэмжлэлийн шаардлага болох 1,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал болох 14,277 (арван дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д***-д тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Д***-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Э***-д холбогдох малын үнэ 1,000,000 (нэг сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Э***- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгчийн охинд төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг тэр хэмжээгээр багасгаж 800,000 (найман зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Д*** нэхэмжлэлийн шаардлагаа 200,000 (хоёр зуун мянга) төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 800,000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулахыг зөвшөөрсөн зохигчийн эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д***-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 (хорин найман мянга таван зуун тавь) төгрөгнөөс 14,277 (арван дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 14,277 (арван дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг улсын улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Э***-гээс 14,277 (арван дөрвөн мянга хоёр зуун дал) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д***-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА