2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00941

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31 191/ШШ2025/00941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............. байрлах, Х ХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................... тоот хаягт оршин суух, Б овогт Ш.Б /РД:0000000000/,

 

Хариуцагч: ........................... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч .................. тоот хаягт оршин суух, Б овогт Б.Ө /РД:ЦГ75080301/,

 

Хариуцагч: ........................... тоот хаягт байрлах, Т ХХК /РД:00000000/-д тус тус холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 671,801,022 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөлөөгч С.Г,

Хариуцагч бөгөөд хариуцагч Т ХХК-ийг төлөөлж Ш.Б,

Хариуцагч Б.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ш.Б, Ц.Ө, Т ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 671,801,022 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Зээлдэгч Ш.Б, Б.Ө, Т ХХК нар нь 2019.11.21-ний өдөр Х ХХК-ийн Зуун айл тооцооны төвтэй Дугаар 000000000000000 тоот Зээлийн гэрээ болон Дугаар 0000000000000000 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/, 2019.11.22-ны өдөр 0000000000000000 тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-нүүдийг тус тус байгуулан 450,000,000 төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээлийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан бөгөөд Барьцааны гэрээг зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Зээлдэгчид зээлийн барьцаанд дараахь зүйлсийг барьцаалуулсан.

Үүнд: Хөдлөх эд хөрөнгийн хувьд Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа өөрийн байранд байрлах бараа материалыг, Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд Зээлдэгч Ш.Б гэсэн нэг иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, ..................... тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Ш.Б гэсэн нэг иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй , ........................... тоот хаягт байршилтай, 385 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Ш.Б гэсэн нэг хүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй ........................... тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00000 дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 609 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалуулсан.

Гэрээ байгуулснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн Газрын тогтоол, Улсын онцгой комиссын даргын тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, Зээлийн хорооны шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 2020.05.15-ны өдрийн №000000000000000-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /Зээлийн хугацаа сунгах, эргэн төлөлтийн хуваарь өөрчлөх/-г байгуулан зээлийн гэрээний хугацааг 2025.11.10-ны өдөр хүртэл 12 сараар сунгаж, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт орсон. Ингэхдээ 2019.11.21-ний өдрийн №000000000000000 тоот Зээлийн гэрээгээр олгосон 450,000,000 төгрөгийн зээлээс дараахь төлбөрийг хийсэн. Үүнд: үндсэн зээлд 17,333,395.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 39,744,666.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, энэхүү гэрээг байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл 436,998.111.72 төгрөг байсан болно.

Мөн 2021.03.16-ны өдрийн №000000000000000-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /Дахин санхүүжилт/ болон Дугаар 0000000000000000-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /Хөдлөх хөрөнгө/, Дугаар 0000000000000000-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-нүүдийг тус тус байгуулан зээлийн хүү жилийн 10,5 хувь болж буурч, зээл олголт эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан, зарим заалтуудыг шинээр нэмж, бусад заалтуудыг хэвээр дагаж мөрдөгдөхөөр болсон. Уг гэрээг байгуулах үед 2019.11.21-ний өдрийн №000000000000000 тоот Зээлийн гэрээгээр олгосон 450,000,000 төгрөгийн зээлээс дараахь төлбөрийг хийсэн байна. Үүнд: үндсэн зээлд 18,618,327.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 100,574,324.90 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, энэхүү гэрээг байгуулах үед үндсэн зээлийн үлдэгдэл 435,713,179.39 төгрөг байсан болно.

Зээлдэгч нар нь 2023.08.09-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 18,793,377 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 142,154,447 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 160,947,824 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч банкны зүгээс зээлдэгч нартай удаа дараа утсаар холбогдох, биечлэн уулзаж зээлийн төлбөрөө төлөхийг шаардаж байсан ба 2022.12.07-ны өдөр ........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргаж эвлэрлийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээ авсан. Гэвч үр дүнд хүрээгүй учир дахин зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн ба гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь төлж дуусгах арга хэмжээ авахыг шаардаж Зээл буцаан дуудах мэдэгдлийг явуулсан боловч зээлээ дуусгаагүй.

Иймд банк талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Монгол Улсын Иргэний хуулийн 242-р зүйлийн 242.1, 242.3, 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны хуулийн 24-р зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ш.Б, Б.Ө, Т ХХК нарт холбогдуулан хамтран хариуцуулахаар дараахь нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.

Үүнд:

1.2019.11.21-ний өдрийн №000000000000000 тоот Зээлийн гэрээ, 2020.05.15-ны өдрийн №00000000000000-1 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2021.03.16-ны өдрийн №000000000000000-2 тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2023.08.09-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 435,538,129 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 120,518,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,407,987 төгрөг, нийт 561,464,431 төгрөг гаргуулах,

2.Зээлдэгчид зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2019.11.22-ны өдрийн 0000000000000000 тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/ болон 2021.03.16-ны өдрийн Дугаар 0000000000000000-1 тоот Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-нүүдээр барьцаалуулсан зээлдэгч Ш.Б гэсэн нэг иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй ........................... тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Ш.Б гэсэн нэг иргэний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, ........................... тоот хаягт байршилтай, 385 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, зээлдэгч Ш.Б гэсэн нэг хүний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, ........................... тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000 дугаартай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 609 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд авсан зээлийг ашиглаж байгаа гэж үзэх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 110,336,591 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч Ш.Б, Б.Ө, Т ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 2024.10.23-ны өдрийн байдлаар

1.2019.11.21-ний өдөр 000000000000000 тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүрэгт нийт 671,801,022 төгрөгийг гаргуулж,

2.Үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ш.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, ........................... тоот хаягт байршилтай, 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай, Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 00000000000 дугаартай, ........................... тоот хаягт байршилтай, 385 м.кв талбайтай, хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, ........................... тоот хаягт байршилтай, нэгж талбарын 0000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 609 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч бөгөөд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээл аваад үйл ажиллагаа эхлээд явж байгаад Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаанд доголдол гарч эхэлсэн. Банкнаас зээл авсан гэдэг нь үнэн болохоор төлнө. Харин төлөхөд цаг хугацаа хэрэгтэй байна. Би өөрийгөө сайн хөдөлмөрлөсөн гэж бодож байна. Би 12 сард Х ХК-д хүсэлт гаргаад очихдоо миний үл хөдлөх хөрөнгийг хүн худалдаж авах санал тавьсан. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс татгалзвал надад өөрийн хөрөнгөө худалдаад цаана нь 100,000,000 төгрөг ч болтугай үлдэх боломжтой болж байгаа болохоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс татгалзвал төлөх боломжтой гэж хэлсэн. Зээл төлөхөд цаг хугацааны асуудал гарч байгаа. Зах зээлийн ханш, нийгмийн байдлыг харгалзан үзэх шаардлага гарч байгаа. Үндсэн зээлийн төлбөрөө төлөхөд татгалзах зүйлгүй. Гол нь хугацаа шаардлагатай байна. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаа... гэв.

 

Хариуцагч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх зээл авахад нь нөхөртөө итгээд гарын үсэг зурж байсан, зарим тохиолдолд албан шаардлагаар гарын үсэг зурсан. Зээл аваад надад захиран зарцуулах эрх байгаагүй. Миний хувийн дансаар амьдралын хэрэгцээнд зориулж бага зэрэг мөнгө орсон. Гэхдээ зээлийн мөнгийг бизнесийн хэрэгцээнд зориулсан болохоос би хэрэглээгүй. Би энэ зээл авахад гарын үсэг зурсан болохоос надад огт хамааралгүй. Бүх арилжааны банкнаас надад зээл гарахгүй байгаа. Зээл авсан гэдэг нь үнэн, гарын үсэг зурсан болохоор төлнө. Зээл төлөх хугацаа хэрэгтэй байна. Хуулийн хүрээнд аль болох бага дүнгээр тооцож шийдэж өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.08.18-ны өдөр 3,035,472.15 /2,965,272.15+70,200/ төгрөг төлсөн баримт /хх-ийн 6-9 х/,

-Улсын бүртгэлийн 0000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 10, 187, 227 х/,

-2023.06.30-ны өдрийн 0000 дугаартай Х.Содном-Ишэд олгосон итгэмжлэл /хх-ийн 11, 188 х/,

-2023.06.30-ны өдрийн 0000 дугаартай М.Энхтүвшинд олгосон итгэмжлэл /хх-ийн 12 х/,

-2023.07.27-ны өдрийн 0000 дугаартай Г.Нямсүрэнд олгосон итгэмжлэл /хх-ийн 13 х/,

-2019.11.21-ний өдрийн №000000000000000 дугаартай Зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 14-19 х/,

-2019.11.21-ний өдрийн №0000000000000000 дугаартай /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ Барьцааны гэрээ /хх-ийн 20-21 х/,

-2019.11.22-ны өдрийн №0000000000000000 дугаартай /Үл хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээ /хх-ийн 22-27 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 28 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 29 х/,

-000000 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ /хх-ийн 30 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 31 х/,

-Улсын бүртгэлийн 0000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 32 х/,

-Т ХХК-ийн дүрэм /хх-ийн 33-34 х/,

-2019.11.21-ний өдрийн Х-ны гүйлгээний баримт /хх-ийн 35 х/,

-2019.11.25-ны өдрийн Мөнгөн шилжүүлэг /хх-ийн 36 х/,

-2020.05.15-ны өдрийн №000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 37-38 х/,

-2021.03.16-ны өдрийн №000000000000000-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 39-41 х/,

-2021.03.16-ны өдрийн №0000000000000000-1 дугаартай /Хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 42 х/,

-2021.03.16-ны өдрийн №0000000000000000-1 дугаартай /Үл хөдлөх хөрөнгө/ Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх-ийн 43-45 х/,

-Зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 46-47 х/,

-Х-ны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 48-50 х/,

-2023.01.06-ны өдрийн 00000 дугаартай ........................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай тэмдэглэл /хх-ийн 51 х/,

-2023.05.11-ний өдрийн 34/2277 дугаартай Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 52 х/,

-2023.08.09-ний өдрийн 34/4130 дугаартай Зээл буцаан дуудах мэдэгдэл /хх-ийн 53 х/,

-2022.11.10-ны өдрийн Ш.Б-ийн Х-инд гаргасан хүсэлт /хх-ийн 54 х/,

-2023.04.26-ны өдрийн Ш.Б-ийн Х-инд гаргасан хүсэлт /хх-ийн 55 х/,

-2023.09.26-ны өдрийн 0000 дугаартай О.О-д олгосон итгэмжлэл /хх-ийн 68 х/,

-2023.10.16-ны өдрийн 0000 дугаартай Н.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 78 х/,

-2024.05.10-ны өдрийн 0000 дугаартай Ж.Г-т олгосон итгэмжлэл /хх-ийн 189 х/,

-2024.09.06-ны өдрийн 0000 дугаартай С.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 190 х/,

-Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан тэмдэгтийн хураамжид 2024.10.31-ний өдөр 710,000 төгрөг тушаасан баримт /хх-ийн 203-204 х/,

-Хны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 205-208 х/,

-Зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 209-210 х/,

-2024.11.20-ны өдрийн 0000 дугаартай Х.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 228 х/,

-2024.11.21-ний өдрийн 0000 дугаартай Ж.Г-т олгосон итгэмжлэл /хх-ийн 229 х/,

-2024.11.27-ны өдрийн 0000 дугаартай С.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 230 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нар нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 60, 90 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 66-67 х/,

-Хариуцагч нараас 2023.10.25-ны өдөр А.Ө-д олгосон итгэмжлэл /хх-ийн 88-89 х/,

-2024.02.06-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 112-113 х/,

-2024.03.05-ны өдрийн №15 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 131-132 х/,

-2024.03.28-ны өдөр Ц.Д-д олгосон итгэмжлэл /хх-ийн 151 х/,

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 212 х/ тус тус өгсөн байна.

 

5.Шүүхийн журмаар 2024.03.28-ны өдрийн 182/ШЗ2024/05653 дугаартай Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний ерөнхий газраас ирүүлсэн 2024.10.03-ны өдрийн 2762 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 171-186 х/-ийг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

2.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ш.Б, Ц.Ө, Т ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 561,464,431 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023.08.18-ны өдөр шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024.11.07-ны өдөр 110,336,591 төгрөгөөр нэмэгдүүлж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

а.Зээлдэгч Ш.Б, Ц.Ө, Т ХХК нь 2019.11.21-ний өдөр 000000000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 450,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээ байгуулснаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Улсын Онцгй комиссын даргын тушаал, Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, Зээлийн хорооны шийдвэр, Зээлдэгчийн хүсэлтийг үндсэлэн 2020.05.15-ны өдөр 000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2025.11.10-ны өдрийг хүртэл 12 сараар сунгасан

Мөн 2021.03.16-ны өдөр 000000000000000-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах (дахин санхүүжүүлэх) гэрээ-г байгуулж 2019.11.21-ний өдөр олгосон 450,000,000 төгрөгийн зээлийн жилийн хүүг 10 хувь болгон бууруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсэн

Зээлийн гэрээний хугацаанд 160,947,824 төгрөгийн төлөлт хийж, үндсэн зээлийн үлдэгдэл 434,961,287 төгрөг, зээлийн хүү 120,518,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,407,987 төгрөг буюу нийт 561,464,431 төгрөгийн зээлийг төлөөгүй тул нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан.

Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2024.11.06-ны байдлаар зээлийн хүүгийн төлбөрт 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөг болсон тул нийт 110,336,591 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 434,961,287 төгрөг, зээлийн хүү 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөг, нийт 671,801,022 төгрөг болсон...

б.Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2019.11.22-ны өдөр Ш.Б, Т ХХК-тай 0000000000000000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн гэрээ байгуулж, бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа байр, бараа материал,

2019.11.22-ны өдөр Ш.Б-тэй 0000000000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 721.71 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө,

Улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 385 м.кв талбайтай хувийн сууц,

Улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай, 609 м.кв талбайтай газрын барьцааны гэрээг тус тус тус байгуулсан.

в. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч бөгөөд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Б.Ө нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 434,961,287 төгрөгийн хувьд маргахгүй. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх хариуцагч нарын дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

Мөн зохигчийн 2019.11.21-ний өдөр байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4.3-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, 7 дугаар зүйлийн 7.1-д Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг банкинд төлнө, 7.6-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тохиролцсон байна.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Х ХК болон Ш.Б, Ц.Ө, Т ХХК-иудын хооронд 2019.11.21-ний өдөр 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ, 2020.05.15-ны өдөр 000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.03.16-ны өдөр 000000000000000-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах (дахин санхүүжүүлэх) гэрээ,

- 2019.11.22-ны өдөр Ш.Б, Т ХХК, Б.Ө нартай 0000000000000000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

- 2019.11.22-ны өдөр Ш.Бтэй 0000000000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ,

- 2021.03.16-ны өдөр Ш.Б, Т ХХК, Б.Ө нартай 0000000000000000-1 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ,

- 2021.03.16-ны өдөр Ш.Б-тэй 0000000000000000-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-нүүдийг тус тус байгуулагджээ. /1 хх-ийн 14-19, 20-21, 22-23, 24-25, 26-27, 37-38, 39-41, 42, 43, 44, 45 х/

 

4.2.Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчийн хооронд мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

а. Зохигчийн 2019.11.21-ний өдөр байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-гээр хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нар нь 450,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар 2024.11.10-ны өдрийг хүртэл зээлж, зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч Х ХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

б. Х ХХК нь 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-нд заасны дагуу хариуцагч Ш.Б-ийн Х-ны ХХХХХХХХ тоот дансанд 2019.11.19-ний өдөр 400,000,000 төгрөгийг ХО зээл олгов, 2019.11.25-ны өдөр 50,000,000 төгрөгийг зээл олгов гэсэн утгатайгаар тус тус нийт 450,000,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. /1 хх-ийн 35, 36, 48 х/

 

в. Дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор талууд 2019.11.21-ний өдөр байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний хугацааг 2025.11.12-ны өдрийг хүртэл 12 сараар сунгаж 2020.05.15-ны өдөр 000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г, мөн 2021.03.16-ны өдөр 000000000000000-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах (дахин санхүүжүүлэх) гэрээ-г байгуулж, 2019.11.21-ний өдөр байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ, 2020.05.15-ны өдөр 000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-нд заасан зээлийн хүү жилийн 18.6 хувийг гэснийг жилийн 10.5 хувь гэсэн өөрчлөлтүүдийг оруулсан байна. /1 хх-ийн 37-38, 39-41 х/, 

 

г. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

д. Зохигчийн байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-нд 2020.05.15-ны өдрийн 000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1.1-д зааснаар зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг 2019.11.21-ний өдрийн 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний Хавсралт 3-т тодорхойлож, хариуцагч нар нь 2020.05.15-ны өдрөөс 2025.11.10-ны өдрийг хүртэл хугацаанд төлөхөөр талууд тохиролцжээ. /1 хх-ийн 38 х/

 

е. Зээлийн гэрээний хугацаанд болон түүнээс хойш хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулгад дурдагдсанаар 2019.11.21-ний өдрөөс 2023.02.10-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 160,947,824 төгрөгийг төлж үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

4.3.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

 

а.Х ХК нь дээрх хуульд заасны дагуу зээлдэгч Ш.Б, Т ХХК, Б.Ө нарт 2023.05.11-ний өдөр 34/2277 тоот ...зээл төлөх хуваарьт хугацааг 486 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2023.05.11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 435,538,129.39 төгрөг, зээлийн хүү 100,543,223.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,686,249.01 төгрөг, нийт 539,767,601.75 төгрөгийг үлдэгдэлтэй байна. ...Зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 175,710,232.44 төгрөгийг 2023.05.15-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

2023.08.09-ний өдөр 34/4130 тоот ...зээл буцаан төлөх хуваарьт хугацааг 576 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. ...2023.08.09-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 435,538,129.39 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 120,518,314.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 5,407,987.43 төгрөг, нийт 561,464,431.36 төгрөгийг 2023.08.14-ний дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл буцаан дуудах мэдэгдэл-ийг тус тус хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоожээ. /1 хх-ийн 52, 53 х/

 

б.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.2-т ...үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч нар нь дээрх тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг заасан хугацаанд нь гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

в. Тодруулбал, зээлдүүлэгч 2023.08.09-ний өдөр 34/4130 тоот Зээл буцаан дуудах мэдэгдэл-ээр ...үндсэн зээлийн үлдэгдэл 435,538,129.39 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэл 120,518,314.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 5,407,987.43 төгрөг, нийт 561,464,431.36 төгрөгийг 2023.08.14-ний дотор төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ...зээлийн төлбөрийг бүхэлд нь шүүхийн журмаар буцаан төлүүлэхээр мэдэгдэж, 2023.08.18-ны өдөр шүүхэд хандсанаар талуудын байгуулсан гэрээг хугацаанаасаа өмнө цуцалсан байгааг буруутгах боломжгүй. /1 хх-ийн 53 х/

 

4.4.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

а. Зохигчийн байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.1.5-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож төлөхөөр талаар гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр байх тул гэрээний хугацааг хэтрүүлсэн 1020 хоногт зээлийн хүү 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөгийг хариуцагч нар нь төлөх үүрэгтэй байжээ.

 

б. Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцвол хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нар нь 2024.11.06-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 434,961,287 төгрөг, зээлийн хүү 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөгийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

в. Тодруулбал, Зээлийн гэрээний хугацаа 2025.11.10-ны өдөр дуусах байсан боловч зээлдүүлэгч нь Зээлийн гэрээ-ний 6 дугаар заасны дагуу 2023.08.18-ны өдөр шүүхэд хандаж, зээлийн гэрээг энэ өдрөөс цуцлаж, үндсэн зээл 434,961,287 төгрөг, хүү 120,518,315 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,407,987 төгрөг нийт 561,464,431 төгрөгийг шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 110,336,591 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 671,801,022 төгрөгийг хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна.

 

5. Хариуцагч бөгөөд хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч Ш.Б, хариуцагч Б.Ө нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 434,961,287 төгрөгийн хувьд маргаагүй бөгөөд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

а. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж,

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /2021 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

 

б. Мөн зохигчийн 2019.11.21-ний өдөр байгуулсан 000000000000000 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.4.3-т Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө, 7 дугаар зүйлийн 7.1-д Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-д заасан нэмэгдүүлсэн хүүг банкинд төлнө, 7.6-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн төлбөр болон бусад төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тохиролцсон байна.

 

Өөрөөр хэлбэл, талуудын гэрээгээр тохиролцсон дээрх тохиролцоо хүчин төгөлдөр учраас шүүх хариуцагч нарыг зээлийн хүү 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөг, нийт 236,839,736 төгрөгөөс чөлөөлөх боломжгүй.

 

Иймээс хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нараас үндсэн зээлийн үлдэгдэл 434,961,287 төгрөг, хүү 218,318,149 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,521,587 төгрөг, нийт 671,801,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй.

 

6.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд

6.1. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.

 

а.Нэхэмжлэгч Х ХК болон хариуцагч төгрөгийг хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2019.11.21-ний өдрийн 000000000000000, 2020.05.15-ны өдрийн 000000000000000-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019.11.22-ны өдөр Ш.Б, Т ХХК, Б.Ө нартай 0000000000000000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.11.22-ны өдөр Ш.Бтэй 0000000000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2021.03.16-ны өдөр Ш.Б, Т ХХК, Б.Ө нартай 0000000000000000-1 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2021.03.16-ны өдөр Ш.Б-тэй 0000000000000000-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-нүүдийг тус тус байгуулжээ. /1 хх-ийн 20-21, 22-23, 24-25, 26-27, 42, 43, 44, 45 х/

б.Хариуцагч Ш.Б нь 0000000000000000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 0000000000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-гээр улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 721.71 м.кв талбайтай, 80 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй, ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 385 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай, 609 м.кв талбайтай газар, Т ХХК-ийн бараа материалыг тус тус барьцаалсан байна.

 

в.Зохигч 2019.11.22-ны өдрийн 0000000000000000 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г 2019.11.25-ны өдөр, 2021.03.16-ны өдрийн 0000000000000000-1, 0000000000000000-1 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ-г 2021.03.18-ны өдөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр барьцааны гэрээ гэж үзнэ.

 

6.2.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй, 9.4-т Хуулийн этгээдийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг барьцаалуулах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргана гэж заасан.

 

а.Хариуцагч Ш.Б нь өөрийн өмчлөл /нэг хүний/-д байгаа улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 385 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй ........................... дүүргийн ........................... ........................... тоот, нэгж талбарын 0000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 609 м.кв талбайтай газрын хууль ёсны өмчлөгч, мөн Т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд тэдгээртэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй байна. /1 хх-ийн 28, 29, 30, 32, 33-34 х/

 

6.3.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан.

 

Иймээс нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

7.Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,745,472.15 төгрөг /2,965,272.15+70,200+710,00/-ийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,587,155 төгрөг /3,516,955+70,200/-ийг гаргуулж Х ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нараас 671,801,022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ш.Б, Т ХХК, Б.Ө нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд, Ш.Б-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 80 хувийн гүйцэтгэлтэй, 721.71 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 00000000000 дугаарт бүртгэлтэй ........................... дүүргийн ........................... ........................... тоот хаягт байршилтай 385 м.кв талбайтай хувийн сууц, үйлчилгээ, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй ........................... дүүргийн ........................... ........................... тоот, нэгж талбарын 0000 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 609 м.кв талбайтай газар зэрэг барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,745,472.15 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 3,587,155 төгрөг /3,516,955+70,200/-ийг гаргуулж Х ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА