| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2023/0348/Э |
| Дугаар | 0068 |
| Огноо | 2023-11-29 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 0068
С.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Г.А
Шүүгдэгч С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 356 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлоор С.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт С-н Б,
С.Б нь үргэлжилсэн үйлдлээр “А” ХХК-ын борлуулалтын ажилтнаар ажиллах хугацаандаа 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд итгэмжлэн хариуцуулсан 15 төрлийн барааг 17 удаагийн үйлдлээр 16 аж ахуйн нэгжид худалдан борлуулсны төлбөр 4.602.200 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж бэлнээр болон Хаан банкин дахь .......... дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овогт С-н Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Бг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч С.Бгийн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 118 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сар 26 /хорин зургаа/ хоногоор тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бгээс 2.751.105 төгрөгийг гаргуулж хохирогч “А” ХХКомпанид олгож, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч С.Б нь хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж үнэн зөв мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал нь тогтоогдсон байдаг бөгөөд шүүх энэ нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй. Шүүгдэгч С.Б бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн. /баримт хавсаргав /
Шүүх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн мөртлөө хуульд заасан хорих ялыг сонгож хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар заасан зүйл заалтыг хэрэглэж эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрын нэгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулах.
Шүүгдэгч С.Б нь эрүүл мэндийн хувьд эрүүл саруул хүн биш юм байна. Тэрээр сахар буурдаг эмгэгтэй, үүнээсээ болж унаж татдаг болсон байна. Түүнчлэн арьсны харшил өвчтэй тэр нь сэдрээд эрүүл мэндийн хувьд хэцүү байдалтай байгаа юм байна. Энэ байдлын харгалзан ялыг хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү. Тэрээр үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хэргээ шударгаар хүлээн мэдүүлж ирсэн юм” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Б тайлбартаа: ... Миний хувийн байдлыг харгалзаж үзнэ үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг багасгаж өгнө үү ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.Б нь “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн борлуулалтын ажилтнаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр 15 төрлийн барааг 16 аж ахуйн нэгжид худалдан борлуулсны төлбөр 4.602.200 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдаас бэлнээр болон ХААН банкин дахь дугаартай харилцах дансаар шилжүүлэн авч завшсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч С.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж, хөрөнгө завшсан” гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд шүүх ял оногдуулахдаа хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулдаг.
Анхан шатны шүүх шүүгдэгч С.Бгийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 118 хоногийн ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 3 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол 2.750.000 төгрөгийг “А” хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлсөн баримт болон өөрийн ар гэрийн байдлын талаарх баримтуудыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн байх боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял болон ялын хугацаа нь түүний гэм буруу болон хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хорихоос өөр төрлийн ял хуульчлагдаагүй ба шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-н “... хорих ялын хугацааг багасгаж өгнө үү, ... хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг “2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд” үйлдсэн байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн огноог “2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд” гэж буруу бичсэн байгааг анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ