Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 10

 

“Х.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

хариуцагч Д.Тд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01309 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “Х.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Тд холбогдох,

“Орон сууцанд амьдарсан хөлс 14.333.333 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 1.377.593 төгрөг нийт 15.710.926 төгрөг гаргуулж, орон сууц албадан чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баярмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржпагма шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Х.Т” ХХК нь Д.Ттай 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах 11 дугаартай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр нь Д.Т нь компанийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7 хороолол, 8-р байрны 46 тоот хаягт байрлах орон сууцыг 61.875. 000 /жаран нэгэн сая найман зуун далан таван мянган/ төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцсон. Д.Т нь Орон сууц худалдах, худалдан

 

 

авах гэрээний дагуу орон сууцны үнийг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон. Гэтэл Д.Т нь 11.700.000 төгрөгийг төлөөд үлдэгдэл 50.175.000 төгрөгний төлөх үүргийг огт биелүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлэх талаар 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Д.Тд бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Ийнхүү орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлэх талаар Д.Т нь санаачилга гаргадаггүй. Гэрээний үүргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойш өдийг хүртэл 3 жил зөрчсөн бөгөөд үр дүн гарахгүй нь тодорхой болсон тул компанийн зүгээс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаа талаар болон гэрээнээс татгалзсаны үр дагаврын талаар мэдэгдэл хүргүүлсэн.

Орон сууцыг Д.Тд гэрээ байгуулсан өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнээс татгалзах өдөр хүртэл компанийн өмчлөлийн орон сууцанд нийт 52 сар 02 хоног буюу 1562 хоног амьдарч байна. Ийнхүү компанийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа атлаа гэрээний үүргээ огт биелүүлэхгүй байгаа юм.

Иргэний хууль болон гэрээнд зааж тохиролцсон ёсоор Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд гэрээнээс татгалзсантай холбоотой худалдагчийн хувьд компани учирсан хохирол, олох ёстой байсан ашиг, алдагдлаа нэхэмжлэх эрхтэй. Харин худалдан авагч нь үүргээ зөрчиж гэрээнээс татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн тул хохирол, зардлыг төлөх үүрэгтэй юм. Гэрээний 3.2.4-т зааснаар орон сууцны ашиглалтын төлбөр /цахилгаан, халуун хүйтэн ус, дулааны гэх мэт/ зардлыг худалдан авагч хариуцахаар тохиролцсон. Гэтэл Д.Тын 2019 онд гарсан хэрэглээний төлбөр нь 1.225.655 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 20-ны байдлаарх хэрэглээний төлбөр 151.938 төгрөг юм. Мөн гэрээний 3.1.4-т заасны дагуу Д.Тын урьдчилгаа төлбөрт төлсөн 11.700.000 төгрөгийг орон сууцанд амьдарсан хугацааны хөлснөөс суутгаж авсан болно.

Иймээс компани Д.Таас нийт 15.710.926 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Д.Таас орон сууцанд амьдарсан хугацааны хөлс болох 14.333.333 төгрөг, орон сууцны ашиглалтын төлбөр /цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан/ 1.377.593 төгрөг нийт 15.710.926 төгрөгийг гаргуулж, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 8- р байрны 2-р орцны 2 давхрын 2 өрөө бүхий 46 тоот хаягт байрлалтай компанийн өмчлөлийн орон сууцыг түүний эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2019, 2020 оны байрны хэрэглээний зардлуудыг төлсөн. 2019 оны хэрэглээний зардлыг тус компанийн ажилтан Э.Хорлоогийн хувийн дансанд төлж байсан. Орон сууцанд амьдарсан хөлс болох 14.333.333 төгрөгийг төлөх боломжгүй. Компани нэхэмжлэлдээ 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзаж байгаагаа хүргүүлсэн гэж бичсэн байгаа. Надтай байгуулсан гэрээ нь худалдах, худалдан авах гэрээ бөгөөд, уг гэрээ нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд 11.700.000 төгрөгийг буцаан надад олгох үндэслэлтэй байна. би худалдах, худалдан авах гэрээ батлуулсан болохоос түрээсийн гэрээ байгуулаагүй.

Байрны хэрэглээний зардлыг төлж байсан, төлөхгүй тохиолдолд цахилгаан тоолуур тасалдаг. 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр болсон хурлаар компанийн нярав Э.Хорлоо гэгчийн 5091161839 гэсэн дансаар тогтмол өгч байсныг хэлсэн. Э.Хорлоо ч мөн уг дансаар мөнгө орж өгдөг байсныг хэлсэн. Мөн 5000859498 гэсэн сүүлд өгсөн дансаар авдаг болсон гэсэн. Энэ төлбөрийг манай гэр бүлийн хүн Ё.Баярмаа тогтмол төлж байсан. Ашиглалтын мөнгийг хэрхэн яаж тооцож байсан нь тодорхойгүй мөн ашиглалт хэрэглээний зардлыг төлөх гэрээ байгуулаагүй. 2020 оны 07 дугаар сарын 20-ны төлбөрийг төлсөн байгаа. 2019 оны төлөгдөөгүй төлбөр гэж 191.530 төгрөгийг урьд нь нэхэмжилж байсан. Гэтэл одоо 1.377.593 төгрөг гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01309 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаанчулуут баг, 7-р хороолол, 8-р байрны 46 тоотыг Д.Тын эзэмшлээс чөлөөлж “Х.Т” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч Д.Таас 12.422.407 төгрөг гаргуулан “Х.Т” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.288.519 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 142/ШЗ2020/04801 дугаартай захирамжийн 4 дэх заалт болох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 306.704 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Таас 283.908 төгрөг гаргуулан “Х.Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баярмаа давж заалдсан  гомдолдоо:  Д.Т миний бие анх 2019 оны 4 дүгээр сарын 16-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байрлах “Х.Т” ХХК-ийн 7-8-46 тоот байрыг зээлээр худалдан авах гэрээ хийсэн. Уг баярыг хүлээн авахад цонхнууд нь заагтай цантсан мөн таазны нуралттай, шалны паркет хөндийрсөн, булан тохойнууд нь  наалт салж унасан, ванны өрөөний тааз нурж, ванн хагархай, паар нь эвдэрхий учир засах шаардлагатай байсан, хаалга цоож нь эвдрэлтэй  байсныг бид удаа дараа “Х.Т” ХХК-нд шаардлага тавьж байсан боловч засаж янзалж, өгөөгүй.

Иргэний үүргээ биелүүлэн ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах гэж банкаар хөөцөлдсөн боловч “Х.Т” ХХК нь ипотект хамрагдах нөхцөлийг хангахгүй байна гэсэн хариу банкнаас өгч байсан. Мөн зээлээр худалдан авах гэрээ маань улсын  бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Ийм учир Д.Т миний бие нь “Х.Т” ХХК-ийн нэхэмжлэлээс 25.500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо бид өвлийн хүйтэнд орох орон байхгүй. “Х.Т” ХХК-тай зээлийн гэрээ хийж орсон олон залуу гэр бүлүүд хөөгдөж гарч байсан. Яагаад гэвэл анх зээлээр худалдан авах гэрээ хийгээд мөнгөө төлөөд амьдарч байх хугацаанд “Х.Т” ХХК нь гэнэт гэрээгээ шинэчилж, зээлээр худалдан авах гэрээг түрээсийн гэрээ болгож, их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Ямар учраас гэрээгээ шинэчилж, түрээсийн гэрээ болгосныг ойлгохгүй байна. Шинэчилсэн гэрээгээ огт харуулж, хэлж байгаагүй. Мөн хэргийг шийдвэрлэсэн шүүгч нэхэмжлэгч талд шийдвэр гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гэр бүлээрээ “Х.Т” ХХК-ийн 7 дугаар байрны 2 дугаар орцноос байнга орж гарч байгаа нь сэжигтэй санагдаж байна. Иймд уг гарсан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Х.Т” ХХК нь хариуцагч Д.Таас орон сууцанд амьдарсан хөлс 14.333.333 төгрөг, орон сууц ашиглалтын төлбөр 1.377.593 төгрөг нийт 15.710.926 төгрөг гаргуулах, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-46 тоотод байрлах орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Зохигчид Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7-8-46 тоотод байрлах 45м2 2 өрөө байрыг 61.875.000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ба урьдчилгаанд 11.500.000 төгрөг төлж, үлдэгдэл 50.375.000 төгрөгийг Голомт банк дахь “Х.Т” ХХК-ны дансанд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгах, гэрээний хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууц ашигласны хөлс, засварын зардлыг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Д.Т нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгах гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч байгууллага нь үүргээ биелүүлэхийг шаардаж 2 удаа хариуцагчид мэдэгдэл хүргүүлсэн байсан ба 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээнээс татгалзах мэдэгдлийг дахин хүргүүлсэн байна.

Хариуцагч Д.Т нь гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй тул талуудын тохиролцсоноор орон сууц ашигласан хөлсийг сарын 500.000 төгрөгөөр тооцож, 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүртэл нийт 51 сар амьдарсны хөлсөнд 25.500.000 төгрөг төлөхөөс урьдчилгаанд төлсөн 11.700.000 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэлтэй байна.

Мөн шүүх орон сууц ашиглалтын төлбөр 1.377.593 төгрөгийг ямар нотлох баримтыг үндэслэж хэрхэн тооцсоныг тодорхойлоогүй, хариуцагч орон сууцны өмчлөгч болоогүй орон сууцыг эзэмшиж ашиглаж байсан тул Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд 289.1.4.-т “Хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх” гэж заасны дагуу шинэчлэн засварлах материалын үнэ, дотор заслын ажлын хөлс зэргийг нэхэмжилсэн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцжээ.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баярмаагийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 142/ШШ2020/01309 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баярмаагийн гаргасан давж  заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Ё.Баярмаагийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283.908 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  хяналтын  журмаар гомдол

гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                             Б.БАТТӨР