2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/01218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 191/ШШ2025/01218

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, ТАХХК /РД:..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С... байрлах, ГАФ ХХК /РД:.../-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,372,358.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ТАХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

"ГАФ" ХХК нь манай "ТА" ХХК-аас 2021 оноос эхлэн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч, хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд тэдний хувьд барааг хүлээн авсан тухайн сардаа төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцсон билээ.

Гэвч "ГАФ" ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хооронд хийсэн 9 удаагийн худалдан авалтын нийт үнийн дүн болох 2,865,758.50 төгрөгөөс өнөөдрийн байдлаар 1,493,400 төгрөгийг төлсөн байна. Дээрх 9 удаагийн худалдан авалтыг дэлгэрүүлэн танилцуулбал:

 

Огноо

 

Зарлагын падааны дугаар

Төлбөл зохих дүн

 

2021.07.01

№246459

153,430.00

2021.07.03

2021.07.07

№247204

№248645

226,524.00

179,435.00

2021.07.10

№249618

250,467.50

2021.07.19

№251447

127,524.00

2021.07.23

№252973

188,895.00

2021.07.25

№253512

125,854.00

2021.08.12

№259175

1,493,900.00

2021.08.17

№259752

119,729.00

Нийт

2,865,758.50

Үлдэгдэл төлбөр

1,372,358.50

 

Дээрх төлбөрийн үлдэгдэлтэй холбоотойгоор манай компани ГАФ" ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны дотор багтаан төлж барагдуулах тухай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байдаг.

Манай компанийн зүгээс ГАФ ХХК-д хэд хэдэн удаа амаар болон бичгээр дээрх төлбөрөө төлөхийг шаардсан ба хамгийн сүүлд 23/06 тоот "Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ-ний дагуу үйлчилгээ үзүүлэгч "АЭКФ ХХК (РД: ...) хуулийн фирмийн зүгээс 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 24/01 тоот шаардлага бүхий албан бичгийг илгээн, үүргээ биелүүлэх 5 хоногийн хугацааг олгосон боловч ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иргэний хуульд заасан Худалдах- худалдан авах гэрээний хувьд хуульд заасан хэлбэрийг баримтлалгүй амаар байгуулах боломжтой ба гагцхүү онцгой тохиолдолд л бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан байх (тухайлбал: Иргэний хуулийн 109.2, 190.2)-ыг шаарддаг.

Иймд манай компани болон "ГАФ" ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Бидний зүгээс харилцан тохиролцсоны дагуу ГАФ" ХХК-ийн өмчлөлд, түүний хүсэлтээр дээрх хүснэгтэд дурдсан эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлсэн бөгөөд Талууд эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээлцэхдээ зарлагын падааныг үйлдсэн байдаг нь Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт "Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасны дагуу нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийг "ГАФ" ХХК-ийн зүгээс хүлээн авсныг баталгаажуулна.

Бид эм, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхдээ хариуцаж байгаа эмийн санчийн гарын үсгийг зуруулаад хүлээлгэж өгдөг байсан. Тухайн эмийн сан нь хариуцагч Гоо-анирс ХХК-ийн ажиллуулдаг эмийн сан байгаа. Эмийн санд тухайн компанийн тамга, тэмдэг хадгалагдаж байна гэж байхгүй. Тиймээс зарлагын падаан үйлдэж, гарын үсэг зуруулдаг байсан.

Хариуцагч талаас татгалзлаа тайлбарлаж байгаа Түрээсийн гэрээ нь 2018.08.01-2019.08.01 хугацаатай бөгөөд тухайн гэрээ дуусаж үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгсөн гэдэг. Гэтэл 2021 онд эм нийлүүлж байхад яагаад З.О хүлээж авсан байдаг вэ. Эрүүл мэндийн сайдын баталсан 150 дугаар тушаалын 1-р хавсралтад зааснаар энэ чиглэлд хуулийн этгээд л үйл ажиллагаа явуулах боломжтой. Өөрөөр хэлбэл З.О нь хувь хүнээрээ, өөрийн нэр дээр үйл ажиллагаа явуулах эрхгүй.

Түрээсийн гэрээнд бичигдсэн хариуцагч байгууллагын захирал О.Агийн данс нь нэхэмжлэгч байгууллагад төлбөр тооцоо шилжүүлж байсан данстай тохирдог. О.А захирал нь өөрийн данснаас төлбөр шилжүүлсэн байдаг.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг үндэслэн Хариуцагч ГАФ" ХХК-аас худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох нийт 1,372,358.50 (нэг сая гурван зуун далан хоёр мянга гурван зуун тавин найм зууны тавь) төгрөгийг гаргуулан манай компанид олгуулж, хариуцагчийн биелүүлээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

"ГАФ" ХХК нь "ТА " ХХК-с ямар ч эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авч байгаагүй, худалдан авах тухай хүсэлт илэрхийлж байгаагүй, худалдах-худалдан авах гэрээг байгуулж байгаагүй бөгөөд "ТА " ХХК-д төлөх ямар ч төлбөр байхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлж байна.

"ТА " ХХК-ийн нэхэмжлэлд тэмдэглэсэн 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 сарын 17-ний өдөр хүртэлх хугацаанд 9 удаагийн зарлагын падаанаар худалдан авсан гэх бараа бүтээгдэхүүнүүдийг "ГАФ" ХХК хүлээн авч байгаагүй.

Манай компанитай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны дотор багтаан төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах тухай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн гэж нэхэмжлэлд тэмдэглэж, нэхэмжлэлд тухайн баримтыг хавсаргасан боловч тухайн баримтад манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, компанийн тэмдэг дарагдаагүй төдийгүй, манай компани энэ баримтыг өмнө нь огт харж байгаагүй.

"ТА " ХХК-тай байгуулсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад манай компанийн нэрийг бичиж гарын үсэг зурсан З.О гэх хүн нь манай компанид огт хамааралгүй. З.О манай компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд манай компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй, хувьцаа эзэмшигч нь Гүйцэтгэх захирлын чиг үүргийг хэрэгжүүлдэг. Мөн З.О нь манай компанид огт ажиллаж байгаагүй бөгөөд бид З.От "ТА " ХХК-с эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тооцооны үлдэгдэл баталгаажуулах баримт үйлдэх эрх олгосон итгэмжлэл олгоогүй.

"ТА " ХХК-н эрх бүхий албан тушаалтнууд болон тус компанид хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан гэх "АЭКП" ХХК-д нэхэмжлэлд дурдсан төлбөрүүд нь манай компанид хамаарахгүй, З.О нь манай компанитай хамааралгүй болохыг мэдэгдсэн. Тухайн үед "ТА " ХХК-н ажилтнууд энэ тухай маш сайн мэдэж байсан. Үүссэн нөхцөл байдлыг мэдсээр байж манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаад гомдолтой байна.

Иргэн З.О нь манай компанитай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж С... тоот оффисын талбайг 12 сарын хугацаатай түрээсэлсэн байдаг. Тухайн байрыг Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу эмийн сангийн зориулалтаар ашиглаж байсан. Улмаар энэхүү Түрээсийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болж иргэн З.О нь оффисын талбайг чөлөөлж өгсөн.

Нэхэмжлэгч тал зарлагын падааныг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тус баримтад компанийн нэр бүтэн бичигдээгүй, хуулийн этгээдийн нэрийг буруу бичсэн, хаяг, регистрийн дугаар бичигдээгүй байна.

Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал О.Агаас нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн мөнгөн дүн, үйл баримтад маргахгүй. Анх тайлбар гаргахад мөнгө шилжүүлж байгаагүй гэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулан асуухад мөнгө шилжүүлсэн гэж тайлбарласан.

Иймд "ТА " ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төлбөрийг манай компани хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 36,908 төгрөг төлсөн баримт, Ч.Б, Х.С нарт олгосон итгэмжлэл, ТАХХК-ийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтын хуулбар, 246459, 247204, 248645, 249618, 251447, 252973, 253512, 259175, 259752 дугаартай зарлагын падаан нэртэй баримтууд, АЭКФ ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24/01 тоот шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Ч.Б, Т.М нарт олгосон итгэмжлэл, Төлбөрийн баримтын хуулбар, Депозит хуулга хуулбар,

 

3.2 Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар, Түрээсийн гэрээ, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, Б.Сд олгосон итгэмжлэл,

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ... тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... тоот албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... тоот албан бичиг, түүний хавсралтаар ирүүлсэн З.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч ТАХХК нь хариуцагч ГАФ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 1,372,358.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.

 

6. Нэхэмжлэгч ТАХХК нь хариуцагч ГАФ ХХК-нд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх захиалгын дагуу худалдах худалдан авах гэрээг амаар байгуулан, зарлагын падаан үйлдэж, эм, эмнэлгийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн/2021.07.01-2021.08.17 хооронд/, хүлээн авсан ажилчид гарын үсгээ зурж баримт үйлдсэн, хариуцагчаас тодорхой төлбөрийн үүргээ биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 1,372,358.50 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

6.1 Хариуцагч нь зарлагын падаан баримтад гарын үсэг зурсан нягтлан бодогч гэх З.О нь хариуцагч хуулийн этгээдийн ажилтан бус тухайн эмийн сангийн үйл ажиллагаа явуулж байсан үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэгч/2018.08.01-2019.08.01 хооронд/ байсан, төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, хуулийн этгээдийн нэрийг буруу бичсэн, худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

 

7. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасанд үндэслэн хэрэгт цугларсан нотлох баримтын шаардлага хангасан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

7.1 Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл үндэслэлээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн. Түүнчлэн Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар хариуцагчийн захиалгын дагуу, бараа бүтээгдэхүүнийг заасан газарт хүлээлгэн өгснөөр зохигчийн хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Шүүх зохигчийн хооронд Иргэний хуулдийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний нөхцөлийг талууд амаар харилцан тохиролцсон гэж үзэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж гэрээний талуудын эрх, үүргийг заасан.

 

Хуульд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч бараа нийлүүлэх үүргээ биелүүлж барааг хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг гэх эмийн сан, түүний эмийн санчид баримт үйлдэж хүлээлгэн өгсөн, харин хариуцагч нь гэрээний үүргийн дагуу бараа бүтээгдэхүүний үнийн тодорхой хэсгийг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна.

 

Хариуцагч ГАФ ХХК-ийн гүйцэтгэх захирал О.А нь өөрийн эзэмшлийн 5031650627 тоот данснаас 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 1,493,400 төгрөгийг нэхэмжлэгч ТАХХК-д төлсөн үйл баримтад зохигчийн хэн аль нь маргаагүй. /хх-ийн 34-р талд авагдсан Түрээсийн гэрээний 3.2-т дансны дугаар тусгагдсан, хх-ийн 52-53-р талд нэхэмжлэгчийн дансны хуулганы хуулбарт гүйлгээний мэдээлэл тусгагдсан/

 

ГАФ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариуцагчаас нэхэмжлэгчид 1,493,400 төгрөгийг төлсөнд маргаангүй боловч нэхэмжлэгчтэй гэрээний харилцаа үүсгээгүй гэх тайлбар, татгалзлыг баримтаар нотлоогүй.

 

7.2 Гэрээ байгуулах хэлбэрийн хувьд талууд Иргэний хуулийн худалдах, худалдан авах гэрээг амар болон бичгээр байгуулах боломжтой.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан ба зохигч талууд худалдах, худалдан авах гэрээг амаар тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр зохицуулсан байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

7.3 Иргэний хуулийн 248 дугаар зүйлд эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох тухай зохицуулсан, мөн зүйлийн 248.2 дахь хэсэгт Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж зааснаар хариуцагч талын үйл ажиллагаа явуулдаг эмийн санд бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч, баримт үйлдсэн тул гэрээний зүйлийг хүлээн авсан гэж үзнэ.

 

Хариуцагч ГАФ ХХК-ийн захиалгыг хүлээн авч, түүний нэрийн өмнөөс компанийг төлөөлөх эрхтэй ойлголт төрүүлж, тооцооны үлдэгдлийн баталгаа, зарлагын падаан зэрэг баримтуудыг үйлдсэн байх тул хариуцагчийн З.Оийн үйлдлийн өмнөөс хариуцлага хүлээхгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд үүнд нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй./хх-ийн 6-15-р тал/

 

8. Хэрэгт авагдсан зарлагын падаан баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 2,865,758.50 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байх ба түүнээс хариуцагч 1,493,400 төгрөгийг төлсөнд маргаангүй тул зөрүү гэрээний үүргийн үлдэгдэл 1,372,358.50 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАФ ХХК-иас Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,372,358.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТАХХК-нд олгох нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,908 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГАФ ХХК-иас Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 1,372,358.50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ТАХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,908 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 36,908 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА