| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2024/02132/И |
| Дугаар | 191/ШШ2025/01672 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/01672
2025 02 24 191/ШШ2025/01672
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Э /РД:..., түүний харгалзан дэмжигч, .... тоот хаягт оршин суух, РД:..., Б.Э /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МД ХК /.... тоот хаягт оршин байх РД: .../-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 55,913,343.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, түүний хууль ёсны харгалзан дэмжигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Э нь Голомт банктай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ... тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу "МД" ХК-тай ... тоот ипотекийн даатгалын гэрээ байгуулан, орон сууц, зээлдэгчийн амь насыг даатган, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн зээлийг зээлийн үлдэгдэл дүн зээлдэгчийн зээлийн төлбөрт хариуцах хувиар олгоно гэж гэрээнд заасны дагуу "МД ХК хариуцах тохиролцоог хийсэн.
Даатгуулагч Б.Э нь ТА ХХК-ийн охин компани МСМ" ХХК-д геологич албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэнэт харвалт өгч, Улсын 3 дугаар төв эмнэлэгт яаралтай хүргэгдэн 11 хоног хэвтэн эмчлүүлж ар гэрийнхээ асаргаанд байж байгаад дахин 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тархины цус хомсрох давтан харвалт өгч, биеийн зүүн дунд артерийн бүсийн шигдээс, моторафази, баруун талласан саа гэсэн оноштойгоор Идэрмэг эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн байдаг.
Цус харвахаас өмнө Б.Эд ямар нэг өвчин зовуурь байгаагүй учир урьдчилан таамаглах боломж байгаагүй. Түүний өвчний байдалд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, тархины цус тасалдах харвалтын эрт үе, тархины шигдээсийн үлдэц өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар тогтоосон ... тоот актыг хугацаагүйгээр гаргасан тул цаашид ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон.
Иймээс даатгуулагч Б.Э нь цаашид хөдөлмөр эрхэлж, ипотекийн зээлээ үргэлжлүүлэн төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд Б.Эын Голомт банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар 55,913,343.64 төгрөг болоод байгаа.
Ах Б.Э нь төрсөн дүү Б.Эыг төлөөлөн зээлийн үлдэгдэл төлбөрийг "МД ХК-иас даатгалын гэрээний дагуу төлүүлэхээр 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл гаргахад тус даатгалын компани нь "...даатгалын гэрээний 7 зүйл Нөхөн төлбөр олгохгүй нөхцөл", 7.3 "Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл" 7.3.1 "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан" болон Монгол улсын даатгалын тухай хууль 8.5 "Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болно" 8.5.3 "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэх заалтуудад тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзаж, бидний нөхөн олговор авах хүсэлтийг "МД" ХК-иас буцаасан.
Энэхүү шийдвэрийг хүлээн авч төрсөн дүү Б.Э нь хууль ёсны асран хамгаалагчийн хувьд "МД ХК-ийн татгалзсан шийдвэрийг хянуулахаар 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасныг Санхүүгийн зохицуулах хорооноос "...даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гээд "... Учир нь та даатгалын гэрээ байгуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 210 дугаар тогтоолоор баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1.1-т заасан үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн тохиолдлын улмаас эрсдэлийг үндсэн эрсдэлээр сонгон даатгуулсан байна..." гээд Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэж хариу өгсөн.
Иймд хариуцагч МД ХК-тай 2020.06.09-ний өдөр байгуулсан зээлдэгчийн барьцаа хөрөнгө болон амь насны даатгалын гэрээний 6.2.2-т заасны дагуу ЗГ2035100458 тоот "Орон сууцны зээлийн гэрээ-ний эрсдэлийг хүлээж зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 55,913,343.64 төгрөгийг даатгалын нөхөн төлбөрт гаргуулан "Голомт банк"-д олгуулахаар "МД ХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
№... тоот Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний даатгуулагч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ажлын байран дээрээ харвалт өгсний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан гэх тохиолдол гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг ирүүлсэн.
Тус тохиолдолтой холбоотойгоор бүрдүүлж ирүүлсэн баримтуудыг шалган үзэхэд 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр даатгуулагчийг "Тархины шигдээсийн үлдэц" оношоор 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт 24 сараар, 2023 оны 02 сарын 15-ны өдрийн мөн комиссын шийдвэрээр даатгуулагчийг Тархи оношоор Тархины цус тасалдах харвалтын эрт үе, моторафази, баруун талласан саа" гэх оношнуудаар 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт хугацаагүйгээр алдсан гэж тус тус тогтоосон байдаг.
Харин Даатгагч, Даатгуулагч нарын хооронд байгуулагдсан Ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.1 Даатгалын хамгаалалт "Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана: "Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол" гэж заасан тул даатгуулагч Б.Эд учирсан тохиолдол нь "Олон улсын өвчний 10-р ангилал"-д багтсан ердийн өвчний комиссын шийдвэрт дурдсанаар улмаас хөдөлмөрийн чадвар алдсан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа тул даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй нөхцөлд хамаарч байсан.
Иймд Талуудын хооронд байгуулсан .... тоот даатгалын гэрээний 7.3 "Амь нас, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөл" 7.3.1 "Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан" 7.3.14 "Даатгалын гэрээнд тусгаагүй эрсдэл, шалтгааны улмаас учирсан хохирол" болон Монгол улсын Даатгалын тухай хуулийн 8.5 "Даатгагч дараах үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно" 8.5.3 "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэх заалтуудыг үндэслэн даатгагчаас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Мөн Санхүүгийн Зохицуулах Хорооны шийдвэрээр даатгуулагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн гомдлыг хянан үзээд даатгагч МД" ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг үндэслэлтэй шийдвэрлэсэн.
Даатгалын тухай хуулиараа даатгалын үйл ажиллагаа эрхлэгчийг ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэгч гэж хоёр ангилж байгаа. Ипотекийн журам дээр яагаад ердийн болон урт хугацааны даатгал гэж даатгалын компанийг төрлөөр нь ангилаад, авах эрсдэлийг нь заадаг вэ гэхээр манай компанийн хувьд анхнаасаа тусгай зөвшөөрөл авахдаа ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгч гэдэг тусгай зөвшөөрлийг олгосон.
Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэгчийн хувьд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасны дагуу гэрээгээр журамд заасан эрсдэлийг авна. Урт хугацааны даатгалын журамд бүх төрлийн амь насаа алдах эрсдэл ч гэдэг юм уу тийм эрсдэлүүд байх боломжтой. Монгол улсын хувьд ердийн даатгагч компани нь нийт 18 компани, урт хугацааны даатгагчийн хувьд 1 компани байж байгаад 2 компани болсон байгаа. Гэтэл ердийн даатгагчийн хувьд яг нэхэмжлэгч талын яриад байгаа шиг шууд амь насаа ямар шалтгааны улмаас алдах эрсдэлийг оруулах журмаараа боломжгүй. Хоёрдугаарт, энэ эрсдэлийг харах юм бол даатгуулагчийн төлөх гэж байгаа хураамжаас хэд дахин өндөр, шал өөр тооцооллуудаар хураамж тооцоод даатгуулагчид төлөх хураамж нь арай өөр байх учраас энэ эрсдэлийг бид нар нэгдүгээрт, журмыг давуулан бодох боломжгүй.
Иймд нэхэмжлэгч Б.Эийн гаргасан даатгалын нөхөн төлбөрт 55,913,343.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хэргийн оролцогчдоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамжид 441,666 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/23 дугаар Б.Эийг харгалзан дэмжигчээр тогтоох тухай захирамжийн хуулбар, Б.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээний хуулбар, гэрээний хавсралт Эргэн төлөлтийн график, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Ипотекийн гэрээ-ний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн төлбөрийн баримтын хуулбар, Зээлдэгч Б.Эын зээлийн дансны хуулга, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц, Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний хуулбар, төлбөрийн баримт, Эмнэлгээс гарах үеийн тэмдэглэлийн хуулбар, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актны хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дугаар .... МД ХК-ийн нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн хууль ёсны харгалзан дэмжигч Б.Эээс Б.Эд олгосон итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт,
3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд: Э.Од олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Б.Э/түүнийг төлөөлж харгалзан дэмжигч Б.Э /нь хариуцагч МД ХК-д холбогдуулан Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний үүрэгт нөхөн төлбөр 55,913,343.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Б.Эын харгалзан дэмжигчээр төрсөн дүү Б.Э тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар Б.Эийг харгалзан дэмжигчээр тогтоох тухай захирамжийн хуулбараар нотлогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд зааснаар төлөөлөх эрхтэй этгээд гэж үзнэ./хх-ийн 5-р тал/
Хариуцагч МД ХК нь нэхэмжлэгч Б.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр даатгуулагчийг "Тархины шигдээсийн үлдэц" оношоор 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт 24 сараар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн мөн комиссын шийдвэрээр даатгуулагчийг Тархи оношоор Тархины цус тасалдах харвалтын эрт үе, моторафази, баруун талласан саа" гэх оношнуудаар 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт хугацаагүйгээр алдсан гэж тус тус тогтоосон ба энэ нь Даатгалын гэрээнд заасан хамгаалагдсан эрсдэлд хамаарахгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1 Нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Миг даатгал ХК нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон./хх-ийн 19-р тал/
6.2 Нэхэмжлэгч Б.Э/хамтран зээлдэгч Б.Э/ нь Голомт банк ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ... дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, мөн өдрийн огноотой Ипотекийн гэрээг тус тус байгуулсан байх ба уг гэрээнүүд хэрэгт авагдсан. /хх-ийн 7-12-р тал/
6.3 Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-нд даатгалын хураамжийн хувь амь насны даатгалд 0.10 хувь, барьцаа хөрөнгийн даатгалд 0.12 хувь байхаар тус тус заасан ба зохигч даатгалын гэрээ байгуулсан харилцаанд болон хураамжийн хэмжээ, хураамж төлсөн үйл баримтад маргаангүй.
7. Шүүх зохигчийн маргаж буй үйл баримт болох даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай.
7.1 Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан Даатгалын гэрээгээр зохицуулагдах ба тус гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг хэлэхээр тодорхойлсон.
7.2 Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний 1.1-д Даатгуулагч дараах эрсдэлүүдийн улмаас ...хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана. Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тохиролцсон байна.
7.3 Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч Б.Э нь цус харвалт өгөхөөс өмнө суурь өвчин байгаагүй эрүүл байсан, уг өвчнийг таамаглах боломжгүй байсан, хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан, талуудын байгуулсан даатгалын гэрээний 6.2.2а-д заасныг заалтад үндэслэсэн, ямар эрсдэлийг даатгах талаар сонголт хийх эрхийг хэрэгжүүлээгүй, гэрээний заалтыг тайлбарлаж ойлгуулаагүй... гэж, хариуцагч тал ...даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлд хамаарахгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж мэтгэлцсэн.
Гэрээний талууд Даатгалын гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний үүргийн дагуу хураамж төлсөн болон нэхэмжлэгч хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан үйл баримтуудад маргаангүй.
7.4 Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Б.Э нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажлын байран дээрээ тархины цус харвасан, дахин 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тархины цус хомсрох давтан харвалт өгсөн гэх үйл баримтад зохигч хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гарган өгсөн Эмнэлгээс гарах үеийн эпикриз гэх баримтын эмнэлэгт хэвтэх үеийн асуумж хэсэгт: Өөрөө юм ярьж чадахгүй зовиуртай. Өөрөө асуумж өгөх боломжгүй тул эхнэр, төрсөн эгч дүүгээс асуумжийг тодрууллаа. 2022.12.20-ны ШУГТЭ-ЯТТ 15:10 цагт хүргэгдэж ирсэн. 2018.03 сард тархины цус тасалдах харвалт, баруун дунд артерийн бүс, 2022.06 сард ТЦТХ зүүн дунд артерийн бүсийн шигдээс оношлогдож, харвалтын Б тасагт хэвтэн эмчлүүлсэн. Тухайнд үед ярихын хэлгүйдэлтэй болж байсан. Артерийн даралт 2015 оноос эхэлж ихэсч байгаагэж тусгагдсан байх боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар үнэлэх боломжгүй./хх-ийн 21-22-р тал/
7.5 Хэрэгт авагдсан Эмнэлгээс гарах үеийн тэмдэглэл, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актны хуулбар, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Б.Эыг Тархины цус тасалдах харвалтын эрт үе, моторафази, баруун талласан саа" гэх оношуудаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар алдсан гэж шийдвэрлэж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хугацаагүйгээр сунгасан байна. /хх-ийн 24-25-р тал/
7.6 Нэхэмжлэгч хэдийгээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан үйл баримт тогтоогдох боловч уг эрсдэл нь талуудын хооронд байгуулагдсан Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ-ний 1.1-д заасан Үйлдвэрлэлийн осол, ахуйн осол, зам тээврийн осол, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол зэрэг эрсдэлүүдийн аль нэгт хамаарахгүй байна.
7.7 Тархины цус тасалдах харвалтын эрт үе, моторафази, баруун талласан саа" гэх оношийг ердийн өвчин гэж тодорхойлсон баримт хэрэгт авагдсан болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 25-26-р тал/
7.8 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба ...ямар эрсдэл хамаарах талаар гэрээний заалтыг даатгуулагчид тайлбарлаж өгөөгүй үндэслэлээр нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй.
8. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч МД ХК-нд холбогдох 55,913,343.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МД ХК-нд холбогдох нөхөн төлбөр 55,913,343.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Э/харгалзан дэмжигч Б.Э/-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА