| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Далантайн Нарантуяа |
| Хэргийн индекс | 114/2025/0002/З |
| Дугаар | 114/ШШ2025/0019 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 114/ШШ2025/0019
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа би даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар, нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар *******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад олгосон ******* газраас 500 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэгүй эзэмшүүлж, үлдэгдэл 2122 м2 газраас 1000 м2 газрыг төрд буцаан өгч, үлдэх 1122 м2 газрын дуудлага худалдааны анхны үнийг 1м2 газрыг 700 төгрөгөөр тооцож, нийт *******,******* төгрөгийг Хонгор сумын төрийн сангийн бусад дансанд тушаахаар бид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулж байна. Бид дээрх байдлаар эвлэрэхээр болсон тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид шүүх хуралдаанаас өмнө 2 удаагийн уулзалт зохион байгуулж эвлэрэн хэлэлцэхээр болсон. Нэхэмжлэгчийн төрд буцаан шилжүүлэхээр болсон 1000 м2 газраас 500 м2 газрыг үлдээж болох эсэх саналын хувьд газар эзэмшигч нь эзэмшиж буй газартаа мод тарих, тохижилт үйлчилгээ хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн объект байгаа хэсгийг нь үлдэх 1,622 м2 -т оруулж олгохоор шийдвэрлэх боломжтой юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* бид дараах нөхцөлөөр эвлэрэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч эзэмшиж байсан 2.622 м2-ынхаа 1.000 м2 газраасаа татгалзаж, үлдэх 1.622 м2 газраас гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 500 м2 газрыг хуульд зааснаар эзэмшиж, үлдэх 1.122 м2 газрын дуудлага худалдааны үнэ болох 1 м2 газрыг 700 төгрөгөөр тооцож нийт *******,******* төгрөгийг төрийн санд тушаахаар харилцан тохиролцсон. Хариуцагчаас үлдэх 1,622 м2 газрын эзэмших эрхийг сэргээн эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгохоор болсон. Иймд эвлэрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. *******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 313 дугаар захирамжийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан байна.
2. Уг гэрээнд нэхэмжлэгч эзэмшиж байсан ******* газрынхаа 1000 м2 газраасаа татгалзаж төр буцаан өгөх, үлдэх 1622 м2 газрын 500 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших, үлдэх 1122 м2 газрын хувьд дуудлага худалдааны анхны үнэ болох 1 м2 –ийг 700 төгрөгөөр тооцож, нийт *******.******* төгрөгийг төрийн санд тушаахаар, хариуцагчаас иргэн *******д 500 м2 газрыг хуульд зааснаар эзэмшүүлэх бөгөөд 1122 м2 газрын дуудлага худалдааны үнийг төлсний дараагаар нийт 1622 м2 газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар сэргээн эзэмшүүлж, гэрээ байгуулан, гэрчилгээ олгох гэж тус тус тусгажээ.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т “...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
4. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх аргачлал: Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээний дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нар дараах ажиллагааг хийж, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ.
4.1. Нэхэмжлэгчийн хувьд:
4.1.1. Өөрийн эзэмшиж байсан ******* газрынхаа 1000 м2 газрыг Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар чөлөөлж, тухайн сумын Засаг даргын мэдэлд өгөх,
4.1.2. Дуудлага худалдааны анхны үнэ болох 1м2 газрыг 700 төгрөгөөр тооцож, үлдэх 1122 м2 газрын дуудлага худалдааны үнэ болох ************** төгрөгийг зохих төрийн санд тушаах,
4.2. Хариуцагчийн хувьд:
4.2.1. *******гийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2025 оны 04 дугаар сарын 07-ний өдрийн 19 дугаартай шүүгчийн захирамжийг хүчин төгөлдөр болсноос хойш *******д 1622 м2 газрыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр сэргээн эзэмшүүлж, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг олгох.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-д заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч болон хариуцагч нарын харилцан тохиролцож 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй ба шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсгийн 4-д заасан аргачлалаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг дурдсугай.
Шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА