Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 15

 

А.Жы нэхэмжлэлтэй,

хариуцагч Л.Эд холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Жы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Эд холбогдох

 

 “Зээлийн гэрээний үүрэгт 6.210.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Л.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Э, нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

Нэхэмжлэгч А.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Л.Э нь манай гэрт манай эхнэрийн төрсөн эгч болох Ж.Алтангадасын хамт ирээд ахаа дүү нь утасны бизнес хийж байгаа, орон байраа томруулах гэсэн юм аа гэж хэлэхэд би түүнд нь итгэсэн. Надаас малчны зээл аваад өгөөч гэж гуйсан. Дүү нь цаг хугацаанд нь чирэгдэл болохгүй дарна, та тэрэнд санаа зоволтгүй гээд их гуйсан. Тэгэхдээ миний бие Хаан банкнаас мал хөрөнгөө гэр орноо барьцаалж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 6.000.000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэй 24 сараар 4 хувааж төлөхөөр зээл авч өгсөн. Энэ мөнгийг Л.Эгийн данс руу бэлнээр шилжүүлж өгсөн нь үнэн.

 

 

 

 

 

 

Үүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хийгдэх эхний төлөлт буюу 1.930.000 төгрөгийг төлөх хугацаа нь болоод утсаар ярихад утсаа авахгүй байсан болохоор миний бие өөрийн эхнэр Золзаяагийн хамт Л.Эгийнд очиж зээлийн төлөлт хийхийг шаардаж нэхэл дагал болж байж эхний төлөлтийг хийсэн. Үүнээс хойш 2020 оны 01 дүгээр сарын 17-ны хийх ёстой 2 дахь төлөлтийн хугацаа болж 1.930.000 төгрөг хийхийг утсаар залгаж хэлсэн боловч хийх боломж байхгүй байна, ахаа та надад хүүтэй мөнгө олоод өгөөч дүү нь хүүтэй нь бодоод найдвартай хийнэ гэж гуйсан. Тэгэхэд нь би Л.Этай биечлэн уулзаж амлалтын бичиг хийж өгье гэхэд нь хийлгэж авсан. Тэгээд би ломбарднаас 6 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай мөнгө авч өгсөн. Хаан банкнаас авсан зээлийн 2 дахь төлөлтийг хийлгэсэн. Түүнээс хойш ломбарднаас авсан хүүтэй мөнгөний хугацаа болж Л.Э руу утсаар залгаж чиний авсан мөнгө хүүтэйгээ нийлээд 2.280.000 төгрөг болж байна гэж дуулгасан. Тэгтэл Л.Э хэлсэн амлалтаа мартаж эхнэр Золзаяагийн эгч Ж.Алтангадас энэ бүгдийг сайн мэднэ, бас Л.Э намайг болон сэтгэл санаагаар хохироож байна. Иймээс миний Хаан банкинд төлөх ёстой гурван төлөлтийн мөнгө болон ломбарднаас авсан хүүтэй мөнгийг нийлүүлж 6.210.000 төгрөгийг Л.Эгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Л.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие Лутбаатар овогтой Л.Э 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр эгчийн нөхөр Жаргалсайхан хоёроос 6.000.000 төгрөг зээлж авсан. Авахдаа боломжоороо 2 юм уу 3 хувааж өгнө л гэж үнэн хэлж гуйж авсан. Иймд надад тусалсанд нь баярласан боловч 2019 онд би жирэмсэн болж төрөхийн хүндрэлтэй 1 сарын 20-ны өдөр төрж ажил орлогогүй болсон. Нөхөр минь үе мөчний өвчтэй, ходоодны гүн архаг шархтай хөдөлмөрийн чадваргүй. Жаргалсайханд 2.000.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр өгөөд үнэнээ хэлж гуйсан. Үлдсэн 4.000.000 төгрөгийг нь боломжоороо төлнө гэж тохирсон. Одоо би 4.000.000 төгрөгийг төлөх дутуу байгаа нь үнэн. Гэтэл банкны хүү алданги хувь хүний хүү нэхэж байгаад нь гомдолтой байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хувийн өс хонзонгийн шинжтэй намайг болон гэр бүлийн дарамтанд оруулж ах дүү хамаатан саданд минь нэр төрийг гутаан доромжилж элдвээр ярьж байгаад гомдолтой байна. Л.Э миний бие 4.000.000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 2.210.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Иймд үнэн зөвөөр шийдэж нэр төр гэр бүлийг минь дарамт шахалтаас гаргаж өгнө үү. Учир нь хүргэн болон Жаргалсайхан эгч Золзаяаг зодож дарамталсан. Хулгай, хүчин, хүн зодож харгис танхай хүн гэдгээр нь нутаг ус болон ах дүү хамаатан эгч Алтангадас сайн мэднэ. Иймд би одоохондоо өрхийн амьжиргаа муу, орлогогүй байгаа тул өрхийн амьжиргаа дээшилж ажил төрлөө хийж эхэлж төлөх хүртэл боломж олгож хамгаалж өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна гэв.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Эгаас 4.257.400 /дөрвөн сая хоёр зуун тавин долоон мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.952.600 /нэг сая есөн зуун тавин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгч А.Жы урьдчилан төлсөн 114.310 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгаас 83.068 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Жд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Лутбаатар овогтой Энхнаран нь хүргэн болох А.Жы нэхэмжилж буй 4.257.400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүү болох 347.400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 80.368 төгрөг нийтдээ 427.786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 3.910.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

         Нэхэмжлэгч  А.Ж хариуцагч Л.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт -6.210.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба  хариуцагч “... нэхэмжилж байгаа  мөнгөнөөс 4 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, үлдэгдэл-2.210.000 төгрөгийг зөвшөөрөхгүй...” гэх тайлбар гаргаж, мэтгэлцжээ.

         Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Л.Эгаас зээл-4.257.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.952.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Хариуцагч Л.Э 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5.910.000 төгрөг  нэхэмжлэгчээс зээлж авсан, зээлийн төлбөрт тооцож 2.000.000 төгрөгийг буцааж төлсөн үйл баримт тогтоогджээ.

          Хариуцагч Л.Э мөнгө  зээлж авсны дараа  “...1.930.000 төгрөг зээлж авсан нийлж эргүүлээд 4 дүгээр сарын 16-нд төлнө гэж тохиролцож, хүү нь 6.0% төлнө, 3 сарын хугацаатай” гэсэн агуулга бүхий баримтыг нэхэмжлэгч А.Жд бичгээр үйлдэж өгсөн ба шүүх   хариуцагч “...хариуцагч зээлийн хүү төлөх баталгаа гаргасан нь зээлийн гэрээг бичгээр хийсэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв байна.

           Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч А.Ж хариуцагч Л.Эд 6.000.000 төгрөг зээлдүүлэхдээ 1,8 хувийн хүүтэй, 24 сараар 4 хувааж төлөхөөр эсхүл зээлийн үлдэгдэл  мөнгөнөөс сарын  6 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцсон эсэх нь тодорхойгүй  байна.

           Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Л.Эгийн төлөх ёстой зээлийн үлдэгдэл мөнгөний үнийн дүнгээс  1.930.000  төгрөгт  сарын 6 хувиар,  3  сарын хугацаатай  зээлийн хүү тооцож зээлийн хүү - 347.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулсныг буруутгах  үндэслэл байхгүй юм.

        Учир нь  хариуцагч Л.Э  “...нэхэмжлэгчээс анх зээл авахдаа хүү болон хугацааны талаар  тохиролцоогүй...” гэх тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй, энэ талаарх нолох баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2–д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.д ...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно...” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үнийн дүнгээр тооцож улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид төлнө.

        Иймд давж заалдах шатны шүүхэд хариуцагч Л.Эгийн гаргасан “...нэхэмжилж буй 4.257.400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, хүү 347.400 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 80.368 төгрөг нийтдээ 427.786 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 3.910.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэх  давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй  гэж үзлээ.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ  хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2020/01374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Эгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Л.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 13.484 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                 М.ХҮРЭЛБААТАР

                                                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ