Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2018/ШЦТ/042

 

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Ж,

            Орчуулагч Т.М,

            Улсын яллагч Б.Б,

            Хохирогч Х.Х,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,

            Шүүгдэгч И.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 000000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Н овгийн И-гийн М нь 1981 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр багт оршин суудаг, яс үндэс казах, урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар БВ00000000

 

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч И-гийн М иргэн Х.Х-гийн амьдардаг байшингийн хаалганы цоожны даруулга төмрийг эвдэн нэвтрэн орж 2 ширхэг хивс хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  1. Шүүгдэгч И.М-ыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

            Шүүгдэгч И овогтой М нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах иргэн Х.Х-гийн амьдардаг байшингийн хаалганы цоожны даруулга төмрийг эвдэн нэвтэрч 2 ширхэг хивс хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            - Хохирогч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б сумын наад талд “Алтан-Өлгий” оршуулгын газрын хойд талын гэр хороололд байдаг юм. Би өчигдөр буюу  2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд гэрт ирэхэд гэрийн хаалга онгойсон хаалганы цоож болохоор хаалганы раманд байрлах цүүнд цоожлогдсон чигтээ, даруулга төмөр нь махийсан байдА байсан. Мөн байшингийн гал тогооны талын цонхны том шил хагарсан байсан. Тэгээд гэрт орж үзэхэд орны дэргэд хананд өлгөөстэй байсан казах үндэсний хээтэй болон цэцгэн хээтэй 2 ширхэг хивс алдагдсан байхаар нь Цагдаагийн  газарт дуудлага өгсөн. ...Би И.М-д гэрээс хивс авах талаар ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

            - Гэрч З.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн үед байсан байх цагийг тодорхой мэдэхгүй байна хадмын гэрт идэш гаргахад тусалчхаад гэрт ирэхэд манайд И-гийн М согтуу, хажуудаа таксины жолооч гэж нэг хүнтэй хамт сууж байсан. Таксины жолоочийн хэлснээр “И.М таксинд аваад баахан явж 25.000 төгрөг гарсан ба танай гэрээс авч өгнө гэж дагуулаад ирлээ” гэж И.М-д таксины хөлсийг өг гээд сууж байсан. Тэгж байхад И.М гадаа гарч таксинаас казах үндэсний хээтэй улаан алаг өнгийн хивс аваад манай гэрт орж ирсэн. Би И.М-д “Наад хивс чинь ямар учиртай хивс юм бэ?, наадахаа манай гэрээс гарга” гэж хэлсэн ба нөхөр Б “Энэ хивс чинь хадаастайгаа байна шүү дээ. Хулгайн эд зүйл юм биш үү” гэж хэд хэдэн удаа гэрээс гаргаж тавихад И.М “Хулгайн хивс биш. Би хөдөөнөөс авч ирсэн” гэж манай гэрт буцааж оруулж ирсэн. Тэгээд И.М-ын явж байгаа таксины жолооч И.М-гаас мөнгө нэхээд гэрээс гарахгүй байхаар И.М-ын ээжтэй би хөдөө сууж байхад ойр дотны эгч, дүүгийн харьцаатай байсан учир нөгөө таксины жолоочид И.М-ын өмнөөс 10.000 төгрөг өгч “Та үлдсэн мөнгөө маргааш өөрөөс нь олж аваарай. Одоо та бүгд манай гэрээс явцгаа. И.М чи авч ирсэн хивсээ аваад яв” гэж хэлсэн. И.М таксины жолоочтой хамт гадаа гараад таксин дотроос дахиж нэг хивс буулгасан. Би. И.М-д “Юун баахан хивс аваад явж байгаа юм бэ наад хивсээ үлдсэн мөнгийнхөө оронд таксины жолоочоо өгөөч” гэж хэлсэн. И.М-тай хамт үл таних нэг залуу хамт яаж байсан ба таксин дотор унтаж байсан. Тэгээд уг таксины жолооч явахаар болоод И.М-тай хамт явж байсан уг залууг машинаасаа буулгаад яваад өгсөн. И.М манай гэрт орж ирээд авч явж байгаа 2 хивсээ та нар гэртээ дэвсэж аваарай гэхээр нь би үгүй бид нар авахгүй гэж уг 2 хивсийг амбаарт гаргаж хаясан. Тэгээд И.М хоол хийгээд өг гэхээр нь би хадмын гэрт идэш гаргаж тэндээс хоол цайгаа идэж уусан байгаа гэхэд И.М тэгвэл та нар манай гэрээс очиж хоол цай идээрэй гэж хэрүүл маргаан үүсгэж цайны ширээг өшиглөж, цай асгаж агсам тавьсан. Тэр үед би хадмын гэрээс хүн дагуулж ирэхээр гарч яваад хадам дүүгээ дагуулаад ирэхэд И.М манай нөхрийг буйданд хэвтүүлж аваад зодож байсан ба нөхрийн духнаас цус гарч толгой нь хагарсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдэж дуудлага өгч И.М болон хажууд нь явж байсан залуу хоёрыг бариулаад явуулсан. Манай гэрт дуудлагаар ирсэн цагдаа нарт И.М манай гэрт гаднаас ийм 2 ширхэг хивс авч ирсэн хулгайн хивс юм шиг байна аваад явах уу гэдгийг хэлсэн. И.М уг 2 ширхэг хивсийг хөдөөнөөс авч ирсэн өөрийн хивс гэж хэлсэн. Гэхдээ би И.М-ын авч ирсэн 2 ширхэг хивс хадаастайгаа явж байсан болохоор хананаас сугалж авсан хулгайн эд зүйл гэдгийг мэдэж цагдаа нарт дуудлага өгсөн. Би болохоор уг таксины жолоочийг танихгүй. Манай нөхөр Б танина гэж байх шиг байсан.” гэх мэдүүлэг /хх- ийн 26-27-р хуудас/,

            -Гэрч Х.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Т" зах дээр архи уугаад явж байгаад И.М-тай тааралдаж 2 ширхэг архи хувааж уусан шиг санагдаж байна. Бид хоёр явган алхаж нэгдсэн эмнэлгийн хажууд очсон ба И.М тэндээс нэг такси аваад гэрээс очиж 2 ширхэг хивс байгаа тэрийг авч барьцаанд тавиад архи ууя гэж хэлээд Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Б сумын наад талд байрлах айлуудын дунд нэг айлд очиж И.М машинаас ганцаараа буугаад явсан. Би нилээд согтуу байсан учир машин дотор суугаад нүдээ аниж унтаад өгсөн. Нэг мэдэхэд И.М 2 ширхэг хивс аваад машинд орж ирээд сууснаа таксины жолоочид хивснүүдийг авчих гэж байсан ба би нүдээ нээж нэг харсанаа унтаад өгсөн. Дараа нь И.М уг таксигаар нэг айлд очсон байсан. Би машин дотор унтаж байхад уг айлын эзэн болох Б гэдэг хүн намайг сэрээж гэртээ оруулсан. Би уг айлд ороход И.М хивсийг тэдний гэрт оруулж тавьсан байсан. Тэгээд Бн эхнэр И.М бид хоёрт цай хийж өгөөд сууж байхад И.М Б гэдэг хүнд салаавч гаргаж боож унагааж агсам тавьсан. Би М-ыг салгах гээд дийлээгүй. Тэгж байхад цагдаа нар ирээд И.М бид хоёрыг цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлсэн. Би И.М-ын хивс авсан айлын эзнийг танихгүй. Надад И.М хэлэхдээ гэрээс очиж 2 ширхэг хивс байгаа тэрнийг авч зараад архи ууя гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/.

                - Гэрч З.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр оройн 20 цагийн үед байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Би өөрийн гэрт сууж байхад манай гэрийн цонхыг гаднаас хэн нэгэн хүн тогшихоор нь би цонхны хөшгөө сөхөж харахад танил болох И.М байсан ба хаалгаа онгойлго гэхээр нь би хаалга онгорхой байгаа ороод ир гэсэн. Тухайн үед би архи уусан халамцуу байсан ба М архи уух уу гэж асуухад уухгүй гэж хэлсэн. Тэгэхэд М надад хандаж чи яагаад архи уухгүй гэж байгаа юм. Чи архи уудаг биз дээ гэж хэлээд «Сангийн далай» нэртэй нэг шил архи гаргаж ирээд надад хундагалж өгөхөөр нь уусан. И.М гадаа такси хүлээж байна гэсэн ба тэр үед гаднаас манай эхнэр орж ирсэн. Манай эхнэрийг орж ирэх үед М зөрөөд гадаа гарсан ба би ч гэсэн түүнтэй хамт гадаа гарсан. М-гийн  суугаад явж байгаа таксины жолооч нь миний зүс таньдаг нэрийг нь сайн мэдэхгүй байна Х билүү манай найз Клубийн хүргэн байсан юмаа. Уг таксины жолооч “Энэ хүн таксинд аваад 25,000 төгрөг гарсан. Мөнгөө өгөхгүй байна. Танай гэрээс авч өгнө гээд дагуулж ирсэн” гэхээр нь манай эхнэр таксины жолоочид 10,000 төгрөг өгсөн. И.М уг таксинд 2 ширхэг хивс ачиж аваад явж байсан ба мөн уг машин дотор үл таних нэг согтуу залуу түүнтэй хамт явж байсан. И.М нь уг 2 ширхэг хивсийг таксинаас буулгаад манайд оруулж ирсэн. Би М-гаас уг хивснүүд ямар учиртай болохыг асуухад манай гэрийн хивс байгаа юмаа танайх нэгийг нь ханандаа өлгөж, нэгийг нь дэвсэж аваарай гэсэн. М-гийн  аваад явж байсан хивснүүд нь хадаастайгаа байхаар нь хулгайн эд зүйл гэдгийг мэдэж чамаас хивс асуугаагүй наадах чинь хулгайн эд зүйл юм биш үү гэж хэлэхэд уг хивснүүдийг манай эхнэр амбаарт гаргаж хаясан. Түүнээс болж М манай эхнэртээ маргалдаад салаавч гаргасан. Тэгж байхад манай эхнэр гэрээс гараад явах үед И.М нь гараараа миний духанд цохиж намайг орон дээр унагааж аваад боож байхад эхнэр гаднаас орж ирээд салгаж авсан. Би И.М-тай хамт явж байсан залууг танихгүй. Сүүлд таксинаас буугаад М-тай хамт манай гэрт орж ирэхэд өөрийгөө А гэж танилцуулсан. Би И.М-д хивс авчирч өг гэж хэлээгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/.

            - Гэрч Ж.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2017 оны 11 дүгээр сарын 19-ний орой аймгийн Нэгдсэн эмнэлгийн таксины зогсоолд зогсож байхад 20 цагийн үед үл таних 2 залуу миний машинд ирж суусан. Уг 2 залуугаас архи үнэртэж байсан ба нэг нь шаравтар царайтай нөгөөдөх нь хар царайтай залуучууд байсан. Миний машинд суусны дараа шар царайтай залуу нь Б сумын наад талд буюу оршуулгын газрын хойд талд байрлах шинээр буусан айлуудын чиглэл рүү явна гэж хэлсэн. Тэгээд уг 2 залуу шинээр буусан айлуудад очиж нэг гудамжаар оруулж зогсоогоод шаравтар царайтай залуу нь надад та түр хүлээж байгаарай гэж хэлээд машинаас буугаад явсан. Нөгөө залуу нь болохоор машины хойд талын суудалд унтаад өгсөн байсан. Тухайн үед харанхуй болсон байсан учир уг залуу машинаас буугаад хаашаа явсныг анзаарч хараагүй. Тэгээд нэг их удалгүй хэсэг хугацааны дараа уг залуу нэг ширхэг хивс авч ирээд машинд тавьчихаад дахиж яваад дахиад нэг хивс аваад ирсэн. Би уг залуу гэрээсээ уг хивснүүдийг аваад ирж байгаа байх гэж бодсон. Тэгээд дээшээ өгсөж гүүрийн ам руу очно гэж хэлээд гүүрийн аманд очсон. Гүүрийн аманд очсны дараа шар царайтай залуу нь машинаас буугаад нэг таксины жолоочтой уулзаж буцаж ирснээ надад ах 3500 төгрөг өгч байгаач гэрт очоод таксины мөнгөтэй хамт өгнө гэхээр нь би уг залууд 3500 төгрөг өгсөн. Уг залуу надаас авсан 3500 төгрөгөөр тэр хавийн нэг дэлгүүрээс 1 ширхэг Сангийн далай нэртэй архи аваад ирсэн. Тэгээд Сагсай сум руу явдаг замын ертөнцийн зүгээр хойд зүг талын 2 дахь гудамжинд байрладаг нэг айлд очно гэж хэлээд очсон. Тэнд очоод шаравтар царайтай залуу нь машинаас буугаад явсан ба хар царайтай залуу нь машины хойд талд унтаад байж байсан. Тэгээд уг залууг 30-аад минут хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь ирж зогссон хашаанд байгаа айл руу яваад орсон. Намайг уг айлд ороход нөгөө шар залуугийн орсон гэр нь 10 жилд манай нөгөө ангид сурсан Бн гэр байсан ба Б тэр залуу хоёр түүний аваад очсон Сангийн далай нэртэй архийг уугаад сууж байсан. Би уг залууд “Чамайг гадаа машин дотор 30-аад минут хүлээлгээд хөлдөж үхлээ. Таксинд явсан хөлсний мөнгө болон надаас авсан мөнгө удаан хүлээлгэсэнтэй нийлээд 25.000 төгрөг өг би явлаа” гэж хэлсэн. Тэгэхэд уг шар царайтай залуу хэрүүл маргаан гаргах гээд байсан ба Бн эхнэр уг залуугийн өмнөөс надад 10.000 төгрөг өгсөн. Би уг залуугийн машин дотор байсан 2 хивсийг нь буулгаж, машин дотор унтаж байсан хар царайтай залууг сэрээж машинаас буулгаад яваад өгсөн. Би уг 2 залууг урьд өмнө нь харж байгаагүй танихгүй залуучууд байсан. Тухайн үед уг шаравтар залуу намайг гудамжинд зогсоож та энд хүлээж байгаарай гэж хэлээд 2 удаа явж хивснүүдийг аваад ирсэн болохоор би ямар айлд орж авсныг нь хараагүй. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан юм. Уг хоёр залуугийн хар царайтай залуу нь машины хойд талд унтаж байсан ба шаравтар царайтай залуу машинаас бууж яваад хоёр удаа явж хивснүүдийг аваад ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,

                - Шүүгдэгч И.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагийг тодорхой мэдэхгүй байна. Найз болох Х-гийн А бид хоёр нэг такси хөлсөлж аваад Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах найз болох Х-гийн гэрт очсон. Таксиг хаанаас авснаа санахгүй байна. Бид Х.Х-гийн гэрт очиход гэрт нь хүн байхгүй байсан ба гэрийн хаалга нь гаднаас цоожтой байсан. Тэгээд би гэрийнх нь гадна хаалгыг хүчтэй татаж даруулга төмрийг махийлгаж хаалгыг нь онгойлгож дотогшоо орсон. Тухайн үед Х.А машин дотор сууж байсан ба би Х.Х-гийн гэрт орж төмөр орны дээд талын хананд хадаасаар хадаж өлгөсөн байсан казах үндэсний хээтэй болон цэцгэн хээтэй улаан өнгийн хивснүүдийг хадаастай нь сугалж авч гарсан. Тэгээд уг хивснүүдийг таксинд ачиж аваад миний хуурай ах болох Бн гэрт нэг шил архи аваад очсон. Уг архийг Б, А бид гурав хувааж уусан шиг санагдаж байна. Дараа нь Х.Х-гийн гэрээс авсан 2 ширхэг хивсийг таксинаас буулгаж Бн гэрт оруулж тавьсан. Би тухайн үед нийлээд согтуу байсан учир таксины жолооч мөнгөө нэхээд байхаар нь Бн эхнэр А түүнд миний өмнөөс 10.000 төгрөг өгсөн. Дараа нь юу болсныг, хэдийд Цагдаагийн газарт ирж эрүүлжүүлэгдсэн талаар огт санахгүй байна. Х.Х-гийн байшинд Х.А бид хоёр хамт ороогүй ба би ганцаараа машинаас буугаад Х.Х-гийн гэрийн хаалгыг хүчтэй татахад цоожны даруулга төмөр махийж хаалга нь онгойсон. Би дотогшоо орж 2 ширхэг хивс авсан. Би Х.Х-гийн гэрт нэвтрэн орж хивс хулгайлсан талаар Х.А мэдээгүй ба уг асуудалд Х.А-гийн ололцоо байхгүй. Би Х.Х-гийн байшингийн цонхны шилийг хагалаагүй хаалганы цоожны даруулга төмрийг эвдэн орж хаалгаар буцаж гарсан. Би тухайн үед нийлээд согтуу байсан. Би таксины жолоочийг танихгүй хүн байсан. З.Б надад ямар нэгэн хивс захиагүй. Би Х.Х-гийн гэрээс өөр эд зүйл аваагүй. Х.Х надад хивс ав гэж зөвшөөрөл өгөөгүй. Би Х.Х-гийн гэрээс хивс хулгайлсан талаар З.Б, түүний эхнэр З.А нар мэдэхгүй. Би гэм буруугаа ухамсарлаж, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу би согтуу байсан учир ийм үйлдэл хийсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дугаар хуудас/

            - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон фото зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 07-09-р хуудас/

            - Хулгайд алдагдсан 2 хивсийг хураан авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 12-р хуудас/

            - Хулгайлагдсан 2 хивсэнд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч И.М-ын өгсөн “...Х.Х нь өнгөрсөн жил надаас 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг зээлж авсан байсан. Тэгээд тэр мөнгөө надад өгөөгүй байсан. Тэр өглөө Х.Х нь надтай архи ууж байхдаа надад “Чи надаас авах 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийн өрөөнд манай гэрт байгаа 2 хивсийг аваарай. Үлдсэнийг нь тэгж байгаад дараа нь чамд өгнө” гэж хэлсэн. Тиймээс би өрөөндөө уг 2 хивсийг авсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

            Хохирогч Х.Х-гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “И.М-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг өгөх байсан маань үнэн байсан. Гэхдээ гэрт өгчхөөр юм байхгүй байсан тул 2 ширхэг хивсийг аваарай гэж хэлсэн маань үнэн.” гэх мэдүүлэг нь дараах гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

            - Гэрч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Х овогтой Х нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хөрш айлын амбаараас худагны насос хулгайлсан гэх гомдол мэдээлэлд холбогдон шалгагдаж байсан ба уг үйлдэлд нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчлийн хэрэг нээсэн юм. Х.Х нь холбогдогчоор шалгагдах явцад дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй олдохгүй байхаар нь миний бие 2017 сны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл байнга гэр оронд нь очиж хайж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр оройн 20 цагийн үед байсан байх цагийг нь одоо сайн санахгүй байна. Ямар ч байсан харанхуй болсон байсан. Х.Х-ыг хайж Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт буюу бидний хэлж заншсанаар Алтан-Өлгий оршуулгын газрын ертөнцийн зүгээр хойд талд байрлА Хы гэрт нь очсон. Намайг Х.Х-гийн гэрт очиход түүний байшингийн гадна талын хаалга нь онгорхой, цонх нь хагарсан байдА гаднаас ажиглаж үзэхэд байшин дотор хүн байхгүй байхаар нь буцаж яваад Цагдаагийн газарт ирээд тухайн өдрийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Ш.Нын хажууд сууж байхад Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд нэг иргэнээс И-гийн М гэгч манай гэрт согтуу ирээд агсам тавьж байна. 2 ширхэг хивс аваад явж байна гэх утга бүхий дуудлага ирснийг ерөнхий жижүүр Ш.Н хүлээн авч эргүүлийн цагдаа явуулсан. Тэгээд 30-аад минутын дараа тухайн өдрийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Ш.Н-гийн хамт Х.Х-гийн гэрийнх нь хажууд дахин очиж машинаас бууж байхад Х.Х нь гэрийнхээ урд талд байрлах 2 давхар байшингаас гарч гүйж ирээд надтай уулзаж “Миний гэрт хулгайч орж 2 ширхэг хивс хулгайлсан байна. Урд талын хөрш айлын хүний гар утсаар цагдаад дуудлага өгөх гээд явж байсан. Таны ирснийг хараад гүйж ирлээ. Та намайг зөрчлийн хэрэгт хайгаад явж байгааг мэдэж байна. Би өнөөдөр гэрийнхээ дээд талд оршин суудаг нэг айлд очиж идэш гарахад туслаад дөнгөж сая гэртээ ирэхэд гэр маань иймэрхүү байдА байна” гэж хэлсэн. Би Х-д гэрээс чинь юу алдагдсан байна гэж асуухад “Хананд өлгөөстэй байсан 2 ширхэг хивс алдагдсан байна. Байшингийн цонхыг хагалж, гадна талын хаалгыг эвдэж орсон байна” гэж хэлээд уйлж байхаар нь би Х-д сая цагдаад И.М гэгч бусдын гэрт согтуу ирж агсам тавьж байна. 2 ширхэг хивс аваад явж байна гэсэн дуудлага ирж байсан. Тэр чиний хивс биш юм биз дээ гэхэд Х.Х тэгвэл И.М манай гэрт хулгайд орж миний 2 ширхэг хивсийг хулгайлсан байна. Т сумаас миний эхнэр ирэх гэж байгаа. Би эхнэртээ юу гэж хэлэх юм бэ, би И.М-ын гэрт өчигдөр очиж хоол, цай идэж уугаад явсан ба өнөөдөр уулзаагүй. И.М нь намайг гэрт байхгүй хойгуур хулгайд орсон байна. Би гомдолтой та нартай хамт очиж цагдаад гомдлоо гаргана гэж хэлэхээр нь Ш.Н бид хоёр миний машинд түүнийг суулгаж аваад Цагдаагийн газарт хүргэж өгөөд өглөө 09 цагт бэлэн байгаарай гэдгийг хэлээд яваад өгсөн. Энэ болсон асуудлыг тухайн үед надтай хамт явж байсан Ш.Н бас хэлж өгөх байх." гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас/.

            - Гэрч К.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр оройн хэдэн цаг байсныг сайн санахгүй байна ямар ч байсан гадаа харанхуй болсон байсан юм. Хөрш болох Х манай гэрийн цонхоор надаас тамхи асуухаар нь би гадаа гараад очсон. Би Х-д тамхи гаргаж өгөх үед тэр надад “Манай гэрийн хаалга цонхыг эвдэн хулгайч орж 2 ширхэг хивс аваад явсан байна. Та ямар нэгэн зүйл үзэж хараагүй юу. Та утсаа өгч байгаач цагдаад дуудлага өгөх гэсэн юм” гэхээр нь би гар утсаа гаргаж өгч байхад Х.Х-гийн гэрийн хажууд хар өнгийн суудлын тээврийн хэрэгсэл ирээд зогсохоор нь Х тийшээ гүйгээд яваад өгсөн. Миний үзэж харсан, мэдэх зүйл бол энэ." гэх мэдүүлэг /хх-ийн 113-р хуудас/.

                 - Гэрч Ш.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албаны ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байх үед ахлах хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Т надад зөрчилд холбогдон шалгагдаж байгаа Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Х овогтой Х-ыг хайгаад гэрт нь хамт яваад ирье гэсний дагуу Т-тай хамт түүний хувийн автомашинаар оройн 20 цагийн орчим байсан байх цагийг нь тодорхой санахгүй байна харанхуй болсон байсан юм Х.Х гэгчийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Б сумын наад талд оршин суудаг айлуудын дунд байдаг гэрт нь очсон. Тухайн үед Т-гийн хэлснээр тэр өдөр Х.Х-гийн гэрт нь түүнийг хайж ирэхэд гэрт нь байхгүй байна гэсэн ба түүний байшингийн хаалга нь онгорхой, цонх нь хагарсан байдА байна гэж хэлж байсан юм. Бид Х.Х-гийн гэрийнх нь хажууд очиж машинаас бууж байтал Х.Х гэрийнхээ урд талд байрлах 2 давхар байшин талаас бид нарт гүйж ирээд уулзаж “Миний гэрт хулгайч орж 2 ширхэг хивс хулгайлсан байна. Урд талын хөрш айлын хүний гар утсаар цагдаад дуудлага өгөх гээд явж байсан юм” гэж хэлсэн. Бид нар Х-д гэрээс чинь юу алдагдсан байна гэж асуухад “Хананд өлгөөстэй байсан 2 ширхэг хивс алдагдсан байна. Байшингийн цонхыг хагалж, гадна талын хаалгыг эвдэж орсон байна” гэж хэлсэн. Бид нар Х.Х-гийн гэрт очихоос өмнө Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд иргэн А-гаас “И-ын М гэгч манай гэрт согтуу ирээд агсам тавьж байна. 2 ширхэг хивс өргөсөн явж байна” гэх утга бүхий дуудлага ирсний дагуу цагдаа нарыг явуулж И.М, Х.Аманажол нарыг Цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлсэн байсан юм. Тэгээд бид Х.Х-д И.М бусдын гэрт согтуу агсам тавьж цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлсэн байгаа. И.М нь тухайн айлд очихдоо 2 ширхэг хивс аваад очсон гэсэн чиний хивс юи биш биз дээ гэхэд Х.Х тэгвэл И.М нь намайг гэрт байхгүй хойгуур манайд хулгайд орсон байна. Би гомдолтой байна та нартай хамт цагдаад очиж гомдлоо гаргах болно гэж хэлээд Цагдаагийн газарт ирж гомдол гаргасан болно." гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/.

                - Гэрч Е.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Х.Х, хажуудаа Б гэдэг залуутай хамт манай гэрт ирсэн. Тухайн өдөр би идэшэнд үхэр гаргах гэж байсан ба Х.Х, Б нар надад үхэр нядлахад тусалсан. Үхэр нядалж дууссаны дараа би Х.Х, Б нарыг гэрт оруулж хоол, цай өгөөд үхэр гаргахад тусалсанд баярласан, талархсанаа илэрхийлж тэд нарт нэг шил Сангийн далай нэртэй архи задалж хийсэн. Х.Х, Б нар уг архийг ууж дуусаад хэдэн цаг гэдгийг санахгүй байна ямар ч байсан орой манай гэрээс гараад явсан. Тухайн өдөр тэд нартай хамт И.М манайд ирээгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 116-р хуудас/.

            - Хохирогч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Б-д гаргасан хүсэлтээ хэзээ гаргасан талаар санахгүй байна. И.М надад “Чиний гэрээс 2 хивс авсны төлөө би ял авахад үнэхээрийн хэцүү байна. Чи надад тус болж өөрийн гэрээс алдагдсан хивснүүдийг надад авахыг зөвшөөрсөн. Надад өр, зээлтэй гэж прокрорт хүсэлт бичиж өгөөч” гэхээр нь би урьд өмнө хохирогчоор өгсөн мэдүүлгээс буцаж өмгөөлөгч С.А-д өөрийн эх хэл буюу казах хэлээр өөрийн гэрээс алдагдсан хивснүүдийг И.М-д авахыг зөвшөөрсөн. Би түүнд өр, зээлтэй гэх утга бүхий хүсэлтийг өгч миний хэлж ярьсан зүйлийг өмгөөлөгч С.А Монгол хэл дээр орчуулж бичиж өгснийг прокурорт өгсөн болно. Миний хүсэлтэд бичсэн зүйл бол худал болно. Би анх хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэн зөвөөр хэлж ярьж мэдүүлэг өгсөн болно.” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110-р хуудас/ зэрэг болно.

            Дээрх гэрч нарын мэдүүлэг болон хохирогч Х.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг зэргээс 2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Х.Х нь шүүгдэгч И.М-тай уулзаагүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч И.М, хохирогч Х.Х нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр уулзаж хамт архи ууж байхдаа 2 хивсийг өрөөндөө аваарай гэж хэлсэн” гэх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.   

Иймд шүүгдэгч И.М-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч И.М нь хохирогч Х.Х-гийн амьдардаг байшингийн цоожны даруулга төмрийг тахийлгаж байшинд нэвтэрч 2 ширхэг хивс авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.

Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр  зүйлчлэхээр хуульчилсан.

Шүүгдэгч И.М нь хүн байнга амьдрах орон байр буюу хохирогч Х.Х-гийн байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан байх тул шүүгдэгч И.М-ыг хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч И.М-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Хд 130.000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч И.М нь хохирогч Х.Х-гийн 2 ширхэг хивсийг хүлээлгэн өгч хохирогчийг хохиролгүй болгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хулгайлагдсан 2 хивсэнд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгч И.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч И.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. И.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.

            Иймд шүүгдэгч И.М-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч И.М-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч И.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч И.М-ын өмч нэг бүрийн үнэ 650000 төгрөгийн үнэтэй 2 адуу, нэг бүрийн үнэ 500000 төгрөгийн үнэтэй 2 үхэр битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч И.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц И.М-ын 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н овгийн И-гийн М-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч И.М-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч И.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  5. Шүүгдэгч И.М нь өмнө цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч И.М-ын өмч нэг бүрийн үнэ 650000 төгрөгийн үнэтэй 2 адуу, нэг бүрийн үнэ 500000 төгрөгийн үнэтэй 2 үхэр битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч И.М-ын 00000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.Д