| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0921/З |
| Дугаар | 128/ШШ2025/0202 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0202
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.Б******* /РД:*******/
Хариуцагч: Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хороо хоорондын 2025 оны 10 сарын 07-ны өдрийн h******* цахим хаягаас миний албан ёсны и-майл хаяг болох @yahoo.com хаягт ирүүлсэн хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан тухай шийдвэр нь эрх зүйч мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ дөрвөөс илүү жил ажиллаж байгаа миний хуульчийн шалгалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаа тул тус шийдвэрийн надад холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б*******ээс Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хороонд холбогдуулан 2025 оны 10 сарын 07-ны өдрийн h******* цахим хаягаас миний албан ёсны и-майл хаяг болох @yahoo.com хаягт ирүүлсэн Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан тухай шийдвэр нь эрх зүйч мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ дөрвөөс илүү жил ажиллаж байгаа миний хуульчийн шалгалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаа тул тус шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.
2. Хэрэгт авагдсан баримтууд:
2.1. С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №2 дугаар Ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйл, 23-р зүйлийн 23.2, 23.2,3 дахь заалт, 24-р зүйлийг үндэслэн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн М******* овогтой Б*******-ийг Санхүү, захиргаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилж шийдвэрлэсэн,
2.2. А дугаар нийгмийн даатгалын дэвтэрт С ХХК-ийн нягтлан бодогч албан тушаалд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр №1 тоот тушаалаар, санхүү-захиргаа хариуцсан менежер албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр №2 тушаалаар томилогдсоныг тэмдэглэсэн,
2.3. С ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолтоор М.Б******* нь тус байгууллагад 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Санхүү, захиргаа хариуцсан менежер албан тушаалтай ажилладаг, албан тушаалын хүрээнд байгууллагын санхүү болон захиргааг хавсарч гүйцэтгэдэг бөгөөд захиргааны хүрээнд байгууллагын бүхий л хуулийн асуудлыг хариуцан ажилладаг-ийг тодорхойлсон,
2.4. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 07 дугаар сар хүртэл ажил олгогч С******* даатгуулагчийн төлөх шимтгэлийг төлсөн,
2.5. Нэхэмжлэгч М.Б******* нь 2024 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцохоор бүртгүүлэхэд Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах комисс түүний шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл болон холбогдох баримтыг шинжлэн судлаад 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шалгалтад оролцох эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн,
2.6. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн 2024 оны 09 дүгээр сарын 25-ний өдөр Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн шалгалтын хороонд хандаж С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар тодорхойлолтыг хавсарган гомдол гаргасан,
2.7. Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо түүний гомдлыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр М.Б*******ийг шалгалтад оролцох эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
3.1. М.Билгүүнээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжлэлийн үндэслэлээ: Миний бие 2024 оны хуульчийн шалгалтад оролцохоор бүртгүүлсэн хэдий ч Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос намайг мэргэжлийн дадлагад тооцох ажил хөдөлмөр эрхлээгүй гэж үзэн шалгалтад орох эрх надад олгохоос татгалзсан /Энэхүү шийдвэр нь https://burtgel mglbar mn hоmе хаягт тухайн үед гарч ирж байсан болно/. Шийдвэрийг үл зөвшөөрч 2024 оны 09 сарын 25-ны өдөр миний бие холбогдох баримтын хамт Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороонд гомдол гаргасан. Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны бичиг хэргийн ажилтан тус гомдлыг хүлээн авч бүртгэсэн.
Би 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш С******* ХХК-ийн Санхүү, захиргаа хариуцсан менежер албан тушаалд өдийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд ажил мэргэжлийн хүрээнд тус байгууллагын бүхий л хуулийн асуудлыг хариуцан ажилдаг бөгөөд Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороонд гаргасан гомдлоо 2024 оны 09 сарын 25-ны өдөр өгөхдөө холбогдох нотлох баримт болох албан тушаалтын талаарх ажил олгогчийн тодорхойлолт албан тоотыг өгч, холбогдох ажилтанд тайлбарласан
Гэсэн хэдий ч Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос 2024 оны 10 сарын 07-н өдөр цахим хаягаар "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу таниас ирүүлсэн гомдлыг хянаж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 зүйлийн 11.1-д заасан "мэргэжлийн дадлагад тооцох ажил, албан тушаал эрхлээгүй" гэх үндэслэлээр эрх олгохоос татгалзаж шийдвэрлэлээ" гэсэн хариуг хүлээн авсан. Дээрх татгалзсан шийдвэрийн эх хувийг авах хүсэлт гаргасан, мөн утсаар холбогдсон хэдий ч эх хувийг өгөөгүй тул Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. /Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос бүртгэхээс татгалзсан шийдвэрийг нэхэмжлэлд хавсаргасан болно. Шүүхээр дамжуулан шийдвэрийн эх хувийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна./
Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос намайг бүртгэхээс татгалзсан шийдвэр нь бодит нөхцөл байдлыг судлаагүй, буруу дүгнэсэн буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлэлгүй гаргасан шийдвэр гэж үзэж байна. Учир нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуульчийн мэргэжлийн дадлагын талаар тодорхойлсон бөгөөд 11.3 дах хэсэгт "төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан" зэргийг мэргэжлийн дадлагад тооцно гэж заасан бөгөөд эрх зүйч мэргэжлээр төгсөөд байгууллагынхаа хуулийн асуудлыг 4 илүү жил хариуцан ажиллаж байгаа миний хуульчийн шалгалтад оролцох эрхийг үндэслэлгүй үгүйсгэсэн хууль бус үйлдэл юм. Иймд Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны 10 сарын 07-ны өдөр h******* цахим хаягаас ирүүлсэн хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Хууль бус болохыг тогтоолгосноор 2025 онд болох хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрхийг минь дахин дээрх үндэслэлээр үгүйсгэх боломжгүй болох юм. гэжээ.
3.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шалгалтад бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус гэж үзэж байна. Санхүү, захиргаа хариуцсан менежер гэх албан тушаалд томилсон тушаалыг бүртгэлийн системд оруулж ирүүлсэн байх бөгөөд менежерийн албан тушаал нь хуульчийн мэргэжлийн дадлагад тооцогдох албан тушаалд хамаарахгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа дурдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан нь Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт хамаарна гэж заасан. Үүнд чиг үүргийн хүрээнд зааснаас нэрийг нь нарийвчлан дурдаж өгөөгүй байна. Менежер гэх албан тушаал нь хуульчийн мэргэжилд тооцохгүй гэж үзэж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзэж байна. Эхний хариуг хүлээж аваад 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр санхүү, захиргаа хариуцсан ажил мэргэжлийн хүрээнд тухайн байгууллагын бүхий л хуулийн асуудлыг хариуцаж ажилладаг болно гэсэн байгууллагын тодорхойлолтоо хавсаргаж өгч байсан боловч гомдлыг хүлээж авахгүй, дахин татгалзсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
4.1. Хариуцагч Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга Д.А*******гаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйл /Хуульчийн шалгалтад оролцох эрх/-ийн талаар зохицуулсан бөгөөд тус зүйлийн 9.1-д "Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн хуульчийн шалгалтад орох эрхтэй" гэж, 11 дүгээр зүйл Хуульчийн мэргэжлийн дадлага/-ийн 11.1-д "Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:
11.1.1. прокурор, нотариатч, өмгөөлөгчийн туслах;
11.1.2 Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах;
11.1.3. төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан,
11.1.4. хууль зүйн сургуулийн багш, туслах багш, төрийн болон төрийн бус байгууллагын эрх зүйн судалгааны ажилтан.
11.1.5 албан тушаалын тодорхойлолтод тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсролын шаардлагад эрх зүйч мэргэжилтэй байхаар заасан шүүхийн захиргааны албан тушаал" гэж Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцогдох ажил, албан тушаалыг тодорхой зааж өгсөн.
Нэхэмжлэгч М.Б*******ий тухайд нэхэмжлэлд дурдсанчлан "С*******" ХХК-д "Санхүү, захиргаа хариуцсан менежер" гэх албан тушаалд томилсон тушаалыг бүртгэлийн системд оруулж, ирүүлсэн байх бөгөөд дээр Дурдсанчлан "менежер"-ын албан тушаал нь хуульчийн мэргэжлийн дадлагад тооцогдох албан тушаалд тооцогдохгүй тул Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасан "өргөдөл гаргагч энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй" гэх үндэслэлээр шалгалтад оролцох эрх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн болно
Жич: М.Б*******ийг 2024 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад эрх олгохоос татгалзсан Зохион байгуулалтын комиссын шийдвэр, тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны тогтоолыг тус тус хавсаргав гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчийн шалгалтыг зохион байгуулдаг. Хуульчийн шалгалтыг зохион байгуулахтай холбогдуулж жил бүр зохион байгуулалтын комисс байгуулж, тухайн комисс шалгалтын зохион байгуулалтыг хариуцаж ажилладаг. Хуульчийн шалгалтад оролцоход нэгт эрх зүйч мэргэжилтэй, бакалаврын зэрэгтэй байх. Хоёрт Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан шаардлага тавьдаг. Тухайн хоёр шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зохион байгуулалтын комисс тухайн жилийн шалгалтад орох эрх олгож, хангахгүй байгаа тохиолдолд татгалзах шийдвэр гаргадаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь хэсэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан гэж заасан. Шалгалтад оролцоход ирүүлсэн баримтаар нэхэмжлэгчийн анхны эзэмшсэн боловсролын зэрэг нь эдийн засагч мэргэжлээр төгсөөд, дараа нь С******* ХХК-д нягтлан бодогч албан тушаалд томилогдоод 2017 онд Санхүү, захиргаа хариуцсан менежерийн албан тушаалд томилогдсон. Эхэд томилогдсон албан тушаалыг харвал эдийн засагч мэргэжлээр төгсөөд, санхүүгийн албан тушаалд томилогдсон байна. Үүнээс хойш 2020 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсөж, тухайн компанидаа үргэлжлүүлэн ажилласан.
С******* ХХК-д хуулийн асуудал хариуцсан албан тушаалд ажил хөдөлмөр эрхэлсний хувьд энэ талаар нотлоогүй. Нийгмийн даатгалын дэвтрийг, ажил олгогчийн тодорхойлолт, ажилд томилсон тушаал зэргийг харахад нэхэмжлэгч санхүү, захиргаа хариуцсан менежерийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа гэдэг нь нотлогддог. Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт хэсэгт Шалгалтад оролцогч нь мэргэжлийн дадлага хийснийг нотлох үүргийг хүлээнэ гэж заасан.
Мэргэжлийн дадлага хийснийг нотлох үүргийг хүлээхдээ ямар ямар баримт ирүүлэхийг Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан. Нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтуудыг харахад нэхэмжлэгч нь санхүү, захиргаа хариуцсан менежерийн албан үүргийг гүйцэтгэдэг гэж харагддаг. Тухайн байгууллагын хуулийн асуудал хариуцдаг албан тушаалтай бол тэр талаарх нотлох баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Нягтлан бодогчоор томилогдсон тушаал, санхүү менежерийн албанд томилогдсон тушаал, тухайн байгууллагын даргын тодорхойлолтыг ирүүлсэн. Тухайн даргын тодорхойлолтод санхүүг хариуцдаг, байгууллага учраас хуулийн асуудлыг хариуцдаг гэх агуулгатай байдаг. Магадгүй ажлын байрны тодорхойлолт дотор нь хуулийн асуудал гэдэг чиг үүрэг байсан бол түүнийг үндэслээд зохион байгуулалтын комисс нэхэмжлэгчийг бүртгүүлэх шийдвэр гаргах боломжтой эсэхийг үгүйсгэхгүй. Гэтэл нэхэмжлэгч хуулийн асуудал хариуцан ажилладаг талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
Тиймээс зохион байгуулалтын комисс өөрийн эрх хэмжээний хүрээнд дадлагад тооцох ажил эрхлээгүй гэж үзэж шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд гомдол гаргасан. Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос нэхэмжлэгчийн ирүүлсэн баримтуудыг шалгаад, хуулийн асуудал хариуцсан гэдэг нь нотлогдоогүй учраас татгалзсан шийдвэр гаргасан. Хариуцагчийн гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үнэлээд, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч М.Б******* тус шүүхэд хандаж Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны хурлын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 24 дүгээр шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-д миний эрхэлж байсан ажил, албан тушаал хамаарна, ажилд томилсон тушаалд заавал хуульч гэсэн үг байх ёстой гэх нь хууль бус, хэдийгээр менежер гэх албан тушаалд томилогдсон хэдий ч тухайн байгууллагынхаа хуулийн асуудлыг бүхэлд нь хариуцдаг байсан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...ирүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь эдийн засагч мэргэжлээр төгсөж санхүү, захиргаа хариуцсан менежерийн албан тушаалд томилогдсон, С******* ХХК-д хуулийн асуудал хариуцаж байсан гэдгээ нотлоогүй... гэж тайлбарлан маргаж байна.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн Монгол Улсын иргэн...хуульчийн шалгалтад орох эрхтэй гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна, 11.1.3-д төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хуулийн зөвлөх, хуулийн асуудал хариуцсан ажилтан гэж, 11.3-д Энэ хуулийн 11.2-т заасан мэргэжлийн дадлагад тооцох болон гадаад улсад мэргэжлийн дадлага хийх журмыг Хуульчдын холбоо батална гэж тус тус заасан.
Түүнчлэн дээрхи хуулийг үндэслэн Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн хурлын 13 дугаар тогтоолоор батлагдсан Хуульчийн мэргэжлийн дадлагад тооцох журам-ын 2.1 дүгээр зүйлийн 1-д Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөнөөс хойш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан ажил, албан тушаалд томилогдон хоёроос доошгүй жил ажилласан бол мэргэжлийн дадлагад тооцно., 2- д Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил, албан тушаал эрхэлсэн хугацааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоног, сар, жилээр тоолно., 3.1 дүгээр зүйлийн 1-д Шалгалтад оролцогч нь мэргэжлийн дадлага хийснийг нотлох үүргийг хүлээнэ., 2-д Шалгалтад оролцогч Шалгалтын зохион байгуулалтын комисст энэ журмын 3.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан материалыг шаардсан хугацаанд гаргаж өгнө., 3.2 дугаар зүйлийн 1-д Энэ журмын 2 дугаар бүлэгт заасан мэргэжлийн дадлага хийснийг тооцуулахад дараахь баримт бичгийг бүрдүүлж, Хуульчдын холбооны шалгалтын асуудал эрхэлсэн хороонд шаардсан хугацаанд гаргана:, 1.1-д Хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон бусад гэрээ; 1.2. Бүрэн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтэр;, 1.3-д Хөдөлмөрийн харилцааг эхлүүлсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон тухай ажил олгогчийн тушаал;, 1.4. Ажил олгогчийн тодорхойлолт болон ажлын байрны тодорхойлолт гэж тус тус нарийвчлан зохицуулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл С ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалаар нэхэмжлэгч М.Б*******ийг Санхүү, захиргаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон, нэхэмжлэгчийн А дугаар нийгмийн даатгалын дэвтэрт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 тоот тушаалаар нягтлан бодогч албан тушаалд, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар санхүү, захиргаа хариуцсан менежерээр тус тус томилогдон ажилласан гэж тэмдэглэсэн, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Түүнчлэн С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М*******аас Хуульчийн мэргэжлийн шалгалтын хороонд гаргасан, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 37 дугаар Тодорхойлолт-оор нэхэмжлэгч М.Б*******ийг ...2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Санхүү, захиргаа хариуцсан менежер албан тушаалтай ажиллаж байгааг, мөн уг албан тушаалын хүрээнд байгууллагын санхүү болон захиргааг хавсарч гүйцэтгэдэг, захиргааны хүрээнд байгууллагын бүхий л хуулийн асуудлыг хариуцан ажилладаг болохыг тодорхойлсон байна.
Дээр дурдсан хууль, журмын заалтуудаас үзвэл нэхэмжлэгч М.Б******* нь хариуцагч захиргааны байгууллагаас шийдвэр гаргахад шаардлагатай, журамд тухайлан заасан баримт бичгийг бүрэн гүйцэд гаргаж өгөөгүйгээс түүнийг хуульчийн мэргэжлийн шалгалтанд оруулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ...захиргааны асуудал дотор тус компанийн хуулийн асуудал бүхэлдээ багтдаг, үүнийг би хариуцдаг гэж тайлбарлаж байх боловч энэ талаархи нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, шалгалтад оролцогчийн хувьд мэргэжлийн дадлага хийснийг нотлох үүргийг хэрэгжүүлээгүй, тухайлбал ажил олгогч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолтоос гадна хуульчийн хувьд гүйцэтгэж байсан ажлын байрны тодорхойлолтыг ирүүлээгүй нөхцөлд хариуцагчийн татгалзсан шийдвэрийг буруутгах хууль зүйн боломжгүй.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11.1.3-д заасан мэргэжлийн дадлагад тооцох ажил, албан тушаалыг эрхэлдэг болох нь нотлогдоогүй гэж дүгнэн М.Б*******ийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-д зааснаар ...хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан нь буруу биш.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж заасан ба хариуцагчийн гаргасан шийдвэр нь хуулиар тогтоосон тус байгууллагын чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэгч М.Б*******ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.3, 12 дугаар зүйлийн 12.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Б*******ээс гаргасан 2025 оны 10 сарын 07-ны өдрийн h******* цахим хаягаас миний албан ёсны и-майл хаяг болох @yahoo.com хаягт ирүүлсэн Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооноос хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцох эрх олгохоос татгалзсан тухай шийдвэр нь эрх зүйн мэргэжлээр төгсөж мэргэжлээрээ дөрвөөс илүү жил ажиллаж байгаа миний хуульчийн шалгалтад оролцох эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгаа тул тус шийдвэрийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.