Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1117

 

 

 

 

 

 

  2023             11            21                                       2023/ДШМ/1117

 

 

                                                                      Б.Ч-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.М,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Б.Э,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Ч-т холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр .................дүүргийн ........... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................... дугаар гудамжны .................... тоотод тухайн үед болсон таарамжгүй харьцааны улмаас болж хохирогч Т.С-тай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, сэмж гэмтээсэн шархууд, хэвлийн хөндийд цус хуралдалт, баруун тохойн зүсэгдэж, хатгагдсан шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Ч-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-т 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ч-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож /900.000:15.000/, 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч-оос 1.310.450 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С-д олгож, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Б.Ч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ч нь хийсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Өмгөөлөгчөөс гаргаж өгч буй баримтыг харгалзаж үзээд миний ялыг багасгаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.М тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага оногдуулах зорилгыг заахдаа тухайн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэж дурдсан байдаг. Мөн шүүгдэгчид анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч Б.Э-ийн гаргаж өгсөн хохирол төлсөн гэх баримтыг хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлын 1.310.450 төгрөгийг төлсөн эсэх нь тодорхойгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ....................... дүүргийн .................... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. дугаар гудамжны ............. тоотод тухайн үед болсон таарамжгүй харьцааны улмаас болж хохирогч Т.С-тай маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, сэмж гэмтээсэн шархууд, хэвлийн хөндийд цус хуралдалт, баруун тохойн зүсэгдэж, хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.С-ийн “...Б.Ч миний гэдэс рүү цохих шиг болсон чинь гэдэснээс цус гарсан. Б.Ч миний гэдэс рүү хутгалсан гэдгийг дүүгээсээ болон хамтран амьдрагч Ч.А-аас сонссон. Хохирлоо нэхэмжилж байна. Өөр гомдол санал байхгүй. Би баримтаар 1.318.500 төгрөг, баримтгүй 320.600 төгрөг нэхэмжилж байна. ...” /хх 33-34, 37/,

гэрч Ж.А-ийн “...би ямар дугаар дээр байгаа юм гэж асууж түүнээс ............. дугаарыг аваад залгасан. Утсаар ярихад “манай дүү уйлаад, юу яриад байгаа нь ойлгогдохгүй байгаад байсан” би ямартай ч түүнийг шууд цагдаагийн газарт очиж хэргээ хүлээх хэрэгтэй, хариуцлагаа хүлээ, зугтаж явж болохгүй шүү” гэж хэлтэл манай дүү за би тэгвэл өөрөө цагдаагийн байгууллага руу очлоо, ойлголоо гэж хэлээд, бид хоёр юу болсон юм, яасан юм бэ, яагаад хүн хутгалчихваа гэж лавлаж асуутал манай дүү “Т.С согтуу эхийг зодоод байсан юм. Тэгэхээр нь би болиулсан чинь над руу дайрахаар нь хутга аваад хутгалчихсан” гэж хэлсэн. ...” /хх 43/,

гэрч Ч.А-ын “...Т.С, Б.Ч-т гаргасан уураа надад гаргаж, миний зүүн талын шанаа руу нэг удаа алгадаж, мөн зүүн хөл хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б.Ч уурлаад намайг өмөөрч Т.С-ийн гэдэс рүү нэг юмаар зүсээд хатгасан. Тэр үед Б.Ч гараад явчихсан, би Т.С руу харсан чинь Т.С-ийн гэдэснээс цус гараад байхаар нь би Т.С-ийн эхийн гар утсаар түргэн тусламж дуудсан. ...” /хх 49-50/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банкны ............................ дугаар дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 39-40/,

яллагдагч Б.Ч-ийн “...Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Т.С бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэр үед би ээжтэй юм яриад байж байхад дундуур Т.С орж ирээд юунаас болж намайг цохисон талаар мэдэхгүй шууд намайг Т.С нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед зөрүүлээд Т.С-ийн нүүр рүү нэг удаа гараараа цохиод бид хоёр ноцолдож байгаад салсан. Ингээд би орон дээр сууж байх үед Т.С манай эхийн нүүр рүү алгадаад хөл рүү нь өшиглөсөн. Тэр үед миний уур хүрээд хутга шүүгээнээс аваад Т.С-ийн гэдэс хэсэгт 4 удаа хутгалж гэмтээсэн. Тэгээд би айсандаа гараад зугтаагаад Яармаг руу эгчийнх рүүгээ явсан. ...” /хх 53-54, 167-168/ гэх мэдүүлгүүд,

 “...Т.С-ийн биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, сэмж гэмтээсэн шархнууд, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун тохойн зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн 5 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх хэвлийн хөндийд нэвтэрсэн 4 шарх нь ШЭГЗТЖ-ын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн “хүнд”, баруун тохойн зүсэгдэж хатгагдсан шарх нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт тус тус хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх 56-57/,

“...Цэнхэр өнгийн жинсэн өмд, цагаан өнгийн даавуу дээр хүний цус илэрсэн. Уг цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2880 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 62-64/,

“...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн даавуу, цэнхэр өнгийн жинсэн өмд гэмтэлгүй байна. ...” гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2489 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 65-68/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-17/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 18-19/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21/, Б.Ч-ийн арилжааны банкнуудын дансны хуулга /хх 76-91/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Ч-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Т.С-ийн хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс, чацархай, сэмж гэмтээсэн шархнууд, хэвлийн хөндийн цус хуралдалт, баруун тохойн зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл учирч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь шүүгдэгч Б.Ч-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.

Шүүх, шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Ч-т өмнөх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож /900.000:15.000/, 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 5 /тав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Э “...Шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг тэнсэх, ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар шүүгдэгч Б.Ч-ийн эхийг зодсон зэрэг хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн байх боловч шүүгдэгч Б.Ч-ийн хохирогч Т.С-ийн халдашгүй байх эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж, хүнд гэмтэл учруулсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй, харин энэ нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.С нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг эрх бүхий албан тушаалтан драгер багажаар шалгахад 1.65 байсан ба хохирогчийн гаргасан “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн бичгээр гаргасан хүсэлтийг давж заалдах шатны шүүх үнэлж  шүүгдэгч Б.Ч-ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Ч-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...”-аар заасны дагуу 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч Б.Ч-ийн өмнөх шийтгэх тогтоолоор 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцлоо.

Харин шийтгэх тогтоолын шүүгдэгчийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгчийн төрсөн огноог буруу бичсэн техникийн шинжтэй алдааг “2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр” болгон зөвтгөв.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Б.Э-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1199 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/1199 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

            2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-т 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ч-т 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй...” гэж,

            3 дахь заалтын “...нийт эдлэх ялын хэмжээг 5 /тав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай...” гэснийг “...нийт эдлэх ялын хэмжээг 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Т.С-д 1.310.450 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ