| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0029/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/032 |
| Огноо | 2018-02-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2018/ШЦТ/032
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Д даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Жанерке,
Орчуулагч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
Гэрч Б.З, Х.Б, А.А, Х.С, Н.А,
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1713000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, У овгийн Ц-гийн Н, 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Ө сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, ах, 2 дүүгийн хамт амьдардаг урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БК00000000.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц-гийн Н нь 2017 оны 10 сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах иргэн У.С-гийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж нийт 901500 төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн 2017 оны 10 сарын 22-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байдаг иргэн Р.У-гийн хашаан дахь контейнерээс үргэлжилсэн үйлдлээр 18200 ширхэг буюу нийт 1.820.000 төгрөгийн үнэ бүхий дэвтрийг агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж, тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргүүдийг тус тус үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц-гийн Н нь 2017 оны 10 сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах иргэн У.С-гийн байшингийн цонхоор нэвтэрч нийт 901500 /есөн зуун нэг мянга таван зуу/ төгрөгийн эд зүйл хулгайлсан, мөн 2017 оны 10 сарын 22-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байдаг иргэн Р.У-гийн хашаан дахь контейнерээс 18200 /арван найман мянга хоёр зуу/ ширхэг буюу нийт 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий дэвтрийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Нэг. Ц-гийн Н нь 2017 оны 10 сарын эхээр Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах иргэн У.С-гийн байшингийн цонхоор нэвтэрч нийт 901500 /есөн зуун нэг мянга таван зуу/ төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдлийн нотлогдох байдал нь:
1. Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт байрлах иргэн У.С-гийн өвлийн байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 15-18-р хуудас/,
2. Хохирогч У.С-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " ...Манайх Б сумын 3 дугаар багт байрлах өвлийн байшингаасаа нүүж, байшингаа эзэнгүй цоожилж үлдээгээд Өлгий сумын 3 дугаар багт нүүж очсон юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр манай аав болох У нь манай байшинд гэрийн зуух авахаар эхнэрээс байшингийн түлхүүр аваад очсон байна. Энэ үед байшингийн зүүн талын 5 нүдтэй цонхны доод талын 3 нүдний голын цонх нь хагарсан байдалтай байсан байна. ...Байшинд байсан эд зүйлээ бүртгэхэд аавын хар өнгийн булган малгай 1 ширхэг, улаан алаг өнгийн казах хээтэй 1:1.80 метрийн харьцаатай аварч 2 ширхэг, улаан алаг өнгийн казах хээтэй голдоо хоёр цагаан өнгийн хос хунгийн зурагтай 1:1.80 метрийн харьцаатай аравч 1 ширхэг, буйдан дээр байсан хөх алаг болон улаан өнгийн хээтэй 1:1.50 харьцаатай 2 ширхэг хятад хивс, төмөр оронд өлгөдөг, шүрэн хэлхээтэй чимэглэлтэй, шар шувууны өдтэй гар хийцийн ягаан өнгийн хээтэй хос хөшиг 1 ширхэг, хурдан морины алтан медаль 2 ширхэг, мөнгөн медаль 4 ширхэг, хүрэл медаль 2 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байна. ...Надад 901500 төгрөгийн хохирол учирсан байна. Би малгай аравч хоёроо эргүүлж аваагүй. ...Би булган малгай, 2 аравчний үнэ болох 850000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд надад учирсан хохирлыг төлж өгсөн болно." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-34-р хуудас/,
3. Гэрч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 10-ны үе байсан болов уу манай эмгэн Х.К контейнерт байхад жижиг биетэй бор царайтай туранхай 18-20 орчим насны залуу 2 метрийн аравч авч ирэхэд Күлзига 25000 төгрөгөөр худалдаж авсан байна. Үдээс хойш нөгөө залуу дахин 2 метрийн аравч авч ирэхэд би албан ёсоор “Чи наадахаа хаанаас авч байгаа хулгайн эд зүйл биш биз” гэж асуухад хулгайн зүйл биш би Өлгий суманд амьдардаг гэрээс авч ирлээ. Мөнгөний хэрэгцээ гарч байна гэхээр нь 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Авсан 2 аравч шинэ аравч байсан. ...Сүүлд нөгөө залууг цагдаа дагуулж ирэхэд хулгайн аравч гэдгийг мэдсэн." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-р хуудас/,
4. Гэрч О.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орой байшингаас юм авдаг болоод түлхүүрийг авахуулж байшинд орсон чинь цонх амбаарын цонх нь хагарчихсан байхаар нь бэр лүү залгаж танайд хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...Байшин монгол цоожтой байсан ба цоожийг онгойлгоход байшин онгойхгүй дотор талаас нь цоожилсон байхаар нь бэр лүү залгаж дотор талаас цоожилчихсон байгаа юм уу гэж асуусан. Бэр үгүй гэж хэлэхээр нь дотор цонхоор нь орж хаалганы түгжээг тайлж байшингийн дотор орсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-р хуудас/,
5. Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын эхээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна. Өлгий сумын 4 дүгээр багт хөлсөлж сууж байсан байрнаасаа 21 цаг 30 минутын үед гараад Б сумын 3 дугаар багт урьд нь эзэнгүй гэдгийг нь мэддэг байсан байшинд очиж наран талдаа байгаа цонхонд очиход цонхны дундах нүд нь шилгүй хөшиг татсан байхаар нь хөшгийг аваад тэр цонхоор орж гэрээс нь гялгар уутанд байсан булган малгай, 2 ширхэг аравч, туузанд зүүсэн хурдан морины медаль, хятад хивс 2 ширхэг, шаазан аяга 6 ширхэг, сэнжтэй стакан 3 ширхэг, ханын цаг, ширээний цаг, зургийн аппарат, жүүсний сав, цонхны хөшиг зэрэг зүйлүүдийг авч тэндээс ногоон үүргэвч олж аваад тэнд хийж аваад байшингаас гарч замд эзэнгүй байшингийн буланд булган малгайг хүн мэдэхгүй байх дараа ирж авья гээд булган малгайг тавиад бусад зүйлсийг аваад хөлсөлж сууж байсан байрандаа ирсэн." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-р хуудас, 2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/.
7. Шүүгдэгч Ц.Н-гээс хохирогч У.С-гийн гэрээс хулгайлан авсан зарим эд зүйлүүдийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 140-142- р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
Хоёр. 2017 оны 10 сарын 22-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баян-Өлгий аймгийн Ө сумын 5 дугаар багт байдаг иргэн Р.У-гийн хашаан дахь контейнерээс үргэлжилсэн үйлдлээр 18200 /арван найман мянга хоёр зуу/ ширхэг буюу нийт 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий дэвтрийг хулгайлсан үйлдлийн нотлогдох байдал нь:
1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байдаг иргэн Р.У-гийн хашаан дахь дэвтэр байсан гэх контейнерт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 19-22-р хуудас/,
2. Хохирогч Р.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Миний бие контейнерт хулгай орсны дараа контейнерт байх ёстой 48 буюу 1 хайрцагт 400 ширхэг нийт 19200 ширхэг дэвтрээс контейнерт үлдсэн 1000 ширхэг дэвтрийг хасаад тооцоог гаргахад нийт 18200 ширхэг дэвтэр алга болсон байсан. Нийт 18200 ширхэг дэвтрийг хулгайлсан гэж тооцож байгаа бөгөөд уг дэвтрээс сая 2940 ширхэг дэвтрийг нэг бүрчлэн хүлээж авсан. Одоо 15260 ширхэг дэвтэр аваагүй үлдсэн. ...Би нэг дэврийг 100 төгрөгөөр тооцож хохирлыг нэхэмжилсэн бөгөөд надад учирсан 1526000 төгрөгийн хохирлыг Ц.Н-гийн ах С гэгч залуу бүрэн төлж өгч намайг хохиролгүй болгож барагдуулсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-26, 28-р хуудас/,
3. Гэрч Б.З-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд Ц.Н гэгч миний "Тоуоta ist” маркийн цагаан өнгийн тухайн үед 3067 дугаартай байсан тээврийн хэрэгслийг хөлслөн авч дэвтэр зарж байсан. Дэвтрийг Ө сумын 5 дугаар багт байгаа нэг айлын хашаанд байдаг контейнерээс авч байсан. Уг контейнерийг өөрийнхөө ахын контейнер би зарагдаагүй олон жил болж дарагдсан дэвтрүүдийг хямд зарж байгаа гэж хэлсэн. Би дэвтрийг хулгайлж зарж байгаа болохыг огт мэдээгүй. Тэр дэвтрийг дандаа өдрийн цагаар очиж авдаг байсан болохоор ямар нэгэн зүйл бодож сэжиглээгүй. Ах дам захын зогсоолд байнга зогсож таксинд гардаг ба Ц.Н надад өөрөө хүрч ирээд таксинд явъя гэж дагуулж авдаг. ...Миний бие хашаанд байсан контейнерээс 3 удаа очиж дэвтэр авсан. Н хашаанд очоод контейнерийн хаалгыг зүгээр татаж онгойлгоод дэвтрийг авдаг байсан. Анх хэрхэн яаж онгойлгосон болохыг би мэдэхгүй.“ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42, 215-р хуудас, 2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/,
4. Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 20-ны үед манай залуу З над руу яриад “Та гүүрийн тэнд хүрээд ир” гэхээр нь би гүүрийн хажууд явж нэг дэлгүүрийн хажууд машинтайгаа зогсож байсан. З надад “Би харьлаа. Өвлийн бэлтгэлээ хийх ёстой. Энэ залууг машиндаа суулгаад таксинд аваад явчих” гэж хэлсэн. Зтэй хамт 20 орчим насны нэг залуу машинд нь сууж байсан. Тэр залуу машинд Зийн машинаас хайрцаггүй баахан дэвтэр ачаад миний машинаар С сум явах зам дагуу байдаг 3 дэлгүүрт зогссон. Тэр залуу дэлгүүрт орж уулзсан. Тэгээд миний машинд ачиж явсан дэвтрүүдийг дэлгүүрүүдэд өгсөн. Яг хэдэн дэвтэр байсныг мэдээгүй. Тэр залуу дахиад Өлгий сумын 5 дугаар багт байрлах "Толхын" дэлгүүрийн замын эсрэг талд байдаг цэнхэр өнгийн хаалгатай хашаа руу орж 2 хайрцаг дэвтэр авч гарч ирээд дахиад явж Өлгий сумын 3 дугаар багт байдаг бага сургуулийн тийшээ байдаг 2 давхар палкаар барьсан дэлгүүр дээр зогсож тэр дэлгүүрүүдэд 2 хайрцаг дэвтрээ оруулж өгчхөөд гүүрийн наад талд байдаг “ Топ” дэлгүүр дээр надад 13.000 /арван гурван мянга/ төгрөг өгчхөөд буугаад үлдсэн." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас, 2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/,
5. Гэрч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Нийг гаднаас нь харж байсан сайн танихгүй. Нэг удаа миний "Toyota ist” маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг таксинд авч Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах нэг айлын хашааны гадаа очиж дэвтэр ачиж Домбортой хөшөөнд байсан нэг таксинд хүргэж шилжүүлж ачсан. Н уг дэвтрийг хашаанд орж авч ирсэн. Би хашаанд ороогүй. Би дэвтрийг хулгайлсан болохыг мэдээгүй." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-р хуудас, 2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/,
6. Гэрч Х.С-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 22-26-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна өөрийн "Toyota prius" маркийн 0000БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси хийж явж байхад дээрх Н гэгч залуу ирж ахаа Т сум руу дэвтэр хүргэж ирэх гэсэн гэхээр нь би хөлсөнд хэдийг өгөх вэ 50.000 төгрөг өгөх үү гэхэд өгье гэснээр бид хоёр хоорондоо тохирсон. Намайг “Ах дам” зах гүүр лүү явах замд байдаг нэг айлын хашаанд дагуулж орж хашаанд байсан контейнерээс 3 хайрцаг дэвтэр авч миний машины багажинд ачсан. Уг дэвтрийг Т суманд авч очиж сургуулийн хашаанд аваачиж нэг ширхгийг 100 төгрөгөөр үнэлж худалдан 2-3 цагийн хооронд сургуулийн сурагч болон иргэд худалдаж аваад дуусгасан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 220-р хуудас, 2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/,
7. Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: "...Миний бие 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 28-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багт байрлах У гэгчийн гэрийн хашаанд байрлах контейнерээс 5-6 удаа очиж нийт 12 боодол дэвтэр хулгайлсан минь үнэн. Уг дэвтрийг миний бие Өлгий сумын төвийн дэлгүүрүүдэд мөн Б, Т, С сумын төвд байдаг дэлгүүрүүдэд 1 ширхгийг 100 төгрөгөөр үнэлж худалдсан. ...Б болон хүүхэд нь намайг дэвтэр хулгайлж худалдсан болохыг огт мэдээгүй. ...Контейнер миний ахынх, дэвтэр миний дэвтэр олон жил болсон дэвтэр хямд худалдаж байна гэж хэлсэн. Дэвтрийг би өдрийн цагаар очиж авдаг байсан. Би З болон түүний аавын машиныг хөлсөлж аваад дэвтрүүдийг зардаг байсан. Т суманд нэг удаа Приус маркийн шаргал өнгийн машинаар очсон. Тэр машины жолоочийг танихгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 111-112-р хуудас, 2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/,
8. Шүүгдэгч Ц.Н-гээс дэвтэр худалдаж авсан гэх гэрч Ө.А, Е.Ж, М.Ж, А.Б, А.Е, Д.Г, Х.М, К.Х, П.Х, А.Т, С.Х, С.Д, С.М, С.Д, С.Ө, М.Х, Т.С, Ш.Е, О.Х, О.Д, М.А, О.С, Ж.М, К.К, Б.Б, М.Ө, З.Р, К.Ө, М.Г, А.Р, Х.Х, М.М, М.Т нарын мэдүүлэг /1-р хх-ийн 45-95-р хуудас/,
9. Шүүгдэгч Ц.Н-гийн хулгайлж зарсан дэвтрүүдийг байгаа газраас нь эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, фото зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 163-202-р хуудас/,
11. Хураан авсан дэвтрүүдэд үзлэг хийж, хохирогч Р.У-д 2940 ширхэг дэвтрийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 8 ширхэг дэвтрийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан тогтоол /1-р хх-ийн 203-204-р хуудас/ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Ц.Н нь хохирогч У.С-гийн амьдардаг байшингийн цонхоор нэвтэрч, хохирогч Р.У-гийн хашаанд байрлах тусгайлан хамгаалсан контейнерийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр хуульчилсан.
Шүүгдэгч Ц.Н нь хүн байнга амьдрах орон байр буюу хохирогч У.С-гийн байшинд нэвтэрч, тусгайлан хамгаалсан агуулах буюу хохирогч Р.У-гийн хашаанд байрлах контейнерийн цоожийг эвдэн нэвтэрч эд зүйлүүд хулгайлсан байх тул шүүгдэгч Ц.Н-ыг хулгайлах гэмт хэргийг “Хүн байнга амьдрах орон байран, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ц.Н нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч У.С-д 901500 /есөн зуун нэг мянга таван зуу/ төгрөгийн, хохирогч Р.У-д 1.820.000 /нэг сая найман зуун хорин мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Н нь хохирогч У.С, Р.У нарт учирсан хохирлыг бүрэн төлж хохирогч нарыг хохиролгүй болгосон болох нь эд зүйл хүлээлгэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд болон хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос Ц.Н-ыг хохирогч Р.У-гийн хашаан дахь контейнерээс дэвтэр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгсдөг. Ц.Н нь ганцаараа уг контейнерээс дэвтрийг хулгайлж гаргаснаар уг гэмт хэрэг төгссөн бөгөөд гэрч Б.З, Х.Б, А.А, Х.С нарын мэдүүлгээс Ц.Н-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг огт мэдээгүй болох нь тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэсгүй байна. Иймд шүүгдэгч Ц.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзав. Ц.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ц.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ 20 нас 3 сартай байсан хэдий ч одоо Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид сурдаг болох нь тус сургуулийн сургалтын менежер А.Ж болон анги удирдсан багшийн тодорхойлолт, сурагчийн дүнгийн хүснэгт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан 0000000 дугаартай Ц-гийн Нийн сурагчийн хувийн хэргийн хуулбар /нотариатаар батлуулсан/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Н-д шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн Ц.Н-д оногдуулах хорих ялыг түүнийг 21 нас хүртэл сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад, 21 наснаас хойш үлдсэн хорих ялыг насанд хүрэгчдийн нээлттэй хорих байгууллагад шилжүүлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Н нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогоосоо 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр иргэн Т.Н-гаас 00-00БӨЗ улсын дугаартай, Мустанг-150 маркийн мотоциклыг худалдан авсан болох нь мөрдөн байцаалтын шатанд Т.Н-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Н-ын өөрийн мэдүүлэг болон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах №000 дугаартай гэрээ /нотариатаар батлуулсан/ зэргээр тус тус тогтоогдож байна. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 00-00БӨЗ улсын дугаартай, Мустанг-150 маркийн мотоциклыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Н-гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн ноосон цамцыг шүүгдэгч Ц.Н-д өөрт нь буцаан олгож, нокиа 2505 маркийн эвдэрхий, хойд таггүй гар утас, 8 ширхэг дэвтэр зэргийг устгаж,
Шүүгдэгч Ц.Н-гийн өмч, самсунг маркийн хар цаарал өнгийн зурагт, хуучин гал тогооны 2 хаалгатай хуучин хөргөгч, төмөр ор, жижиг хөлдөөгч, Б.З-гийн өмч Toyota ist маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, А.А-ын өмч Toyota ist маркийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Х.С-ын өмч Toyota prius маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Н.А-ын өмч Toyota platz маркийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг тус тус битүүмжилсэн тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт прокуророос гаргасан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах 328 дугаартай 2 хуудас гэрээ, шүүгдэгч Ц.Н-гийн иргэний үнэмлэхний лавлагаа 1 хуудас болон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-гийн гаргасан шүүгдэгч Ц.Н-гийн № 0000000 дугаартай 14 хуудас бүхий сурагчийн хувийн хэргийн хуулбар зэргийг хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ц.Н-гийн 0000000 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, 00000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.Д