| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2025/0150/З |
| Дугаар | 128/ШШ2025/0245 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 128/ШШ2025/0245
2025 04 08 128/ШШ2025/02*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.,
Хариуцагч: Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э.,
Прокурорын дүгнэлт: Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Хэргийн үйл баримтын тухай:
1.1. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д. хяналт шалгалт хийж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаартай шийтгэлийн хуудсаар Б.-, Б. нарын үйлдсэн Хан Хэнтий дархан цаазат газар нутагт хамаарах шарлан голын /Өндөр эрэг/ гэх газарт гол дээр загас барих зорилгоор мөс цоолсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгуулийг тус тус төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
1.2. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.ээс улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
2.1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н. шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н. шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ... Б.-, Б. нар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр загас барих зорилгоор постгүй газраар, зөвшөөрөлгүй *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр дархан цаазат, улсын тусгай хамгаалалттай газарт нэвтэрч, улмаар хөлдсөн ******* аймгийн ******* сумын эх болох ******* голын хэсэг газрыг өрөмдсөн гэх мэдээллийг хяналт шалгалт хийх явцад илрүүлэн хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэжээ.
Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий ******* аймгийн ******* хүдэр сумдын зарим хэсгийг Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамруулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/05 дунгаар тушаалаар улсын тусгай хамгаалалтай газрыг хамгаалах чиг үүргийг Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай, газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан загасыг хамааруулан ойлгох бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглосон 11 төрлийн үйл ажиллагааг тус тус хуульчилжээ.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн холбогдогч Б.-******* ... ******* сумын нутаг цагаан тохой гэх газар агаарт гарах зорилготой ирсэн. Амрах хугацаандаа сонирхлоороо загасчлах бодолтой нутгийн ахаар зам заалгаад саяхан ирээд энд цоолж үзээд байж байна ... постоор ороогүй... гэх (хх-ийн 4-5 хуудас), холбогдогч Б.******* ... салхинд гарахдаа загасчлах сонирхолтой ... тэгээд энд ирээд цоолж үзээд байж байтал та хэд ирлээ. Очсон айлаасаа зам асуугаад голоор машин явж байна гэхээр нь шууд энд ирсэн постоор ороогүй ... гэх (хх-ийн 6-7 хуудас) мэдүүлгүүд;
Зөрчил үйлдэхэд ашигласан мөсний өрөм 1 ширхэг, загасны уурга 2 ширхэг, дагалдах хэрэгсэл бүхий хайрцаг 1 ширхэг зэрэг эд зүйл хураан авсан болон эзэмшигчид буцаан олгосон эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар Б.-, Б. нар нь зөрчилд үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тэдний хүсэлт зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас зөрчил төгсөөгүй болох нь тогтоогдож байхад тэднийг тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулахыг завдсан зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж шийтгэл оногдуулсан.
Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 2 дахь хэсэгт Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны зарчимд болон уг хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөрчил үйлдсэн хүнд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийн зорилгын нэг хэсэг нь хүнийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд орших ч зөрчил үйлдэхээс өмнө таслан зогсоосон, хохирол учраагүй буюу хуулиар зөрчил гэж үзэхээр тогтоосон үйлдэл төгсөөгүй, түүнчлэн энэ зүйлийн 2 дахь хэсэгт Зөрчил үйлдсэн хүнд зөрчлийн шинжийг харгалзан Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой үйлдэл хийгээгүй загас барих зорилгоор хөлдсөн голыг өрөмдсөн гэх санаа зорилгод шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Хан Хэнтий улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.******* 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б.-, Б. нарт шийтгэл оногдуулсан , дугаартай шийтгэлийн хуудсуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад зааснаар хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
2.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заажээ.
Монгол Улсын хуульд нийцүүлэн гаргасан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хамгаалалтын горим, хилийн цэсийг батлах тухай 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим-ын 2 дахь хэсгийн 9-д зааснаар Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт аливаа ажил, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь зохих журмын 13 дахь хэгсийн д-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, энэ горимд зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан байна.
Зөрчил үйлдсэн ******* аймгийн ******* сумын эх болох ******* голын дагуух газар нь Монгол Улсын Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн хилийн заагийг тогтоох тухай А-309 дугаар тушаалын хавсралтаар дархан цаазат газар нутгийн хамгаалалтын бүсэд хамаарах ба холбогдогч Б.-, Б. нарын үйлдэл нь Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.24-т заасан амьтны жам ёсны эрхийг зөрчсөн үйлдэл байх ба Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан хамгаалалтын бүсэд явуулахыг зөвшөөрсөн үйл ажиллагаа-д хамаарахгүй, тус хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах гэсэн заалтад хамаарч байна.
Холбогдогч Б.-, Б. нарын Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан үйлдэл нь шууд санаатай бөгөөд тэдний хүсэл зоригоос хамаарахгүй нөхцөл шалтгаанаар үйлдэл нь дундаасаа таслан зогсоогджээ. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцох ба уг хуулийн 3.2 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүн байх ба 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэх хуулийн заалтад хамаарч байна.
Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.
Зөрчил үйлдэгдсэн ******* аймгийн ******* сумын эх болох ******* голын дагуух газар нь дархан цаазат газрын ангиллын 2 дахь дэглэмд хамаарах хамгаалалтын бүс байх ба уг газар нутагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зааснаас өөр ажиллагаа явуулахыг хуулиар хориглосон байна. Уг хуулийн 2 дахь хэсгийн 7 дугаар зүйлд зааснаар Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэх ба холбогдогч Б.-, Б. нарын үйлдэл нь уг хуулийн 1 дүгээр зүйлд заасан дархан цаазат газрын унаган төрхийг хадгалах, хамгаалах хуулийн зорилтын эсрэг чиглэсэн, хуулиар хориглосон, цаашид нийгэмд хортой буруу үлгэр дууриал үзүүлэх, буруу жишиг тогтоохуйц шинжээрээ туйлын ноцтой зөрчил байх тул тэдний энэхүү үйлдлийг зөрчил үйлдэхээс өмнө таслан зогсоосон, хохирол учраагүй буюу хуулиар зөрчил гэж үзэхээр тогтоосон үйлдэл төгсөөгүй гэж прокуророос дүгнэн шийтгэлийг хүчингүйд тооцуулахаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм.
Иймд Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.аас холбогдогч Б.-, Б. нарт холбогдуулах Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр тус тус торгох шийдвэр оногдуулж шийдвэрлэсэн , дугаартай шийтгэлийн хуудсуудыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хамгаалалтын захиргааны хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д. нь улсын байцаагчийн эрхтэй. Д.******* шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр , дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичсэн байна.
Зөрчлийн хэрэгт дурдагдсан ******* голын эх гэх газар нь Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа. Хамгаалалтын бүсэд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр зөвхөн ажиглах хэлбэрээр судалгаа шинжилгээний ажил явуулах мөн ургамал, амьтны ангийн өсөж, үржих нөхцөлийг хангах гамшгийн хор уршгийг арилгахтай холбогдсон био техникийн арга хэмжээг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр хэрэгжүүлэхээс бусад үйл ажиллагааг хориглодог. Мал бэлчээрлэх, хүн, мал өвөлжихийг хориглодог хамгаалалтын онцгой дэглэмтэй газар байгаа.
Энэ газарт тус захиргааны албан ёсоор гаргасан постоор дамжиж, зөвшөөрөл авч Байгаль орчны сайдын баталсан журмын дагуу зохих төлбөрөө төлөөд тасалбар авсны үндсэнд байгаль хамгаалагч тус газарт нэвтэрч болох, болохгүй, ямар үйл ажиллагаа явуулах, болохгүй гэдгийг тайлбарлаж өгсний үндсэн дээр оруулах, оруулахгүйг шийддэг. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд тодорхой байгаа. Постгүй газраар зөвшөөрөлгүй нэвтэрсэн. Зөвшөөрөлгүй нэвтэрч засаг барих зорилгоор дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийн бүсэд ороод мөс цоолоод загас барих гэж байхад нь Байгаль орчны хамгаалагч таслан зогсоосон.
Байгаль хамгаалагч таслан зогсоогоогүй бол Зөрчлийн хэрэг биш Эрүүгийн хэрэг болох байсан. Хэрэв загас баригдсан бол хамгаалалтын бүсэд постоор зөвшөөрөлгүй орж байгаагаас эхлээд зөрчил үйлдэгдсэн. Прокурорыг яагаад завдалт гэж үзсэнийг ойлгохгүй байна. Шийтгэлийн хуудаст завдалт гэсэн зүйл байхгүй. Постоор орсноос эхлээд төгс үйлдэгдсэн зөрчил гэж үзэж байгаа. Загас барих зорилгоор хамгаалалтын дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийн бүсэд голын мөс цоолсон үйлдэл нь тусгай хамгаалалттай газруудад хориглосон үйл ажиллагаа байгаа.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд хамгаалалтын бүсийн дэглэмд ямар үйл ажиллагаа явуулж болохыг заасан. Хуулийн 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг заасан. Хуулийн 11 дүгээр зүйлд хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Албан ёсоор мөс цоолоод гэж заагаагүй ч хууль болон хамгаалалтын горимоор хориглосон. Засгийн газрын 1995 оны 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан дархан цаазат газрын хамгаалалтын нийтлэг горим гэж байдаг.
Хавсралтын 3 дах хэсэгт дархан цаазат газарт явуулах аливаа үйл ажиллагаа дархан цаазат газрын хамгаалалтын дэглэмийг чандлан сахиж байгаль орчны тэнцвэрийг хадгалахад чиглэгдэнэ. 4 дэх хэсэгт энэхүү нийтлэг горимыг дархан цаазат газрын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн, байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй гэж байгаа. 9 дүгээр хэсэгт дархан цаазат газрын нутаг дэвсгэрт аливаа ажил, үйлчилгээ явуулах иргэн нь зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байна гэж заасан. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/844 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай журамд дархан цаазат газарт суудлын автомашин 15,000 төгрөгийн төлбөр хураамжаа төлсний эцэст нэвтэрнэ. Энэ горимын 12-т дархан цаазат газрын нутаг дэвсгэрийг дайран гарсан улс орон нутгийн чанартай авто замаар зорчих иргэн түүнчлэн дархан цаазат газрын нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх үүрэг бүхий албан тушаалтан тухайн дархан цаазат газраар зөвшөөрөл авалгүйгээр нэвтэрч болно гэж заасан. Зөвхөн авто замаар дайраад өнгөрөх иргэн эсвэл дархан цаазат газарт хяналт шалгалт үүрэг хийх хяналт шалгалтын ажиллагаа хийх үүрэг бүхий албан тушаалтан нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч болно. 13-д аж ахуйн нэгж байгууллагын иргэн дархан цаазат газарт дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно гэж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн Б.-, Б. нар нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутаг болох ******* голд зохих зөвшөөрөлгүй, загасчлах зорилгоор мөс цоолсон байсан нь зөрчил гэж үзээд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
2. Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар шийтгэлийн хуудсыг хянаад ... зөрчил үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас зөрчил төгсөөгүй болох нь тогтоогдож, тэднийг тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулахыг завдсан зөрчил үйлдсэн гэж Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан шийтгэл оногдуулсан нь зөрчлийн шинж байдал, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй, шийтгэл оноогдуулах үндэслэлийг тодорхой хуульчилсан байхад тодорхой үйлдэл хийгээгүй загас барих зорилгоор хөлдсөн голыг өрөмдсөн гэх санаа зорилгод шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай Прокурорын дүгнэлтийг бичиж шүүхэд ирүүлжээ.
3. Шүүх хуульд заасан журмаар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Прокурорын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг хангаж, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
4. Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор байгаль орчны тэнцэл, унаган төрхийг хадгалан хамгаалахад болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий ******* аймгийн *******, Хүдэр сумдын зарим хэсгийг Хан Хэнтийн дархан цаазат газрын хилийн заагт хамруулан дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд /хуучин нэрээр/-ын 2013 оны А/05 тушаалаар улсын тусгай хамгаалалттай газрыг хамгаалах чиг үүргийг Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан байх бөгөөд Хан Хэнтийн дархан цаазат газрын дотоод бүсийн зургаар зөрчилд холбогдогч Б.-, Б. нарын зохих зөвшөөрөлгүй, загасчлах зорилгоор мөс цоолсон байсан гэх ******* гол нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтаж байна.
5. Ийнхүү зөрчилд холбогдогч Б.-, Б. нарын мөс цоолсон гол нь дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд багтаж байгаа талаар болон тэд постгүй газраар зөвшөөрөлгүй автомашинаар нэвтэрсэн, загасчлах зорилготой явсан, холбогдогч нараас мөсний өрөм, загасны уурга, дагалдах хэрэгсэл бүхий хайрцаг зэргийг хураан авч битүүмжилсэн, буцаан олгосон талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд зөвшөөрөгдсөнөөс өөр үйл ажиллагаа явуулахаар постгүй газраар зөвшөөрөлгүй автомашинаар нэвтэрснийг хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэж үзсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалтаар зөрчил гэж үзсэн үйлдлийг нь тайлбарлаж, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулахдаа мөн зүйлийн 2 дахь хэсэг буюу тусгай хамгаалалттай газарт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх зөрчилд оногдуулах торгуулийн хэмжээгээр зөрчлийг шийдвэрлэжээ.
6. Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т "амьтан" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна гэж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа, Дархан цаазат газарт энэ хуулийн 10,11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд нийт 11 төрлийн үйл ажиллагааг дурдсан байна.
7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, холбогдогч Б.-, Б. нар нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдэх зорилготой, шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн хэдий ч, тэдний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар үйлдлийг таслан зогсоосноор зөрчил төгсөөгүй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эм үйлдэхүйг илрүүлсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Холбогдогч Б.-, Б. нараас мэдүүлэг авсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийг эзэмшигчид нь буцаан олгох тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар Шийтгэлийн хуудсаар тус тус тогтоогдож байна.
8. Холбогдогч нарын дээрх үйлдэлд хариуцагч улсын байцаагчаас тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдогч иргэн тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
9. Тодруулбал, зөрчлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан нь Зөрчлийн тухай хуулиар зөрчил гэж үзсэн үйлдэл, эс үйлдэхүйг шалгаж тогтоох, нотлогдсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар зөв зүйлчилж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний шийтгэлийг оногдуулах учиртай. Гэтэл хариуцагч улсын байцаагч нь холбогдогч нарыг тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулсан зөрчил бүрэн үйлдэгдээгүй, таслан зогсоогдсон буюу төгсөөгүй байхад зөрчил үйлдсэн зүйл, хэсэг, заалтаар шийтгэл оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 2 дахь хэсгийн зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 4 дэх хэсгийн энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хууль ёсны зарчимд, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд тус тус нийцэхгүй.
10. Түүнчлэн, хариуцагчаас шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Тусгай хамгаалалттай зарим газар нутгийн хамгаалалтын горим, хилийн цэсийг батлах тухай 169 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Дархан цаазат газрын нийтлэг горимын 2 дахь хэсгийн 9-д зааснаар Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт аливаа ажил, үйлчилгээ явуулах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь зохих журмын дагуу зөвшөөрөл авсан байна, мөн журмын 13 дахь хэсгийн д-д Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хууль, энэ горимд зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 9, 10 дугаар зүйлд заасан хамгаалалтын бүсэд явуулахыг зөвшөөрсөн үйл ажиллагаа-нд хамаарахгүй, тус хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах гэсэн заалтад хамаарч байна ... гэж дурдсан.
11. Энэ талаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн прокуророос шүүх хуралдаанд ... хэрэв хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар Шийтгэлийн хуудас-т Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан үндэслэлийг дээрх байдлаар буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасан хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулсан гэж холбогдогч нарын зөрчлийг дүгнэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тусгай хамгаалалттай газар нутагт хууль, захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн байдлаар тайлбарлаж байгаа нь агуулгын хувьд зөрчилтэй гэх тайлбар үндэслэлтэй.
12. Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн зорилгын нэг хэсэг нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд орших ч зөрчил үйлдэхээс өмнө таслан зогсоосон, хохирол учраагүй буюу хуулиар зөрчил гэж үзэхээр тогтоосон үйлдэл болоогүй байхад шийтгэл оногдуулах үндэслэлгүй. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна гэж шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхой хуульчилсан байх тул тодорхой үйлдэл хийгдээгүй загас барих зорилгоор хөлдсөн голыг өрөмдсөн гэх санаа зорилгод шийтгэл оногдуулсан нь мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 2, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаартай дүгнэлтийг хангаж, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн , дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар прокурор, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР