Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ДШМ/1118

 

 

 

 

 

 

  2023             11            21                                       2023/ДШМ/1118

 

 

                                                                     Г.Г-т холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Л,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1828 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар эсэргүүцлээр Г.Г-т холбогдох ........................... дугаар эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Г.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр .................. дүүргийн .............. дугаар хорооны нутаг дэвсгэр ................... ерөнхий боловсролын дунд сургуулийн орчимд “...зээлсэн мөнгөө өгсөнгүй...” гэх шалтгаанаар хохирогч С.Б-ын нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Г.Г-т холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй гэж үзсэн. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох, түүнд шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх харилцааг зохицуулна.

хохирогч С.Б-ын “...Г.Г нь 20 орчим минутын дараа хүрч ирээд намайг машинаасаа буугаад ир гэхээр нь буутал машины чинь түлхүүр хаана байна гэхээр нь би энд байна гээд гаргаж үзүүлтэл Г.Г нь миний машины түлхүүрийг булааж аваад машиныхаа хойно суу гэхээр нь би суутал арын хаалгыг онгойлгоод миний толгой, нүүр тус газарт гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Миний машины жолооны суудлын ард суугаад миний машиныг жолоодоод. ...би машинаас явган буугаад үлдсэн. ...Г.Г-ээс би 50.000.000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай гэрээ байгуулан зээлсэн. ...” гэх мэдүүлэг,

 яллагдагч Г.Г-ийн “...Б-ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэр үед түүний баруун талын хөмсөг хэсгээс цус гарсан. Тэгээд би түүний эзэмшлийн ....................... улсын дугаартай “Тоёото приус-30” загварын тээврийн хэрэгслийг аваад явсан. ...надаас авсан 50.000.000 төгрөгөө өгөхгүй байхаар нь...” гэж тус тус мэдүүлэгтээ дурджээ.

Тухайлбал, яллагдагч, хохирогч нарын хооронд зээлийн гэрээний маргаан байсан эсэх, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулах, хэрэг учралын газарт байсан гэх н.Ж-ийг гэрчээр асуух, хохирогчийн эзэмшлийн гэх ................. улсын дугаартай “Тоёото приус-30” загварын тээврийн хэрэгслийг зах зээлийн бодит үнэлгээ зэрэг мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийсний дараа яллагдагчийн холбогдох үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 13-т халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно гэж хүний эрхийг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа эсэхээс үл хамааран яллагдагч нь /төлбөр авагч/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу үйл ажиллагаа явуулах бөгөөд хохирогчийн бие болон эд хөрөнгө, эрх чөлөөнд халдахыг зөвшөөрөхгүй. Яллагдагч Г.Г нь хохирогчийн биед халдаж, түүний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй, эсхүл хууль бусаар шилжүүлэн авсан эсэхэд дээр дурдсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнгээс хамаарч хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах тул шүүхээс мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан сонсгоогүй зүйлчлэлээр яллагдагчийг гэм буруутайд тооцох, дээрх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг таамаглах зэргээр шийдвэрлэх боломжгүй. Дээрх нөхцөл байдлуудыг тогтоож, шалгаснаар эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр эрүүгийн .................... дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Л бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2023/ШЗ/1828 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянав.

Анхан шатны шүүх, яллагдагч Г.Г-т холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв. Учир нь;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй төдийгүй “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийх шаардлагагүй ба шүүх, нотлох баримтын зөрүүтэй байдал үүссэн тохиолдолд бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, прокурор, өмгөөлөгч нар тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох зорилгоор хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг хуралдаанд оролцуулан ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулж хууль зүйн дүгнэлт хийж яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар заасан агуулгад нийцнэ.

Иймд шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул прокурор Г.Л-ийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Г.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/1828 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ