2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/02592

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 27 191/ШШ2025/02592

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .... тоот хаягт оршин суух, Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ....хаягт оршин суух Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч с , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В , гэрч А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баянгол дүүргийн 11-р хороо, Зүүн ард аюуш 5 гудамж, 132а тоот хаягтай, 115м.кв, гэр бүлийн хэрэгцээний газрыг БД 12,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан. Гэрээ байгуулсан өдөр 6,000,000 төгрөгийг өгөөд, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гэхэд төлөхөөр тохиролцсон. Харин сүүлд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Б үлдэгдэл мөнгөө өгөөгүй, газраа шилжүүлэх бичиг хийлгэж аваад алга болсон. Бидний хооронд байгуулсан 2020 оны 10-р сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.6-д Гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар /хоног тутамд/ алданги төлнө гэж заасан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 750 хоногоор хэтрүүлснийг 0.5 хувиар алдангийг тооцоход 22,500,000 төгрөг болсныг ИргэниЙ хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасанд нийцүүлэн 3,000,000 төгрөгийн алдангийг Б төлөх ёстой. Иймд Б-эс 2020 оны 10-р сарын 03-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.1. Нэхэмжлэгч 2025.03.27-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн өөрчилж, тодруулсан шаардлагадаа: Худалдан авагч Билгүүн нь 12,000,000 төгрөгөөр газар эзэмших эрхийг худалдан авсан. Гэрээг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийж урьдчилгаа 6,000,000 төгрөгийг худалдагчид шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дотор 8 удаа хувааж, хэсэгчлэн төлж барагдуулах үүрэг хүлээснийг гэрээгээр тохиролцсон. Гэвч худалдан авах үлдэгдэл төлбөрийг худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бөгөөд 2021.06.03-аас хойш 2022.12.05-ны өдөр хүртэл буюу тохиролцож заасан хугацаанаас 1 жил 6 сарын хугацаагаар хэтрүүлсэн. 2020.10.03-ны өдрийн Зээлээр худалдах-худалдан авах гэрээний 3.6 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг 2 тал харилцан тохиролцсон тул хариуцагч хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж анз буюу алдангийг нэхэмжилж байгаа болно. Алдангийн хэмжээ нь үүргийг гүйцэтгэх өдрөөр тооцоологдож байгаа бөгөөд хариуцагч төлбөрөө төлөх өдөрт гэрээний З.6-д заасны дагуу нийт бодогдсон алдангийн тооцооллыг гаргасан бөгөөд алдангийн хэмжээ ИХ-ийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд түүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь хүртэл бууулгаж тооцооллыг гаргасан. Жишээлбэл 2021.7.10-нд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5.000.000 төгрөг байсан ба түхайн өдөр гэхэд төлөх ёстой хугацаанаас хэтэрч алдангийн хэмжээ 3.866.000 төгрөг болсон байсныг тэгшитгэж 2.750.000 төгрөгөөр тооцсон болно. Өөрөөр хэлбэл энэ алдангийн хэмжээ нь тухайн өдөр гүйцэтгэх ёстой байсан төлбөрөөс бодогдож байсан болно. Үүнээс шалтгаалж нийт алдангийн хэмжээ нийт 11.306.000 гарсан байхад түүнийг ИХ-232.4-ийг баримтлан 9.165.000 төгрөг болгосон юм. Нэхэмжлэлийн шаардлагыг 9,000,000 төгрөгөөр гаргасан байх тул үндэслэлээ хариуцагчийн үүргээ гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбоотойгоор үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангид 9.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн Иргэний хуулийн 261.1-д зааснаар 261.1, Иргэний хуулийн 227 дүгаар зүйлийн 227.4-т мөнгөн хөрөнгө төлөх буюу үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасан байна. Алдангиар тооцсон дүнг хохирол гэж үзэж ИХ-ийн 261.1,227.4-д заасны дагуу нэхэмжлэх үндэслэлийг бас тодорхойлж болно гэж үзэж байна. Учир нь Худалдах-худалдан авах гэрээг анх 2020.10.03-ны өдөр байгуулсан ба төлбөрөө хувааж 8 сарын дотор авахаар тохирсон, үүнд гэрээний үнийн дүнг ИХ-ийн 262, 263-ыг баримтлан хүү тооцож нэмэгдүүлж болох байсан ч гэрээнд заасан хугацаанд төлчихнө гэсэнд итгэсэн юм. Гэвч 8 сар биш 2 жил 4 сарын дараа төлбөрөө авсан байна. Энэ хооронд уг газрын үнэлгээ даруй 2 дахин үнэ нь нэмэгдсэн юм. Хугацаандаа төлбөрөө авсан бол бид уг үнээр өөр газар авах боломжтой байсныг хариуцагчийн үүргээ зөрчсөнөөс болж бид хөрөнгийн хохиролд орж уг үнээр шинэ газар худалдан авах боломжгүй нөхцөл байдал хүрсэн. Иймд үүнийг хохирол учруулсан гэж үзэж 9,000,000 төгрөгийн хохирлын төлбөрт гаргуулах үндэслэлтэй гэжээ.

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б нь Б тай 2020 оны 10-р сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 11-р хороо Зүүн ард аюуш 5-р гудамж 132а тоот хаягтай гэр бүлийн зориулалттай 115м.кв газрыг нийт 12,000,000 төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсан. Гэрээний дүн буюу 12,000,000 төгрөгийг дор дурдсан хуваарийн дагуу бүрэн барагдуулсан. Үүний урьдчилгаа мөнгө болох 6,000,000 төгрөгийг болон үлдэгдэл төлбөрийн 500,000 төгрөгийг өөрийн данснаас төлсөн бөгөөд үлдэгдэл 5,500,000 төгрөгийг өөрийн нөхөрА.н Хаан банкин дахь 5589122591 тоот данснаас төлж барагдуулсан болно. Гэтэл 2024 оны 08-р сард Б нь анх над руу залганА.тай уулзах хэрэг байна, утасных нь дугаарыг өгөөч хэмээн залгасаны дагуу уулзхад: Манай ах дүү нар аавын гал голомт яах гэж зарсан юм гээд байна мөн манай ахын хүүхэд оюутан болж байгаа түүнийг тэр газартаа өрх тусгаарлуулах зэрэг асуудал гараад байна. Та хоёрт газраа хямдхан өгсөн байна гэсэн. Үүний дараа манай нөхөр болохА. руу удаа дараа залган газар, алт хоёр амтай байдаг шүү танайх хоёр нялх охинтой биздээ /2-3 удаа/ хэл ам дэмий байдаг юм шүү гэж сэтгэл санааны дарамт үзүүлсэн бөгөөд 10,000,000 сая төгрөг нэхэхэд нь зөвшөөрөөгүй. Гэтэл шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байна. Мөн хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, өргөдөл, итгэмжлэл, төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцоолол зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, тодорхойлолт, шилжүүлсэн мөнгөний жагсаалт, шилжүүлгийн мэдээлэл, цахим гүйлгээний баримт, депозит дансны хуулга, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б-д холбогдуулан, талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрт 6,000,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг өөрчилсөн бөгөөд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөрт 6,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргахгүй боловч хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг гэрээгээр хэсэгчлэн тогтоосон хугацаанд төлөх үүргээ зөрчсөн учир алданги, мөн гэрээ зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцон нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Б нь гэрээний үндсэн үүрэг 12,000,000 төгрөгөөс 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйд төлсөн, үлдэгдэл 6,000,000 төгрөгийг өөрийн болон нөхөр Алтаншагайн дансаар нийт 11 удаагийн шилжүүлгээр төлж, бүрэн барагдуулсан учир гэрээний үүрэгт төлбөр тооцоо үлдээгүй болно. Алдангийн шаардлагын тухайд бүхэлд нь зөвшөөрөхгүй, мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс гадна гэрээний үүрэг зөрчсөний улмаас хохирол шаардах эрхгүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Б болон Б нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр №0362 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г байгуулжээ.

 

а/ Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 11 хороо, Зүүн Ард Аюуш 5 гудамж, 132а тоот, 115 м.кв, нэгж талбарын 18640312807623, улсын бүртгэлийн Г-2205005642, гэрчилгээний №000386962 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газрыг 12,000,000 төгрөгөөр Бд худалдах, худалдан авагч нь үнийг бүрэн төлөхөөс өмнө үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж дуусгавар болгохоор гэрээний ерөнхий нөхцөлийг харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

6. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч тал нь газрын эзэмшлийг худалдагчид бодитоор шилжүүлсэн, гэрээ байгуулсан өдөр 6,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан асуудлаар зохигчид маргаагүй боловч үлдэх төлбөр 6,000,000 төгрөгийг хүлээн авсан эсэх, мөн уг үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас алданги хохирол үүссэн эсэх асуудлаар талууд маргажээ.

 

7. Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөл зохих үлдэгдэл төлбөрт 6,000,000 төгрөгийг төлөөгүй гэж маргасан боловч хариуцагч болон түүний гэр бүлийн хүн болохА.н дансаар нийт 11 удаагийн шилжүүлгээр 6,000,000 төгрөгийг хүлээн авсан болох нь нотлох баримтаар, мөн гэрчА.н мэдүүлгээр тус тус тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 12,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн тул гэрээний үндсэн үүргийн асуудлаар зохигчид маргаангүй гэж үзнэ.

 

8. Хариуцагч Б нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тохирсон графикт хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас алданги шаардах эрх үүссэн, мөн уг алданги нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас үүсэх хохиролд мөн тооцогдох ёстой, хугацаа хэтрүүлсэн төлбөр бүрээс алдангийн хэмжээг тооцоход нийт 9,165,000 төгрөгийн алданги үүссэн боловч нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгч шаардсантай холбогдуулан дараах үйл баримт тогтоогджээ.

 

9. Талуудын хооронд 2020.10.03-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3.2-т ...үлдэх 6,000,000 төгрөгийг нийт 8 сарын хугацаанд 2020.11.03-наас 2021.06.03-ны өдрийг хүртэл сар тутамд 800,000 төгрөгөөр, сүүлийн сарын төлбөр 400,000 төгрөгийг шилжүүлж дуусгавар болгох-оор харилцан тохирсон, мөн гэрээний 3.6-д үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөхөөр тохирчээ.

 

10. Хариуцагч Б нь гэрээний дагуу 2020.11.03-2021.05.03-ны өдөр буюу сар тутам/11, 12, 1, 2, 3, 4, 5/ 800,000 төгрөгөөр нийт 5,600,000 төгрөг, 2021.06.03-ны өдөр үлдэгдэл 400,000 төгрөгийг төлж, гэрээний үүргийг дуусгавар болгох ёстой байсан боловч энэ үүргээ тохирсон хугацаанд нь биелүүлээгүй байна.

 

11. 2020.11.01-ний өдөр 500,000 төгрөг, 2021.07.10-ны өдөр 500,000 төгрөг 2021.09.07-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021.12.31-ний өдөр 500,000 төгрөг, 2022.05.02-ны өдөр 500,000 төгрөг, 2022.07.01-ний өдөр 500,000 төгрөг, 2022.08.02-ны өдөр 500,000 төгрөг, 2022.09.16-ны өдөр 500,000 төгрөг, 2022.10.18-ны өдөр 500,000 төгрөг, 2022.11.06-ны өдөр 500,000 төгрөг, 2022.12.05-ны өдөр 500,000 төгрөгийг нөхөрА.н дансаар нэхэмжлэгчид шилжүүлснээс эхний 500,000 төгрөгийн шилжүүлэг нь гэрээгээр тохирсон хугацааны дотор байсан, харин үлдэгдэл 5,500,000 төгрөгийг төлөх ёстой графикт хугацааг зөрчиж, гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2021.06.03-ны өдөр буюу төлбөр төлөх эцсийн хугацаа болоход 5,500,000 төгрөгийг гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй байна.

 

12. Талууд худалдах, худалдан авах гэрээний 3.6-д мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй бол алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.6-д нийцжээ. Зохигчид худалдах, худалдан авах гэрээг байгуулах үедээ төлбөрийг ямар хугацаа, хэмжээгээр хэрхэн төлөхийг харилцан тохиролцсон нь гэрээний 3.2-т тодорхой тусгагдсан боловч гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөр төлөх үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй, төлбөрийг 2020.11.01-2022.12.05-ны өдрийн хугацаанд нийт 11 удаагийн төлөлтөөр гүйцэтгэж дуусгавар болгожээ.

 

13. Иймд хариуцагчийн дараагийн төлбөрийг гүйцэтгэсэн хугацаанаас эхлэн эцсийн төлбөр төлж дуусгавар болсон хугацааг хүртэл алдангийг төлбөр хийгдсэн дүн тус бүрээр тооцон гаргаж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хугацаанд нь хангуулахаар урьдчилан тохиролцсон нөхцөлийг хариуцагч зөрчсөний улмаас үүссэн алдангийг хуульд зааснаар шаардах эрхтэй.

 

14. Харин нэхэмжлэгч алданги, хохиролд 9,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гэрээний эцсийн төлбөр төлөх хугацаа болох 2021.06.03-ны өдөр дуусах үед төлөгдөөгүй байсан үндсэн үүрэг 5,500,000 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн уг дүнгийн 50 хувиар тооцож, хариуцагчаас 2,750,000 төгрөгийн алдангийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

15. Хариуцагч нь гэрээний үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа нь 2021.06.03-ны өдөр байсан, үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн байхад 2024.09.09-ний өдөр шүүхэд хандсан нь гэрээний үүрэг гүйцэтгэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шаардах эрхгүй гэж маргасан боловч энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм.

 

16. Учир нь хариуцагч Б нь 2020.11.01-ний өдрөөс 2022.12.05-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж байсан, үүнээс хойш хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлсэн байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгч шүүхэд хандах хугацаанаас өмнө хариуцагч нь эцсийн үүрэг гүйцэтгэсэн хугацааг хүртэл 3 жилийн хугацаа болоогүй байхаас гадна Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-т Үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг /анз, барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаа зэрэг/-ийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж заасан тул шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

а/ Мөн гэрээ байгуулснаас хойш шүүхэд хандах хүртэлх хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар харилцаж байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогджээ.

 

17. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Бийг гэрээний үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүйн улмаас үүссэн алдангийг мөн гэрээний үүргээ зөрчсөний улмаас үүсэх хохирол буюу Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлсон боловч Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзах шаардлага гаргаагүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор хохирол шаардах эрхгүй юм.

 

18. Мөн Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс хохирол учруулсан гэх шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй тул хохирол шаардах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

 

19. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б-эс 2,750,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Б-эс 2,750,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 6,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-эс 58,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД