| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04687/И |
| Дугаар | 191/ШШ2025/02339 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02339
2025 03 20 191/ШШ2025/02339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ....хаягт оршин байрлах, И ХХК- д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Билэгдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И ХХК-ийн Гүйцэтгэх захирал А тай гидр алх /молоток/-ыг 70 сая төгрөгөөр худалдахаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээ байгуулсан өдөр тус компани барааны урьдчилгаа төлбөрийн 30.000.000 төгрөгийг ХААН банк дахь миний 5029863389 тоот данс руу шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 40.000.000 төгрөгийг 2 хувааж, 2020 оны 2 дугаар сарын 21 болон 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэхэд 20.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Гэтэл үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Би Худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой гидр алх /молоток/-ыг худалдан авагчид хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагч И ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И ...ХХК-нь Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт хайлуур жонш олборлох үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд уурхайн үйл ажиллагаанд хэрэглэдэг тоног төхөөрөмж болох гидр алх худалдаж авахаар иргэн М:тай 2020 оны 1-р сарын 21-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж тухайн өдрөө түүний 5029863389 тоот дансанд 30,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн. Урьдчилгаа төлбөр төлөгдсөний дараа худалдагч М: нь гидр алхыг уурхайд хүргэж авчирсан бөгөөд хүргэгдэж ирсэн уг гидр алх нь анхнаасаа шууд ажиллах боломжгүй эвдрэлтэй байсан тул худалдан авагч талаас мэдсэн даруйдаа уг гидр алхыг буцаах эсвэл эвдрэл гэмтлийг засварлаж өгөхийг шаардсан. Шаардлагын дагуу М: Гидр алхыг би засварлаж өгье, засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл авахад мөнгө хэрэгтэй байна хэмээн учирлаж өөрт нь мөнгөний боломжгүй байгаа тул худалдсан гидр алхны үлдэх төлбөрөөс хасуулж тооцуулахаар тохиролцож нийт 4,500,000 төгрөгийг 2 удаагийн шилжүүлгээр нэмж авсан. Гэвч М: нь итгэлийг эвдэж амлалтаа биелүүлэлгүй, утсаа авалгүй энэ 4 жилийн хугацаанд алга болсон бөгөөд удаан хугацаанд хүлээцтэй хандсан боловч огт холбоо бариагүй, түүний худалдсан гидр алх нь өнөөдрийг хүртэл огт ашиглагдаагүй, уурхайн талбайд анх буулгаж орхисон яг тэр байрандаа өнөөдрийг хүртэл хөдөлгөөгүй байгаа болно. Гэтэл саяхнаас өөрийгөө М:ын дүү Билгүүнсоёл гэх хүн утсаар холбогдож худалдсан зүйлийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг төлнө үү хэмээн утсаар ярьж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд Эвдэрхий гидр алхаа буцаан авч, урьдчилгаанд авсан мөнгийг эргүүлэн өг гэдгийг худалдагч талд хэлсэн, гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд холбогдох нотлох баримтыг бүрдүүлж сөрөг нэхэмжлэл гаргах болохоо илэрхийлж байна гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянгол дүүргийн нотариатын авто машин худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, фото зураг, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, фото зураг /Канон/ зэрэг баримтууд ирүүлжээ.
Хариуцагчаас: Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, фото зураг, Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтууд ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: Гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч М: нь И ХХК-д холбогдуулан гидр алх худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулахаар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ М: нь И ХХК-д гидр алхыг 70 сая төгрөгөөр худалдахаар тохирч, худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулан, урьдчилгаа төлбөрт 30 сая төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 40 сая төгрөгийг 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр /20 сая/, мөн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр /20 сая/ төлж барагдуулахаар харилцан тохирсон боловч гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний дагуу эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар бүрэн ашиглах боломжтой гидр алхыг хүлээлгэн өгсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул үлдэгдэл 40,000,0000 төгрөгийг гаргуулна гэжээ.
б/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТБ нь шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо гидр алхыг худалдсанаас хойш И ХХК-ийн захирал А нь гэрээ байгуулснаас хойш 2 жилийн дараа буюу 2022 онд алхны хошууг БНХАУ-аас захиалж өгөхийг хүсч, 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн, БНХАУ-д байдаг сэлбэг худалддаг хүнээс алхны хошууг нь авч өгөх зорилгоор уг мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн боловч БНХАУ-ын иргэн нь мөнгийг шилжүүлсний дараа нас барсан учир сэлбэгийг нь ч, мөнгийг нь ч буцааж авч чадаагүй, гэвч уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлээсээ багасгахад татгалзахгүй гэсэн үндэслэлээр 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 4,500,000 төгрөгөөр багасгаж, 35,500,000 төгрөгийг гаргуулна гэж шаарджээ.
3. Хариуцагч И ХХК нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Үүнд: Гидр алхыг худалдан авсны дараа уг гидр алх нь анхнаасаа шууд ажиллах боломжгүй, эвдрэлтэй байсан тул худалдан авагч талаас мэдсэн даруйдаа уг гидр алхыг буцаах, эсвэл эвдрэл гэмтлийг засварлаж өгөхийг шаардсан. Шаардлагын дагуу М: Гидр алхыг би засварлаж өгөе, засварлахад шаардлагатай сэлбэг хэрэгсэл авахад мөнгө хэрэгтэй гэсэн тул худалдсан гидр алхны үлдэх төлбөрөөс хасуулж тооцуулахаар тохиролцож, нийт 4,500,000 төгрөгийг нэмж авсан. Гэвч М: нь амлалтаа биелүүлэлгүй, утсаа авалгүй алга болсон, түүний худалдсан гидр алх нь өнөөдрийг хүртэл огт ашиглагдаагүй, уурхайн талбайд анх буулгаж орхисон тэр байрандаа өнөөдрийг хүртэл байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч М: нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн өмчлөлийн гидр алхыг И ХХК-д 70,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, худалдагчийн заасан газарт хүргэж өгч, гэрээний зүйлийн эзэмшлийг нь худалдан авагчид шилжүүлж өгсөн, улмаар тухайн өдөр нь урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг хүлээн авсан, үлдэгдэл 40,000,000 төгрөгийг шаардсантай холбоотойгоор хариуцагч И ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа талуудын хооронд гидр алхыг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаар, мөн худалдах, худалдан авах гэрээний нийт үнэ 70,000,000 төгрөг болсон талаар, гидр алхны эзэмшлийг хүлээн авсан талаар маргаагүй байна.
5.1. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах хүчин төгөлдөр гэрээний харилцаа үүсжээ.
6. Худалдах, худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр болох 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр худалдагч М:ын Хаан банкны 5029....89 дугаар дансанд хариуцагч шилжүүлсэн боловч хэлэлцэн тохирсон үнийн үлдэгдэл төлбөр 40,000,000 төгрөгийг худалдагч талд шилжүүлэн өгөөгүйгээс маргаан үүсжээ.
7. Зохигчид гидр алх худалдах, худалдан авах гэрээний нийт үнийн дүнгийн талаар маргаагүйгээс гадна худалдах, худалдан авах гэрээг цуцлах, татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул И ХХК нь үлдэгдэл төлбөрт 40,000,000 төгрөгийг худалдагчид төлөх үүрэгтэй юм.
8. Харин гидр алх нь доголдолтой байсан буюу анхнаасаа чанарын шаардлага хангаагүй, эвдрэл гэмтэлтэй байсан учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж худалдан авагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч байгаа боловч энэ татгалзлаар үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
9. Учир нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй боловч гидр алхны доголдлын улмаас хуулиар тогтоосон шаардах эрхийг И ХХК хэрэгжүүлсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
9.1. Түүнчлэн, худалдах худалдан авах гэрээг байгуулснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан худалдан авагчийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлтэй.
9.2. Тодруулбал, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.
9.3. Талуудын хооронд 2020.01.21-ний өдөр байгуулсан гидр алх худалдах, худалдан авах гэрээнд эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон үйл баримтгүй тул худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэнээс хойш, мөн гидр алхны өмчлөх эрхийг худалдаан авагчид шилжүүлснээс хойш хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа нь нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэлх хугацаанд хэдийн дуусгавар болсон, мөн худалдах, худалдан авах гэрээг байгуулснаас хойш нийт 5 жил гаруйн хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хариуцагч талаас эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан доголдлыг арилгах, гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах талаар аливаа шаардлага гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй тул эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор маргах эрхгүй гэж үзэв.
9.4. Түүнчлэн гидр алхыг худалдан авах үед огт ашиглах боломжгүй, эвдрэл, гэмтэлтэй байсан гэх боловч эвдрэл, гэмтлийг тухайн үед шалгаж авах үүрэг нь худалдан авагчид ногдох буюу гидр алхыг хүлээн авахдаа эдгээр гэмтлийг илрүүлэх боломжтой байсан үйл баримт гэж үзнэ. Нөгөө талаас, зохигчдын хооронд 2020.01.21-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд худалдагч уг гидр алхыг худалдан авагчид шилжүүлэн өгөхдөө эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгсөн болно гэж заасныг харилцан зөвшөөрсөн, мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана.
10. Хариуцагч И ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн авсан гидр алх нь анхнаасаа эвдрэл, гэмтэлтэй хэрэглэх, ашиглах ямар ч боломжгүй зүйл байсан учир гэрээнээс татгалзах, мөн засуулж өгөх талаар нэхэмжлэгчид удаад дараа шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч нь огт холбогдохгүй алга болсон, улмаар шууд шүүхэд хандсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан боловч эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээнээс татгалзах, цуцлах шаардлага гаргасан, мөн уг доголдлыг арилгах талаар шаардлага гаргасан гэх үйл баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
а/ Мөн тухайн үед худалдан авагч нь Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т заасан шаардлагыг хөөн хэлэлцэх хугацааны дотор худалдагч талд гаргаж байснаа нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хуульд зааснаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
б/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч талын гаргасан зарлагын баримтаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэх нь хангалттай нотлогдоогүй болно.
в/ Нөгөө талаас нэхэмжлэгч нь гидр алх, худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа хариуцагчийн хүсэлтийн дагуу гидр алхыг хөдөө орон нутагт Хэнтий аймгийн Дархан суманд байрлах хариуцагчийн жоншны уурхайд хүргэж өгсөн, тухайн үед гидр алх нь ямар ч доголдолгүй байсныг нотлуулах зорилгоор алхыг хүргэж өгсөн П.Наранбаатарыг гэрчээр асуулгажээ.
г/ Гэрч П.Наранбаатар нь гидр алхыг өөрийн биеэр И ХХК-д хүргэж, хүлээлгэж, угсарч өгсөн талаар, хариуцагчийн гуйлтын дагуу гидр алхыг хүргэж өгсөн даруйд 5 хоног ажиллуулж, цалин хөлс авч, ажил гүйцэтгэж өгсөн талаар, мөн хариуцагч гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг гүйцэтгээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь гидр алхыг буцаан авах зорилгоор тухайн уурхайд дараа нь очиход нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хамт 2021 оны хавар уурхай руу газарчлах зорилгоор явсан талаар тус тус мэдүүлжээ.
д/ Мөн хариуцагч нь гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн худалдсан гидр алхыг буцаан авах зорилгоор Хэнтий аймгийн Дархан суманд байрлах хариуцагчийн уурхай руу 2 удаа очиж байсан, тухайн үед ямар үйл явдал болсныг гэрчлүүлэх зорилгоор Д.Очирбатыг гэрчээр асуулгажээ.
Гэрч Д.Очирбат нь 2022 оны 9 сард хариуцагчийн уурхай руу гидр алхыг буцаан авах зорилгоор нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй хамт явсан талаар, тухайн үед уурхай дээр очиход гидр алхыг уурхайн үйл ажиллагаанд ашиглаж байсан талаар, мөн гидр алхыг ашиглаад жоншиндоо хүрэх тул алхны үлдэгдэл мөнгийг нь сарын дараа өгье гээд хариуцагч гидрыг буцаан өгөхөөс татгалзсан талаар, үүнээс хойш хариуцагч нь үлдэгдэл мөнгөө өгөөгүй, утсаа авахаа больсон учир дахин уурхай руу нь очиход харуул хамгаалалтаас шалтгаалан уурхай руу орж чадаагүй талаар тус тус мэдүүлжээ.
е/ Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг шаардаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн асуудлаар хариуцагчид холбогдуулан 2023.03.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч хариуагч нь бүртгэлтэй хаягтаа байхгүйн улмаас тус шүүхийн шүүгчийн 2023.04.13-ны өдрийн №101/ШЗ2023/006771 захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.02-ны өдрийн №102/ШШ2024/02292 шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийг олж тогтоосны үндсэн дээр шүүхэд хандсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
11. Иймд хариуцагч И ХХК-иас эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан удаа дараа шаардлага тавихад нэхэмжлэгч нь сураггүй алга болсон учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх татгалзал эрх зүйн үндэслэлгүй юм.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ТБ нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 4,500,000 төгрөгөөр багасгасан шалтгааныг тайлбарлахдаа, хариуцагч талаас гидрийн сэлбэг буюу алхны хошууг 2022 онд БНХАУ-аас захиалж өгөх талаар санал тавихад нь 4,500,000 төгрөгөөр худалдаж авахаар захиалж, хариуцагчаас 4,500,000 төгрөгийг хүлээн авч БНХАУ-ын иргэн рүү шилжүүлсэн боловч тухайн иргэн нь нас барсан бөгөөд сэлбэгийг нь ч мөнгийг нь авч чадаагүй, гэхдээ нэгэнт уг сэлбэгийг авч өгөхөөр тохирч 4,500,000 төгрөгийг нь шилжүүлэн авсан учир уг мөнгөн хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 35,500,000 төгрөг болгож байгаа талаар санал гаргасныг нь үндэслэн 35,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч И ХХК-иас 35,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М:д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М:ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-иас 335,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М:д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД