2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00822

 

 

 

 

 

 

2025 01 29 191/ШШ2025/00822

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ... оршин суух Ц******* ов******* Ч******* Ц******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, ... тоотод оршин суух Д******* ов******* Г******* Н******* холбогдох,

13,450,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа Д.Ц******* нэхэмжлэлтэй Г.Н Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,380,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсантай холбоотой 70,200 төгрөг нийт 13,450,200 төгрөг, гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн дараах байдлаар өөрчилж байна. Миний нөхөр болох С.Д нь хариуцагч Г.Н 2021 оны 6 дугаар сард 2,500 боодол өвс 2021 оны намар авахаар тохирч 15,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг ба 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,860,000 төгрөгийн үнэ бүхий 300 боодол өвс авсан. Үүнээс хойш өвсөө авахаар удаа дараа холбогдож байсан боловч өгөхгүй байсан тул тухайн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцож нийлүүлээгүй өвсний үлдэгдэл төлбөр болох 13,380,000 төгрөгийг буцааж мөнгөөр олгохоор болсон.

Гэвч тухайн тохиролцооны дагуу өгөх ёстой мөнгөө өгөхгүй удаасан төдийгүй гэрээг цуцалж, өгсөн авснаа харилцан буцаах үр дагавар бүхий харилцаа дуусаагүй байхад миний нөхөр болох С.Д зам тээврийн осолд орж нас барсан.

Миний хувьд өөрийн нөхрөө цаг бусаар алдаж түүний урьдах бусдад төлөх өр төлбөр, бусдаас авах авлагыг хууль ёсоор хариуцах этгээдийн хувьд хариуцагч Г.Н 2,500 боодол өвсний үлдэгдэл төлбөр болох 13,380,000 буцаан авахаар түүнтэй холбогдох бүрт танай нөхөр бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй ээ. Танайх өвсөө авах хугацаандаа аваагүй учраас миний хувьд өвс болон мөнгийг та нарт өгөх үүрэг хүлээгээгүй. Түүнчлэн талийгаач бид хоёрын хооронд ярьсан зүйл байгаа тэр тохироогоор бол энэ мөнгөний өглөг авлагын асуудал дууссан гэдэг тайлбарыг хэлэх болсон ба арга буюу 2022 оны 11 дүгээр сараас эхлэн хууль шүүхийн байгууллагаар хөөцөлдөж эхэлсэн ба шүүхэд хандах бүрт хариуцагч өөрийн хаяг дээрээ байхгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан.

Түүний ярьсанчлан манай нөхөр тэр хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо дууссан гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд манай нөхөр өөрөө амьд мэнд байхдаа түүнтэй фейсбүүк чатаар харилцаж өвсний төлбөр тооцоог нэхсэн байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Худалдах худалдан гэрээг цуцалсан болохыг т*******оолгож, гэрээ цуцалсантай холбоотой гэрээний үүргийн төлбөрт шилжүүлсэн 13,380,000 төгрөгийн хариуцагч Г.Н буцааг гаргуулах гэж өөрчилж байна.

Иймд Иргэний хуулийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу 13,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.3-т онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт буюу хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор шүүхийн онцгой ажиллагаа хийлгэж түүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 56.1-т нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа 70,200 төгрөг нийт 13,450,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар энэхүү шаардлагыг гаргаж байна.

Намайг С.Дгийн хууль ёсны өвлөгч болох талаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 146/ШШ2024/00024 дугаар шийдвэрт өвлөх эрхийн гэрчилгээгээ авсан, хуульд зааснаар өвлөгч, бусад насанд хүрсэн өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан ба маргаангүй үйл баримтыг т*******оох шаардлагагүй гэдэг байдлаар дүгнэсэн нь түүний хуулиар хүлээх үүргийг хүлээхээс гадна эрхийг эдлэх эрхтэй этгээд мөн болохыг т*******оосон байдаг гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Д.Ц******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагын өөрчилсөн болон нэмэгдүүлсэн хэсгийг үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамт бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

Д.Ц миний хувьд ямар нэгэн иргэний болоод бусад харилцаа, үүрэг үүсээгүй болно. Нэхэмжлэгчийн өв хүлээн авсан хууль ёсны өвлөгч гэдэг нь Д бидний хооронд дуусгавар болсон харилцаанд хамааралгүй юм. Тодруулахад 2021 оны 6 дугаар сард 2,500 ширхэг ногоон тэжээл захиалж өгсөн. Эцэст намар гэхэд захиалсан ногоон тэжээлийг бүрэн хүлээн авч зам тээврээ хариуцах хэлэлцээр хийсэн. 2021 оны намар энэ жил ногоон тэжээлийн үнэ муу байна гээд манай ачигч, манаач зэргийг ажиллуулж байсан боловч 2022 оны хавар 5 сард буюу нэг жилийн хугацаанд ямар нэгэн үйлдэл хийгээгүй дууссан.

Нийт 8 сарын ачигч манаач нарын түүний авах ёстой байсан ногоон тэжээлийг зараад гарсан цалин хөлс 2 хүний хоол унд, орон байрны зардлыг (18,000,000 төгрөг) төлөөгүй. Энэ хугацаанд зарим хэсгийг Д авсан. Талийгаач Д нь янз бүрийн шатлгаан хэлж байсан ч миний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулаж, фото зураг, бусад текстийг эвлүүлж хуурамж баримт бүрдүүлэх зэргээр гүтгэж ярвж байсан бөгөөд энэ гэмт хэргийг шинжтэй үйлдэл Өвөрхангай аймгийн Хархорим сум дахь Цагдаагийн хэсэг Г.Н гомдол, төлбөр нэхэмжлэх зэргээр надаас өөрийнх нь буруугаас үйлдсэн ногоон тэжээл захиалга болон бусад үйлдэлдээ надаас уучлал гуйж салсан. Ногоон тэжээл нь хураасан үеэс хаврын улирлаас өмнө хүртэлх хугацаанд манай талбай дээрээс зарах боломжийг түүнд олгосон нь гүтгүүлэх шалтгаан болсон гэж ойлгож байна. Нэхэмжлэгч түүний талийгаач нөхөр бидний хооронд үүссэн харилцаа нь дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэгт хавсаргаж өгсөн мессежний зарим хэсэг байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Бичлэг болон чатанд бичсэн бичлэгүүд эвлүүлэг хуурамчаар авсан байгааг анхаарахаас гадна зарагдсан тохиолдолд мөнгө төгрөгийг нь гаргаж өгөх аль талаас ярьсан яриа, дуу яриаг өөрт ашигтай байдлаар хууль бусаар бүрдүүлж байгааг нь анхаарч хэргийг шийдвэрлэж өгнө үү. Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд зарим хэсэг нь авагджээ гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс С.Далшбалдан, Ч.Ц нарын Төрийн банк дахь харилцах дансны харилцагчийн хуулга, С.Дгийн нас барсны гэрчилгээний хуулбар, С.Д Ч.Ц нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 00024 дугаартай шийдвэр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10033 дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 16480 дугаартай захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 17631 дугаартай захирамж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 00251 дугаартай шийдвэр, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2834-4/1623 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

Шүүхийн журмаар Жамба Д фэйсбүүк хаягаас фэйсбүүк хаягт 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны харилцсан цахим мессэжинд үзлэг хийж бэхжүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Ц нь хариуцагч Г.Н******* холбогдуулан 13,450,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... Миний нөхөр болох С.Д нь хариуцагч Г.Н 2021 оны 6 дугаар сард 2,500 боодол өвс 2021 оны намар авахаар тохирч 15,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг ба 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1,860,000 төгрөгийн үнэ бүхий 300 боодол өвс авч, үүнээс хойш өвсөө авахаар удаа дараа холбогдож байсан боловч өгөхгүй байсан тул тухайн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцож нийлүүлээгүй өвсний үлдэгдэл төлбөр болох 13,380,000 төгрөгийг буцааж мөнгөөр олгохоор болсон боловч нөхөр болох С.Д маань зам тээврийн осолд орж нас барсан бөгөөд нэхэмжлэгч миний бие хууль ёсны өв залгамжлагч нь тул уг 13,380,000 төгрөг болон хариуцагчийг эрэн сурвалжлахтай холбоотой шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг нийт 13,450,200 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Д.Ц миний хувьд ямар нэгэн иргэний болоод бусад харилцаа, үүрэг үүсээгүй болно. Нэхэмжлэгчийн өв хүлээн авсан хууль ёсны өвлөгч гэдэг нь С.Д бидний хооронд дуусгавар болсон харилцаанд хамааралгүй. Түүнчлэн С.Дд 2021 оны 6 дугаар сард 2,500 ширхэг ногоон тэжээл захиалж, намар гэхэд захиалсан ногоон тэжээлийг бүрэн хүлээн авч зам тээврээ хариуцах хэлэлцээр хийсэн боловч 2021 оны намар энэ жил ногоон тэжээлийн үнэ муу байна гээд манай ачигч, манаач зэргийг ажиллуулж байсан боловч ногоон тэжээлээ авах болон ачигч, манаачын төлбөрийг хийгээгүй тул 8 сарын ачигч манаач нарын цалинг төлөхийн тулд түүний авах ёстой байсан ногоон тэжээлийг зараад гарсан цалин хөлс 2 хүний хоол унд, орон байрны зардалд 18,000,000 төгрөг төлсөн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан Төрийн банкны дансны хуулга зэргээс үзэхэд талийгаач С.Д нь хариуцагч Г.Н 2500 боодол өвс худалдан авахаар харилцан тохирлцож Г.Н Худалдаа хөгжлийн банкны тоот дансанд 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт т*******оогдож байна. /х.х-ийн 6-7 дахь талд/

Тус хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Шүүх Жамба Д фэйсбүүк хаягаас фэйсбүүк хаягт 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны харилцсан цахим мессэжинд үзлэг хийж бэхжүүлсэн бөгөөд уг үзлэгийн баримтаар 13,380,000 төгрөгийн ногоон тэжээлийг худалдагч нь худалдан авагчид хүлээлгэн өгөөгүй болох нь т*******оогдсон. /х.х-ийн 9-10, 12 дахь талд/

Хариуцагч нь С.Дтай байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэж татгалзсан боловч уг татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн төлбөрийн үлдэгдэлтэй талаарх фэйсбүүк дэх цахим мессэжийг няцаасан баримтаа гаргаж мэтгэлцээгүй.

6. Дээрх гэрээний худалдан авагч С.Д нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар т*******оогдсон. /х.х-ийн 15 дахь талд/

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д үүрэг дуусгавар болох бусад үндэслэлийн талаар зохицуулж, 240.1.3-т үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан бол үүрэг дуусгавар болно гэж заасан.

Тодруулбал, үүрэг гүйцэтгүүлэгч нас барсан бөгөөд үүрэг гагцхүү түүнд хамаатай тохиолдолд үүрэг дуусгавар болох боловч худалдах худалдан авах гэрээний үүргийн тухайд үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамаатай гэж үзэх үндэслэлгүй тул үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

7. Хэрэгт авагдсан Өвархангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 00024 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт ... С.Дг нас барснаас хуульд заасан хугацаа болох нэг жил өнгөрсний дараа түүний эхнэр хүсэлт гаргагч Ч.Ц нь өөрийн оршин суугаа газрын нотариад хандаж хууль ёсны өвлөгч мөн гэх тодорхойлолт буюу өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар т*******оогдож байна. Хүсэлт гаргагч нь ийнхүү өвлөх эрхийн гэрчилгээг авахад тэдний насанд хүрсэн хүү Д.Ж нь өвлөхөөс татгалзсан тухай нотариатын тодорхойлолтод дурдсан байна. Хүсэлт гаргагч нь талийгаачийн эхнэр өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан хууль ёсны өвлөгч бөгөөд өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, энэ үйл баримт ямар нэгэн маргаангүй ... гэжээ. /х.х-ийн 18-20 дахь талд/

Иймд нэхэмжлэгч Ч.Цыг талийгаач С.Дгийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзэхээр байна.

8. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэгч Ч.Ц нь талийгаачийн бусдаас авах мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Г.Н 13,380,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цт олгохоор шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Учир нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар шүүхэд эрх зүйн маргаан хянан шийдвэрлүүлэхтэй холбоотой нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргийг нэхэмжлэгч хүлээх тул ийнхүү хуульд зааснаар төлсөн хураамжийг гэрээний нэг тал үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой хохирол гэж үзэх үндэслэлгүй.

9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3 дахь хэсэг тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Н 13,380,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 70,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 225,201 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н 224,850 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Цт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ