| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/06452/И |
| Дугаар | 191/ШШ2025/02338 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02338
2025 03 20 191/ШШ2025/02338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ...хаягт оршин байрлах, Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, .... хаягт оршин суух М-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 22,564,469 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагчийн өмгөөлөгч М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани ... нь LOF GAMING төвтэй хэлэлцэн тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хамтран ажилласан. Талууд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Онцгой эрхт харилцагчийн гэрээ-г байгуулсан бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 27,807,590 төгрөгийн ундаа нийлүүлсэн. Үүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 5,243,121 төгрөг төлөгдөж, 22,564,121 төгрөг үлдсэн. Уг авлагыг төлүүлэхээр LOF GAMING төвийн захирал М-той удаа дараа уулзаж, утсаар холбогдсон ч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. .... Иймд LOF GAMING төвийн үйл ажиллагаанаас үүдэн манай компанид учирсан хохирлыг тус төвийн захирал М- давхар хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Иймд дээрх 22,564,121 төгрөгийг LOF GAMING төвийн захирал М-оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ж ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Би Ж ХХК-иас авсан барааны үлдэгдэл төлбөр байхгүй. Энэ нэхэмжилсэн хугацаа нь урт байх ба ингэж төлбөр тооцоо огт хуримтлуулдаггүй бөгөөд энэ баримтаар өмнөх тооцоо төлөгдөөгүй бол нэмж бараа өгдөггүй, бид ийм байдлаар харьцаж ирсэн. Хоёр тал тооцоо нийлсэн акт үйлдэх шаардлагатай. Иймд 22,564,469 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, авлагын тооцоо, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, зарлагын баримт, онцгой эрх харилцагчийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч М-д холбогдуулан, талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Онцгой эрхт харилцагчийн гэрээний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрт нийт 22,564,469 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.
3. Хариуцагч М- нь гэрээний үндсэн үүрэг буюу нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 22,564,469 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан бөгөөд авсан барааны үлдэгдэл төлбөргүй, учир нь хүлээн авсан барааны төлбөрийг бүрэн барагдуулсан байх ёстой, мөнгөн хөрөнгө нэхэмжилсэн хугацаа нь урт байх ба төлбөр тооцоог огт хуримтлуулдаггүй, баримтаар өмнөх тооцоо төлөгдөөгүй бол нэхэмжлэгч нэмж бараа нийлүүлдэггүй байсан, талууд тооцоо нийлсэн акт үйлдээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, нийлүүлсэн бараа, үлдэгдэл төлбөрийн талаар тооцоо нийлсэн актгүй учир хариуцлагыг хүлээх үүрэггүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Ж ХХК нь М- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Онцгой эрхт харилцагчийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулжээ.
а/ Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээгээр чанар, стандартын шаардлага хангасан Пэпси брэндийн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хариуцагчийн захиалгын дагуу нийлүүлэх, хариуцагч нь нийлүүлэгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, худалдан борлуулах, хүлээн авсан барааны төлбөр тооцоог тохирсон хугацаанд төлж барагдуулахаар гэрээний үндсэн нөхцөлийг харилцан тохирсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
6. Нэхэмжлэгч нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний мөнгөн төлбөрийн үүргийг шаардахдаа хариуцагчаар М-ыг тодорхойлсон, талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Онцгой эрхт харилцагчийн гэрээнд THE LOF ХХК-ийг төлөөлж захирал М- гэж гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо иргэн М-той гэрээг байгуулсан учир түүнээс шаардаж байгаа талаар тайлбарласныг хариуцагч баримтаар няцаагаагүй байна.
а/ Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа, тухайн гэрээг М- нь иргэнийхээ хувиар буюу өөрийн эрхлэн ажиллуулдаг THE LOF тоглоомын төвүүдийн өмнөөс байгуулсан талаар хүлээн зөвшөөрснөөс гадна аливаа хуулийн этгээдийн захирал биш, иргэний хувиар хэд хэдэн тоглоомын салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, эрхэлдэг талаар хуралдаанд тайлбар гаргасан тул Ж ХХК болон М- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Онцгой эрхт харилцагчийн гэрээ-г байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар зохигч маргаангүй гэж үзнэ.
7. Талуудын хооронд байгуулсан Онцгой эрхт харилцагчийн гэрээ-ний дагуу худалдагч тал нь өөрийн нийлүүлэх ёстой бүтээгдэхүүнийг М-ын ажиллуулдаг тоглоомын төвүүдээс өгсөн захиалгын дагуу тогтмол нийлүүлж байсан боловч үлдэгдэл төлбөрийг хариуцагч төлөөгүйн улмаас маргаан үүсжээ. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 27,807,590 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн, үүнээс 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 5,243,121 төгрөгийг хүлээн авсан, харин 22,564,121 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг төлбөрийг LOF GAMING төвийн захирал М-оос удаа дараа шаардсан боловч төлж барагдуулаагүй гэсэн үндэслэлээр шаардах эрхийг тодорхойлжээ.
8. Тодруулбал, Ж ХХК-нь LOF GAMING төвийн захирал М- нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 27,807,590 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн талаар Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний тайланг нэхэмжлэгч талаас баримтаар гаргасан бөгөөд эдгээр дэлгэрэнгүй тайланд тусгагдсан бараа бүтээгдэхүүнийг М-ын хариуцдаг LOF GAMING салбар, төвүүдэд хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэргийн 12-37 дугаар талд авагдсан нийт 27 ширхэг зарлагын баримтуудаар тогтоогджээ.
9. Хариуцагч М-ын хариуцдаг LOF GAMING тоглоомын төвүүдээс захиалга ирүүлсний дагуу бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлдэг байсан талаар, мөн тухайн тоглоомын төвүүдэд хүлээлгэн өгсөнтэй холбоотойгоор гарын үсэг зуруулж авдаг байсан талаар нэхэмжлэгч хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд, хэрэгт авагдсан зарлагын эх баримтуудыг шинжлэн судлахад Лоф РС гэйм, LOF PC Peace mall, LOF PC GAME Цирк гэсэн харилцагчдын нэрс тусгагдсан, хариуцагч нь нийт 4 салбар ажиллуулдаг буюу Соёл урлагийн Их сургууль, Цирк, 19 дүгээр хороолол, Бенз засвар зэрэг салбаруудад нь захиалгаар өгч байсан бүтээгдэхүүнүүдийн захиалгын үлдэгдэл төлбөр үүссэн гэж нэхэмжлэгч тайлбар гаргасан, уг Зарлагын эх баримтуудад гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн, хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчид зарлагын баримтын дагуу тухай бүрд бараа нийлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
10. Хэдийгээр хариуцагч нь зарлагын баримтуудад М- гарын үсэг зураагүй, өөрөө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариуцагчийн өмгөөлөгч хуралдаанд тайлбар гаргаж маргасан боловч LOF GAMING тоглоомын төвүүдийг М- нь иргэнийхээ хувиар өөрөө удирдан ажиллуулдаг болохыг хүлээн зөвшөөрсөн, мөн Улаанбаатар хотод хэдэн хэдэн салбартай, тэдгээрийг М- толгойлон ажиллуулдаг гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч энэхүү үйл баримтын талаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
а/ Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь хариуцагч М- нь өөрийн хоёр салбарыг хариуцаж байсан этгээдүүдэд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн боловч цааш нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй байх магадлалтай учир гэрчээр оролцуулна гэсэн тайлбар, хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан байх тул М- нь бараа, бүтээгдэхүүнийг хүлээн авсан, мөнгөн хөрөнгийн төлбөрийг төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэслэл болно.
11. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, хугацаа, мөнгөн төлбөр төлөх хугацааг гэрээгээр тохирсонтой холбоотойгоор нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч нь 2021.11.27-ны өдөр 375,120 төгрөгийн, 2021.12.07-ны өдөр 854,000 төгрөгийн, 2021.12.14-ний өдөр 448,520 төгрөгийн, 2021.12.15-ны өдөр 881,520 төгрөгийн, 2021.12.16-ны өдөр 1,070,340 төгрөгийн, 2021.12.23-ны өдөр 846,240 төгрөгийн, 2021.12.24-ний өдөр 747,020 төгрөгийн, 2022.01.07-ны өдөр 571,040 төгрөгийн, 2022.01.11-ний өдөр 665,240 төгрөгийн, 2022.01.15-ны өдөр 695,500 төгрөгийн, 2022.02.08-ны өдөр 1,097,880 төгрөгийн, 2022.02.12-ны өдөр 1,467,680 төгрөгийн, 2022.02.24-ний өдөр 1,203,700 төгрөгийн, 2022.03.01-ний өдөр 1,080,400 төгрөгийн, 2022.03.12-ны өдөр 1,425,660 төгрөгийн, 2022.03.16-ны өдөр 834,980 төгрөгийн, 2022.03.29-ний өдөр 533,760 төгрөгийн, 2022.04.02-ны өдөр 533,760 төгрөгийн, 2022.04.09-ний өдөр 1,350,220 төгрөгийн, 2022.04.12-ны өдөр 749,000 төгрөгийн, 2022.04.19-ний өдөр 1,130,700 төгрөгийн, 2022.05.03-ны өдөр 1,336,240 төгрөгийн, 2022.05.10-ны өдөр 752,120 төгрөгийн, 2022.05.14-ний өдөр 762,260 төгрөгийн, 2022.05.19-ний өдөр 405,840 төгрөгийн, 2023.03.03-ны өдөр 2,954,000 төгрөгийн, 2023,04,14-ний өдөр 3,027,750 төгрөгийн буюу нийт 27,800,490 төгрөгийн барааг нийлүүлжээ.
12. Улмаар, 27,800,490 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлснээс 5,243,121 төгрөгийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
13. Үндсэн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсноос хойш бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй боловч нэхэмжлэгч нь шүүхэд хандах хүртэлх хугацаанд хариуцагчаас 22,564,469 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон, уг үүргээ биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч няцаагаагүй байна.
14. Нэхэмжлэгч нь хариуцагч М-оос гэрээний дагуу нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрт 22,564,469 төгрөг гаргуулахаар шаардсан боловч, хавтаст хэрэгт авагдсан Худалдан авагч LOF PC GAME-тай холбогдох авлагын тооцоо, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, бараа нийлүүлсэн зарлагын баримтууд зэргийг харьцуулан дүгнэхэд 2021.12.07-ны өдөр нийлүүлсэн барааны нийлбэр дүн 854,000 төгрөг болсон байхад нэхэмжлэгч 861,100 төгрөгийн барааг нийлүүлсэн гэж тусгасан нь тооцооллын алдаатай гэж үзэв.
15. Иймд нийт нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн болох 27,800,490 төгрөгөөс хүлээн авсан мөнгөн төлбөрийг хасч, /27,800,490-5,243,121/ 22,557,369 төгрөгийг хариуцагч М- 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ж ХХК-д төлөх үүрэгтэй.
16. Хариуцагч М-, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийн талаар, аливаа тооцоо нийлсэн акт үйлдээгүй, бараа хүлээн авсан талаарх нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, мэтгэлцсэн боловч хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах бодитой үндэслэл болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
17. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хүсэлтийн шатанд нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн хөрөнгийг тоглоомын төвийг хариуцаж байсан этгээдүүдэд хариуцагчаас өгсөн боловч тэдгээр нь худалдагч тал болох нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тэдгээрийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан, мөн холбогдох тайлбарыг гаргасан боловч энэ нь зохигчийн хооронд үүссэн маргаанд хамааралгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй учир буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхийг энэ шийдвэр хөндөхгүй болно.
18. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч талын гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, няцаах хангалттай үндэслэл тогтоогдоогүй болно.
19. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч М-оос 22,557,369 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,773 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М-оос 270,736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД