| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 2231000000165 |
| Дугаар | 2022/ДШМ/74 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ДШМ/74
Г.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Сүрмандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Г.*******д холбогдох эрүүгийн 2231000000165 дугаартай, 175/2022/0158/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт ******* *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, *****, ****эгтэй, ***** боловсролтой, мэргэжилгүй, С********сурагч, ам бүл ******** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ****** баг, **** дугаар хэсгийн **** тоотод оршин суудаг,бие эрүүл, ухаан бүрэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:****/,
Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 8 дугаар багын нутаг дэвсгэрт Буурын голын эргээс хохирогч М.*******гиин өмчлөлийн “Мерида” маркын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Г.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Өсвөр насны шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* *******ийг ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар хянан хүмүүжүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ||7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.*******ийн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Сэлэнгэ аймгийн хүүхдийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хараа хяналтандаа байлгаж, хянан хүмүүжүүлэх үүргийг түүний ээж Г.*******д тус тус даалгаж,
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцэлдээ:
...Шийтгэх тогтоолыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ ямар хугацаанд уг албадлагын арга хэмжээг хэрэглэх талаар тодорхой дурдаагүй, улмаар Эррүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь заалтад заасан уг албадлагын арга хэмжээний улмаас үүсэх үх дагаврын талаар шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт огт дурдаагүй шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад тусгасан албадлагын арга хэмжээг ямар хугацаанд хэрэглэх талаар тодорхой дурдаж шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөчсөн зөрчилд хамаарч байна.
Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгчид албадлагын арга хэмжээг хэрэглэх хугацаа, мөн үүнээс үүсэх үр дагаврын талаар зохих өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч нь өсвөр насны шүүгдэгч бөгөөд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч үүрэг хүлээлгэсэн. Ингэхдээ мөн тэнсэж байгаа хугацаанд буюу үүрэг хүлээлгэж байгаа хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдэх бол, үүргийг зөрчих бол хариуцлага хүлээлгэх талаар зохицуулалт хийгээгүй, шүүх тайлбарлаагүй. Өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын “УДИРТГАЛ” хэсэгт шүүх хуралдааныг “нээлттэй” явуулсан байгаа юм. Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хаалттай, нээлттэй явуулах талаар хуульчилж өгсөн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгчөөс хүсэлт гаргасан бол шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно.. Хэрэв хүсэлт гаргаагүй бол хуулиараа хаалттай явуулах байсан. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж хуульчилсан. Иймд албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл албадлагын арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ц.******* /хх-ийн 12-р ху/, гэрч Н.******* /хх-ийн 15-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Ашид Билгүүн ХХК-ий шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 19 ний өдрийн ТХҮ-922/4123 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р ху/,Эд зүйл, тээврийн хэрэгсэл,ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.
Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт насанд хүрээгүй шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан оршин суугаа газар,ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг ямар хугацаанд хэрэглэж байгаа, улмаар мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5.6-д заасан уг албадлагын арга хэмжээг зөрчсөний улмаас үүсэх үр дагаврын талаар дурдалгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан ...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... гэсэн заалтыг хангаагүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтад өөрчлөлт оруулан, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Түүнчлэн анхан шатны шүүх өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтгүйгээр, тэдгээрийн саналыг тодруулалгүйгээр шүүх хуралдааныг нээлттэй явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2.2 -д заасан заалттай зөрчилдөж байгааг цаашид анхаарах шаардлагатай байна.
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
3 дугаар заалтыг:
”...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Г.*******д 01 жилийн хугацаагаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг туус тус анхааруулсугай” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын дээд шатны прокурорын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ