2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02145

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 17 191/ШШ2025/02145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, ... Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, ..... оршин байрлах, М ХХК /..../-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөрт 18,798,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч , Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б миний нөхөр Б 2021 оны 05 сарын 28-ны өдөр Хаан банкны Эр Оюут тооцооны төвөөс 38,500,000 төгрөгийн зээлийг ЗГ/202146382095 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу зээлж авсан ба би хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Б М ХХК-тай 2021 оны 05 сарын 31-ний өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан ба Б нь анх 2021 оны 06 сарын 10-ны өдөр ковид тусч, үүнээс улбаалан элэгний хатуурал церроз өвчинтэй болох нь тогтоогдож, ковидын нөлөө хавсарч бие нь муудсаар үхэлд хүргэсэн болно. Б нь 2023 оны 05 сарын 21-ний өдөр элэгний церрозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан. Уг өвчний улмаас Б нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, 2 жил орчмын хугацаанд хүний асрамжид байж байгаад нас барсан. Миний хувьд нөхөр Б г нас барсны дараа М ХХК-д хандан даатгалын нөхөн төлбөр олгож өгөхийг хүссэн боловч боломжгүй гэсэн хариуг өгсөн ба миний хувьд даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж байгаа тул 2023 оны 05 сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 37,596,160 төгрөгийн 50 хувь болох 18,798,080 төгрөгийг М ХХК-иас гаргуулна. М ХХК Б тэй байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний даатгалын тохиолдол, эрсдэл нь Б гийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэж би ойлгож байгаа бөгөөд даатгуулагч даатгалын эрсдэлээ сонгох боломж олгоогүй болно. Иймд М ХХК-иас 2023 оны 05 сарын 21-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 37,596,160 төгрөгийн 50 хувь болох 18,798,080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч М ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Даатгуулагчийн ирүүлсэн Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний протокол №УНТЭ-43.2023-т ... эмгэг судлалын задлан шинжилгээгээр хэвлийд 2000 мл тунадастай шаргал шингэнтэй, сэмж, чамархай, гэдэсний гялтан, өрц элэг, дэлүүний гадаргуугаад шаргал идээт өнгөртэй, элэгний жин бага, нягт хатуу болсон, тархмал холимог зангилаатай, улаан хоолойн доод 1/3-т судаснууд 2-3 баганаар өргөссөн, ходоод, нарийн гэдсэнд цусархаг агууламжтай, дэлүү томорсон, уушгины гялтан, эпикард, сэмж, чацархай, гэдэст гялтангийн цэгчилсэн цус харвалт, бөөрний гадаргууд 0,5 см уйланхайтай зэрэг гол өөрчлөлтүүд илэрсэн. Эмнэл зүй эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд элэгний циррозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан гэжээ. Мөн даатгуулагчийн нас барсны гэрчилгээ дээр олон улсын оношоор К74 буюу Элэгний фиброз ба цирроз өвчнөөр нас барсан гэж 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэжээ. Энэхүү тохиолдол нь даатгуулагчтай байгуулсан гэрээний Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах гэж, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж тус тус заасан эрсдэлүүдэд хамаарахгүй ба даатгуулагч Б нь өвчний улмаас нас барсан байна. Иймд даатгалын гэрээний 3.1.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байх тул дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч М ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.  Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмгэг судлалын шинжилгээний протокол, элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэгдэж буй Реципентийн бүрдүүлэх шинжилгээ, өвчний түүх, хөдөлмөр магадлал комиссын шийдвэр, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх эмнэлэг хяналтын комисс, Орхон аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн магадлах комиссын шийдвэр, Орхон аймаг Баян-Өндөр сумын зэст багийн засаг даргын тодорхойлолт, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн албан бичиг, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өргөдөл, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, мемориалын баримт, зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт, Орон сууцны зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, Анагаах ухааны докторын дипломын хавсралт, анагаах ухааны докторын диплом, Мэдүүлгийн маягт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, өргөдөл,

2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт, эрүүл мэндийн яамны гэрчилгээ, дэд профессорын үнэмлэх зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Шүүгчийн захирамжаар: Даатгалын гүйлгээ хийхийн өмнө шалгах хуудас, мемориалын баримт, мэдүүлгийн маягт, зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, хамтран ажиллах гэрээ зэрэг баримтууд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

5. Нэхэмжлэгч Б гийн гэр бүлийн хүн болох Б нь 2021 оны 05 сарын 28-ны өдөр Хаан банктай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ-ний дагуу 38,500,000 төгрөгийн зээл авсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний харилцаанд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Зээлийн гэрээг байгуулахтай холбогдуулан даатгалын зуучлагчаар дамжуулан Б нь М ХХК-тай 2021 оны 05 сарын 31-ний өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан. Б нь 2021 оны 06 сарын 10-ны өдөр ковид туссан ба үүнээс улбаалан элэгний хатуурал, церроз өвчинтэй болох нь тогтоогдож, ковидын нөлөө хавсарч бие нь муудсаар нас барсан бөгөөд 2023 оны 05 сарын 21-ний өдөр элэгний церрозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан гэж оношлогдсон. Уг өвчний улмаас Б нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, 2 жил орчмын хугацаанд хүний асрамжинд байж байгаад нас барсан нь даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарах тул зээлийн үлдэгдэл 37,596,160 төгрөгийн 50 хувь 18,798,080 төгрөгийг М ХХК-иас гаргуулна гэж маргажээ.

6. Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгчтэй даатгалын гэрээний харилцаанд орсон талаар маргаагүй боловч нэхэмжлэгчийн эмнэл зүй, эмгэг судлалын шинжилгээ, нас барсан шалтгаан нь Элэгний фиброз ба цирроз буюу өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн осол, эрсдэлүүдэд хамаарахгүй, даатгуулагч Б нь өвчний улмаас нас барсан нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.

8. Б хамтран зээлдэгч Б нар нь Хаан банктай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээг байгуулан, 38,500,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлжээ.

9. Улмаар, нэхэмжлэгч Б нь /хамтран зээлдэгч Б гийн/ зээлийн гэрээ байгуулсантай холбоотойгоор М ХХК болон Хаан банк ХК нарын хооронд байгуулсан Хамтран ажиллан гэрээ-ний дагуу даатгалын зуучлагч буюу зээлдүүлэгч Хан банк ХК-иар дамжуулан 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №215120052020100011 баталгааны дугаартай "Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г М ХК-тай 3 жилийн хугацаатай байгуулж, даатгалын хураамжид 115,500 төгрөгийг төлжээ.

10. Зохигчдын хооронд гэрээ, хэлцэл байгуулсан асуудлаар маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ.

11. Б , Б нар нь Орон сууцны зээлийн гэрээг Хаан банк ХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу үндсэн болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эсхүл гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэлийг даатгаж, М ХХК-тай "Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсны дараа гэрээний хүчин төгөлдөр хугацааны явцад даатгуулагч Б нь нас барсантай холбоотойгоор даатгалын тохиолдол бий болсон, 2023 оны 05 сарын 21-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 37,596,160 төгрөгийн 50 хувь болох 18,798,080 төгрөгийг нөхөн төлбөрт гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь гэрээнд заасан эрсдэл бий болоогүй гэсэн үндэслэлээр татгалзсан нь маргааны үндэслэл болжээ.

12. Нэхэмжлэгч Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо, даатгуулагч Б нь анх 2021 оны 06 сарын 10-ны өдөр ковид туссан ба үүнээс улбаалан элэгний хатуурал, церроз өвчинтэй болох нь тогтоогдсон, улмаар ковидын нөлөө хавсарч бие нь муудсаар үхэлд хүргэсэн, Б нь 2023 оны 05 сарын 21-ний өдөр элэгний церрозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан, уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, 2 жил орчмын хугацаанд бусдын асрамжид байсаар нас барсан тул даатгалын гэрээнд засан эрсдэлийн улмаас нас барсан гэжээ.

а/ Тодруулбал, ковид буюу цар тахал нь гэнэтийн шинжтэй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7.1-т заасан байгалийн эрсдэл, 1.7.8-д заасан ахуйн болон бусад эрсдэл-д хамаарах бөгөөд уг халдварт өвчин туссаны нөлөө, шалтгаант холбоотойгоор бусад өвчин хавсарч хүндэрсний улмаас нас барсан учир гэнэтийн осол, эрсдэлд хамаарна гэж маргажээ.

б/ Нэхэмжлэгч Б нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор Эмгэг судлалын эмч С Эмгэг судлалын шинжилгээний протоколын №УНТЭ-43.2023 2023.06.09-ний өдрийн дүгнэлтийг үндэслэжээ. Уг дүгнэлтэд Эмгэг судлалын онош: Элэгний том зангилаат цирроз, НВsАg, НСV /+/: үүдэн венийн даралт ихсэх хам шинж: улаан хоолойн венийн варикоз, дэлүүний томрол, халдварлагдсан асцит(2000 мл) ӨОУА-10:К74. хийгдсэн мэс ажилбар: ходоодны дурангаар улаан хоолойн өргөссөн судас боох Ү0УА-9:42.33 /2023.05.05, 2023.05.10 УНТЭ/. Блекморийн зонд тавих ажилбар /2023.05.20 УНТЭ/. Улаан хоолойн өргөссөн судасны цус алдалт /183/: ходоодны 140 мл цусархаг бүлэн, нарийн гэдэсний шингэн цус. Цус алдалтын дараах цочмог цус багадал. Цочмог идээт фибринт перитонит /К65.0/. Үжил, олон эрхтэний дутагдал /А41.9/: насанд хүрэгчдийн амьсгалын гачаал, зүрх, бөөрний завсрын эдийн цочмог үрэвсэл, цочмог спленит. Судсанд цус түгмэл бүлэнтэл. Трахины хаван /093.6/. Бөөрний сувганцарын тархмал үхжил N17/. Бөөрний энгийн уйланхай ӨОУА-10:N28.1гэсэн онош тогтоогджээ.

в/ Мөн эмгэг судлалын эцсийн дүгнэлтээр: Элэгний циррозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтэний дутагдлаар нас барсан гэж дүгнэжээ.

13. Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний Үндсэн эрсдэлийн хамгаалалт нь гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдол нь даатгалын гэрээний тохиолдолд хамаарахаар заажээ.

а/ Гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд даатгагчаас нөхөн төлбөр төлөх үүрэг үүсэх бөгөөд гэрээний 1.7-д гэнэтийн осол-д ямар ямар эрсдэл хамаарахыг журамлажээ. Үүнд: Байгалийн эрсдэл, Зам тээврийн осол, Мал амьтдын нөлөөллийн эрсдэл, Гаднын халдлагад өртөх эрсдэл, Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн, осол, Үйлдвэрлэлийн осол, Урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол/үүнд олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээний үеийн осол хамаарахгүй/, Ахуйн болон бусад эрсдэл/түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох, гэх мэт/ тусгагджээ.

14. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд даатгуулагч Б нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас нас барсан, даатгалын гэрээнд заасан эрсдэл бий болсон гэх үйл баримт тогтоогдоогүй тул гэрээнд заасан эрсдэлийн улмаас нөхөн төлбөр шаардах эрхгүй гэж дүгнэв.

14.1. Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, ерөнхий нөхцөлөөс дүгнэхэд гэнэтийн эрсдэл буюу таамаглах аргагүй нөхцөл байдлын улмаас гэрээгээр хамгаалагдсан осол гэмтлээс шалтгаалан даатгуулагчид даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр олгох харилцааг зохицуулжээ.

15. Мөн, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "осол" гэж уул уурхай, үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах, тээврийн хэрэгсэл осолдох, сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах, дэлбэрэлт болох зэргийг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д "үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг тус тус ойлгохоор тус тус томьёолжээ.

а/ Тодруулбал, осол гэдэг нь хүн эсхүл техник, технологи, байгалийн гамшигт үзэгдэл болон бусад гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр гэнэтийн буюу урьдчилан таамаглах боломжгүй нөхцөлд үүсэх аливаа гэмтэл, сүйрэл, гамшиг, эрсдэлийн улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учрах тохиолдлыг ойлгохоор хууль тогтоомжид томьёолсон, талуудын хооронд байгуулсан гэрээний 1.7-д зааснаар даатгалын тохиолдолд хамаарах зүйлүүд нь гэнэтийн осол буюу гэнэтийн шинжтэй, урьдчилан таамаглах боломжгүй эрсдэлийн шинжийг агуулжээ.

16. Датгуулагч Б нь 2023.05.21-ний өдөр К74 оноштойгоор нас барсан, нас барсан шалтгаан, үндэслэл нь Элэгний циррозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан гэсэн дүгнэлтэд үндэслэгджээ.

17. Нэхэмжлэгч Б нь талийгаач Б нь 2021.06.10-ны өдөр ковид цар тахлын халдвар авсан, улмаар энэ халдвар нь гэнэтийн байснаас гадна бусад хавсарсан өвчнөөр хүндрэх нөхцөл, шалтгаан болсон, улмаар нас барах шалтгааны гол үндэслэл болсон гэж маргасан боловч хавтаст хэрэгт авагдсан эмчийн дүгнэлт, бусад баримтуудаар ковидоос улбаалан элэгний хатуурал, бусад хавсарсан өвчний шалтгаан болсон гэх үйл баримт тогтоогдоогүй буюу ковидын шалтгаант холбооны улмаас даатгуулагч нь нас барсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

18. Иймд Б нь К74 буюу Элэгний фиброз ба цирроз өвчнөөр нас барсан, уг тохиолдол нь даатгуулагчтай байгуулсан гэрээний Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах гэж, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж тус тус заасан эрсдэлүүдэд хамаарахгүй ба даатгуулагч Б нь өвчний улмаас нас барсан тул нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэв.

19. Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр М ХХК нь Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй ба Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №210 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т зааснаар Ердийн даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалтын эрсдэлийг даатгах-аар зохицуулжээ./нийтэд илэрхий баримт/

20. М ХХК нь ердийн даатгагчийн хувьд олгогдсон тусгай зөвшөөрлийн хүрээнд эрсдэлийг даатгасан нь өвчний улмаас нас барах шалтгаан эрсдэлд хамаарахгүй гэж маргасан нь эрх зүйн үндэслэлтэй байна.

21. Иймд М ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 18,798,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч М ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 18,798,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД