Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/76

 

 

                                           Б.Батбаярт холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

     

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Баясгалан

Шүүгдэгч Б.Батбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж шийдвэрлэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлоор Б.Батбаярт холбогдох эрүүгийн 22310000000163 дугаартай, 175/2022/0148/Э индекстэй 1 хавтас хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Буурал овогт Бямбаагийн Батбаяр, Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Буур хээр 8 дугаар баг 3 дугаар хэсгийн 036 тоотод оршин суух, урьд

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 958 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЮ91071114/

Шүүгдэгч Б.Батбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Петровис Шатахуун түгээх станцын орчим 2022 оны 06 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Орхон, Б.Орхонтамир нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Б.Батбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Буурал овогт Бямбаагийн Батбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бямбаагийн Батбаярыг 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Бямбаагийн Батбаярыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар Бямбаагийн Батбаярыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Шүүгдэгч Б.Батбаяр нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд гаргасан 166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Б.Батбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Петровис ШТС-ын орчим 2022 оны 06 дугаар сарын 21-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Орхон, Б.Орхонтамир нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь цохиж, хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт холбогдсон.

Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улмаар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт амаар хүсэлт гаргаж, прокуророос эрүүгийн хариуцлагын талаар санал гаргасныг хүлээн зөвшөөрч, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Гэвч анхан шатны шүүхээс Б.Батбаяр нь хэргийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг бичгээр гаргаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Улмаар 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас Б.Батбаярт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх талаар дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх нь хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн атлаа улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж маш ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийж 4 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг эс зөвшөөрч байна.

Б.Батбаяр нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ... Зайлшгүй ял эдлүүлэх шаардлагатай гэж харахгүй байх тул ялаас чөлөөлөх санал гаргасан энэ саналаа дэмжиж байна гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор Б.Батбаярт холбогдох 22310000000163 дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Батбаяр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Петровис шатахуун түгээх станцын орчим 2022 оны 06 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн, согтуурсан үедээ Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан дэд ахлагч Б.Орхон, Б.Орхонтамир нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Орхоны /хх-ийн 07-09 тал/, Э.Орхонтамирын /хх-ийн 14-16/, гэрч А.Цэрэндолгорын /хх-ийн 25-26 тал/, Т.Мөнх-Учралын /хх-ийн 28-30/, Б.Анхбаярын /хх-ийн 33-35/, мэдүүлгүүд, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 250 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.  

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Батбаярт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлөхийг хүссэн өмгөөлөгчийн санал, прокурорын дүгнэлтийг хүлээн авахгүйгээр ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь мэтгэлцэгч талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн аваагүй алдаатай мэт харагдавч, шүүгч өөрийн эрх зүйн ухамсарт тулгуурлан дотоод итгэлээр шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй.

Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Б.Батбаяр нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү” гэх гомдлыг ханган шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч Б.Батбаяр нь урьд өмнө гэмт хэрэг холбогдож ял шийтгүүлэн ялаа эдэлж дууссан, үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хохирогч нарт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж гэмшсэн зэрэг болон түүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар 04 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүх гомдлыг бүхэлд нь хүлээн авч шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/166 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

  4 дэх заалтыг:

“4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Бямбаагийн Батбаярт оногдуулсан 04 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                             ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ