| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2024/0617/З |
| Дугаар | 128/ШШ2025/0151 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК /РД:20993/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: К.,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын /Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт/-ны сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А. нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч К., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат хамгаалалттай газар нутгийн Нүхтийн аманд байрлах 11569 м.кв /1.1 га/ хэмжээтэй газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг энх ХХК-д олгожээ.
3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн Б талбайн 11569 м.кв газрын ашиглах эрхийг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн нэхэмжлэгч - ХХК-ийн газар ашиглах эрхийг эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.
4. Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтын тухайд ... Тус компани нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр нийт 7,2,680 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн болно гэж тайлбарласан.
- дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр ... Газрын төлбөрт 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3262460 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн дугаараар 4080000 төгрөгийг төлсөн. Дээрх хуулийн этгээдтэй тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна гэх тайлбарыг ирүүлсэн байна.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтын тухайд ... маргаан бүхий газар ашиглах гэрээг байгуулснаас хойш 4 сар гаруйн дараа цар тахлын улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болно. ... цар тахлын хамгийн сүүлийн Засгийн газрын тогтоол гарсан хугацаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий тушаал гарсан өдөр хүртэл 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн гэж тайлбарлажээ.
6. Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1301 дугаар албан бичгээр -Эн ХХК-д маргаан бүхий газрын газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгахыг мэдэгдсэн.
7. Нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалыг эс зөвшөөрч гомдол гаргахад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн байна.
8.Ийнхүү нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани нь Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалын дагуу 1.1 га газрыг 5 жилийн хугацаагаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оныг дуустал 2 жил гаруй хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон болох нь Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол, шийдвэрээр нотлогддог.
Үүний дараагаар 2022 оноос хойш үйл ажиллагаа эхлүүлж, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр н ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.2 га талбай газрын өндөржилтийн нарийвчилсан зураглал хийлгэсэн. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ХХК-аар барилгын ажлын зураг хийлгэсэн. Ковид-19 цар тахлын тохиолдол багасаж, хөл хорио дуусмагц ажил явуулж эхэлсэн ба хуульд заасан хоёр жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй гэх зөрчил гаргаагүй.
Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг бидэнд огт мэдэгдэж, тайлбар авалгүйгээр хүчингүй болгосон байна. Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, Ковид-19 цар тахлын хүндэтгэн үзэх онцгой нөхцөлийг харгалзан үзээгүй, манай компаниас ямар ч тайлбар, мэдүүлэг аваагүй, мэдэгдэх сонсох ажиллагаа хийлгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч нь сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал сонсох ажиллагаа явуулж, тайлбар саналыг нь авах боломжоор хангах үүрэгтэй атал манай компанид мэдэгдэлгүйгээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх хувийн аж ахуй эрхлэх иргэний үндсэн эрхэд халдсан хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Маргаан бүхий тушаалыг тус компанид гардуулж өгөөгүй бөгөөд манай гэр бүлийн хүн гэрийн эд хогшил янзалж байгаад ийм шуудан ирсэн гэж 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр надад өгсөн үед нээж, үзээд ийм тушаал гарсныг мэдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад гаргана. 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж зааснаар 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж, 30 хоногийн дотор буюу 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргаж, тус өдөр Монгол шуудангаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн.
Харин уг гомдлын хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тоот албан бичигт Гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа дууссан тул танай 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдье гэжээ.
Тус хариуг яамнаас мөн буруу хаягт явуулсны улмаас тус албан бичгийг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсан нь Монгол шуудан ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот тодорхойлолтоор нотлогдоно. Гомдлыг хурдан шийдвэрлүүлэхээр удаа дараа холбогдож байсан боловч олон гомдол байгаа, хариуцсан хүн байхгүй гэж хариу хэлдэг байсан.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана. 93.2-т Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно гэж заасны дагуу захиргааны актыг гаргасан байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:, 14.1.1 дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны албан бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Тушаалд зааснаар ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан ба давагдашгүй хүчин зүйл буюу ковид-19 цар тахлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдох юм.
Тус компани нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5 удаагийн гүйлгээгээр нийт 7,2,680 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн болно.
Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчил гаргасан боловч уг төлбөрийг төлөөгүй нь Ковид-19 цар тахалтай холбоотой бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул цуцлах үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдэгдэл ирүүлээгүй, тайлбар авч байгаагүй.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.4. үр нөлөөтэй байх; 4.2.6.бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гарах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах; гэж заасан.
Хариуцагч нь манай компанид 2019 оны 06 сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар газар эзэмших эрх олгосон. Уг газар ашиглах эрх үүссэнээс хойш аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэх, төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авахаар холбогдох баримтуудыг бүрдүүлж ирсэн. Гэтэл 2020 оноос 2022 оныг дуустал цар тахлын хөл хорионоос шалтгаалж ажил явуулах боломжгүй байсан ба хорио тавигдаад ажил эхлэх болоход тус газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны байгууллагын үр нөлөөтэй байх зарчимд нийцэхгүй бөгөөд ажлаа хэвийн явуулах боломж олгоогүй юм.
Иймд дээрх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр 25-ны өдрийн дугаартай газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
- ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тушаалын дагуу 1.1 га газрыг 5 жилийн хугацаагаар улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр авсан. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байсан боловч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оныг дуустал 2 жил гаруй хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоол шийдвэрүүдээр нотлогддог. Үүний дараагаар 2022 оны оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлж 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 1.1 га талбай газрын өндөржилтийн нарийвчилсан зураглал хийлгэсэн. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ХХК-тай барилгын ажлын зураг хийлгэсэн.
Ковид-19 цар тахлын тохиолдол багасаж хөл хорио дуусмагц ажил явуулж эхэлсэн ба хуульд заасан 2 жилийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй гэх зөрчил гаргаагүй. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын маргаан бүхий тушаал манай компанийн газар ашиглах эрхийг бидэнд мэдэгдэж, тайлбар авалгүйгээр хүчингүй болгосон байна. Манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдээгүй, цар тахлын хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, компаниас тайлбар мэдүүлэг авч албан ёсоор гардуулж өгөөгүй, мэдэгдэх сонсох ажиллагаагаа хийхгүйгээр газар ашиглах эрхийг шууд цуцалсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хариуцагч сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргахдаа эрх ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал сонсох ажиллагаа явуулж тайлбар саналыг нь авах боломжоор хангах үүрэгтэй байтал манай компанид мэдэгдэлгүй газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Маргаан бүхий тушаалыг манай компанид гардуулж өгөөгүй гэх хүсэлтийг шийдвэрлэсэн. Манай компаниас маргаан бүхий тушаалыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээж аваад гомдол гаргасан. Тушаалд зааснаар ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Монгол Улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 20 оны 15 дугаар тогтоолын 1.10-д хуулийн 41.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчдээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж заасан давагдашгүй хүчин зүйл буюу Ковид-19 цар тахлын хүндэтгэн үзэх шалтгаанд тооцогдоно. Тус компани нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 5 удаагийн гүйлгээгээр нийт 7,2,687 төгрөгийн газрын төлбөрийг төлсөн байдаг. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэх зөрчлийн хувьд Ковид-19 цар тахалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар Газрын алба болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлт гаргаад газрын төлбөрийг хойшлуулъя, ийм графикаар төлье гэдэг хүсэлтүүдийг гаргаж байсан. Ямар нэгэн мэдэгдэл хариу огт ирүүлж байгаагүй.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. Мөн хуулийн 4.2.4-т үр нөлөөтэй байх, 4.2.6-д бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан. Хариуцагч нь манай компанийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар газар эзэмших эрх олгосон. Уг газар ашиглах эрх үүссэнээс хойш кэй ай аялал жуулчлалын цогцолборын төсөл хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэх төрийн байгууллагуудаас зөвшөөрөл авахаар холбогдох баримтуудыг бүрдүүлж ирсэн.
Гэтэл 2020 оноос 2022 оныг дуустал цар тахлын хөл хорионоос шалтгаалж ажил явуулах боломжгүй байсан ба хорио тавигдаад ажил эхлэх болоход тус газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь захиргааны байгууллагын үр нөлөөтэй байх зарчимд нийцэхгүй бөгөөд ажлаа хэвийн явуулах боломж олгоогүй. Иймд дээрх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дүгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн хуулийн 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөлийг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг нотлох баримтыг судлуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хийнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл хэдэн төгрөг төлөөгүй, хэд дутуу байгаа ямар шалтгааны улмаас төлөөгүй гэдэг нөхцөл байдлуудыг тухайн үед тогтоох ёстой байсан. 2 жилийн хугацаанд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар Ковидын нөхцөл байдал үүссэн хугацааг хасаж тооцно гэж тайлбарласан. Манай үйлчлүүлэгч 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Газар ашиглах эрхийн гэрээ байгуулсан. Энэ хугацаанаас тоолбол Ковид гарах хүртэл 4 сарын хугацаанд Ковидоос хойш 1 жил 8 сар 25 хоног байна.
Тэгэхээр нийт бодитой үйл ажиллагаа явуулах боломжтой хугацаа 2 жил 25 хоног байна. 2 жил 25 хоногийн хугацаанд зургууд батлагдсан, өндөржилтийн ажлууд хийгдсэн. Энэ хугацаануудыг тоолбол зөвхөн зургийн ажил хийлгэхэд 25 сая төгрөгийн зардал гаргаж нийт зургийг гэрээнд зааснаар 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хийхээр заасан. Зураг бэлэн болсон. Энэ хугацаагаар тоолбол нийтдээ 4 сарын хугацаа зурагт зарцуулсан. Бусад ажлууд, төрийн байгууллагуудтай харилцах ажлуудыг үзвэл 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үгүйсгэгдэж байна. Нарийвчлан тогтоох ажиллагаа хийхгүйгээр, нотлох баримтуудыг судлахгүйгээр шийдвэрлэсэн байна. Сайдын тушаалаар батлагдсан зөвлөл ажилладаг юм байна.
Журам өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр байгаа гэж нотлох баримтаар тооцож үнэлэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тэгэхээр зөвлөлөөр хэлэлцээд тодорхой нөхцөл байдлуудыг судлаад, баримттай танилцаад ашиглах эрхийг хүчингүй болгох зөвшөөрсөн, эс зөвшөөрч, тодруулах шаардлагатай гэдэг гурван дүгнэлт гарах ёстой байсан. Хуралдааны тэмдэглэлд дурдсанаар энэ компанийн асуудлыг огт хэлэлцээгүй. Асуулт, хариултын шатанд асуусан шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудас, шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримтууд байна уу гэхээр байхгүй гэдэг. Жишээлбэл газрын төлбөрийг төлсөнтэй холбоотой дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тодруулга аваагүй. Дүн тодорхой болгоогүй. 11,4,603 төгрөг, 1,331,230 төгрөг гээд тодорхой дүнгүүд тавьсан. Энэ дүнгүүдийг мэдээж санаанаасаа зохиож тавиагүй байх нэг байгууллагаас авсан.
Анхнаасаа ямар нэгэн үндэслэл бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоосон, оролцогчийн эрхийг хангасан шийдвэр огт гаргаагүй байна гэж үзэж байгаа юм. Газрын тухай хуульд заасан 2 үндэслэлээр гаргаж байгаа боловч 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нь нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Газрын төлбөр төлөөгүйтэй холбоотой нийт хэрэгт авагдсан баримтаар 20,392,293 төгрөгийг төлчихсөн баримт хэрэгт авагдсан байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс зарим баримтуудаа олохгүй нөхцөл байдлууд байгаа гэдгийг тайлбарласан. Зарим хувьцаа эзэмшигч нар нь төлбөр төлдөг байсан. Тэгэхээр төлөлтүүдтэй холбоотойгоор Ковидын нөхцөл байдалд байсан.
Үүний дараа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн, төлнө гэдгээ илэрхийлсэн. Тухайн шаардсан үед нь 2022 онд 4,080,000 төгрөг, 2021 онд 3,262,000 төгрөгүүдийг төлөөд явж байсан. Тодорхой хэмжээнд үүргээ биелүүлж явсан. 5, 10 жилээр огт үйл ажиллагаа явуулахгүй хаячхаагүй. 2 жилийн хугацаанд хангалттай ажлууд хийгдээд явсан байна гэдэг нь хэрэгт авагдсан барилгын ажлын зургуудтай холбоотой баримтуудаар нотлогдож байгаа. Жишээлбэл барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу тодорхой ажлууд хийгдсэн. Зарим төлбөрүүд нь төлөгдөөгүй учраас төлсөн дүнгүүдийнхээ хувьд бол хэлэхгүй гээд байгаа нь тийм учиртай. Тэгэхээр Ковидын үеийн нөхцөл байдал нийтэд илэрхий. Төлөөгүй байна гэдэг цуцлах үндэслэл байна тэрийг бүгд ойлгож байгаа. Гэхдээ яагаад төлөөгүй гэхээр Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмын хүрээнд маргааныг хянан шийдвэрлэхэд хандах ёстой гэж үзээд байгаа юм. Газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй иргэн аж ахуйн нэгжүүдийн төлбөр бүгд хойшилсон. Тодорхой хуваариуд гаргаад төлөөд явдаг тэр хүрээнд явах ёстой байсан. Хэчнээн аж ахуйн нэгжийг шалгаад хэд нь төлбөрөө төлөөгүй байсан нарийн мэдээлэл байхгүй. Нийтэд нь шалгаад байгаа юм уу, тодорхой нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг шалгаад байгаа юм уу. Жишээлбэл хуралдааны тэмдэглэл нь дутуу байдалтай ирсэн.
Тухайн үедээ хэрэв сонсох ажиллагаа хийгээд баримтуудаа гаргаж өгөөд явсан бол өнөөдрийн энэ сайдын тушаал гарахгүй байсан гэж харж байгаа. Тэгэхээр захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль, өөрсдийн салбарын хууль тогтоомжийн хүрээнд тодорхой чиг үүрэгтэй. Нотлох ажиллагаатай холбоотой тодорхой хууль хэрэгжээд 2016 оноос хойш 10 гаруй жил болох гэж байна. Тэрийгээ огт хэрэгжүүлдэггүй. Шүүхэд ирээд нотлох баримт цуглуулаад явдаг. Тэгээд нотлох баримтууд дээр үндэслээд нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэдэг байдлаар хандвал захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль, оролцогчоо сонсдог, гаргаж байгаа шийдвэрийн үндэслэлийг тухайн үедээ нотолдог байх ёстой. Баримт нь хадгалагдаж байдаг тэрийг үндэслэж шийдвэрийн үндэслэлийг тайлбарладаг зарчмын хүрээнд асуудалд хандах ёстой.
Би 2013 оноос хойш захиргааны хэргийн шүүхэд төлөөлөгч, захиргааны байгууллагын төлөөлөгч, сүүлийн 10 жил өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Өмгөөлөгч, хуульч, шүүгч нар хуулиа мөрддөг байх ёстой. Тэгэхгүй бол хойноос нь нотлох баримт цуглуулаад өмнөөс нь захиргааны байгууллагад туслалцаа үзүүлдэг байгууллага байж болохгүй гэж үзээд байгаа юм. Тэгэхээр шүүх хэрэв төлбөрийн асуудлуудыг тодруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол актын биелэлтийг түдгэлзүүлээд захиргааны байгууллагууд өөрт нь тодруулаад шаардлагатай ажиллагаануудаа хийгээд дахиад шийдвэрээ гаргах ёстой гэдэг байдлаар хандаасай гэж хүсэж байна. Тэгэхээр буруу жишиг тогтооно. Сайдыг төлөөлж ирээд би мэдэхгүй гэдэг мэддэг болоод ирэх ёстой. Төрийн ажил явж байгаа Монгол Улсад 20 хэдэн сайд байна. Заримдаа гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг өмгөөлж явахаар сонин юм байдаг.
Тэгэхээр ийм байж болохгүй. Нөхөөд тэрийгээ тодруулъя, ингэе гэдэг. Хувийн хэрэг хаана байгаа, хэн ямар санал гаргасан, хурлаар хэлэлцэх ёстой, шийдвэр гаргах процессууд зөрчигдсөн байна. Шийдвэр гаргахад нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн олон заалтууд зөрчигдсөн байна. Зөвлөлийн ажиллах журмууд зөрчигдсөн байна. Тэгэхээр хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа учраас тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна. гэв.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар, дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын отоглох зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаалаар - ХХК-д олгосон газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон.
Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасныг удирдлага болгосон.
Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.
Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээ хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй тариалан эрхлээгүй гэх мэт/ байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын бүтцийг хамруулах зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн орон нутгийн хамгаалалтын горимын хүрээнд үйл ажиллагааны зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ үүргийнхээ хүрээнд холбогдох ажиллагааг хийгээд цуцлуулах саналыг ирүүлсэн. Мөн үүнтэй холбогдуулаад Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлж ажиллаад яамны болон хамгаалалтын захиргааны цахим хуудсанд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу 20-с дээш иргэн, аж ахуйн нэгжид хамаарах акт байсан учраас энэ хүрээнд мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлж ажилласан. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гуравласан гэрээг байгуулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч тайлбарлахдаа Ковид гарсан гэдгийг тайлбарлаж байна. Ковидын нөхцөл байдал 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хил хаагаад 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр Ковидын нөхцөл байдал арилсан. Энэ хугацаанд 100 гаруй хоног хатуу хөл хориотой бусад үед өндөржүүлсэн бэлэн байдалтай байсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын цаг үед төрийн захиргааны байгууллагууд хэвийн үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч тухайн цогцолборынхоо зураг төслийг батлуулахаар хандсан хүсэлт гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар зураг төслөө батлуулаагүй. Хийгдсэн ажил нь юу байдаг вэ гэхээр Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан байдаг. Ямар хугацаанд хэрэгждэг ямар ажил вэ гэхээр Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 мөн Газрын тухай хуульд заасны дагуу төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийгдэх ёстой ажил.
Өөрөөр хэлбэл төслийг, аялал жуулчлалын цогцолбор юм уу эсвэл зочид буудал юм уу төслийг хэрэгжүүлснээр Байгаль орчинд ямар сөрөг нөлөөлөл үзүүлэх юм энийг яаж нөхөн сэргээх юм гэдэг тусгай зөвшөөрлийн урьдчилсан баримт, бичиг. Нэхэмжлэгч тайлбарлахдаа Ковидтой байсан учраас үйл ажиллагаа явуулаагүй гэдэг. Гэхдээ Байгаль орчны үнэлгээгээ хийлгэсэн гэдэг тайлбартай байдаг. Ковидын нөхцөл байдлыг тоолоод, гэрээ байгуулсныг тооцоод үзвэл Улсын дээд шүүхийн 20 оны 15 дугаар тогтоолоор мөн зүйл хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмших тухайн газар дээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан.
Тэгэхээр хуанлийн хугацааг тооцоод үзэхээр 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гэрээ байгуулагдсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл 4, 5 сар газраа ашиглах бүрэн боломжтой байсан. Ковидын нөхцөл байдал 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон.
Өндөржүүлсэн бэлэн байдал, хатуу хөл хориог тооцохгүйгээр ковидын нөхцөл байдлыг тооцоод үзвэл 2022 оны 01 дүгээр сараас хойш буюу газар ашиглах эрх цуцлагдах хүртэл 2023 оны 09 дүгээр сар хүртэл нийт 1 жил 9 сар дээр өмнөх 5 сарын хугацааг нэмбэл даруй 2 жил гаруй хангалттай хугацаа нэхэмжлэгчид байсан. Гэтэл энэ хугацаанд хийсэн ажил нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байна. Тэгэхээр хөтөлбөргүй нотлох баримтаар нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь тогтоогддог. Газрын төлбөрийн хувьд гуравласан гэрээний 2-т зааснаар жилд 16,312,400 төгрөгийг төлөхөөр байдаг. Нэхэмжлэгч компани нь 2021 онд 3,262,000 төгрөг, 2022 онд онд 4,080,000 төгрөг гээд 1 жилийн төлбөрөө бүтэн төлөөгүй нь тогтоогдож байгаа юм. Ийм учраас хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөлүүдийг сайдын маргаан бүхий тушаал бүрэн хангаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч - ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2 жил гаруй хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, 2022 оноос үйл ажиллагаа эхлүүлж газрын өндөржилтийн нарийвчилсан зураглал хийлгэсэн, барилгын ажлын зураг хийлгэсэн, хуульд заасан 2 жил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар ашиглаагүй гэх зөрчил гаргаагүй, мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй ... гэж, хариуцагчаас ...нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам нэртэй 1.1 га хэмжээтэй газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн дугаар гэрчилгээг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5 жилийн хугацаатай олгожээ.
5. Улмаар 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай дугаар гэрээг 2024 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан үйл баримтууд тус тус тогтоогдов.
6. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд - ХХК-нд ашиглуулахаар олгосон газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, газрын төлбөрийг заасан хугацаанд бүрэн төлөөгүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 922 дугаар албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тухайн аж ахуйн нэгжийн Б талбайн 11569 м.кв газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
7. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд шийдвэрлэх гэж байгаа асуудал нь бусад хүрээнийхтэй шууд холбоотой бол Засгийн газрын холбогдох гишүүдтэй урьдчилан тохиролцож зохицуулсан байвал зохино. Засгийн газрын гишүүд удирдлагын түвшинд тохиролцсон асуудлаар хамтарсан тушаал гаргаж болно. Энэ талаар гарсан саналын зөрөөг өөрсдөө зохицуулж чадаагүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 27.1-д тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, 40 дүгээр зүйлд Газар ашиглах, зөвшөөрлийн эрх дуусгавар болох, хүчингүй болох, газрыг чөлөөлөх, 40.4.1-д Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заасан ба 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заасан.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч - ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай дугаар гэрээг байгуулснаас хойш 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр н нэшнл хайвей ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан өндөржилтийн нарийвчилсан зураглал, мөн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Поржект г ХХК-тай Зургийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан барилгын ажлын зураг тус тус хийлгэсэн, шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хийсэн үзлэгээр маргаан бүхий газар дээр хоосон, газрын урд хэсгээр байрлах төмөр хашаа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019, 2021, 2022 онуудын сансрын зургаас харахад урд талын айлын хашаа байх бөгөөд, зүүн хойд талын хэсгээр цөөн тооны богино төмөр шон суулгасан, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
9. Дээрхээс үзвэл нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэнээс хойш уг эрхээ хэрэгжүүлэхээр шаардлагатай гэрээнүүдийг байгуулж өндөржилтийн нарийвчилсан зураглал, барилгын ажлын зураг хийлгэсэн, түүнчлэн нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээ байгуулсан цаг хугацаанд Монгол Улсад Ковид-19-ын цар тахалтайгаар холбоотойгоор гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх, улмаар энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, газар ашиглах эрхийн гэрчилгээ олгосноос хойш 4 жилийн хугацаанд нэхэмжлэгч тухайн газраа ашиглах үйл ажиллагаа явуулаагүй байна.
10. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны тушаалаар газар ашиглах эрхийг олгосон байхад нэхэмжлэгч талаас ковид цар тахал гарсантай холбоотойгоор газраа ашиглах боломжгүй байсан талаар дурдсан боловч газар ашиглах эрхээ олж авснаас хойш тухайн эрхийг олж авах үндэслэл болсон үйл ажиллагааг явуулах, төслөө хэрэгжүүлэх, зориулалтын дагуу ашиглах зэрэгт цар тахал үргэлжилсэн нөхцөл байдалтай байсан үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
11. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг үндэслэлтэй гэж дүгнэлээ.
12. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, ...35.3.3-т газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж зааснаар газрын төлбөр төлөх үүргийг газар эзэмшигч, ашиглагчид оногдуулсан, хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгохоор мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д тусгайлан заасан.
13. Нэхэмжлэгч - ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.б-д 1 жилд 16,312,100 /арван зургаан сая гурван зуун арван хоёр мянга нэг зуу/ төгрөг-ийг, 2.3.в-д Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дансанд төлөх-өөр, 2.4.а-д Газар ашиглах эхлэх хугацааг 2019-06-25 гэж, 5 дугаар зүйлийн 5.5-д Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх-өөр, 5.6-д Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх-ээр тус тус заажээ.
14. Дээрх гэрээ байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгчээс газрын төлбөрт 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3,262,460 /гурван сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун жар/, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн дугаараар 4,080,000 /дөрвөн сая наян мянга/ төгрөг, нийт 7,2,460 /долоон сая гурван зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг төлж, 2019 оны 4 дүгээр улирлын төлбөр төлөгдсөн, 2020 оны төлбөр дутуу төлөгдсөн, 2021, 2022, 2023 оны төлбөр төлөгдөөгүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй болох нь Нийслэлийн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар албан бичгээр нотлогдож байна.
15. Иймд нэхэмжлэгчээс газрын төлбөрөө төлөөгүй нь дээрх байдлаар тогтоогдсон тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн байна.
16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргасан, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаар Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хавсралтын 19 дугаарт - ХХК бичигдсэн байх бөгөөд уг албан бичгийг тус захиргааны цахим хуудаст 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байршуулсан нь хариуцагчаас ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
17. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 27 дугаар зүйлийн 27.1-д Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно, 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж тус тус заасан.
. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Богдхан уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлж, олон нийтэд мэдээлснийг дээрх хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх боломжтой бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлсэн гэж үзнэ.
19. Түүнчлэн, хариуцагчаас Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа-г хуульд нийцүүлж хийгээгүйгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй үйл баримт өөрчлөгдөхгүй, иймээс зөвхөн сонсох ажиллагаа буруу явуулсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
20. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн ... гэж маргадаг. Энэ талаар хэрэгт авагдсан Монгол шуудан ХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Магадлагаа-д Шилжсэн, нүүсэн, Тодруулсан хаяг гэдэгт дүүрэг, -р хороо, Удирдлагын академийн хойно Академи-1 хотхон, - тоот гэж бичигдсэн,
- Монгол шуудан ХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн /51 дугаар Хариу албан бичигт ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* ХХК, Бага тойруу , 8-р хороо Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, утас хаягаар илгээсэн бүртгэлийн дугаартай илгээмжийг шинэчилсэн - тоот, -р хороо, дүүрэг, Улаанбаатар хот хаягийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр захирал *******д гардуулсан байна гэж дурдан хавсралтаар хүргэлтийн дэвтрийн хуулбарыг хавсарган ирүүлснээс үзвэл уг шуудангаар маргаан бүхий актыг бус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичгийг хүргүүлсэн,
- Мөн Монгол шуудан ХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот тодорхойлолтод ... Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ХХК, ******* ******* ******* тоот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар хот, утас ******* хаягаар илгээсэн ******* бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 10:00 цагт ажилтан *******-т гардуулсан байна гэж дурдан хавсралтаар хүргэлтийн дэвтрийн хуулбарыг шүүхэд ирүүлсэн.
21. Тус шүүхэд нэхэмжлэгч - ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг маргаан бүхий тушаалын талаар дээрх байдлаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэн хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн байсан болохыг дурдах нь зүйтэй.
22. Иймд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарыэ 25-ны өдрийн дугаар тушаалаар - ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд гарсан шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.4.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч - ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР