2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2025/02051

 

 

 

 

 

 

 

 

2025 03 13 191/ШШ2025/02051

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Д.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ... хаягт оршин суух, Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо .......Тоот хаягт оршин суух, Б -Д холбогдох,

 

Нэр төр гутаасан болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З, иргэдийн төлөөлөгч Ц, гэрч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талийгаач нагац ах И өв залгамжлалын асуудлаар И ХХК-ийн ажлын байранд дүү Б болон бусад өмгөөлөгч нарын хамтаар тус компанийн гүйцэтгэх захирал гэх Б-ТАЙ уулзахаар очсон юм.Б нь биднийг хүлээж аваагүй, компанийн байранд оруулаагүй бөгөөд хэл амаар доромжилсон.Б нь биднийг хэл амаар доромжилж байх явцдаа И ХХК-ийн ажилчид болон бусад хүмүүсийн дэргэд Б намайг Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ гэж хэлэн илт гүтгэн доромжилж, нэр төрд маань халдсан. Миний бие И ХХК-д ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн байдлаар хулгай хийж байгаагүй бөгөөд энэ байгууллагаас хулгай хийсэн гэдэг үндэслэлээр халагдаагүй юм. Б-оос Чи яагаад намайг хулгайч гэж гүтгэж байгаа юм бэ? гэж асуухад миний нас барсан нагац ах И нэрийг барьж, түүнийг хэлсэн болгож гүтгэсэн ба дахин лавлаж асуухад талийгаач ахын маань эхнэр Д-ыг тэгж хэлсэн гэсэн. Б-ын ингэж нэр төрд минь халдаж, худал гүтгэсэн үгийг баримт болгон өөрийн утсан дээрээ видео бичлэг хийж аван баталгаажуулсан юм. Иймд компанийн олон ажилчид болон бусад хүмүүсийн дэргэд Б-ын Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ хэмээн худал хэлж гүтгэн, Б миний нэр төрд халдан, гутаан доромжилсонд маш их гомдолтой байгаа тул Б-ын хэлсэн уг нь миний нэр төрийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төрөө сэргээлгэхийг даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

2.  Хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн өдөр болсон үйл явдлын талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б г хариуцагч хулгайч гэж хэлээгүй, энэ талаар нотлох баримтгүй, үзлэгийн тэмдэглэл болон нотлох баримтаар өгсөн бичлэгээр хариуцагч нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэх зүйл нотлогдоогүй, нэхэмжлэгч нь өөрөө нэр төрөө сэргээлгэнэ гэдэг зүйлийг ярьсан байдаг. Мөн бусдын ярьсан зүйлийг хэлсэн гэснийг нэр төрд халдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй байхад хариуцагчийн компанийн байранд орох гэж завдсан, мөн хууль бусаар бичлэг хийсэн тул нэр төрд халдсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй учир нэр төрд халдаагүй, мөн уучлал гуйх шаардлагагүй гэж маргажээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ц шүүхэд гаргасан дүгнэлтдээ: хариуцагч тал нь нэхэмжлэгчийг хулгайч гэж хэлсэн, нэр төрийг гутаасан тул гэм буруутай гэв.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар,Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, СД, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/15076 дугаартай шүүгчийн захирамж,

 

Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

Шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч хариуцагч талуудаас гаргаж өгсөн нотлох баримтуудад үзлэг хийж бэхжүүлэн нотлох баримтын шаардлага хангуулсан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б-од холбогдуулан нэр төр гутаасан болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

а/ Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр талийгаач нагац ах И өв залгамжлалын асуудлаар И ХХК-ийн ажлын байранд дүү Б болон өмгөөлөгч нарын хамтаар тус компанийн гүйцэтгэх захирал Буулзахаар очиход хүлээж аваагүй, компанийн байранд оруулаагүй, хэл амаар доромжилсон.Б нь хэл амаар доромжилж байх явцдаа И ХХК-ийн ажилчид болон бусад хүмүүсийн дэргэд намайг Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ гэж хэлэн илт гүтгэн доромжилж, нэр төрд халдсан. Мөн нас барсан нагац ах И нэрийг барьж, түүнийг хэлсэн болгон гүтгэсэн, талийгаач ахын эхнэр Д-ыг мөн тэгж хэлсэн гэж хэлсэн. Компанийн олон ажилчид болон бусад хүмүүсийн дэргэд ийнхүү үндэслэлгүйгээр нэр төрд халдан, гутаан доромжилсонд маш их гомдолтой байгаа тул миний нэр төрийг гутаасан болохыг тогтоолгох, нэр төрөө сэргээлгэхийг даалгуулна гэж маргасан.

 

3. Хариуцагч Б-ийн төлөөлөгч нар нь дараах тайлбарыг шүүхэд гаргаж мэтгэлцсэн. Тухайн өдөр болсон үйл явдлын талаар хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь нэхэмжлэгч Б г хулгайч гэж хэлээгүй, энэ талаар нотлох баримтгүй, үзлэгийн тэмдэглэл болон нотлох баримтаар өгсөн бичлэгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэх зүйл нотлогдоогүй, нэхэмжлэгч нь өөрөө нэр төрөө сэргээлгэнэ гэдэг зүйлийг ярьсан байдаг. Мөн бусдын ярьсан зүйлийг хэлсэн гэснийг нэр төрд халдсан гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нь зөвшөөрөөгүй байхад хариуцагчийн компанийн байранд орох гэж завдсан, мөн хууль бусаар бичлэг хийсэн тул нэр төрд халдсан гэж үзэхгүй, нэхэмжлэгчийг хулгай хийсэн, хулгайч гэж хэлээгүй учир нэр төрд халдаагүй, баримтаар тогтоогдоогүй гэж маргажээ.

 

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

5. Нэхэмжлэгч Б нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах И ХХК-ийн ажлын байранд дүү И , түүний хүү Э, өмгөөлөгч нарын хамт талийгаач нагац ах И өвийн асуудлаар тус компанийн гүйцэтгэх захирал Буулзахаар очсон, улмаар уулзаж ярилцах явцад маргаан болсон, зөрчилдөөний явцад Б нь олон хүмүүсийн хажууд Чи хулгай хийгээд компаниас хөөгдсөн биз дээ гэж хэлж, гүтгэн доромжилж өөрийн нэр төрд нь халдсан. Илт худал зүйл ярьж, гүтгэснийх нь дараа өөрийн гар утсаар бичлэг хийж, Чи яагаад намайг хулгайч гэж гүтгэж байгаа юм бэ? гэж асуухад миний нас барсан нагац ах Ц.И намайг хулгай хийж ажлаас хөөгдсөн талаар, мөн түүний эхнэр болох Д- мөн тэгж хэлж байсан талаар тус тус хариулт өгсөн. Б нь И ХХК-д ажиллаж байхдаа хулгай хийсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй, хүүхдээ асрах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байхадБ нь үндэслэлгүйгээр өөрийнх нь нэр төрд халдан, гутаан доромжилсон гэж үзжээ.

 

6. Нэхэмжлэгч Б гийн Самсунг Zflip-3 загварын гар утсанд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн өглөөний 10 цаг 28 минутад бичигдсэн видео бичлэгээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд дараах харилцан яриа бичигджээ.

Б : Энэ бүр өөрийгөө даам гээд бодчихож, за одоо хэлдээ, би хулгай хийсэн уу? одоо хэл албан ёсоор хэл. Чи намайг хулгай хийсэн гэж байгаа юм уу? Гэхэд, Б-: Ах надад тэгж хэлсэн, Болормаа: Юуг хулгай хийсэн гэж байгаа юм бэ? гэхэд Б-: Мэдэхгүй, одоо тэр компани үүсгэхээс өмнө зах дээр юу болсныг ах надад хэлсэн. Ямар хэрүүл болсон дараа нь...Б : Чи битгий худлаа үхсэн хүнийг хэлсэн болгоод бай за юу чи гэхэд, Б-: Угаасаа тэгж хэлсэн. Д эгч ч хэлсэн. Д эгч тэгж хэлсэн гэхэд, Б : Чи намайг хулгайч гэсэн тэ? Чи намайг энэ хүмүүсийн дэргэд хулгайч гэсэн шүү би нэр төрөө сэргээлгэнэ гэсэн байна.

 

7. ХариуцагчБ нь нэхэмжлэгч Б тай маргаан өрнүүлэх явцдаа Б гийн талаар нэр цохон И ХХК-д ажиллаж байхдаа хулгай хийгээд тус компаниас хөөгдсөн гэх агуулга бүхий зүйлийг нэхэмжлэгчийн дүү И , И ийн хүү Э болон тэдгээртэй хамт явсан өмгөөлөгч, мөн тус байгууллагын харуул, ажилчдын өмнө ярьсан, хэлсэн асуудлыг нэхэмжлэгч нь өөрийнх нь талаар ор үндэслэлгүй, худал зүйлийг бусдад үнэн бодит мэтээр ярьж, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан нь гэм хор учруулсан гэж үзжээ.

 

8. Б-ын хэлсэн, ярьсан зүйлийг өөрийн нэр төрд халдсан гэж нэхэмжлэгч Б нь Б-ыг хариуцагчаар тодорхойлж шүүхэд хандсан,Б нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тухайн үед хэн аль нь байсан, маргаан зөрчилдөөн болсон үйл баримтын хувьд зохигч маргаангүй гэж үзнэ.

 

9.Б нь шүүхэд хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад түүний төлөөлөгч нар нь гагцхүү тухайн ярьсан асуудлыгБ хэлсэн болох нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч нь өөрөө чи өөрөө тэгж хэлсэн биз дээ гэх агуулгаар асууж хариулт өгснийг нь нэр төрд халдсан гэж үзэхгүй, мөнБ нь бусдын хэлсэн/И , Д / зүйлийг хэлснийг буюу бусдын өмнө нь хэлсэн зүйлийг ярьсныг нэхэмжлэгчийн нэр төрд халдсан гэж үзэхгүй,Б г хулгайч гэж хэлсэн нь баримтаар нотлогдоогүй тул хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж хариуцагчийн татгалзлыг тайлбарласан.

 

10. Б гийн гар утасны бичлэгтБ болон Б нарын харилцан яриа бичигдсэн, тухайн бичлэгээрБ нь Б гийн нэр төр, алдар хүндэд халдсан эсэх, халдсан бол Б гийн талаар ярьсан зүйл нь бодит үнэнд нийцсэн эсэх, улмаар түүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй байсан эсэх асуудлыг талуудын гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримтад үндэслэн шүүх бүрэлдэхүүн хянан үзэв.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.

 

11.Б нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах И ХХК-ийн гадаа нэхэмжлэгч Б тай маргах явцад иргэн Б гийн талаар ярьсан хэлсэн зүйл нь буюу ...Б нь И ХХК-д ажиллаж байхдаа хулгай хийгээд компаниас хөөгдсөн гэх агуулга бүхий зүйлийг ярьсан болох нь тэдгээрийн харилцан ярьсан утасны бичлэгээр тогтоогдсон гэж үзэв. Хэдийгээр тухайн утасны бичлэгт Б нь компанид ажиллаж байгаад хулгай хийгээд хөөгдсөн гэх зүйлийг хариуцагчБ хэлж байгаагаар шууд дүрслэгдээгүй хэдий ч Б нь И ХХК-д ажиллаж байхдаа хулгай хийж хөөгдсөн талаар ярьсан болох нь тухайн яриа болсны дараа зохигчийн хооронд харилцан ярилцсан ярианы агуулгаар нотлогдсон, мөн гэрч Эын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

 

а/ Тодруулбал, хариуцагчБ нь нэхэмжлэгч Б г И ХХК-д ажиллаж байхдаа хулгай хийсний улмаас хөөгдсөн, ажлаас чөлөөлөгдсөн гэх агуулга бүхий зүйлийг бусдын өмнө хэлж, ярьсан нь иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээнд хамаарна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

б/ Учир нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр хариуцагчийн хэлсэн ярьсан зүйл нь бодит үнэнд нийцсэн болох нь тогтоогдоогүйгээс гадна хариуцагчБ нь Б гийн талаар хэлсэн зүйл нь /хулгай хийж компаниас хөөгдсөн/ бодит үнэнд нийцсэн эсэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй болно.

 

12. ХариуцагчБ нь хэдийгээр бусдын өөрт нь хэлсэн, ярьж байсан зүйлийн талаар байр сууриа илэрхийлсэн нь бусдын нэр хүндийг гутаасан үйлдэл болохгүй гэж маргаж байгаа хэдий ч мэдээллийн үнэн бодитой эсэхийг тогтоосон үйл баримтгүй байхад түүнийг бусдын өмнө ярьсан нь хариуцлага хүлээх үндэслэл болох бөгөөд тухайн ярьсан зүйл нь үнэн зөв эсэх нь хариуцагчийн гэм буруутай эсэхийг тогтоох шалгуур болох тул мэдээллийн үнэн зөвийг нотлох үүрэг хариуцагчид хамаарна.

 

13. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж заасны дагуу буруутай этгээдэд хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэнэ.

 

14. Нэхэмжлэгч Б нь хариуцагч Б-ын хэлсэн ярьсан зүйл нь бодит үнэнд нийцээгүй байхад өөрийг нь хулгай хийсэн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа хөөгдсөн мэтээр бусдын өмнө гүтгэн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, гэм хор учруулсан тул нэр төр гутаасан болохыг тогтоолгох, нэр төр сэргээлгэхийг даалгах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх хэдий ч нэр, төр сэргээлгэх шаардлагын үндэслэл, эрх зүйн үр дагавар нь тухайн мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах хариуцлага, үүргийг гэм хор учруулагчид хүлээлгэхээр хуулиар зохицуулсан байх тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511.2-т зааснаар хариуцагч Б-од мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг үүрэг болгох нь зүйтэй гэж үзэв.

 

15. Харин нэхэмжлэгч нь тухайн үед өөрийн дүү И , И ийн хүү Э, өөрийн өмгөөлөгч болон И ХХК-ийн харуул, 4 ажилтан зэрэг хүн байсан, тэдгээрийн өмнө нэр төр гутаасан гэж тайлбарласан боловч гар утасны бичлэгээр нэхэмжлэгч Б , хариуцагчБ нараас гадна И , Э нар байгаа болох нь тогтоогдсон, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч, мөн И ХХК-ийн харуул ойрхон байсныг тус тус мэдүүлснийг хариуцагч баримтаар няцаагаагүй тул эдгээр хүмүүсийн өмнө худал мэдээллийг няцаах хариуцлага үүснэ.

 

а/ И ХХК-ийн 4 ажилтан байсан гэх боловч тухайн 4 ажилтан нь зөрчилдөөн, маргаан болж байх явцад ажлаа хийж байсан буюу тэдгээрээс зайтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул болсон үйл явдлыг мэдсэн, сонссон гэж үзэх, тэдгээрийн өмнө хариуцагчБ нь нэхэмжлэгч Б гийн нэр төрийг гутаасан гэж үзэх үндэслэл нотлогдоогүй гэж үзэв.

 

16. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц нь ..хариуцагч тал нь нэхэмжлэгчийг хулгайч гэж хэлсэн, нэр төрийг гутаасан тул гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасныг харгалзан үзсэн болохыг дурдав.

 

17. Тухайн үед зөвшөөрөлгүйгээр хариуцагч Б-ын компани руу нэвтрэхээр нэхэмжлэгч завдсан, мөн тухайн үед үүссэн маргааны явцад зөвшөөрөлгүйгээр өөрийн гар утсаар бичлэг хийснээ ашиглан нэхэмжлэл гаргасныг баримтаар үнэлэх боломжгүй гэж маргасан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

а/ Нэхэмжлэгч нь тухайн бичлэгийг хийхдээ, өөрийг нь гүтгэсний дараа баримтжуулах зорилгоор хийсэн гэж хуралдаанд тайлбарласан, уг бичлэгийг хийж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэнийг хариуцагч зөвшөөрсөн тул уг бичлэгийг хийсэн талаар тайлбарласан, бичлэгийг нэхэмжлэгч Б хийж байгааг хариуцагчБ мэдэж байсан болох нь уг бичлэгээр тогтоогджээ.

 

б/ Мөн уг бичлэгийг хийсэнтэй холбогдуулан, хариуцагч талаас тухайн асуудлаар гомдол, санал гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн уг бичлэгийг хууль бус гэх байдал нотлогдоогүй тул хариуцагчийн татгалзалд заасан үндэслэлээр нотлох баримтыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.     Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б гийн нэр төр гутаагдсаныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Б-од даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-оос 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД

 

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАЖАРГАЛ

 

Д.ГАНБОЛД