| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/07087/И |
| Дугаар | 191/ШШ2025/02052 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/02052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 хороо, 1...... тоот хаягт оршин байрлах, Г ХХК/...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, .... тоот хаягт оршин суух, Д /РД.../-д холбогдох,
Гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн өмгөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК нь Сүхбаатар дүүрэг,... Алтайн гудамж хаягт.... орон сууцны хорооллын төслийг 2023 хэрэгжүүлэн барьж ашиглалтанд оруулсан бөгөөд иргэн Д нь тухайн төслийн 6 давхарт байрлах D загварын 35 тоот 48.79 м.кв орон сууцыг 1 м.кв-ийг нь 3,074,400 төгрөгөөр тооцож нийт 152,000,000 /шилэн фасадны 2,000,000 төгрөг нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2023 оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ /цаашид Гэрээ гэх/-г байгуулсан. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн гүйцэтгэж орон сууцыг барьж ашиглалтанд оруулан иргэн Д-д хүлээлгэн өгсөн боловч тэрээр орон сууцны хариу төлбөр төлөх үүргээ зөрчсөн. Тодруулбал, гэрээний 1.4-т Захиалагч нь орон сууцны нийт төлбөр 152,000,000 төгрөг болохоос 102,000,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 30-ны дотор төлж, үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна" гэж заасан ч 122,000,000 төгрөгийг төлж 30,000,000 төгрөгийг төлөөгүй. Түүнчлэн гэрээний 6.1-т Захиалагч нь төлбөрөө заасан хугацаанд оруулаагүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж тусгаснаар 150,000 төгрөгийг хэтэрсэн 307 хоногоор тооцож Иргэний хуулийн 232.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 15,000,000 төгрөгийн алданги үүссэн. Ингээд бидний зүгээс арга буюу 2024 оны 08 сарын 15-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгийн алданги буюу нийт 45,000,000 төгрөгийг өр төлбөрийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан. Үүнээс хойш хариуцагч Д-гээс алданги 15,000,000 төгрөгийг өгсөн ба үндсэн төлбөр 30,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөхгүй байсаар байна. Иймд хариуцагч Д-гээс 2023 оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ-ний үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г ХХК-ийн 30,000,000 төгрөг алданги 15,000,000 төгрөг нийт 45,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: - Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэтэй миний бие Батсайханы Сугар би 2022 онд ус, дулааны техникийн 3 нөхцөл гаргаж өгөхөөр хэлцэл хийсэн, тухайн хэлцлээр хүлээсэн үүргийг 2024 оны 08 сард биелүүлсэн байдаг. Тухайн хэлцлийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлж чадахгүй байна гээд байр санал болгосон бөгөөд 2023 оны 03 сарын 31-ний өдөр өөрийн хадам эмээ болох Д-гийн нэр дээр ЗГ-ДНЗ/2023-09-01 тоот Орон сууц захилгаар бариулах гэрээ-г байгуулан нийт төлбөр болох 152,000,000 төгрөгөөс гэрээний дагуу 137,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Иргэний хуулийн 39.1, 40.1, 42.1, 43.1.1-т заасны дагуу Б.Бат-эрдэнэтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр болж Иргэний хуулийн 112.1-т зааснаар 2023 оны 09 сарын 29-ний өдрийн В-3-91 тоот Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичгийн дагуу ЗГ-ДНЗ/2023-09-01 тоот Орон сууц захилгаар бариулах гэрээ дуусгавар болж Д нь тухайн байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйл, 4.1.4, 11.2, 14.4, 16.1.7, 19.4.1, 19.4.10, 19.4.11-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна. Иймээс ЗГ-ДНЗ/2023-09-01 тоот Орон сууц захилгаар бариулах гэрээ дуусгавар болсон бөгөөд шаардах эрхгүй байх тул тус нэхэмжлэлийн шаардпагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, орон сууц захиалан бариулах гэрээ, итгэмжлэл зэрэг баримтууд ирүүлжээ.
Хариуцагчаас: Бичгээр гаргасан хариу тайлбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Г ХХК нь Д-д холбогдуулан "Орон сууц захиалгаар барих гэрээ-ний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д-тэй 2023 оны 03 сарын 31-ний өдрийн ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүрэг,... Алтайн гудамж хаягт Дөлгөөн Нуур Апартмент-3 орон сууцны хорооллын төслийн 6 давхарт байрлах D загварын 35 тоот 48.79 м.кв орон сууцыг 1 м.кв-ийг нь 3,074,400 төгрөгөөр тооцож нийт 152,000,000 /шилэн фасадны 2,000,000 төгрөг нэмэгдсэн/ төгрөгөөр худалдсан. Гэрээний 1.4-т Захиалагч нь орон сууцны нийт төлбөр 152,000,000 төгрөг болохоос 102,000,000 төгрөгийг 2023 оны 08 сарын 30-ны дотор төлж, үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулна" гэж заасан боловч 122,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний дагуу алданги тооцогдсон бөгөөд хоног тутамд 0.5 хувийн алданги 150,000 төгрөгийг хэтэрсэн 307 хоногоор, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 15,000,000 төгрөгийн алданги үүссэн. Хариуцагч Д-гээс алданги 15,000,000 төгрөгийг төлсөн боловч үндсэн төлбөр 30,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй тул гаргуулна гэжээ.
3. Хариуцагч Д нь нэхэмжлэгч байгууллагатай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч бодит байдалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С уг орон сууцыг худалдан авсан. Орон сууц захилгаар бариулах гэрээ-ний үүрэгт нийт 137,000,000 төгрөгийг төлсөн. Д нь тухайн байрны өмчлөгчөөр нэгэнт бүртгүүлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсон. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн захирал болон уг орон сууцыг худалдан авсан С нарын хооронд 30,000,000 төгрөгийн төлбөр тооцооны асуудал байсан боловч Сын аав Батсайхан нь Г ХХК-ийн захиралтай бизнесийн харилцаатай, улмаар 30,000,000 төгрөгийг Батсайхан нь Г ХХК-д төлөхөөр тохирсон тул бидний хоорондын гэрээний харилцаа дуусгавар болсон, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Д-гийн нэр дээр гаргаж өгснөөр талуудын хоорондох гэрээний харилцаа дуусгавар болсныг нотолно, мөн Харилцагчийн дэлгэрэнгүй тайланд 30,000,000 төгрөгийн үлдэгдлийг Батсайхан хариуцахаар тусгагдсанаар нотлогдох тул, алданги төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Д-тэй 2023 оны 03 сарын 31-ний өдөр №ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулжээ.
а/ Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 хороо, 7 хороолол, Алтайн гудамж,...., 6 давхар, Д загвар 35 тоот 2 өрөө, 48.79 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулан, 150,000,000 төгрөг, /фасад 2,000,0000 төгрөг/ буюу нийт 152,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь 102,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар гэрээний ерөнхий нөхцөлөөр харилцан тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.
6. 2023 оны 03 сарын 31-ний өдөр №ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ-ний дагуу худалдагч тал нь өөрийн нийлүүлбэл зохих орон сууцыг нийлүүлсэн, талуудын хооронд эд хөрөнгийн чанар, хэмжээ, доголдлын талаар маргаан байхгүй боловч хүлээн авсан орон сууцны үнэ, төлбөрийг хариуцагч тохирсон хугацаанд төлөөгүйгээс шалтгаалан маргаан үүсчээ.
7. Хариуцагч Д нь 2023.05.19-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023.05.29-ний өдөр 22,000,000 төгрөг, 2023.05.30-нд 20,000,000 төгрөг, 2023.08.30-нд 10, 000,000 төгрөг, 2024.02.14-нд 10,000,000 төгрөг, 2024.02.20-нд 10,000,000 төгрөг, 2024.08.31-нд 8,000,000 төгрөг, 2024.09.26-нд 5,000,000 төгрөг, 2024.10.08-нд 2,000,000 төгрөгийг буюу нийт 137,000,000 төгрөгийг төлсөн, харилцагчийн дэлгэрэнгүй тайланд тусгагдсанаар гүйлгээний утганд өөр өөр хүмүүсийн нэр тусгагдсан байх боловч Д-гийн орон сууцны төлбөр тооцоог тэдгээр нь төлсөн асуудлаар хэн алин нь маргаагүй тул 2023 оны 03 сарын 31-ний өдөр №ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ-ний дагуу нийт 137,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
8. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т зааснаар захиалагч нь орон сууцны нийт төлбөр 152,000,000 төгрөгөөс 102,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус тус төлж барагдуулахаар тохирсон боловч, төлбөр төлөх гэрээгээр тохирсон хугацаа дуусгавар болох үед хариуцагч нь нийт 102,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн байсан, харин үлдэгдэл 50,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байжээ.
9. Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгэх эцсийн хугацаа болох 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэхэд 30,000,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэж тодорхойлон, улмаар уг 30,000,000 төгрөгт алданги тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.
10. Тодруулбал, нэхэмжлэгчийн шаардлагаа тодорхойлсон 30,000,000 төгрөгөөс алдангийг тооцоход буюу /2023.10.07-2024.08.31-ний өдрийг хүртэлх дараагийн төлөлтийг хийсэн хугацаанд 30,000,000х0.5=150,000/ /327 хоног х150,000/ 49,050,000 төгрөг буюу дараагийн 8,000,000 төгрөгийг төлөх хүртэлх хугацаанд хэдийнэ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс илүү алданги тооцогдсон болох нь тогтоогджээ.
11. Хариуцагч нь 102,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд, үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон, харин энэ хугацаанд төлөөгүй бол биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлөхөөр талуудын хооронд байгуулсан гэрэээний 6.1 дэх зүйлээр харилцан тохирсон, энэ зохицуулалт нь Иргэний хуульд нийцжээ.
12. Төлбөр төлөх эцсийн хугацаа буюу 2023.10.06-ны өдрөөс хойш мөнгөн төлбөрийн үүргийг хэтрүүлсэн тохиолдолд гэрээний дагуу алданги шаардах эрх үүсэх бөгөөд энэ хугацаанд хариуцагч нь 50,000,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй байсан, харин нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөгийг гүйцэтгээгүй гэж шаардлагаа тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги нь дараагийн төлбөр төлсөн хугацаа хүртэлх мөнгөн төлбөрийн үлдэгдэл үүргийн 50 хувиас хэдийнэ хэтэрсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн буюу үндсэн үлдэгдэл үүрэг 30,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож алданги шаардсаныг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
13. Иймд Талуудын хооронд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай "Орон сууц захиалгаар барих гэрээ-ний үндсэн үүрэг 30,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 15,000,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзэв.
14. Хариуцагч Д-гийн өмгөөлөгч, төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлийн талаар, нэхэмжлэгч байгууллага нь Д-тэй тооцоо нийлээгүй болох нь харилцагчийн дэлгэрэнгүй тайлангаар нотлогдоно, мөн Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан-д эцсийн байдлаар 30,000,000 төгрөгийн үндсэн үүргийг Батсайхан төлөхөөр тусгагдсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсныг илтгэнэ, гэрээний үндсэн үүрэг болох 30,000,000 төгрөгийг Батсайхан төлөхөөр нэхэмжлэгчтэй харицан тохирсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж маргасан боловч зөвхөн хавтатс хэрэгт авагдсан Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтын бичилтэд үндэслэн гэрээний үүргийг дуусгавар болгосон, гэрээний үлдэгдэл үүргийг бусад этгээдэд хариуцуулахаар үүрэг шилжүүлсэн, тухайн этгээдтэй тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагчийн татгалзал нь алдангийг няцаах хууль зүйн үндэслэл болохгүй гэж дүгнэв.
15. Хариуцагч Д нь 152,000,000 төгрөгийн нийт үүргээс 137,000,000 төгрөгийг төлсөн талаар хэн алин нь маргаагүй тул гэрээний үндсэн үүрэгт 15,000,000 төгрөгийн үлдэгдэл үүрэг үлдсэн, мөн гэрээний дагуу алданги тооцоход 15,000,000 төгрөг болсон тул, нийт 30,000,000 төгрөгийг хариуцагч Д-гээс гаруулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д-гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж, Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-гээс 308,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД