| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2018/0072/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/73 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2018/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Eрөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 1838001410076 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-42-09 тоотод иргэн М.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13-42-09 тоотод иргэн М.Э ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Баярмагнайгийнд бууз хийж байхад Э халамцуу орж ирсэн. Э манайх руу орно гэхээр нь манай жижиг хүүхэд унтаж байгаа гэхэд гараад явсан. Э гараад манай гэрийн хаалгыг өшиглөөд байхаар нь Бямбажимс гараад боль гээд болиулсан. Хүүхэд уйлж байх чимээ гарахаар нь гэртээ ороход хаалганы доод самбарыг өшиглөж эвдсэн байсан. Би Эын нуруу, дал орчим руу нь хогийн шүүрээр 2 удаа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна..." гэх мэдүүлэг,
Хохирогч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...Гэрийн хаалгыг нь хэд хэдэн удаа тогшиход Нэргүй онгойлгож өгөөгүй. Би нөхрөөс нь тамхи авах гэж үүдийг нь тогшсон юм...Хэсэг хугацааны дараа ямар ч шалтгаангүйгээр буцаж орж ирээд Нэргүй намайг модон хогийн шүүр гартаа бариад толгой руу 3-4 удаа цохисон. Бас миний нүүрийг маажаад хамрнаас цус гаргасан. Баруун талын шанаа болон хацарт хумсны маажигдсан шарх үүссэн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гадаа байж байхад гэрт Э, Н эгч хоёр хэрэлдээд байх шиг байсан. 5-6 минут болоод орж ирэхэд Эыг Нэргүй эгч түлхээд гаргаж байсан. Эын нүүр харанхуйд харагдаагүй хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э бууз хийж байхад гарч яваад Бямбадоржийн гэрийн үүдийг нүдээд байх шиг байсан. Бууз жигнэж байхад Нэргүй гарч яваад буцаж орж ирээд хашгираад гартаа байсан хогийн шүүрээр Эын толгой руу 2-3 удаа цохиод нүүрийг нь маажсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э ахын гэрийн хаалгыг нүдээд байхаар нь би гараад хүүхэд нь айгаад уйлаад байдаг юм боль гээд оруулсан. Нэргүй эгч битгий манайд оч гээд байхад очоод хүүхэд айлгаж уйлууллаа гээд хэрүүл үүссэн. Нэргүй эгч уурандаа манай гэрийн хогийн шүүрийг аваад Эыг цохиж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 112 тоот
1. М.Эын биед баруун хацар болон цээжинд зулгаралт, тархинд доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна.
3. М.Эын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /ХХ-ийн 22 дугаар хуудас/,
Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....Эын биед учирсан гэмтлүүд нь өөр өөр газар буюу баруун хацар, цээжний урд дээд гадаргуу, тархины доргилт зэрэг газруудад үүссэнээс харахад нэг удаагийн үйлчлэлээр биш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 39 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн 1838001410076 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Э.Нэргүй нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 37 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Нэргүй нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 5, нөхөр, 8 сараас 15 насны хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч Б.Энь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1838001410076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1838001410076 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР