2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2025/03683

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 30 191/ШШ2025/03683

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ...дүүргийн .. дугаар хороо, 14 хороолол, энхтайваны өргөн чөлөө, 93/2 өөрийн байранд байрлах, ...дүүргийн Цагдаагийн газар /РД:.../-ын хүсэлттэй,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, ...дүүрэг, ...дүгээр хороо, Товчоо ... тоотод оршин суух, ..овогт Мгийн Б /РД:..../

 

Хүсэлтийн шаардлага: М.Бийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б

Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ...дүүргийн Цагдаагийн газар, түүний төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ...дүүргийн ...дүгээр хороо, Товчоо ... тоотод оршин суух хаягтай, ..овгийн Мгийн Б нь Цагдаагийн байгууллагын эрүүлжүүлэх, саатуулах байранд 2016 оны 8 дугаар сарын 03, 2016 оны ...дүгээр сарын 30, 2017 оны 9 дүгээр сарын 18, 2018 оны 6 дугаар сарын 25, 2020 оны 3 дугаар сарын 25, 2020 оны 9 дүгээр сарын 10, 2021 оны 10 дугаар сарын 18, 22, 2022 оны 02 дугаар сарын 16, 2022 оны 3 дугаар сарын 16, 2022 оны 06 дугаар сарын 07, 2024 оны 7 дугаар сарын 30, 2025 оны 01 дүгээр сарын 29, 2025 оны 02 дугаар сарын 21, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрүүдэд нийт 15 удаа эрүүлжүүлэгдсэн, 2010 оны 8 дугаар сарын 05, 2018 оны 3 дугаар сарын 09, 2020 оны 9 дүгээр сарын 15, 2021 оны 10 дугаар сарын 18, 2022 оны 6 дугаар сарын 08, 2023 оны 7 дугаар сарын 24, 2025 оны 3 дугаар сарын ..-ны өдрүүдэд захиргааны журмаар нийт 7 удаа баривчлагдаж, Зөрчлийн тухай хуулиар 2 удаа торгуулийн арга хэмжээ авагдаж, согтууруулах ундаанд донтогч этгээд, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг иргэдийн бүртгэл, ажилгүй иргэдийн бүртгэл, эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд саатуулагдсан хүний бүртгэл, гэмт хэрэгт холбогдож, өртөж хохирч болзошгүй хүний бүртгэлд тус тус авагдсан.

Мөн ...дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон Товчоо 4 дүгээр гудамжны 56 тоотод байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлтэй байдалд ордог зэрэг нь оролцогч нарын мэдүүлэг, тус хорооны Засаг даргаас цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлт зэргээр тогтоогдсон.

Иймд М.Бийг Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1, 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

 

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

 

3.Хүсэлт гаргагчаас өгсөн нотлох баримт, Үүнд: Н.Ат олгосон итгэмжлэл, ...дүүргийн ...дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Ч.Богийн өргөдөл, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрч, хохирогч, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн иргэний үнэмлэхийн лавлагаа, цагдаагийн байгууллагын АСААП сангийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, эрүүл мэндийн даатгал төлөлтийн лавлагаа, Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон эмчийн дүгнэлт зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1....дүүргийн Цагдаагийн газар нь М.Бийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг М.Б нь ...дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон Товчоо 4 дүгээр гудамж, 56 тоотод байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлт нөхцөл байдал үүсгэсэн гэж тайлбарлав.

 

Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б нь архи уудаг талаараа маргахгүй гэж тайлбар гаргаж байна.

 

2. М.Б нь ...дүүргийн ...дүгээр хорооны нутаг дэвсгэрт болон Товчоо 4 дүгээр гудамж, 56 тоотод байнгын архидан согтуурч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдын биед аюул учруулах эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг, согтуурах, мансуурах донтой, түүнийг эмчилгээнд явуулах талаар эхнэр Ч.Бо болон ...дүүргийн ...дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргасан болох нь тодорхойлох хэсэгт дурдагдсан баримтуудаар тогтоогдсон.

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь шүүх хуралдааны явцад эрүүлжүүлэгдсэн, зөрчилд холбогдсон үндэслэлээ сүүлийн үед архи уухаараа зарим үйлдлээ санахгүй эхнэртээ хатуу үг хэлсэн, юм чулуудсан байсан гэж тайлбарласнаас үзвэл өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэлт нөхцөл байдал үүсгэдэг гэх хүсэлт гаргагчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

3.Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, өөрөөр хэлбэл М.Б нь архинд донтох өвчтэй, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ...дүүргийн Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийг хангаж, М.Бийг захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлгийн дүгнэлтийг М.Б, түүний гэр бүлийн гишүүн Ч.Бо нарт танилцуулсан болохыг дурдаж байна.

 

4. Хүсэлт гаргагч ...дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ..овогт Мгийн Б /РД:..../-ийг захиргааны журмаар албадан эмчилсүгэй.

 

2. Хүсэлт гаргагч ...дүүргийн Цагдаагийн газрын хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-т зааснаар М.Бийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар М.Бийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд, хэрэв ганц бие бол түүний оршин суугаа газрын нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг ...дүүргийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, гуравдагч этгээд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ