Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга  Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,  

Хохирогч Ц.Болд, түүний өмгөөлөгч Г.Тэгшжаргал /ҮД: 0218/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч Г.Намуун /ҮД:1969/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Сэржийн Төрбатад холбогдох эрүүгийн 1709020560343 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1960 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Замын хөдөлгөөний удирдлагын төвд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 33-1-р гудамжны 38 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: ПЮ60060498/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Төрбат нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Тоосгоны эцсийн автобусны буудлын орчим Ц.Болдтой маргалдаж нүүр рүү нь гараараа цохиж сандал руу түлхэн унагааснаас Ц.Болдын биед нь баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Төрбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн…” гэв.

Хохирогч Ц.Болд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 03 өдөр би автобусны буудлын ТҮЦ-с тамхи, ундаа аваад буудлын сандал дээр сууж байтал Төрбат согтуу тэрүүгээр хүнтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь Төрбатад “чи одоо харьж унт” гэж хэлсэн. Тэгтэл Төрбат ирээд миний шанаа тус газарт цохиход би сууж байсан сандлаас унаад босч чадахгүй байсан. Хамт байсан залуу намайг таксинд суулгаж өгч гэрт хүргэж өгсөн. Гэрээс хүргэн гарч ирээд намайг үүрч гэрт оруулсан. Би эмнэлэгт үзүүлэхэд түнх гэмтсэн байна гээд протец тавиулсан. Би шүүгдэгчээс өөрт учирсан эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Нийт 4 сая төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Дээрх мөнгийг төлөх юм бол гомдол санал байхгүй…” гэв.

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би хохирогчийг 11 дүгээр сарын 07-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж үзэж дүгнэлт гаргасан. Хохирогч тухайн үед хагалгаанд ороогүй байсан. Тухайн үед хохирогчид үзлэг хийхэд түнхний хэсэгт зөөлөн эдийн няцрал, хавантай байсан учраас шинэ гэмтэл учирсанд тооцно. Хохирогчид учирсан түнхний үеийн далд хугарал мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, баруун чөмөгний дээд үеийг хөшиж унах үед болон өшиглөх үед үүсэх боломжтой. Хохирогчид учирсан гэмтэл 28 хоногоос дээш хугацаанд эдгэрэх боломжтой. Миний гаргасан дүгнэлтээр хохирогчид хуучин гэмтэл байгаагүй...” гэв.

Эрүүгийн 1709020560343 дугаартай хэргээс:

Шүүгдэгч С.Төрбат нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 3 дугаар эмнэлэг дээр зүрхний эхо-д харуулах ёстой байсан юм. Тэгээд би гэртээ ганцаараа сууж байгаад 1 шил 0,5 литрийн “Хараа” архи уучихсан, тэгээд яг хэдэн цагт гэдгийг санахгүй байна, өдөр нь гэрээсээ гарч яваад эмнэлэгт очиж үзүүлээгүй гэдгээ л мэдэж байна. Тэгээд гэрээсээ гарч яваад хаа хүрсэн, хэнтэй таарсан, юу болсон талаар үнэхээр юу ч санахгүй байгаа юм. Би 0,5 литрийн архинаас дээш хэмжээгээр уусан үедээ согтож, согтсоноосоо болоод болж байгаа үйл явдлаа санадаггүй юм. Ингээд тэр өдөр болсон үйл явдлыг санахгүй байна. Тэрнээс биш би хуулийг гажуудуулж иймээ тиймээ зүйл ярихгүй гэж ингэж байгаа юм биш, үнэхээр санахгүй байна. Юу болсноо мэдэхгүй байхыг бодоход нэлээд их согтсон байх. Болдын гэр манайх хүртэл хоорондоо 4-өөс 5 айлын зайтай байдаг юм. Манайх тоосгоны эцэст нүүж ирээд 10 гаран жил болсон, манайхыг ирэхэд л Болдынх байдаг байсан. Болд бид хоёр уг нь найзууд гэж би бодож явдаг юм. Ер нь бол урьд нь ганц нэг удаа цуг архи, дарс хэрэглэж л байсан. Тэр өдөр үдээс хойно тааралдсан юм шиг байна лээ. Болдын охин 2017 оны 11 дүгээр сарын 05-ны орой манай гэрт ирээд та манай аавыг түлхээд сандал руу давуулаад унагаачихсан байна, тэрнээс болж эмнэлэгт зургыг нь авахуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Болд нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16-17 цагийн орчим Тоосгоны эцсийн замын хойд талын цайны газар, дэлгүүрийн гадна байсан сандал дээр танилын хамт сууж байсан. ... манай тэндэхийн Төрбат ирээд агсам тавиад тэр хавиар яваад байсан. Тэгэхээр нь би Төрбатад хандаж "чи одоо яваачээ гэртээ харь" гэж хэлсэн чинь агсам тавиад ... миний баруун шанаа тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэр үед би түшлэгтэй сандлыг давж газарт унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй баруун талын хөл өвдөөд байсан...хамт байсан Уулаа гэдэг залуу намайг таксинд суулгаад гэрийн гадаа хүргэж өгсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

Гэрч Б.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр манай төрсөн эгч Батдэмбэрэл 15 цагийн үед залгаад “аав өчигдөр хүнд зодуулчихлаа хөдөлж чадахгүй хэвтэж байна” гэсэн. Тэгээд эмнэлэгт очиж үзүүл гэхэд өнөөдөртөө хараад маргааш болохгүй бол үзүүлнэ гэж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аавын биеийг харахаар очиход гэртээ байхгүй эмнэлэгт очиж үзүүлэхээр явсан байсан. Тэгээд хүлээгээд байж байтал аав эгч нар ирээд аавын түнхний булууны яс хугарсан ба яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж байна гээд цагдаад хандсан. Манай аав Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Тоосгоны эцсийн орчим Төрөө гэх хүнд зодуулсан гэж өөрөө хэлсэн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Наранцацрал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Миний хадам эцэг Болд нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт баруун хөлөндөө үений хагалгаанд орж одоо 2 суга таягтай гэртээ байгаа. Хадам аавыг яаж байгаад энэ гэмтлийг авсан талаар мэдэхгүй өөрөө хүнд зодуулсан гэж хэлсэн. 4.572.896 төгрөг нь миний хадам аав бусдад зодуулж гэмтэл авсаны улмаас хийлгэсэн эмчилгээний зардал буюу хохирол байгаа…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Гэрч С.Эрдэнэ-Уул мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Төрбат ах ирээд сандал дээр сууж байсан Болд ахтай муудалцаад барьцалдаж авсан. Төрбат ах нь Болд ахын хөл хавьцаа нь нэг удаа өшиглөх шиг болсон, тэгээд шанаан тус газарт нь бас нэг удаа гараараа цохисон чинь Болд ах сандлын хажуу руу уначихсан юм. Тэгээд би дундуур нь ороод хоёр тийш салгасан. ... Болд ах тэр өдөр Төрбаттай муудалцсаныхаа дараа хөл өвдөөд янгинаад байна гэсэн учраас би такси барьж гэрт нь аваачиж өгсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

                 Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 “…Сүхбаатар дүүргийн 16-р хороо Тоосгоны эцсийн автобусны буудлын орчмыг харуулсан камерийн бичлэгийг хуулбарласан 1 ширхэг ДВД-г хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ.  /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

ДВД-нд үзлэг хийсэн тэмдэглэлээр: “…Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тоосгоны эцсийн автобусны буудал орчмыг харуулсан нийт 04 минут 58 секундын бичлэг байв. Уг бичлэг нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш харсан чиглэлтэй, Тоосгоны эцсээс хот руу явах төв замыг харуулсан бичлэг байна. Бичлэгний баруун хойд талд эцэс дээр байдаг жижиг хүнсний дэлгүүрүүд харагдана, эсрэг талд нь түүхий эд авах контейнер харагдана. Бичлэгийн гол хэсэгт автобусны эцсийн өргөн зам талбай харагдана. Уг талбайн чанх хойд талд жижиг хүнсний дэлгүүр байх ба дэлгүүрийн гадна түшлэгтэй сандал харагдах ба уг сандал дээр нийтдээ 2-3 хүн сууж, зарим ганц хоёр хүмүүс нь хажууд нь зогсоод юм ярьж байгаа мэт харагдана. Уг бичлэгт гарсан хүмүүсийн дүрс маш жижиг, камер нарны өөдөөс харсан тул хүмүүсийн царай зүс, хувцас танигдах боломжгүй байлаа. Уг сандалын дэргэд байгаа хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн мэт найгаж ганхаж ганц хоёр гишгэлэх байдал харагдах ба нэг нь нөгөө рүүгээ чичлэж хэрүүл маргаан хийж байж болзошгүй байдал харагдаж байв. /уг бичлэг дээрх хүмүүсийн царай зүс огт харагдахгүй, хэн гэдэг нь тодорхойгүй байв/. …Тус бичлэг дээр сандалын дэргэд зогсож байсан хүн сандал дээр сууж байгаа бараан хувцастай эрэгтэй хүнтэй маргалдаж байгаа бололтой өөд өөдөөсөө хөлөөрөө жийлцэхэд сандал дээр сууж байсан хүн өндийж босож ирэхэд зогсож байсан хүн нь өшиглөж байгаа харагдана, энэ үед сандал дээр сууж байгаад босож ирсэн хүн нь сандалын өмнө хагас суугаа байдалтай унаж, өшиглөсөн хүнийг нь нэг нь түлхэж холдуулж байгаа харагдана. Уг бичлэгийн тусгал дээрх камерийн бичлэгтэй ижил нэг зүгээс харагдах бөгөөд бичлэг дээрх он сар өдөр, цаг хугацаа харагдахгүй байв. Уг бичлэгт дээрх дэлгүүрийн өмнөх сандал дээр 3-4 тооны хүмүүс сууж байгаа харагдана. Төв замаас ирсэн номер дугаар тодорхойгүй хар өнгийн суудлын жижиг автомашины эргэж буцан нөгөө хүмүүсийн сууж байгаа сандалын дэргэд очино. Нэг бараан хувцастай эрэгтэй нь нөгөө эрэгтэйгээ сандал дээрээс түшиж уг машины хаалгыг онгойлгож суулгахаар машины хаалгыг онгойлгож арын суудалд нь суулгаж, машин хөдлөж явж байгаа нь харагдана. дээрх 2 бичлэгээс эсрэг чиглэлд буюу баруунаас зүүн тийш эцсийн зогсоол дээр байх Тэлмэн төвийн баруун талаас бичлэг байна. уг бичлэгийг эхлүүлэхэд Тэлмэн төвийн баруун хойд талд зам дагуу байх шар өнгийн модон саадан дотор 5-6 эрэгтэй хүмүүс гарч ирж харагдана. Уг саадны урд талд яллагдагч С.Төрбат хар бараан өнгийн кепкен малгайтай, дотуураа хөндлөн цайвар судалтай цамцтай, гадуураа хар бараан цамцтай хүнтэй юм яриад зогсож байгаа харагдана. Тухайн үед яллагдагч С.Төрбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой урагш хойш алхаж ганхаж хүн рүү зааж юм ярьж байгаа нь харагдана. Яллагдагч С.Төрбат нь дээрх хүнтэй юм ярьж зогсож байгаад зам дагуу урагшаа алхаж хүнсний дэлгүүр рүү чиглэж явснаас камерийн хяналтнаас гарах ба бичлэгт өөр ач холбогдолтой зүйл байхгүй байлаа…” гэжээ /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13921 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Болдын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй…” гэжээ. /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Амаржаргалын мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Н.Мөнхнасангийн мэдүүлэг /хх 32-33 дугаар хуудас/, эмчилгээний зардал /хх-ийн 34-45 дугаар хуудас/, С.Төрбатын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, хорооны тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/, Ц.Болдын өвчний түүх /хх-ийн 79-90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.Төрбат нь согтуурсан үедээ 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг Тоосгоны эцсийн автобусны буудлын орчим иргэн Ц.Болдыг "чи одоо яваач ээ, гэртээ харь" гэж хэлэхэд нь  маргалдаж, хоорондоо зүй бус харьцаж улмаар Ц.Болдын нүүрэн тус газар нь гараараа цохиж сандлын хажуу тал руу унагааснаас түүний эрүүл мэндэд нь баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-хохирогч Ц.Болдын “...миний баруун шанаа тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэр үед би түшлэгтэй сандлыг давж газарт унасан. Тэгээд босох гэтэл босож чадахгүй баруун талын хөл өвдөөд байсан...” гэсэн мэдүүлэг,

- гэрч С.Эрдэнэ-Уулын “...Төрбат ах нь Болд ахын хөл хавьцаа нь нэг удаа өшиглөх шиг болсон, тэгээд шанаан тус газарт нь бас нэг удаа гараараа цохисон чинь Болд ах сандлын хажуу руу уначихсан юм...Болд ах тэр өдөр Төрбаттай муудалцсаныхаа дараа хөл өвдөөд янгинаад байна гэсэн...” гэсэн мэдүүлэг,

  - гэрч Б.Бямбасүрэнгийн “...аавын түнхний булууны яс хугарсан ба яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж байна гээд цагдаад хандсан... Манай аав Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Тоосгоны эцсийн орчим Төрөө гэх хүнд зодуулсан гэж өөрөө хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

- шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “…Би хохирогчийг 11 дүгээр сарын 07-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж үзэж дүгнэлт гаргасан. Хохирогч тухайн үед хагалгаанд ороогүй байсан. Тухайн үед хохирогчид үзлэг хийхэд түнхний хэсэгт зөөлөн эдийн няцрал, хавантай байсан учраас шинэ гэмтэл учирсанд тооцно. Хохирогчид учирсан түнхний үеийн далд хугарал мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, баруун чөмөгний дээд үеийг хөшиж унах үед болон өшиглөх үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹13921 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Болдын биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуяны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт болон эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, ДВД-нд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Ц.Болд нь С.Төрбатыг “олон нийтийн газар согтуурхлаа, гэртээ харь” гэсэн шаардлагыг зүй зохистой илэрхийлээгүйгээс С.Төрбат эгдүүцэн маргаан өдөөж улмаар Ц.Болдын нүүрэн тус газар болох баруун шанаа хэсэгт цохисны улмаас сандлын хажуу хэсгээр унагаан шүүгдэгч С.Төрбат нь хохирогч Ц.Болдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

 

Ийнхүү шүүгдэгч С.Төрбатын дээрх  үйлдэл нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Төрбат нь хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэхгүй байна. Тухайн үед шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас болсон асуудлыг санахгүй байдаг. Бусдын аманд орсноор ийм хэрэгт орсон. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураан СД бичлэг дээр сууж байгаа хүн зогсож байгаа хүнийг өшиглөсөн талаар бичлэг тодорхой харагддаг. Энэ хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл харагддаг. Шинжээчийн дүгнэлтээр хойшоогоо бөгсөөр сууж унахад, урагшаагаа унахад гэмтэл учрахгүй талаар тодорхой мэдүүлэг өгсөн байдаг...” гэсэн санал дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

Учир нь хохирогч Ц.Болд шүүгдэгчид зодуулж гэмтсэнээ удаа дараа тогтвортой мэдүүлж, шүүгдэгч хохирогчийг зодож хүч хэрэглэж гэмтээснийг тухайн үйл явдлыг шууд харсан гэрч С.Эрдэнэ-Уул давхар нотлож мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд гэмтсэнийг гэрч Б.Бямбасүрэн, Ч.Наранцацрал, Н.Мөнхнасан нар мэдүүлж, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, нөхцөл байдал нь камерын бичлэгт тусгагдсан, ШШҮХ-ийн шинжээчийн 13921 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болохыг тогтоож, шинжээчээс хохирогчийн бие махбодид хүч үйлчилсний улмаас сандлын хажуугаар хөшигдөж унах үед уг гэмтэл нь үүсэх боломжтой, хэрэг болох цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болохыг тодорхой мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.Төрбатын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон тул өмгөөлөгчийн дээрх санал няцаагдан үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүйг дурьдах нь зүйтэй.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны зөв харилцах хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүх шүүгдэгч С.Төрбатад ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд С.Төрбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч Ц.Болдод гэмт хэргийн улмаас 4.733.027 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч С.Төрбатаас уг гэм хорын хохирлоос 800.000 төгрөгийг төлсөнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул уг мөнгөн дүнг хасч үлдэгдэл 3.933.027 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Ц.Болд Сүхбаатар дүүргийн халамж үйлчилгээний хэлтсээс хөнгөлөлт эдэлчихээд тэр мөнгө шүүгдэгчээс нэхэмжилж байгаа нь, мөн чихрийн шижин, зүрх судасны тариа, холестрин бууруулах эм зэргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй...” талаар санал гаргажээ. Хохирогч Ц.Болдоос “...шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтэл авч уг гэмтлийг эдгээх зорилгоор мэс ажилбарт орсон. Мэс ажилбарт орохын тулд дээрх эм тариаг авч хэрэглэх шаардлага үүссэн, мөн халамжийн хэлтсээс уг хөнгөлөлтийг аваагүй...” гэж тайлбар мэдүүлгийг өгсөнийг шүүх хүлээн авсан болно.   

Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох хохирогч Ц.Болдын эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч С.Төрбатаас гаргуулж хохирогч Ц.Болдод олгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалд хамаарах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна...” гэсэн хуулийн заалтыг баримтлан дээрх байдлаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Төрбат нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.