Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0060

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, хариуцагч П.Д******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Өс*******ын дүгнэлттэй Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Д*******д холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Өс******* шүүхэд гаргасан прокурорын дүгнэлтдээ: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Д*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Д******* нь 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай техникийн магадлалын актаар илэрсэн 9 зөрчлийг арилгаж, албан шаардлагын биелэлтийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг иргэн Л.О*******оос шаардсан.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Л.О*******од өгсөн албан даалгаврын биелэлтийг өөр этгээдээс буюу албан шаардлагын хувийг авсан Х******* ХХК-г холбогдогчоор тогтоож, улсын байцаагчийн эрхтэй этгээдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Процессын алдаа гаргасан байна. Энэ алдаагаа залруулж, зөвтгөнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Өс*******аас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Д*******д холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 45 дугаартай дүгнэлт гаргасан.

Хариуцагчаас шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэе.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Өс*******аас Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Д*******д холбогдуулан гаргасан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын барилга, өргөх байгууламжийн техникийн хяналтын улсын ахлах байцаагч П.Д*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №******* дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ: Д.ЧАНЦАЛНЯМ