Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 478

 

ФЗХ-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 128 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 507 дугаар магадлалтай, ФЗХд холбогдох 1728001120134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

БНХАУ-ын иргэн, 1965 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ФЗХ нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Фан овогт Зэн Хай-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Фан овогт ЗХ-г 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн 177 уут баяжмалаас 133 уут, 1650 ширхэг уут химийн бодисыг тус тус улсын орлогод оруулж, 44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч “ДЮ” ХХК-нд буцаан олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ФЗХ-д холбогдох хэргийг прокурорт буцааж, ФЗХ-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүхийн магадлал нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцээгүй, хэт яллах талыг барьсан, хэргийн бодит байдалд нийцээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн “Нотолбол зохих байдал” бүрэн нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан” гэх заалтыг зөрчиж, тухайн хохирол учирсан гэх газар нутагт аль хэдийн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажиллагаа явагдаж, хэвийн байдалдаа орсон талаар хэргийн оролцогчид буюу өмгөөлөгч М.Ариунболд болон прокурор Ням-Очир нар тайлбартаа дурьдсан нөхцөл байдлыг дүгнээгүй. Тухайн химийн хорт, аюултай бодис тээвэрлэсэн, ашигласан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2017 онд болсон хэрэгт одоо ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй, хохирол учирсан газарт нөхөн сэргээлтийн ажиллагаа явагдаж, хэвийн байдалдаа орсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явууллаа гэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдох боломжгүй болсон байдаг.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо тусгасан үйл баримт, зарим гэрчүүдийн мэдүүлгүүд нь ямар ч эх сурвалжгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн байдаг. ФЗХ нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдээгүй болох нь “ДЮ” ХХК нь дээрх химийн хорт, аюултай бодис тээвэрлэсэн, ашигласан талаарх ямар ч мэдээлэлгүй, ФЗХ нь өөрөө компанид мэдэгдэлгүй хувийн ашиг сонирхол, туршилтын үүднээс үйлдсэн гэх мэдүүлэг, ФЗХ нь хохирол барагдуулах нөхөн сэргээх ажлыг хувь хүний зүгээс бие даан эхлүүлж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг хийж гүйцэтгэн, Өмнөговь аймгийн Байгаль орчны газар болон “ДЮ” ХХК-д хүлээлгэн өгсөн, хэргийн улмаас учирсан 134.168.951 төгрөгийг төлсөн зэрэг баримтуудаар тогтоогддог. Давж заалдах шатны шүүхийн магадлал нь зөвхөн яллах талыг барьсан, зөвхөн яллах талын нотлох баримтад тулгуурлаж дүгнэлтээ гаргасныг эргэн харж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 126 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан гаргасан саналдаа: “Шүүгдэгч энэ хэргийн оролцогч мөн эсэх нь эргэлзээтэй. “ДЮ” ХХК нь энэ хэргийн холбогдогч юм. Учир нь ФЗХ-г Монгол улсад ирэхээс өмнө 82 тонн химийн бодис ороод ирсэн байсан. Энэ талаар гэрч н.У тодорхой мэдүүлдэг. Ч.Э захирлыг тус компанийг төлөөлөх эрхгүй гэж улсын яллагч яллах дүгнэлтдээ тусгасан байна. Миний бие “тээвэрлэлтийн гэрээг надаас аваач” гэж шүүх хуралдаанд хэлж байсан. Ч.Э нь 2006 оноос энэ уурхайд ажиллаж байгаа. Иймд энэ хэргийн гол холбогдогч “ДЮ” ХХК юм. Маш олон гэрчийн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байгаа. Ч.Э нь тухайн компанийн захирал гэдэг нь тогтоогдоогүй тул “ДЮ” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан тул магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...ФЗХ нь Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ДЮ” ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажиллаж байхдаа 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 28-ны хооронд химийн хорт аюултай бодис натрийн сульфадыг 82 тонныг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-82 тоот хашаанаас Хар толгойн уурхайд хууль бусаар тээвэрлэсэн, дээрх натрийн сульфадыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хууль бусаар хадгалж, ашиглаж, гаргасан хүдрийн баяжмалаас 203.7 тонныг машинд ачуулж, хууль бусаар тээвэрлэсэн, натрийн сульфадаар хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа технологийн горим зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асган хаяж, 5120 м2 хөрс талбай химийн бодисоор бохирдож, 2.2 га талбад эвдрэл үүсгэж, 41150 метр квадрат ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч ФЗХ-д прокурорын үйлдсэн яллах дүгнэлтээр ял шийтгэл оногдуулахдаа химийн хорт аюултай бодисыг хууль бусаар тээвэрлэсэн, ашигласан гэх 2 шинжээр нь гэм буруутайд тооцож, химийн хорт аюултай бодисыг авсан, хадгалсан шинжүүдийг хэрэгсэхгүй болгосон талаар шийтгэх тогтоолд дурьдаагүй, үгүйсгэсэн талаар мөн дурьдаагүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд ФЗХ нь “ДЮ” ХХК-ийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэргийг үйлдсэн, энэ хэрэгт “ДЮ” ХХК-ийн захирал гэх Ч.Э, ЖЧЮ нар оролцсон байж болзошгүй байхад хуулийн этгээдийн хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, зөвхөн ФЗХ-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байгаа нь учир дутагдалтай, хэргийг дутуу шалгасан байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Ч.Э гэх эмэгтэй компаний зөвшөөрлийг хөөцөлдөж явдаг, хятад ажилчдыг авч ирэх тушаалыг өгдөг, натрийн сульфатыг хилээр оруулж ирэх ажлыг хөөцөлддөг байсан нь батлагдсан, энэ хэрэгт Ч.Э, ЖЧЮ нарыг шалгах нь шударга ёсны зарчимд нийцэхээр байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар зүйлд 44 уут баяжмалыг хууль ёсны эзэмшигч “ДЮ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч ФЗХ-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос ФЗХ-г Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ФЗХ-г Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “ДЮ” ХХК-ийн Хар толгойн уурхайн даргаар ажиллах хугацаандаа компанийн удирдлагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн, компанийн жолооч Н.Сд үүрэг өгч, тусгай зөвшөөрөлгүйгээр натри сульфид /Nа2S-60%, Fe-0.15%, Sodium sulfide САS-1313-82-2/ гэх химийн хорт, аюултай бодис 82 тонныг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Товчооны 6-82 тоот хашаанаас Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутагт байрлах “ДЮ” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Хар толгойн уурхайд 2017 оны 9 дүгээр сарын 10-наас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар тээвэрлэсэн,

Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутагт байрлах “ДЮ” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрийн дотор болон гадна орчинд 2017 оны 9 дүгээр сарын 12-ноос 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд тусгай зөвшөөрөлгүйгээр химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натри сульфид /Nа2S-60%, Sodium sulfide/-ыг хууль бусаар хадгалж, улмаар тусгай зөвшөөрлийн дагуу олборлосон хүдрийг боловсруулах зорилгоор дээрхи химийн хорт, аюултай бодисыг ашиглаж гаргасан хүдрийн баяжмалаас 203.75 тонныг 4 автомашинд ачуулж, 2017 оны 9 дүгээр сарын 30-наас 2017 оны 10 дугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд Номгон сумын төв хүртэл, 60 тонн хүдрийн баяжмалыг 1 автомашинд ачуулж, 2017 оны 10 дугаар сарын 28-наас 29-ний өдөр хүртэл хугацаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Дун-Овоо гэх газар хүртэл хууль бусаар тус тус тээвэрлэсэн,

2017 оны 9 дүгээр сараас 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд хууль бусаар олж аван тээвэрлэн Өмнөговь аймгийн Номгон сумын “Дэрсэнэ-Ус” багийн нутаг дэвсгэрт байрлах “ДЮ” ХХК-ийн Хар толгойн уурхайн баяжуулах үйлдвэрт авчирсан дээрхи химийн хорт, аюултай бодис болох 82 тонн натри сульфидийг хууль бусаар хадгалж, ашиглан хүдрийн баяжмал бэлтгэх явцдаа баяжуулах технологийн горим зөрчсөнөөс говь цөлийн хуурай ландшафтад гадаргын ил урсац үүсгэсэн, далд уурхайн шүүрлийн усыг байгальд шууд асгаж, 5120 м2 хөрсийг химийн бодисоор бохирдуулж, 2.27 га талбайд эвдрэл үүсгэж, 41150 м3 ухаш бүхий эвдрэлийг газрын хэвлийд үүсгэсэн зэргээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт нийт 134.168.951 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэн, шүүгдэгч ФЗХ-д Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар 15.000 нэгж буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу шалгасан талаар хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ФЗХ-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд дурьдсан асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн хууль зүйн дүгнэлт, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайханы саналыг тус тус хүлээн авч, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 507 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                    Д.ГАНЗОРИГ

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН