Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Махайн Риза |
Хэргийн индекс | 125/2016/0012/З |
Дугаар | 110/ШШ2016/0021 |
Огноо | 2016-07-21 |
Маргааны төрөл | Бусад, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 110/ШШ2016/0021
Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн оршин суугч, Ш овгийн Цын Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэлт тайлбартаа:
Миний бие 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн Ү сумын нийгмийн даатгалын байцаагчаар томилогдон ажилласан. Намайг анх Ү сумын нийгмийн даатгалын байцаагчийн ажил хүлээн авч байхад бүх баримтууд нь эмх цэгцгүй байсан ба ажиллах 5 жилийн хугацаанд бүх баримтуудыг үдэж, эмхтгэн Нийгмийн даатгалын хэлтэст хүлээлгэн өгсөн. Ажиллах хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар намайг ажлаас халсныг хууль бус гэж үзэж байна.
Дээрх сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэл нь 2014 оны 11 дүгээр сарын 10-нд Ү сумын ерөнхий нягтлан н.Б нь өөрийн эхнэр болох Ү сумын Төрийн банкны захирал н.А эмчилгээнд явахаар болж надад хандсан юм. н.Б нь 2 хавирга хугарсан, н.А нь яаралтай хот руу явж эмчилгээ хийлгэх, хотод очоод группт орох шаардлагатай талаар надад хэлсэн юм. Улаанбаатар хотоос ирээд группын бичиг баримт, материалыг нь бүрдүүлж, 14 хоногийн дотор өгнө гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг Ү сумын Х банкны эрхлэгч н.Д, Ү сумын төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байсан н.А, Ү сумын Засаг даргын Тамгын газрын нягтлангаар ажиллаж байсан н.Б бид 4 ярилцаж байгаад итгэж тодорхойлолт хийж өгсөн.
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга үүнийг ёс зүйн зөрчил гэж үзэж намайг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Дээрх үйлдэл нь ёс зүйн зөрчил гэж би үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрвээ ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон үйлдлийг дээрх хуульд заасны дагуу 6 сарын дотор буюу 2015 оны 04 дүгээр сарын 21-ний дотор илрүүлж, ёс зүйн хорооны дүгнэлт гаргаж, сахилгын арга хэмжээ тооцох шийтгэл оногдуулж байгаа нь дээрх акт хууль бус болохыг харуулж байна. Энэ зөрчил гарснаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн байхад надад сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь би нийгмийн даатгалын байгууллагад ажиллахдаа нэг ч удаа шат дараалсан арга хэмжээ авч үзээгүй. Гэтэл уг зөрчлийг үндэс болгон төрийн жинхэнэ албанд 1 жил орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь хууль бус юм.
Төрийн албаны хууль үйлчлэх хүрээ хязгаараараа Эрүүгийн хуулиас дээгүүр байхгүй байх гэж бодож байна. Учир нь Эрүүгийн хуульд санаатай, санамсаргүй хүнд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн тодорхой хугацааны дараа ял шийтгэлгүй болж цагаатгах буюу хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан бол ял шийтгэл хүлээдэггүй шүү дээ. Тэгэхэд сахилгын зөрчил, ёс зүйн зөрчил гаргасан надад эрүүгийн хуулиас илүү хариуцлага тооцож байгаад нь гомдолтой байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэсэн хуулийн заалтыг мөн адил зөрчсөн. Учир нь миний бие 2 настай нялх хүүхэдтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-т төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг байхаар заажээ.
Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т зааснаар төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор хууль тогтоогч эрх шилжүүлжээ.
Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар тогтоолын хавсралтаар Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийг баталсан байна. Ховд аймгийн Ү сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.Д нь төрийн жинхэнэ албыг эрхэлж байх хугацаандаа дээрх ёс зүйн дүрмийг хэлбэрэлтгүй биелүүлэн ажиллах үүрэгтэй юм.
Мөн түүнчлэн нийгмийн даатгалын байгууллагын ажилтныхаа хувьд Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 273 дугаар тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийг хэлбэрэлтгүй биелүүлэн ажиллах үүрэгтэй.
Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч, нийгмийн даатгалын байгууллагын ажилтан Ц.Д нь Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчин, нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэн Бөхчулууны Б гэдэг иргэнд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 11-р сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй хуурамч тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийг нийгмийн даатгалын байцаагчийн тэмдгийг ашиглан хууль бусаар нээж өгсөн. Б.Б нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг нь үнэн болно. 2015 оны 11-р сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй гэсэн хуурамч тодорхойлолт зэргийг бичиж олгон, улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг ашиглуулсан сахилгын зөрчил гаргасан.
Нэхэмжлэгч Ц.Дгийн хууль зөрчиж олгосон тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг иргэн Б.Б ашиглан Х банкнаас тэтгэврийн зээл авч, улмаар зээлийн эргэн төлөлт хийгдээгүйн улмаас 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х банкны Ховд салбарын тооцооны төв хариуцсан ажилтан н.Б Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирж, хариуцагч Г.Н надтай уулзаж, зээл төлөгдөхгүй байна гэж Б.Б нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг эсэх талаар лавласан.
Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаг иргэдийн мэдээллийн сангаас шүүж үзэхэд Б.Б нь тэтгэвэр авдаггүй болох нь тогтоогдож, энэ тухай хариуг н.Бэд өгч, Х банкнаас тэтгэвэр барьцаалсан зээлийн хувийг хэргээс Б.Бгийн гэх материалыг хуулбарлан авч танилцахад Ү сумын нийгмийн даатгалын байцаагч Ц.Д нь тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд тэтгэврийн дэвтэр, тодорхойлолт бичиж олгон, улмаар эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан зөрчил нь дуусгавар болж, таслан зогсоосон.
Сахилгын зөрчил нь үүсэх, хэрэгжүүлэх, дуусгавар болох шат дараалалтай байдаг бөгөөд нэхэмжлэгч Б.Дгийн гаргасан сахилгын зөрчил нь үргэлжилсэн шинжтэй байжээ.
Нэхэмжлэгчийн энэхүү зөрчил нь Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм болон Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийг зөрчсөн эсэх асуудлыг байгууллагын дэргэдэх ёс зүйн эрхэлсэн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр албан бичгээр хүсэлт гаргасан. Тус хэлтсийн дэргэдэх ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл нь нэхэмжлэгч Ц.Дд холбогдох сахилгын зөрчлийн асуудлыг 2015 оны 12-р сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэж, Ц.Дг Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.1.1, 5.1.4, 5.2.1, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.5.1 дэх заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж ирүүлсэн.
Ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлт, хуралдааны тэмдэглэл, Х банкны зээлийн хувийг хэргээс хуулбарласан зээлийн гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, тэтгэврийн дэвтэр, тодорхойлолт зэрэг баримт материалуудад дүгнэлт хийж үзэхэд нэхэмжлэгч Ц.Д нь сахилгын зөрчил гаргасан нь дүгнэлтээр тогтоогдсон тул төрийн жинхэнэ албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Уг тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Нэхэмжлэгч Ц.Дгийн гаргасан сахилгын ноцтой зөрчлийн улмаас нийгмийн даатгалын санд учирсан бодит хохирол байхгүй хэдий ч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын зөрчил хохирол шаардахгүй.
Тэтгэвэр авах эрх үүсээгүй, тэтгэвэр тогтоолгохоор ирсэн нийгмийн даатгалын байгууллагад өргөдөл гаргаагүй байхад нийгмийн даатгалын байцаагчийн тэмдэг ашиглан, тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг хууль бусаар бичиж олгон, улмаар нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулах боломж олгосон нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтны тухайд сахилгын ноцтой зөрчил гэж үзнэ.
Нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох материал сумын нийгмийн даатгалын байцаагч, тэтгэврийн байцаагч, хяналт шалгалтын байцаагч, үйлчилгээний албаны дарга, хэлтсийн дарга гэсэн шат шатаар хянагдсаны эцэст тэтгэвэр олгодог. Гэтэл Ц.Д нь хууль бусаар бичиж олгосон тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтоо Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хянуулалгүйгээр сахилгын зөрчлөө нуун дарагдуулсан. Уг дэвтэр, тодорхойлолт Х банкны зээлийн хувийн хэрэгт хавсаргагдсан зэргээр зөрчил тухайн үедээ илрээгүй.
Энэ мэт ёс зүйгүй төрийн албан хаагч этгээдэд сахилгын шийтгэл ногдуулж хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг тавих ёстой байхад түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, улмаар татвар төлөгчийн мөнгөн хөрөнгийг олгох нь шударга ёс биш. Сахилгын зөрчил гаргасан бол хариуцлага хүлээх нь зарчмын асуудал гэж үзэж байгаа бөгөөд сахилгын зөрчил гаргасан албан хаагчид зохих хариуцлагыг хүлээлгэж байх нь Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг юм.
Нэхэмжлэгч Ц.Дгийн сахилгын зөрчилд холбогдох хариуцлагыг тооцохгүй орхигдуулах нь хууль болон удирдах албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээнд нийцэхгүй хууль бус үйлдэл болно.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д заасны дагуу Ц.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
Б овогтой Э миний бие Ховд аймгийн Ү сумын нийгмийн даатгалын байцаагчаар 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр томилогдож ажиллаж байгаа.
Тэрээр нийгмийн даатгалын дарга Г.Н, иргэн Ц.Д хоёрын хоорондын маргааныг хэлэлцэх шүүх хуралд оролцохгүйгээ мэдэгдэж байна. Надгүйгээр шүүх хуралдаанаа явуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
1.Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар[1] нэхэмжлэгч Ц.Дг Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчин, нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй иргэнд тэтгэврийн дэвтэр, хуурамч тодорхойлолт бичиж олгон, нийгмийн даатгалын байгууллагын эрх олгосон баримт бичгийг бусдад ашиглуулсан зэргээр сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 4.1.1, 5 5.1.4, 5.2.1, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн 2.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ажилтны мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэн Ховд аймгийн Ү сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д зааснаар тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байх ба энэ тохиолдолд Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д зааснаар тэтгэвэр тогтоох шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргахаар байна.
Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаартай тушаалаар батлагдсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам-ын[2] Дөрөвийн 4.1-д зааснаар сумын нийгмийн даатгалын байцаагч нь нийгмийн даатгалын байгууллагын ажилтны хувьд тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан шалган уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж, тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээх, бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээн авсны хувьд гарын үсэг зурах, 4.1.2-т зааснаар ...баримт бичгийг үндэслэн хүн тус бүрээр тэтгэвэр тогтоох нөхцөлийг компьютерийн нэгдсэн мэдээлэлд оруулан тэдгээрийн тэтгэвэр тогтоолтын хуудас-ыг тэтгэвэр бодсон цалингийн хамт хэвлэж, тэтгэврийн хувийн хэрэгт хавсаргах зэрэгүүрэгтэйгээр ажилладаг байна.
Үүний дагуу иргэнд шинээр тогтоосон тэтгэврийн хэмжээг 4.1.3-т зааснаар хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч хянаж, тухайн иргэний тэтгэвэр тогтоолтын хуудас-д гарын үсэг зурж, хэлтсийн дарга тэмдэг дарж баталгаажуулж, 4.1.4-т зааснаар хэлтэс /тасаг/ нь тэтгэврийн хувийн хэрэг, тэтгэвэр тогтоолтын хуудсыг тус тус үндэслэн тухайн иргэний нэр дээр тэтгэврийн дэвтэр нээж, уг дэвтэрт хэлтсийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарахаар зохицуулагджээ.
Гэтэл нэхэмжлэгч Ц.Д нь тус аймгийн Ү сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаанд хуульд заасан тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсээгүй, нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр авдаггүй иргэн Б.Бд 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тэтгэвэр тогтоосон мэтээр хууль болон журмын дээрх зохицуулалтыг зөрчин мөн өдөр тэтгэврийн дэвтэр нээж өгч, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг нь үнэн гэх тодорхойлолт бүхий баримт бичиж өгсөн нь хууль бус байх ба энэ нь нэхэмжлэлд дурдсан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэгчийн өөрийнх нь хүлээн зөвшөөрсөн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан А008500 дугаартай иргэн Б.Бд нээж өгсөн гэх тэтгэврийн дэвтэр, тодорхойлолт бүхий баримтын баталгаат хуулбарууд[3], Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ажилтнуудын мэргэжил ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, дүгнэлт[4] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Д нь тухайн үед дээрх төрлийн зөрчил гаргасан шалтгааныг нэхэмжлэлдээ иргэн Б.Б нь...бичиг баримт, материалыг нь бүрдүүлж, 14 хоногийн дотор өгнө гэж хэлснээр тэтгэврийн дэвтэр, тодорхойлолтыг итгэж хийж өгсөн гэж тайлбарлажээ[5].
Улмаар иргэн Б.Б нь уг тэтгэврийн дэвтэр, сумын нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт зэргийг ашиглан 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Х банкны Ховд аймгийн Ү сум дахь тооцооны төвөөс тэтгэврийн зээл авч, зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх ба эдгээр үйл баримтууд нь Х банкны Ховд аймгийн Ү сум дахь тооцооны төвийн тэтгэврийн зээлийн гэрээ, гэрч Х банкны Ховд салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Бийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Д нь сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2011 оны 273 дугаартай тушаалаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрэм-ийн Хоёрын 2.5.1-д заасан ажилтан нь ажил үүргээ гүйцэтгэхдээ ямарваа нэгэн иргэн, байгууллагын эрх ашгийг илүүд үзэхгүй байх зарчмыг баримталж ажиллаагүй гэх, мөн төрийн захиргааны албан хаагчийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаартай тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн Дөрөвийн 4.1.1-д заасан шударга ёсны зарчмын хүрээнд хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах, Тавын 5.1.4-д заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, 5.2.1-д заасан Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа журам, дүрэм зааврыг чанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг, мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг тус тус зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Д нь сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаанд дээрх байдлаар нийгмийн даатгалын байгууллагын ажилтны хувьд, мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10-д заасан төрийн захиргааны албан тушаалд эрхэлдэг төрийн захиргааны албан хаагчийн хувьд холбогдох журамд заасан ёс зүйн хэм хэмжээг тус тус зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхээр байгаа ба энэ нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан ...төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг зөрчсөн үндэслэлд хамаарах юм.
Энэ тохиолдолд буюу ёс зүйн хэм хэмжээ зөрчих, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ёс зүйн зөрчил гаргасан нь тухайн нийгмийн даатгалын байцаагчид Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хууль тогтоомжид заасан сахилгын хариуцлага ногдуулах үндэслэл болох юм. Үүнд сумын нийгмийн даатгалын байцаагч нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд сахилгын хариуцлага ногдуулах асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр зохицуулсан.
Нэхэмжлэгч Ц.Д нь тухайн үед Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь түүнд хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах үндэслэл болох боловч хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан тул сахилгын шийтгэл ногдуулахад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхийг зайлшгүй харгалзан үзэх ёстой юм.
Нэхэмжлэгч Ц.Дгийн 2014 оны 11 дүгээр сарын 20-нд гаргасан зөрчлийн талаар хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр түүнд Х банкны Ховд салбарын тооцооны төв хариуцсан менежер Д.Б хандсанаар мэдсэн буюу илэрүүлсэн нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, гэрч Д.Бийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон ба эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч дээрх сахилгын зөрчлийг гаргаснаас хойш 1 жил 1 сар 26 хоног өнгөрсний дараа хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулийн 26.4-т заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байна гэж дүгнэлээ.
Хариуцагч дээрх сахилгын шийтгэлийг ногдуулах үед уг зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрөөгүй боловч зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулж болохгүй бөгөөд өөрөөр хэлбэл уг зохицуулалтын агуулгыг төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад дээрх хоёр хугацааны аль аль нь өнгөрөөгүй байхыг ойлгох юм.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... нэхэмжлэгч Ц.Дгийн гаргасан сахилгын зөрчил нь үргэлжилсэн шинжтэй гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 23 хүртэл хүчинтэй гэсэн бичигтэй, иргэн Б.Б нь тахир дутуугийн тэтгэвэр авдаг нь үнэн болно гэх агуулгатай тодорхойлолт болон тэтгэврийн дэвтрийг нэхэмжлэгч Ц.Д нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичиж олгосноор түүний хууль бус үйлдэл нь тухайн цаг хугацаанд төгссөн байх ба дээрх тодорхойлолт бүхий баримтад 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл хүчинтэй байхаар тусгагдсныг нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг үргэлжилсэн шинжтэй гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь тухайн цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр хийсэн зөрчил бөгөөд харин үргэлжилсэн шинжтэй зөрчил гэдгийг энэ төрлийн зөрчлийг хэд хэдэн удаа буюу тасралтгүй үйлдсэн байхыг ойлгох юм. Иймд энэ талаарх хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй байна гэж дүгнэлээ
Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Дг Ховд аймгийн Ү сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох өөр нэг үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох тухай заалтыг зөрчсөн гэж тайлбарлан, 2013 оны 9 дүгээр сарын 08-нд төрсөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг шүүхэд нотлох баримтаар өгсөн байна. Энэ үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр сахилгын шийтгэл ногдуулж болохгүй энэхүү тохиолдолд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч Ц.Дг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, урьд эрхэлсэн албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримталж ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Д нь сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан цалингийн сүлжээ ёсоор тухайлбал 2015 оны 1-5 дугаар сард ТЗ-5-2, 2015 оны 6-11 сард ТЗ-3-2 шатлалаар тус тус цалинжиж байгаад Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/43 дугаартай тушаалын холбогдох хэсгээр нэхэмжлэгчийн албан тушаалын цалинг ТЗ-3-3 шатлалаар тооцож, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хамтаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн цалинжуулахаар шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Ц.Дд 2015 оны 12 дугаар сард албан тушаалын цалинд 518111 төгрөг, төрийн албан хаасан хугацааны нэмэгдэлд 51811 төгрөг олгогдсон нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс нотлох баримтаар гаргаж өгсөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн огноотой цалингийн жагсаалт, гэрч тус байгууллагын ня-бо Б.Батнасаны мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар төрийн захиргааны албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс тус тус бүрдэх бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ажиллаж байх хугацаандаа албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлээс бүрдсэн цалин хөлс авсан байх тул 2015 оны 12 дугаар сард эрх бүхий этгээдээс нэхэмжлэгчийн цалин хөлсийг шинээр тогтоосон шийдвэрийг үндэслэн түүний ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт 3538818 /гурван сая таван зуун гучин найман мянга найман зуун арван найм/ төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1-д заасан хувь хэмжээгээр даатгуулагч болон ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх, 14 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын орон нутгийн байгууллага даатгалын бүх төрлийн санд төлсөн шимтгэлийн хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр тэдэнд олгосон нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээг үндэслэн бүртгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.Дгийн ажилгүй байсан хугацаанд олгогдох олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг /эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон шимтгэл/ хуульд заасан журмаар тооцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд даатгуулагчийн хувьд нэхэмжлэгч болон ажил олгогчоос төлсөн шимтгэлийн хэмжээг бүртгэж, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.7-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Цын Дг Ховд аймгийн Ү сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 3538818 /гурван сая таван зуун гучин найман мянга найман зуун арван найм/ төгрөгийг Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Ц.Дд олгосугай.
3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Дгийн ажилгүй байсан хугацаанд олгогдох олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмаар суутган тооцсоны үндсэн дээр нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээнд даатгуулагчийн хувьд нэхэмжлэгч болон ажил олгогчоос төлсөн шимтгэлийн хэмжээг бүртгэж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА
[1] Хэргийн 7 дугаар хуудас
[2] Хэргийн 96-106 дугаар хуудас
[3] Хэргийн 121-122 дугаар хуудас
[4] Хэргийн 20-23 дугаар хуудас
[5] Хэргийн 2 дугаар хуудас