Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 0090

 

 

 

 

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2018/0090

Улаанбаатар хот

 

 

Т.Ц-ын нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Т.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О нарыг оролцуулан, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Ц-ын нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэрээр: “...Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дүгээрт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ц-ын тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 2.386.920 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамж Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27, 31, 32, 42, 43 зүйлд заасан хуулийн заалтыг илтэд зөрчсөн бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна. Шүүх хуралдаанд хариуцагч талаас нотлох баримтуудыг ирүүлээгүй байхад шүүгч хурлаа зохих ёсоор завсарлуулахгүйгээр хариуцагч талыг аймгийн захиргаа руу явуулж баримт авчруулсан нь нэг талыг барьж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Уг баримт  хэлбэрийн төдий ганц хуудас баримт байсан бөгөөд аймгийн Засаг дарга намайг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр дуудаж, чамтай сумын Засаг дарга чинь хамтран ажиллахгүй гэж байна гэсэн утгатай зүйл хэлэхэд нь би ямар үндэслэлээр, ямар санал гомдол байна гэхэд надад юм үзүүлээгүй. Даргын өрөөнөөс гарахад н.Энхцэцэг гэх ажилтан дуудаж өрөөндөө оруулаад “танай сургууль дээр санхүүгийн ээлжит шалгалт хийхэд зөрчил гаргасан байна гээд шалгалтын баримт үзүүлээд танд санал байна уу” гэхэд би “Зөрчил гаргасан бурууг ойлголоо энэ талаар дотооддоо хэлэлцэж арга хэмжээ авна. Надад энэ удаа анхааруулах арга хэмжээ авна уу. Цаашдаа дутагдлаа засч ажиллана” гэж бичиж өгөөд гарсан. Түүнээс биш Засаг дарга, ажлаас халах болсон талаар мэдэгдээгүй, надтай сонсох ажиллагаа явуулаагүй 4 хоногийн дараа намайг ажлаас халах тушаал гаргасан байна. Би ажил хөөцөлдөөд хотод явж байтал манай сумын Засаг дарга тааралдаад чамайг ажлаас халсан гэхээр нь БСГ-аас тушаалаа өөрөө хуулбарлаж авсан. Түүнээс хуульд заасан журмаар надад мэдэгдээгүй. Боловсролын газраас намайг ажлаас халах чиглэл Засаг даргад хүргүүлээгүй. Улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсан 7.163.34 мянган төгрөгийн зөрчлүүдийн дотор 2015 оноос өмнөх үеийн зөрчлүүд байгаа. Энэ өмнөх захирлын үед гарсан алдаа зөрчил байгаа. Тухайлбал, 2012 онд н.Байгалмаа захирал Улаанбаатар хотоос 12 ширхэг компьютер авсан байдлаар жил жилийн тайланд тусгагдаж байсаар шалгалтын үед зөрчил болж гарсан байдаг. Улсын байцаагчийн дүгнэлтэд Т.Ц миний буруутай ямар үйл ажиллагаанаас Богд сумын сургуульд хэдэн төгрөгийн зөрчил үүссэн гэдгийг нэг бүрчлэн дурдаагүйн зэрэгцээ тухайн дүгнэлтэд ажлаас халах санал байгаагүй.

Миний бие сургуулийн захирлын хувьд үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг ба шүүх энэ байдалд огт дүгнэлт өгөөгүй. Миний хувьд 2016 оны үр дүнгийн гэрээг 87.9 хувьтай дүгнүүлсэн, Б/30 дугаар захирамжид үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийг дурдаагүй тул уг акт хууль бус болохыг илэрхийлж байна.

Захиргааны шүүх маргаан бүхий акт хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх байтал нэхэмжлэгч Т.Ц-ыг ажлаас үндэслэлтэй халагдсан эсэхэд дүгнэлт хийсэн нь өөрөө хуулийнхаа агуулгыг зөрчжээ. Засаг даргын Санхүүгийн хяналт, аудитын байцаагчийн дүгнэлтэд дурдсан үйл баримтаас хойш жил гаруй, дүгнэлт гарснаас хойш 4 сарын дараа ажлаас халах шийдвэр оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримтыг үнэлсэн, маргааны үйл баримтад холбогдох дүгнэлтийг хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн б/29 дүгээр захирамжаар Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Т.Ц-ыг томилж, улмаар мөн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Засгийн газрын 2014 оны “Төрийн зарим албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” 75 дугаар тогтоолыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг уг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Т.Ц шүүхэд “аймгийн Засаг даргын 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 2,386,920 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “...би хувьдаа ашиглаж, үндэслэлгүйгээр өөрөө дур мэдэн хөрөнгө зарцуулсан, ажил олгогчийн итгэлийг эвдсэн зүйл байхгүй. Боловсролын газрын саналыг үндэслэж Засаг дарга томилох, чөлөөлөх шийдвэр гаргах эрхтэй бөгөөд Боловсролын газраас ямар нэгэн санал аваагүй. Мөн хариуцагч Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийхгүйгээр хууль бус захирамжийг гаргасан” хэмээн тайлбарласан бол хариуцагч “...Т.Ц нь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт, мөн тухайн байгууллагын аймгийн Засаг даргад ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар албан бичиг, Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн төсвийн зарцуулалт, санхүүд хийсэн аймгийн Аудитын газрын дүгнэлтээр санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас халсан” гэж маргаан бүхий актын үндэслэлээ тайлбарлан маргасан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд тухайлбал маргаан бүхий актын үндэслэл болсон Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаар албан бичиг, тус албаны улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 дугаартай дүгнэлтүүдийг үнэлж, уг дүгнэлтүүдэд дурдсан зөрчил тус бүрийг нэхэмжлэгч Т.Ц гаргасан эсэх, түүнийг хэрхэн нотолж байгаа талаар дүгнэх шаардлагатай тул анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцэхгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэг үндэслэлээ “хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг хийгээгүй” хэмээн тайлбарлан маргасан бөгөөд анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 27, 29 дүгээр хэсгүүдэд заасны дагуу 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц-ын талаар “Сонсох ажиллагаа” явуулж хувийн хэрэг хөтөлсөн нь нотлох баримтаар нотлогдож байна дүгнэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүх уг захиргааны хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд дээрх дүгнэлтийг хийхдээ 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтуудыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасныг тус тус зөрчжээ.

Өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн 127 дугаар хуудаснаас 132 дугаар хуудсанд авагдсан Өвөрхангай аймгийн Засаг даргын Б/30 дугаар захирамж гаргах ажиллагааны хувийн хэрэг нь шүүхийн шийдвэр гарсны дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр авагдсан нотлох баримт байх тул анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед уг нотлох баримтыг байгаагүй гэж үзэх бөгөөд тухайн нотлох баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх дээрх зөрчлийг гаргасан төдийгүй маргаан бүхий актын үндэслэл тус бүрд үнэлэлт дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 121/ШШ2017/0025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                    Н.ХОНИНХҮҮ  

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА