Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/01277

 

Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04358 дугаар шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 1460 дугаар магадлалтай,

Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгуулах, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас учруулсан хохирол гаргуулах шийдвэрийг гүйцэтгүүлсний дараа, орон сууцтай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Баясгалангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Баясгалан, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2010 оны 3 дугаар сарын 10-нд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны зохион байгуулсан дуудлага худалдаанд оролцож, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот орон сууцыг 74.000.000 төгрөгөөр худалдан авсан. Дуудлага худалдаанд Гэр хорооллын барилгажилт ХЗХ, “Бөөнцагаан нуур” ХЗХ зэрэг хоршоодын хөрөнгө болон бусад өр төлбөртэй байгууллагуудын үл хөдлөх хөрөнгүүдийг оруулж, төлбөр барагдуулах ажиллагааг явуулж байсан. Дуудлага худалдаа болсны дараа Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас надад Ү-2203011990 дугаарт бүртгэгдсэн Ж.Болдсайхан гэсэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн ба энэхүү дуудлага худалдаа нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 97 дугаар шийтгэх тогтоолын дагуу явагдсан. Гэтэл Ж.Болдсайхан нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 97 тоот шийтгэх тогтоолоос тус орон сууцыг дуудлага худалдаанд оруулах хэсгийг хасуулсан ба тухайн орон сууцыг “Хас банк” ХХК-ийн барьцаанд тавьж, банкнаас 2014 оны 9 дүгээр сарын 17-нд 110.000.000 төгрөгийн зээл авч, төлөөгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4413 дугаар шийдвэрээр Ж.Болдсайханаас 109.629.625 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 901 дүгээр шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1065 дугаар магадлалаар хүчингүй болгосон. Манай байр 97 дугаар шийтгэх тогтоолоор дуудлага худалдаанд орох байтал “Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлээр Ж.Болдсайханаас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие шийдвэр гүйцэтгэлийн буруутай ажиллагаанаас орон сууцаа эзэмших эрхгүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хохирол 480.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 1792 дугаар шийдвэрээр хангаж, уг шийдвэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба биелүүлэхгүй байх тул төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэхийг даалгаж өгнө үү. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас учруулсан хохирлоо барагдуулсны эцэст орон сууцыг бусдын төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4413 дугаар шийдвэрийн дагуу 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. Төлбөр төлөгч Ж.Болдсайханы үүргийн гүйцэтгэлд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот, 180 м.кв талбайтай, 6 өрөө бүхий орон сууц барьцаалуулсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 154/11-10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 16/1-06 тоот тогтоолоор хураасан. Тухайн орон сууцыг үүргийн гүйцэтгэлд барьцаатай эсэхийг бүртгэлийн байгууллагаас тодруулахад “2014 оны 1510006398 дугаартай гэрээний дагуу “Хас банк” ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй байна” гэсэн хариу өгсөн. Хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 1792 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Б.Баясгаланд олговол зохих төлбөрийг жил бүрийн улсын төсөвт тусгуулахаар Хууль зүйн яам, Сангийн яаманд хандаж, ажилласны дагуу Хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар 241.778.975 төгрөг олгохоор баталсан ба тус төлбөр 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.Баясгалангийн дансанд шилжиж орсон. Манай байгууллагын зүгээс Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 1792 дугаар шийдвэр биелүүлэх талаар ажиллагаа хийж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4413 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас төлбөр гаргуулахаар зохих ёсоор явагдаж байна. Хууль зүйн сайдын тушаалаар Б.Баясгаланд энэ оны 7 дугаар сар гэхэд үлдсэн төлбөрийг олгоно, бидний зүгээс төлбөр төлөхгүй удаасан зүйл байхгүй, төлбөр олгоход Хууль зүйн яам, Сангийн яам гээд олон төрийн байгууллага дамждаг учраас хугацаа авсан байх. Маргааны зүйл болсон орон сууц нь нэхэмжлэгч Б.Баясгалангийн өмч биш, тус тусдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 97 дугаар шийтгэх тогтоолоор “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Т.Энхтөр, Д.Баттөр нараас 15,645.493.376 төгрөг гаргуулж, нэр бүхий 1413 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот, 6 өрөө бүхий орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар 2009 оны 8 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээ хийлгэхэд 73.500.000 төгрөг болсон бөгөөд 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулж, 74.000.000 төгрөгөөр иргэн Б.Баясгаланд худалдсан бөгөөд 2010 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус орон сууцыг хүлээлгэн өгч, Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн 5.2.3-т заасны дагуу орон сууцны үнэ 74.000.000 төгрөгийг Төрийн санд шилжүүлсэн. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 1065 дугаар магадлалаар 901 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул тухайн орон сууц нь “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны хохирлыг барагдуулахад тооцон олгох нь зүйтэй юм гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөгс шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Болдсайхан нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Хас банк” ХХК-тай зээлийн 1510006398 дугаар гэрээ байгуулж, 110.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, зээлийн барьцаанд Ү-2203011990 тоот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот, 6 өрөө бүхий орон сууцыг барьцаалуулсан. Зээл олгох үед авсан улсын бүртгэлийн мэдээллийн сангаас уг үл хөдлөх хөрөнгө барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй болон түдгэлзүүлээгүй байсан. Банк, зээлдэгчтэй баталгаат ипотекийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн, барьцааг баталгаажуулсан. Ж.Болдсайхан нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас Ж.Болдсайхан, Э.Намуунзул нарыг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4413 дугаар шийдвэрээр хариуцагч нараас 109.629.665 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 706.098 төгрөг гаргуулж “Хас банк” ХХК-д олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байтал Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн улмаас 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2016/07914 дүгээр шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. “Хас банк” ХХК нь Улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд, хуульд нийцүүлэн дээрх барьцаа хөрөнгийг барьцаалсан бөгөөд манай банк шударга эзэмшигчид тооцогдох, бүртгэлтэй холбоотой аливаа маргаан нь банкны хүчин төгөлдөр барьцааны эрхийг хөндөхгүй. Иймд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 4413 дугаар шийдвэрийг гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Хишигбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны хохирогч болсон. Шийтгэх тогтоолоор хохирогч нарын хохирлыг барагдуулах хөрөнгийн жагсаалтад Ж.Болдсайханы орон сууц битүүмжлэгдсэн байсан. Гэтэл үүнийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүд гарч байгаа нь хууль зөрчсөн үйлдэл тул гомдолтой байна. Б.Баясгалангийн амьдарч буй орон сууц нь 97 дугаар шийтгэх тогтоолын дагуу дуудлага худалдаанд орох ёстой байтал “Хас банк” ХХК-ийн барьцаанд орж, дуудлага худалдаанд орох болсныг ойлгохгүй байна. Ж.Болдсайхан анхнаасаа энэ бүгдийг хууль зөрчиж хийсэн. Дээрх орон сууцыг шийтгэх тогтоолын хавсралтаас хассан захирамж хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас хохирогч нарын хохирлыг барагдуулах зорилгоор худалдан борлуулах ёстой гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04358 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэгч Б.Баясгалангийн гаргасан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэхийг даалгах, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчаас төлбөр төлтөл орон байрыг бусдад төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Баясгалангаас төлсөн 140.400 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 1460 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...143 дугаар зүйл...” гэснийг “...143 дугаар зүйлийн 143.1...” гэж, 2 дахь заалтын “...7.1.2...” гэснийг “... 7.1.4...” гэж, 3 дахь заалтын “...Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх...” гэснийг “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Баясгалангаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2016/04358 шийдвэр, Давж шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1460 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Миний бие дуудлага худалдаанд оролцож орон сууц худалдан авсан боловч хуулийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоогүй байсан байдлаас болж дуудлага худалдаа хүчингүй болсон. Гэтэл миний худалдаж авсан орон сууцыг Ж.Болдсайхан, Энхтөр нар нь Эрүүгийн хэрэгт шийтгэх тогтоолоор хохиролд хураалгасан хирнээ заль хэрэглэн дахин банкны барьцаанд тавьсан байхад шийдвэр гүйцэтгэлийн газар шийтгэх тогтоолын дагуу дахин дуудлага худалдаа явуулахын оронд Ж.Болдсайханы өрийг барагдуулах зорилгоор банкны барьцаа хөрөнгө гэж үзэн байрыг битүүмжлэн намайг байрнаас гаргах гээд байгааг зөвшөөрөхгүй байгаа. Би дуудлага худалдаанд оролцохоор 70 сая төгрөгийн дэнчин төлсөн. Одоо ШШБЕГ надад байр худалдан авах төлбөрийг нэхэмжлэл гаргаснаас хойш өгч эхэлсэн тул би дуудлага худалдаагаар авсан байраа дахин авах боломжтой болж байгаа билээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Баясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Баясгалангийн “...шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах, төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэхийг мөн шийдвэр гүйцэтгэх албанаас хохирлыг барагдуулсны эцэст орон байрыг төлбөрт олгох асуудлыг шийдвэрлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэсэн тайлбар гарган мэтгэлцсэн байна.

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:

1. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх  хуралдааны  2012 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 568 дугаар тогтоолоор Банк, хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанаас 2010 оны 03 дугаар сарын 10-ний өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар иргэн Ж.Болдсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоотын 180 м.кв орон сууцыг худалдсан ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба нь орон сууцыг албадан дуудлага худалдаагаар  худалдахдаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж, Б.Баясгалан болон Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албаны хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзжээ /хэргийн 109-120 дугаар тал/.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 815 дугаар шийдвэрээр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоотын 180 м.кв орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай Б.Баясгалангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 106-109 дүгээр тал/.

Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24-т зааснаар хуулиар тогтоосон журам зөрчиж явуулсан үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байх ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэжээ.

Нэхэмжлэгч нь орон сууцыг буцаан өгөөгүй бөгөөд тэрээр тухайн орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрхгүй талаарх шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

2.Нэхэмжлэгч Б.Баясгалан нь дээрх орон сууцыг 74.000.000 сая төгрөгөөр худалдан авсан байсан, албадан дуудлага худалдаа хүчингүй болсон тул тэрээр өөрт учирсан хохирлоо шаардсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1792 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны  2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас 480.000.000 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 121-131 дүгээр тал/.

Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Монгол Улсын хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/128 дугаар тушаалаар Б.Баясгаланд шүүхийн шийдвэрт заасан төлбөр олгохоор шийдвэрлэж, үүнээс 241.778.975 төгрөг олгосон ба “...үлдэх төлбөрийг барагдуулах ажиллагаа явагдаж байгаа” гэжээ. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа талаарх нэхэмжлэгчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

3. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 18-ний өдрийн 4413 дугаар шийдвэрээр хариуцагч Ж.Болдсайхан, Э.Намуунзул нараас 109.629.665 төгрөг гаргуулж “Хас” банкинд олгох, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 14 дүгээр байрны 10 тоот 180 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн, шийдвэр хүчин төгөлдөр байна.

Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэн, төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр битүүмжилж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр хураах ажиллагааг явуулсан нь хууль зөрчөөгүй байна /хавтаст хэргийн 51-67 дугаар тал/.

Шүүхийн шийдвэр биелүүлэх Ерөнхий газраас 480.000.000 төгрөг гаргуулж Б.Баясгаланд олгох, Ж.Болдсайханы өмчлөлийн орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар явуулж буй ажиллагаанууд хоорондоо холбоогүй тул дээрх 2 шийдвэрийг нэгэн зэрэг эсхүл дараалан гүйцэтгэх боломжгүй юм

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон зөв боловч хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцсэн тул  магадлалыг хэвээр үлдээв.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 1460 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ