Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 414

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Ж.Отгонбаяр,

Шүүгдэгч Д,Э, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д,Эд холбогдох 1806 00000 0177 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 2 дугаар гудамжны 56 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 370 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 301 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлын 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 445 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, нийт 6 удаа хорих ял тус тус шийтгүүлж байсан, Д,Э

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д,Э нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тусгаар тогтнолын өргөн чөлөөний 3 тоотод оршин суух иргэн Ц.Отгонбатын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч НР маркийн нөүтбүүк хулгайлан авч 295.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д,Эын өгсөн: “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг үнэн зөв өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.6-9/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тогтоол /хх.10/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонбатын өгсөн: “... Би 2018 оны 02 дугаар  сарын 05-ны өдөр 12 цаг 30 минутын үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд гэрээ цоожлоод явсан юм. Тэгээд гадуур явж байтал 89398389 гэсэн дугаараас манай эхнэр Бямбасүрэнгийн 88696891 дугаар руу ярьж таны хувийн мэдээлэлтэй нөүтбүүк олдлоо, та Баянцээлийн пост дээр ирж уулз гэхээр нь яваад очтол миний НР нэртэй саарал өнгийн нөүтбүүк мөн байсан. Тэгээд цагдаатай хамт гэртээ ирээд хартал манай гэрийн цоожийг эвдэн хулгай орж нөүтбүүк авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн байцаалтад Д,Эын яллагдагчаар өгсөн: “... Би 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад хорооллын Өргөө орох гээд алхаж байсан юм. Улмаар шээс хүрээд нэг айлын хашааны гадна зогсоод бие зассан юм. Тэгтэл уг айлын хашаанд байх монгол гэр цоожтой байхаар нь гаднаас цасанд булагдсан байсан төмөр авч хашааг нь давж ороод цоожийг нь эвдэж орсон юм. Уг айлаас НР маркийн зөөврийн компьютерийг цүнх болон залгууртай цугт нь аваад Сансар луу уруудан явж байгаад цагдаад баригдсан юм. Улмаар хаанаас авсанаа хэлж өгөөд, хулгайлсан зөөврийн компьютерээ хураалгасан юм...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.27/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.62-64/,

Хавтаст хэргийн материалыг оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх.74/,

Эрүүл мэндийн тодорхойлолт, хүсэлт /шинээр гаргасан/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д,Э нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Тусгаар тогтнолын өргөн чөлөөний 3 тоотод оршин суух иргэн Ц.Отгонбатын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч НР маркийн нөүтбүүк хулгайлан авч 295.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.6-9/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тогтоол /хх.10/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Отгонбатын өгсөн: “... таны хувийн мэдээлэлтэй нөүтбүүк олдлоо, та Баянцээлийн пост дээр ирж уулз гэхээр нь яваад очтол миний НР нэртэй саарал өнгийн нөүтбүүк мөн байсан. Тэгээд цагдаатай хамт гэртээ ирээд хартал манай гэрийн цоожийг эвдэн хулгай орж нөүтбүүк авсан байсан...” гэх мэдүүлэг /хх.13/,

Мөрдөн байцаалтад Д,Эын яллагдагчаар өгсөн: “... Тэгтэл уг айлын хашаанд байх монгол гэр цоожтой байхаар нь гаднаас цасанд булагдсан байсан төмөр авч хашааг нь давж ороод цоожийг нь эвдэж орсон юм. Уг айлаас НР маркийн зөөврийн компьютерийг цүнх болон залгууртай цугт нь аваад Сансар луу уруудан явж байгаад цагдаад баригдсан юм...” гэх мэдүүлэг /хх.25-26/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.62-64/,

Шүүгдэгч Д,Эын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

             Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д,Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

            Иймд Д,Эыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

            Д,Э нь гэмт хэрэг үйлдэж хохирогч Ц.Отгонбатад учруулсан хохирлын эд зүйлийг биет байдлаар нь хохирогчид буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй байна.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Д,Эын “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

             Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Д,Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгуулллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

             Д,Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

             Шүүгдэгч Д,Эын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д,Эыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д,Эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, Д,Эд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгуулллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д,Эын урьд нь цагдан хоригдсон 48 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Д,Э нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасан давж заалдах эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д,Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  С.ӨСӨХБАЯР