| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2231002320166 |
| Дугаар | 2022/ДШМ/79 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ДШМ/79
Д.Буянбат, Б.Баянмөнх нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор А.Баясгалан
Яллагдагч Д.Буянбат
Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЗ/369 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Д.Буянбат, Б.Батмөнх нарт холбогдох эрүүгийн 2231002320166 дугаартай, 1 хавтас хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Гөрөөчин овогт Даваахүүгийн Буянбат, Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Хөвсөл аймгийн Тариалан суманд төрсөн, **** настай, ***эгтэй, *** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ****н хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ****дугаар баг ***дүгээр хэсгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: *******/;
Хар Ямаат овогт Батаагийн Баянмөнх, Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, * ***настай, ***эгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2**** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын *** дугаар баг,*** дүгээр хэсгийн **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ****/;
Шүүгдэгч Д.Буянбат, Б.Баянмөнх нар нь бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 31-ны оройн 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэлэнгэ мах маркет” ХХК-ийн хөргөлтийн цехийн байрны цонхоор нэвтэрч хөргүүрийн 3 ширхэг мотор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч цонхоор нь гарган зөөж хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл хийсэн боловч иргэн Э.Энхбаатарт мэдэгдсэний улмаас гэмт хэргийг төгсгөж чадаагүй буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Д.Буянбат, Б.Баянмөнх нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Гөрөөчин овогт Даваахүүгийн Буянбат, Хар Ямаат овогт Батаагийн Баянмөнх нарт холбогдох эрүүгийн 2231002320166 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Буянбат, Б.Баянмөнх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газар очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурор А.Баясгалан 2022 оны 11 сарын 14-ний өдрийн 26 дугаартай эсэргүүцэлдээ:
...Шүүгчийн захирамжийг 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1.Сэлэнгэ Мах Маркет ХХК-ийн манаачийн ажлыг яллагдагч Д.Буянбат, Б.Баянмөнх нар нь гүйцэтгэдэггүй болох нь хохирогч О.Баатарцогтын “манаачаар нь Буянзаяа гэх эмэгтэй ажилладаг боловч түүний ээж, ах хоёр компанийн хашаанд Монгол гэрт амьдардаг юм.” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Энхбаатарын “...Мах Маркет ХХК-ийн хашаа болон объектыг нэг эмэгтэй манадаг юм” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Буянзаяагийн “...намайг ирэхэд Баатарцогт дарга, найз Энхбаатар болон үл таних хөгшин ах байсан. Тэгээд юу болсон талаар асуухад үл таних ахыг зааж энэ хүн өөр 2 хүнтэй нийлж байгууламжаас хөргүүрийн мотор хулгайлж байгаад баригдсан байна гэж хэлсэн. ..манай нөхөр 2013 онд хуучнаар Дорнын говийн манаачаар ажиллаж байгаад би үргэлжлүүлэн 2015 оноос эхлэн ажиллаж байна” гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон. Иймд нэмж мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй.
3.Яллагдагч Д.Буянбатаас сэжигтнээр авсан мэдүүлэгт түүний биеийн байцаалтыг шалгахад бүрэн бус дунд боловсролтой байх ба Монгол хэл бичгээр уншиж бичиж чадна, мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлж сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Мөн түүний Монгол хэл, бичгээр уншиж бичиж чаддаг болох нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд “санал хүсэлт байхгүй миний хэргийг хялбаршуулсан журмаар хурдан шийдэж өгнө үү” гэх гар бичвэр зэргээр тогтоогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах журам болон сэжигтэн яллагдагчийн эрхийг зөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Мөн яллагдагч Б.Баянмөнх нь Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, яс үндэс халх Монгол хэлтэй хүнийг шүүх Монгол хэл мэдэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй ба түүний боловсролгүй нөхцөл байдлыг харгалзан 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол танилцуулж мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Г.Энхцэцэгийг оролцуулсан байхад өмгөөлөгчгүй мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 369 дугаар дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг зөв гэж үзэж байна. ...Гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинж нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал буюу ямар аргаар үйлдэгдсэн бэ гэдгийг тогтоогоогүй тул нэмж шалгуулъя гэсэн санал гаргасан.
Яллагдагч Баянмөнхийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчөөр авч, өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн. Д.Буянбатын хувьд хэрэг шүүхэд шилжиж ирсний дараагаас өмгөөллийн туслалцаа авсан. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Баянмөнхөөс мэдүүлэг авахад надад мэдэгдээгүй. Баянмөнх нь бичиг үсэг мэддэггүй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
2.Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас яллагдагч Д.Буянбат, Б.Батмөнх нарыг бүлэглэн 2022 оны 05 дугаар сарын 31-ний оройн 23 цагийн үед “Сэлэнгэ мах маркет” ХХК-ийн хөргөлтийн цехийн байрны цонхоор нэвтрэн орж хөргүүрийн 3 ширхэг мотор хулгайлах буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “... а.Сэлэнгэ Мах Маркет ХХК-ийн манаачийн ажлыг хэн хийж байсан эсэхийг тодруулах
б.Барилгын цонх анхнаасаа хагархай байсан эсэх, эд зүйлийг авахдаа яллагдагч нар цонхыг хагалж орсон эсэх
в.Яллагдагч Д.Буянбат нь бага боловсролтой, яллагдагч Б.Баянмөнх нь боловсролгүй бөгөөд монгол хэл бичиг мэдэхгүй яллагдагч нараас өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
3.Шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлийн талаар:
а.Тус хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Баатарцогт нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сэлэнгэ мах маркет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд түүний ...тухайн компаний манаачаар яллагдагчийн төрсөн дүү Д.Буянзаяа нь ажилладаг харин яллагдагч Д.Буянбат нь ээжийн хамт компанийн хашаанд Монгол гэрт амьдардаг... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Буянзаяагийн “... тухайн компаний манаачаар ажилладаг талаараа мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Энхбаатарын “...Мах Маркет ХХК-ийн хашаа болон объектыг нэг эмэгтэй манадаг юм” гэсэн мэдүүлэг зэргээр “Сэлэнгэ мах маркет” ХХК-ийн манаачаар яллагдагчийн төрсөн дүү Д.Буянзаяа нь ажилладаг болох нь тогтоогджээ.
б.Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Бусдын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй этгээд байшингийн хаалга нь цоожтой, тодорхой хамгаалалтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдлийг хууль бус гэж үзэх тул “Сэлэнгэ мах маркет” ХХК-ийн байшингийн цонх нь урьд хагарсан байсан уу? эсхүл цонхыг хагалж нэвтэрсэн эсэхийг нэмж тодруулах шаардлагагүй юм.
в.Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Баянмөнхөөс гэрчийн мэдүүлэг авахдаа боловсролгүй Монгол хэлээр бичгээр уншиж бичиж чадахгүй гэсний дагуу Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нийгмийн ажилтан Н.Задгайцагааныг оролцуулсан байх ба энэхүү гэрчийн мэдүүлэг нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзвэл шүүхээс нотлох баримтаар үнэлэх эсэх талаараа дүгнэлт хийх боломжтой, харин түүнийг яллагдагчаар татах тухай тогтоол гардуулах, эрх үүрэг тайлбарлах, яллагдагчаас мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах журам болон сэжигтэн яллагдагчийн эрхийг зөрчөөгүй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд яллагдагч Д.Буянбат, Б.Баянмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна, шүүгчийн захирамжид заасан хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Буянбат, Б.Баянмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЗ/369 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Буянбат, Б.Баянмөнх нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл яллагдагч Д.Буянбат, Б.Баянмөнх нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН