| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0847/З |
| Дугаар | 128/ШШ2025/0147 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Л, Ц.А, Э.Б,
Хариуцагч: “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.З,
Маргааны төрөл: Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Намуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэвч гэрээний гүйцэтгэлийн хугацаанд 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас үер бууж төслийн талбай дээрх бараа материал, тоног төхөөрөмжүүд болон угсарсан шугам хоолойнууд үерийн усанд автаж ажлыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тодруулбал:
a.Ажлын хэсэг 9 (Section 9) ПK 161+30-ПК 188+57 дээр угсралт хийгдсэн байсан 2444 м урт шугам хоолой үерт өртөж, үүнээс 1090 м шугамын хэсгийг салгаж дахин угсрах шаардлагатай болсон,
b. Ажлын хэсэг 9 орчмын газар үерт автаж, түр зам болон голын гарам усанд урссанаар ажлын талбай руу зорчих боломжгүй болсон;
c. Ажлын хэсэг 1-5 (Section 1-5) буюу Шувуун цуглуулах талбайд 3183 м шугам хоолойн угсралтын ажил хийгдсэн байснаас 3010 м шугамын хэсэг үерт өртөж, шуудуунд ус дүүрснээр ажил үргэлжлэн хийгдэх боломжгүй болсон;
d. Ажлын хэсэг 1-5 дээр барилга угсралт хийгдэж байсан 20 ш хаалтын худаг болон 7ш гүний худгийн барилга үерт автаж ажлын талбай руу нэвтэрч ажил хийгдэх боломжгүй болсон;
e. Шувуун цуглуулах талбайн орчим их хэмжээний усанд автсанаар ажлын хэсгүүд рүү зорчих зам талбай усанд автаж 14-21 хоног зорчих боломжгүй болсон.
Энэ талаар Хан-Уул дүүргийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч үзлэг хийж, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нөхцөл байдлыг дүгнэсэн 15/03 тоот дүгнэлтийг гаргасан байдаг. Туслан гүйцэтгэх гэрээний 50.1 дэх хэсэгт ““Давагдашгүй хүчин зүйл” гэж: Талуудын хяналтаас гадуур бий болсон; Гэрээ байгуулахаас өмнө тухайн Тал нь үндэслэлтэйгээр урьдчилан сэргийлж чадаагүй; бий болсон үед нь тухайн Талаас үндэслэлтэйгээр зайлсхийж буюу даван туулж чадаагүй; нөгөө Талд үндсэндээ хамааралгүй онцгой үйл явдал буюу нөхцөл байдлыг ойлгоно”, 50.2 дахь хэсэгт “Хэрэв Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас давагдашгүй хүчин зүйлийн тухай гэрчилгээ олгосон бол Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн тал нь тухайн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй байгаа хугацаанд үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөнө.” гэж заасан.
Тиймээс нэхэмжлэгч “М” ХХК нь дээрх үерийн нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйл мөн болохыг гэрчлүүлэхээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 24/1103 тоот албан бичгээр Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулахаар холбогдох баримт материалуудыг бүрдүүлэн хүсэлтийг гаргасан.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь 1960 онд аж ахуйн нэгж, байгууллагуудын худалдаа, үйлдвэрлэлийг дэмжих, тэдгээртэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд юм. Танхимын үйл ажиллагааг 1995 оны Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар зохицуулсан бөгөөд Танхим нь тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу экспортын барааны гарал, үүслийг гэрчлэх, экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадалгаа гаргах, давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Ийнхүү Танхим нь хуульд заасны дагуу давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага тул Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6.2.61 дахь заалт, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас баталсан “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/ болон хүнд нөхцөл байдал /Hardship/-ыг гэрчлэх журам”-ын 2.2, 2.6 дахь заалт, Туслан гүйцэтгэх гэрээний 50.1, 50.2 дахь заалтыг тус тус үндэслэн манай компани Гэрчилгээ авах хүсэлтийг гаргасан.
Гэвч Танхим нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тоот албан бичгээр журмын 2.10.12 дэх хэсгийг үндэслэн Гэрчилгээ олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.
Энэхүү маргаан бүхий шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны актын шинжийг бүрэн хангаж байгаа болно. Үүнд:
Танхим нь захиргааны байгууллага болох тухайд,
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно”, 5.1.3 дахь хэсэгт “захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл, захиргааны чиг үүргийг хуулийн дагуу шилжүүлэн авсан хувийн эрх зүйн хуулийн этгээдийг захирамжилсан шийдвэр гаргавал захиргааны байгууллагад тооцохоор зохицуулсан байна.
Танхим нь хуулийн үндсэн дээр “давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх” чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул ийнхүү Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн Гэрчилгээ гаргаж буй шийдвэртэй нь холбогдуулан Танхимыг Захиргааны ерөнхий хуулийн 5.1.3-т заасны дагуу нийтийн эрх зүйн хүрээнд бие даан шийдвэр гаргаж буй захиргааны байгууллага гэж ойлгоно. Иймд актыг захиргааны байгууллагаас гаргасан байх шинжийг бүрэн хангаж байна.
Дээрх татгалзсан шийдвэр нь “М” ХХК-д чиглэгдсэн, дахин давтагдах шинжгүй, актын үйлчлэл нь нэг удаагийнх тул тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан байна. Танхим нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасан Давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх бүрэн эрхийнхээ хүрээнд тус шийдвэрийг гаргасан тул нийтийн эрх зүйн хүрээнд байна. Танхимын шийдвэрийн эрх зүйн үйлчлэл нь захиргааны байгууллагын дотоод хүрээнд бус харин гуравдагч этгээд болох “М” ХХК-д чиглэгдсэн тул гадагш чиглэсэн байна.
Танхимын шийдвэрийн улмаас “М” ХХК нь Гэрчилгээг авч чадахгүй нөхцөл байдалд хүрч, улмаар үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх боломжгүй болсон тул зохицуулалт агуулсан буюу нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, сөрөг нөлөөлөл бүхий акт байна. Дээрх шийдвэр нь Танхимын нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн, нэхэмжлэгч нь заавал дагаж мөрдөх шинжтэй байх тул захирамжилсан үйл ажиллагааны шинжийг бүрэн хангаж байна.
· Танхимаас гаргасан маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй тухайд;
Танхим нь татгалзсан шийдвэртээ “… Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал”-ыг гэрчлэх журмын 2 дугаар зүйлийн 2.10.1 дэх хэсэгт заасан хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал, нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, эсхүл энэхүү журамд заасан давагдашгүй хүчин зүйлийн тохиолдолд хамаарахгүй буюу Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06/715 дугаар албан бичигт “…******* харуул орчимд 2024 оны 06 дугаар сарын 18-аас 23-ны өдрүүдэд усны түвшин хоногт 30-105 см нэмэгдсэн бөгөөд туул голын үерийн долгионы оргил үе 06 дугаар сарын 23-ны өдөр ажиглагдсан …” гэж дурдсан нь гол мөрний үерийн түвшинтэй харьцуулсан дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй ба Цаг уур орчны шинжилгээний газрын албан ёсны вэб хуудас дахь 2024 оны 06 дугаар сарын гол мөрний усны түвшинг харьцуулсан хүснэгтээс харахад үерийн түвшингөөс давсан үзүүлэлт харагдахгүй нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжийг хангахгүй” гэж дурдсан.
Гэвч Танхимын үндэслэл болгосон Цаг уур орчны шинжилгээний газрын албан ёсны веб хуудас дахь харьцуулсан хүснэгт нь зөвхөн 10 хоногийн тойм мэдээ бөгөөд үер болсныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Журмын 1 дүгээр зүйлийн 1.2.1.2 дахь хэсэгт байгалийн бүх төрлийн гамшиг /хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давлагаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт/-н улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл “Force majeure” гэж тодорхойлсон бөгөөд гол мөрний усны түвшин үерийн түвшнийг давсан тохиолдолд үер болсон гэж үзэх үндэслэлтэй. Бид энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газраас тодруулж асуухад, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ын усны түвшин дундаж түвшнээс даруй 40 см-р нэмэгдэж, 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 30-ны өдрийг дуустал хугацаанд үерийн түвшнийг давсан үзүүлэлттэй байгаа талаар доорх мэдээллийг бидэнд өгсөн.
Үүнээс үзвэл, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ын усны түвшин үерийн түвшнийг давсан үзүүлэлттэй байгаа нь үер болсныг эргэлзээгүйгээр нотолж байна. Гэтэл Танхим нь үндэслэлгүйгээр дээрх нөхцөл байдлыг гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжийг хангахгүй гэж дүгнэж, Гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд;
Манай компани нь дээрх Гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг үл зөвшөөрч 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Танхимд гомдол гаргасан. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээ гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллагад гаргана”, мөн хуулийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасан. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсад үндэсний танхим нэг байна”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Монголын үндэсний танхимын зорилт, бүрэн эрхийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан бөгөөд Танхимд дээд шатны гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 93.2-т заасны дагуу Танхимд өөрт нь гомдол гаргасан болно.
Гэвч Танхим нь гомдлыг хянан шалгаад 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 02/803 тоот албан бичгээр дахин Гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрийн үндэслэлдээ “...гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлын гол шинж нь тухайн нөхцөлийг урьдчилан таамаглах боломжгүй байхыг шаардах бөгөөд ын үерийн түвшин 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагийн мэдээгээр 311 см, 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагийн мэдээгээр 220 см хүрч үерлэж байсан. Тиймээс төслийн талбай усанд автах эрсдэлийг талууд харгалзан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байна” гэж дурьдсан.
Гэтэл үер нь урьдчилан таамаглах боломжгүй цаг агаарын нэн аюултай үзэгдэл бөгөөд энэ талаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.2-т “аюулт үзэгдэл” гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг”, Журмын 1.2.1.2-д “байгалийн бүх төрлийн гамшиг, үүнд хүчтэй салхи шуурга, хар салхи, газар хөдлөлт, хүчтэй давлагаа, үер, цас, зуд, ган гачиг, их хэмжээний бороо, аянга цахилгаан, гал түймэр гэх мэт хамаарна гэж нэрлэж заасан байна. Үүнээс үзвэл, аюулт үзэгдэл буюу байгалийн гамшигт тухайн үзэгдлийн урьдчилан таамаглах боломжгүй шинж чанар болон үр дагаврыг нь харгалзан үзэгдэл тус бүрээр нь нэрлэн заасан байх бөгөөд үер нь аюулт үзэгдэл болон байгалийн гамшигт аль алинд нь хамаарч байгаагаас үзвэл түүнийг урьдчилан таамаглах боломжгүй болохыг нотолж байна.
Мөн Танхим нь үндэслэлдээ 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагийн мэдээ болон 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагийн мэдээгээр үерлэж байсан учир төслийн талбай усанд автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой байсан талаар дурджээ. Гэвч нэхэмжлэгч “М” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр захиалагчтай Туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээг байгуулсны дараагаар ажлын аргачлал, ашиглах материалаа батлуулах, сургалтад суух зэрэг үүргээ биелүүлсний дараа захиалагчаас ажил эхлүүлэх зөвшөөрөл авч ажлыг эхлүүлдэг учир 2023 оны 08 дугаар сараас эхлэн төслийн талбай дээр ажиллаж эхэлсэн. Бид гүйцэтгэгч компани учир захиалагч Монголын Мянганы Сорилтын сан болон “Б” ХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан ажлын зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Уг ажлын зураг төсөл нь бороо тухайн орон нутгийн цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан эрх бүхий байгууллагаар баталгаажсан байдаг учир бид зөвхөн тухайн ажлын зургийн дагуу л ажлыг гүйцэтгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Танхимын бүтэн нэг жилийн өмнөх мэдээг иш татан байгалийн гамшгийг урьдчилан таамаглах боломжтой гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Танхим нь шийдвэрийн үндэслэлдээ “… Төслийн талбайг усны урсцын аюулаас сэргийлэх холбогдох арга хэмжээг авсан, аюулгүй байдлыг хангасан байсан эсэх, усны суваг, шуудуу ямар хэмжээний усыг зайлуулах хүчин чадалтай. тухайн усанд автахаас сэргийлэх байгууламж нь урьд жилүүдэд тохиолдсон урсцын хэмжээгээр усыг зайлуулах боломжтойгоор, холбогдох стандартыг ханган хийгдсэн эсэх, цаашид ашиглах боломжтой эсэх, ажлын төлөвлөгөөний аль үе шатанд хэрэглэгдэх байсан, тухайн бүтээгдэхүүнүүд гэмтсэн, устсанаар гэрээний аль үүргийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, түүнийг аливаа арга хэрэгсэл, техникийн ололтыг ашиглан даван туулах боломжгүй байсан эсэх талаар холбогдох баримтыг ирүүлээгүй... тул гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж тогтоох боломжгүй...” гэж дурджээ.
Гэвч манай компани нь үүссэн нөхцөл байдлын талаар Танхимд гаргасан албан бичгүүддээ тодорхой дурдаж, гэрээний дагуу үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон талаар дэлгэрэнгүй тайлбарласан. Тухайлбал, Ажлын хэсэг 9 (Section 9) ПK 161+30 - ПК 188+57 дээр угсралт хийгдсэн байсан 2444 м урт шугам хоолой үерт өртөж, үүнээс 1090 м шугамын хэсгийг салгаж дахин угсрах шаардлагатай болсон гэх мэт. Мөн энэ талаар дүгнэлт гаргасан Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч дүгнэлтийг хавсаргаж өгсөн. Журмын 1.2.1-д саад тотгор тохиолдсоны улмаас талууд гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг давагдашгүй хүчин зүйлд тооцохоор зохицуулсан ба бид гүйцэтгэсэн ажлаа дахиж гүйцэтгэх шаардлагатай болсон, ажлын талбай руу нэвтрэх боломжгүй болсон гэж тайлбарлаж, нотлох баримтуудыг хавсаргаж өгсөөр байтал Танхим үндэслэлгүйгээр гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн гэж тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим”-н 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
Гэхдээ Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал өөрчлөгдчихсөн, Мөн энэ хэрэгт хамааралгүй ч гэсэн Т.Д захирал Авлигатай тэмцэх газрын хяналтад байгаа, хоригдсон кэйстэй байгаа юм байна лээ. Ингээд харах юм бол Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим урьдчилан сэргийлэх даван туулах боломжгүй гэсэн нөхцөл байдал тухайн ажлын онцлогоос хамаарна гэж байгаа. Бид танхимын гэрчилгээ олгох журамд заасны дагуу бүх шаардлагатай баримтуудаа гаргаж өгсөн. Үүний дагуу танхимаас бид рүү утасдаад нэмэлт баримт үер болсноо гэрчлэх баримт авчир гэсэн. Үүний дагуу бид Цаг уур, орчны шинжилгээний газраас бичиг авсан, Хан-Уул дүүргийн гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулсан. Тэр дүгнэлтэд тодорхой байгаа. Гүйцэтгэгч нь үнэхээр ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа, бараа материал нь усанд автчихсан юм байна гэдэг дүгнэлтээ гаргаад бид бичлэгээ хүртэл өгсөн. Гэтэл дахиад өөр үндэслэл хэлж бидний гомдлыг хангахаас татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна гэж харж байгаа. Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтийн хариу тайлбарыг харвал гамшгийн хохирол хэрэгцээний үнэлгээ хийх журмын дагуу хохирлыг тооцоогүй байна гэж байгаа. Гэтэл Засгийн газрын 2019 оны тогтоолоор баталсан гамшгийн хохирол хэрэгцээний үнэлгээг яах гэж хийж байгаа вэ, гэвэл гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн нэн шаардлагатай хэрэгцээг тодорхойлох, эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлах хүч хэрэгсэл, гамшгийн үед яаралтай тусламжийг зохион байгуулах шийдвэр гаргахад хохирлыг тооцох зорилгоор энэ журам байхад чинь үндэслэлгүйгээр бидний гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлт чинь давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хор хохирлыг тооцож тооцоо судалгаа гаргаагүй байна гэх үндэслэлгүй шаардлагыг хэлж байгаа нь хуульд нийцээгүй байна гэж бид нарын зүгээс үзэж байгаа. Мөн татгалзах үндэслэл болсон журмын 2.10.1 дэх хэсэгт хүсэлт гаргагчид тохиолдсон үйл явдал нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон журамд заасан тохиолдолд хамаарахгүй гэсэн. Энэ талаар би сая асуулт хариултын шатанд ч гэсэн асуулаа тэгэхэд талуудын гэрээг гэж хэлж байгаа. Тэгээд талуудын гэрээн дээр угаасаа үер тохиосон болохыг заачихсан байсан учраас хамгийн эхний татгалзсан шийдвэр дээрээ тохиолдсон гээд байгаа үер чинь цаг уурын мэдээний сайт дээр байгаа 10 хоногийн тойм мэдээний үерийн түвшнээс даваагүй байна гэсэн мэдээг хэлж татгалздаг. Гэтэл тэр 10 хоногийн тойм мэдээг судлаад үзвэл Цаг уур, орчны шинжилгээний газар сар болгоныг 10, 10 хоногоор нь тоймчилж гаргадаг. Тэр үерийн түвшин нь 10 хоногийн дундаж үнэлгээ болохоос биш тухайн 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойших хугацаанд тохиолдсон үерийн түвшнийг давсан үзүүлэлтийг үзүүлсэн үзүүлэлт өөрөө биш. Тийм ч учраас Цаг уур, орчны шинжилгээний газраас Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст хандан энэ өдрүүдэд гол мөрний усны түвшин 105 сантиметр хүртэл нэмэгдсэн байна гэдэг дүгнэлтийг өгсөөр байтал хаа байсан хамаагүй 2010 оны тойм мэдээг үндэслэж үерийн шинжийг хангахгүй байна гэж хэлж байгаа. 06 дугаар сарын 21-ний өдрийнх үерийн шинжийг хангаагүй байсан гэсэн юм хэлж байна. Гэтэл манай ажиллагааны онцлог бол гол, голоосоо доошоо урсаад үерийн ус орж ирдэг. Өөрөөр хэлбэл 06 дугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орсон ч гэсэн тэрний үер тухайн өдрийн оройн нь ч юм уу, шөнөдөө эсвэл маргаашаас нь эхлээд төслийн талбай руу ус нь орж ирж байгаа. Тэгэхээр 06 дугаар сарын 22-ны өдрөөс харах юм бол үерийн түвшин давсан нь хангалттай баримтаар нотлогдчихсон гэж харж байна. Тэгтэл сая асуулт хариултын шатад бас хэлж байна. Та нарын үер болсныг чинь Цаг уур, орчны шинжилгээний газар тодорхойлдог юм байгаа биз, бид нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсныг чинь харж нотолж байгаа гэж тайлбар хэлж байна. Гэтэл гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэдгээ бид нар албан бичиг дээр ч дурдсан, гамшгийн байцаагч хүртэл бидэн дээр ирж үзлэг дүгнэлт хийгээд, үүргээ гүйцэтгэх боломжгүй байна гээд дүгнэлт өгсөөр байхад яг ямар үүрэг, ямар төлөвлөгөөнд заасан үүрэг юм гэх мэтчилэн нарийн мэдээллүүдийг хуульд заагаагүй үндэслэлээр, журамдаа заагаагүй баримтуудыг дахин шаардаж бид нар бас гэрчилгээ олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байгаа. Дээрээс нь биднийг урьдчилан сэргийлэх боломжгүй гэж хэлж байгаа. Гэтэл урьдчилан сэргийлэх боломжгүй байсан шалтгаанаа бид гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үерийн даланг барих үүрэг байхгүй. Бид тэгэх боломжгүй байсан гэдгээ хэлж байгаа. Нөгөө талаас гэрээний 11.4 дэх заалтыг шинжлэн судлууллаа. Гэтэл гэрээнд 14.1 дэх заалт дээр гэрээнд заасан төлбөрт багтаан гэж байгаа. Бид хуулийн этгээд ашгийн төлөө байгууллага учир дураараа гэрээнд заагаагүй ажил дээр үерийн далан барих ямар ч юу байхгүй. Бид гэрээгээр заасан төлбөртөө багтааж, ажлын цар хүрээндээ багтааж үүргийг гүйцэтгэж байгаа учраас энэ нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Мөн гэрээний 30.1 дэх заалтыг шинэчлэн судлуулсан. Гэтэл энэ заалт дээр захиалагч “Б” ХХК-ийн зааварчилгаанд нийцүүлэн аюулгүй байдлыг ханган ажиллана гэж байгаа. Мөн асуулт хариултын шатад нөгөө талаас хэлж байна “Б” ХХК мянганы сорилтын сан хоёрын хооронд байгуулсан үндсэн гэрээн дээр үер гэсэн хэсэг дээр гүйцэтгэгч хариуцна гээд хэлж байна. Тэгэхээр тэр үерийн далан барих гэдэг нь “Б” ХХК-ийн үүрэг. Бид зөвхөн “Б” ХХК-ийн тодорхой заасан ажлуудыг хийж байгаа туслан гүйцэтгэгч. Гэтэл бидэнд үндэслэлгүйгээр та нар урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэсэн шаардлага хэлж гэрчилгээг олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж харж байна. Мөн даван туулах боломжгүй байсан гээд шүүгчийн асуусан асуултад тодорхой үндэслэл бүхий хариулт хэлж чадаагүй гэж харлаа. Өөрөөр хэлбэл ажлын онцлогоос хамаардаг гээд байгаа. Гэтэл манай ажлын онцлог газар доор хийгдэж байгаа ажил. Гэтэл бид бороо орлоо гэнгүүт тэр олон 15 километр шугамаа үерээс хаах даван туулах боломжгүй байсан нөхцөл байдал гэж харж байгаа. Тийм учраас Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тоот гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгохоос татгалзсан шийдвэр нь хууль бус байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу шийдвэр хууль бус болохыг тогтоож, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.
“М” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 24/1103 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гаргуулах тухай” хүсэлтийг манай байгууллагад гаргасан ба бидний зүгээс энэхүү хүсэлтийг шийдвэрлэхэд мөрдөгддөг Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ болон хүнд нөхцөл байдал /hardship/-ыг гэрчлэх журам /цаашид “журам” гэх/-д заасны дагуу хүсэлт болон холбогдох баримтуудыг судалж:
Журмын 2.2.2-т зааснаар хүсэлт гаргагч буюу уг маргааны нэхэмжлэгч тал нь “үндсэн гэрээ болон түүнтэй холбоотой гэрчилгээ гаргахад шаардлагатай баримтуудыг үнэн зөв бүрэн гаргаж өгөх”, 2.6.5-т зааснаар “тухайн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал тохиолдсон болохыг нотлох нотлох бусад баримт бичиг”-ийг хүсэлтэд хавсарган ирүүлэх үүрэгтэй буюу өөрийн үйл ажиллагаанд, гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтэд саад тотгор учруулж буй нөхцөлийг нотлох үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүсэлт гаргахдаа хүсэлтээ “... 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй борооны улмаас үер бууж төслийн талбай дээрх бараа материал, тоног төхөөрөмжүүд болон угсарсан байсан шугам хоолойнууд үерийн усанд автан урсаж ажил цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд орсон болно...” гэсэн байх бөгөөд гэрээний ажлын хуваарийн аль үе шатан дахь ямар үйл ажиллагаанд нөлөөлсөн, ямар тоног төхөөрөмж тус үерийн улмаас устсан, гэмтсэн талаарх мэдээллийг дурдаагүй, тухайн нөхцөл байдал аливаа арга хэрэгсэл, техникийн ололтыг ашиглан даван туулах боломжтой байсан эсэхийг нотлоогүй зөвхөн Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 01/581 тоот Улаанбаатар хотын нийлбэр хур тунадсын мэдээллийг ирүүлсэн байна.
Үүссэн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай талаар хүсэлт дэх утсаар удаа дараа хүсэлт гаргагчийн төлөөлөгчид мэдэгдсэн ба нэмэлтээр Цаг уур, орчны шинжилгээний газрын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 06/715 тоот Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтэст хүргүүлсэн ******* харуулын мэдээ, Хан-Уул дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах Улсын хяналтын байцаагчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 15/03 тоот дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд тус дүгнэлтэд дүүргийн 12, 13 дугаар хороо үерлэн аюулын түвшинд хүрч Биокомбинат болон шувуун орчмын ын ай сав орчимд усанд автсаны улмаас угсарсан шугам хоолойнууд болон төслийн талбай усанд автаж, өртсөн. Цаашид үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэж дүгнэв гэсэн байх боловч хяналт, шалгалтын хэзээ хийсэн нь тодорхойгүй, Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журам”-ын дагуу гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийж учирсан хохирлыг тооцон, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардал зэргийн тооцооллыг тусгаагүй. ямар тоног төхөөрөмж, бараа материал усанд автсан, дахин ашиглах боломжтой эсэх, хохирол учирсан эсэхийг дүгнээгүй байх тул журмын дагуу аливаа apra хэрэгсэл, техникийн ололтыг ашиглан даван туулах боломжтой нөхцөл байсан эсэхийг энэ дүгнэлтээс харах боломжгүй байна.
Гэрчилгээ гаргуулахаар хавсарган ирүүлсэн 2024 оны 1002001 тоот гэрээний 14.1-т “... Гүйцэтгэгч нь уг ажлыг үр дүнтэй гүйцэтгэж, дуусгахад шаардлагатай бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, байгууламж, материал болон бусад зүйлийг энд заасан болон төлөвлөсөн хүрээнд өөрийн зардлаар хангана” гэж талууд тохиролцсон байх бөгөөд уг үүргийн дагуу гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэхээр холбогдох арга хэмжээ авсан эсэх нь мөн тодорхойгүй байна.
http.//www.ulaanbaatar.tsag-agaar.gov.mn/ цахим хуудас дахь ******* харуулын “Гол мөрний усны түвшний мэдээ”-д 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн усны түвшин 195 см байгаа, энэ нь тогтоосон үерийн түвшинд хүрээгүй байгаа талаар, 6 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн тойм мэдээгээр “... ******* гол дүүрэг орчим, зайсан орчим болон *******, *******, *******, ******* ******* болон ******* орчимд өмнөх арван хоногт... усны түвшин огцом нэмэгдсэн... хугацааны төгсгөлд аажмаар буурсан...” тухай болон ******* харуулын Усны түвшин 198 см байгаа, энэ нь үерийн түвшинд хүрээгүй байгаа талаарх тайлан, мэдээллийг үндэслэн гэрчилгээ олгохоос татгалзах хариуг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлсэн болно.
Нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан хариуг хүлээн зөвшөөрөөгүй тул 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 24/1349 дугаартай албан бичгээр гомдол гаргасан. Хариуцагчийн зүгээс 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 02/803 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “М” ХХК-ийн хүсэлт болон гомдлын дагуу гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгох нь хууль зүйн хувьд боломжгүй талаар дараах үндэслэл бүхий дараах тайлбарыг өгсөн. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлын гол шинж нь тухайн нөхцөлийг урьдчилан таамаглах боломжгүй байхыг шаардах бөгөөд ын үерийн түвшин 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 06:00 цагийн мэдээгээр 311см, 07 дугаар сарын 24-ний өдрийн 08:00 цагийн мэдээгээр 220 см хүрч үерлэж байсан байна. Тиймээс төслийн талбай усанд автах эрсдэлийг талууд харгалзан, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй байна.
Төслийн талбайг усны урсацын аюулаас сэргийлэхээр холбогдох арга хэмжээг авсан, аюулгүй байдлыг хангасан байсан эсэх, усны суваг, шуудуу ямар хэмжээний усыг зайлуулах хүчин чадалтай, тухайн усанд автахаас сэргийлэх байгууламж нь урьд жилүүдэд тохиолдсон усны урсцын хэмжээгээр усыг зайлуулах боломжтойгоор, холбогдох стандартыг ханган хийгдсэн эсэх, төслийн талбайд усанд автсан гэх техник хэрэгсэл, бараа материал нь ямар хэмжээгээр автсан, цаашид ашиглах боломжтой эсэх, ажлын төлөвлөгөөний аль үе шатанд хэрэглэгдэх байсан, тухайн бүтээгдэхүүнүүд гэмтсэн, устсанаар гэрээний үүргийн аль хэсгийг хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн, түүнийг аливаа арга хэрэгсэл техникийн ололтыг ашиглан даван туулах боломжгүй байсан эсэх талаар холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь “М” ХХК-д өгсөн хариу албан бичгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.4 дэх хэсэгт заасны дагуу нөхцөл байдлыг бодитой тогтоож шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судалж, хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Цаашид үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах шаардлагатай гэж дүгнэв гэсэн байгаа. Үүн дээр тодорхойгүй зүйл нь хяналт шалгалтыг хэзээ хийсэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн зүгээс улсын байцаагчид хэзээ, ямар асуудлаар хэрхэн хандсан болох нь тодорхойгүй. Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх журмын дагуу гамшгийн хор уршигт дүн шинжилгээ хийж учирсан хохирлыг тооцон хор уршгийг арилгаж хойшлогдошгүй сэргээн босгох ажиллагаанд шаардагдах зардал зэргийн тооцооллыг тусгаагүй. Ямар тоног төхөөрөмж, бараа материал усанд автсан, дахин ашиглах боломжтой хэрэгсэл, техникийн ололтыг ашиглан даван туулах боломжтой нөхцөл байдал үүссэн эсэхийг дүгнэлтээс харах боломжгүй. Мөн нэхэмжлэгч болон “Б” ХХК хоёрын хооронд байгуулсан гэрээний 14.1-д гүйцэтгэгч нь уг ажлыг үр дүнтэй гүйцэтгэж дуусгахад шаардлагатай бүх тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, байгууламж материал болон бусад зүйлийг энд заасан болон төлөвлөсөн хүрээнд өөрийн зардлаар хангана гэж талууд тохиролцсон байгаа. Уг үүргийн дагуу гэрээний үүргийн хугацаанд тухайн үүргээ гүйцэтгэхээр нэхэмжлэгчийн зүгээс холбогдох ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийн гэнэтийн буюу давтагдашгүй хүчин зүйл үүссэн гээд байгаа гэж үзэж байгаа нөхцөл байдлыг тодруулахдаа зөвхөн хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтаас гадна нийтэд илэрхий үйл баримтуудыг хардаг. Учир нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ нь гэрээний 2 талын аль алиных нь ашиг сонирхолд хамааралтай нөхцөл байдал байдаг учраас зөвхөн гэрээний 1 талын гаргаж өгсөн баримтаар шууд давагдашгүй хүчин зүйл үүссэн байна гэж дүгнэхэд учир дутагдалтай байдаг учраас Улаанбаатар цаг агаар гөү.мн /weather.gov.mn/-ээс холбогдох мэдээллүүдийг авч үзсэн.
Нэхэмжлэгч 1 жилийн өмнөх дүгнэлтээр татгалзсан гэдэг тайлбарыг удаа дараа хэллээ. Үүнд тайлбар хэлэхэд нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Б” ХХК-ийн төслийн менежер Эден сабсрейс танаа гэсэн албан бичигт 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр болсон үерийн үеэр үндэсний онцгой байдлын газраас онцгой байдлын нөхцөл байдал зарласан. Гүйцэтгэгч нь зөвхөн сүүлийн жилүүдийн дундаж үерийн үзүүлэлтийн дагуу хамгаалалтын арга хэмжээг авах боломжтой. Харин ийм их хэмжээний үерээс хамгаалах нь гүйцэтгэгчийн хүчин чадлаас хэтэрч байна гэж нэхэмжлэгч өөрөө гэрээний нөгөө талдаа сүүлийн жилүүдээс илүү үерийн асуудал үүссэн мэтээр тайлбарласан албан бичиг хавтаст хэрэгт авагдсан.
Нэхэмжлэгчийн байгуулсан гэрээний онцлогийг нь харвал голын савд шугам хоолойн ажил угсрах ажил байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч энэ эрсдэлийг урьдчилан харах боломжтой нөхцөл байдал байна гэж Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын зүгээс үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Худалдаа аж, үйлдвэрийн танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим” НҮТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, “Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн тоот “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” олгохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгуулах хүсэлтийг хууль, тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН